Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00663

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2016/01288 дугаар шийдвэр,        

Төв аймгийн Эрүү, Иргэний Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 223/МА2017/00004 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Буянт төв” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 58 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 29 000 000 төгрөг, нийт 87 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шим” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Буянт төв” ХХК-тай ургамлын хор худалдах-худалдан авах 27 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нийт 60 280 000 төгрөгийн үнэ бүхий Монгол улсад хэрэглэгдэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисуудыг худалдсан. Тухайн гэрээ байгуулах үед гэрээний үнийн дүнгийн 15 хувь буюу 9 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 85 хувь буюу 51 280 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бол “Шим” ХХК өөрийн гэрээний үүргээ биелүүлж “Буянт төв” ХХК-д ургамлын хорыг, технологийн зааварчилгаа өгөн хүлээлгэн өгсөн. Харин урьдчилгаа 9 000 000 төгрөгийг “Буянт төв” ХХК ямар нэгэн байдлаар төлөөгүй. Ингээд ямар нэгэн төлбөр төлөхгүй явсаар байгаад гэрээгээр тохиролцсон 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болоход “Буянт төв” ХХК санхүүгийн боломжгүй шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан.Тэгээд “Буянт төв” ХХК-ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 2016 оны 9 дүгээр сар хүртэл хүлээсэн. Тэгээд энэ хугацаанд төлбөр төлөх бодитой үйлдэл хийгээгүй. 2016 оны 8 дугаар сард 2 сая төгрөгийн төлбөр төлсөн.Иймд гэрээний үүргийн биелэлт 58 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 320 хоногийн алданги, нийт 82 048 000 төгрөг болсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байхаар хасч тооцоод 58 000 000 төгрөгийн 50 хувь буюу 29 000 0000 төгрөг гэж тооцоод нийтдээ 87 000 000 сая төгрөг шүүхийн журмаар гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Бид “Шим” ХХК-тай олон жил хамтарч ажиллаж байгаа. Жил болгон ургамал хамгааллын бодис зээлээр худалдаж аваад намар нь будаагаа борлуулсны дараа төлбөрийг нь өгдөг. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 60 280 000 төгрөгийн бараа авсан. 2015 онд тодорхой хэмжээний бодисыг хэрэглээд 40 000 000 төгрөгийн бараа үлдсэн. 2015 онд байгалийн давагдашгүй хүчин зүйл ган болсны улмаас ургац алдаад дээрээс нь хэрэглээгүй. Хавар гэрээ дуусахад нөхцөл байдлаа тайлбарласан. Харилцагч компани хүлээж авсан. Тэгээд байдал нэгэнт ийм болсон юм чинь бид нар ойлгож байна. Хамтарч ажилладаг компани хүлээцтэй хандъя манайх ч гэсэн нэлээн өрөнд орох шинжтэй байна, үлдсэн 40 гаруй сая төгрөгийн бараа бодисыг буцаагаад авчихаач гэсэн. Тэгээд “Шим” ХХК нь буцаах гэхээр бид нар боломжгүй байна. Та нар нэгэнт авсан юм чинь дараа жил тэртээ тэргүй хэрэглэхээс хойш та нар дараа жил хэрэглэчих гэсэн хүсэлт тавьсан.Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс 58 280 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харилцан тохиролцоод гэрээг 2016 оны 12 сар дуустал үргэлжилж байгаа гэж ойлгож байгаа. Алдангийг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ. 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2016/01288 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар “Буянт төв” ХХК-иас 87 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШЗ2016/03150 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Буянт төв” ХХК-иас 592 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 223/МА2017/00004 дүгээр магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2016/01288 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Буянт төв” ХХК-иас 58 000 000 төгрөгийг гаргуулж, “Шим” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...хариуцагч “Буянт төв” ХХК-иас 592 950 төгрөгийг гаргуулж “Шим” ХХК-д олгосугай” гэснийг “...хариуцагч “Буянт төв” ХХК-иас 447 950 төгрөгийг гаргуулж “Шим” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Буянт төв” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 302 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч “Буянт төв” ХХК нь 2015 онд хэдий хэмжээний талбайд тариалалт хийсэн, түүнээс хэдий хэмжээний тариа нь байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд хамрагдсан эсэхээ хариуцагч тал ямар нэг байдлаар нотлоогүй байхад Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд үндэслэн хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэний алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад зохих ёсоор дүгнэлт хийж чадаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас хариуцагчид хандан гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл өгснийг гэрээний хугацааг сунгасан мэтээр тайлбарлаж хариуцагчийг алданги төлөх үүргээс чөлөөлөх бүхий л боломжийг хайн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж эрх ашиг нь зөрчигдсөн нэхэмжлэгчийг дахин хохироосон шийдвэр гаргасан тус шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.“Олон улсын бараа худалдах худалдан авах гэрээ”-ний тухай НҮБ-ын 1980 оны конвенцийн 79 дүгээр зүйлд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар зохицуулсан юм. Тус конвенцийн 79 дүгээр зүйлд “Үүргээ биелүүлээгүй явдал үүрэг гүйцэтгэгчийн хяналтаас гаднах саад бэрхшээлээс болсон, гэрээ байгуулах үед тэр саад бэрхшээл эсхул түүний үр дагавраас зайлсхийх буюу даван туулах арга замыг урьдчилан тооцох боломжгүй болсныг үүргээ биелүүлээгүй тал нотловол хариуцлагаас чөлөөлөгдөнө.” мөн “Үүргээ биелүүлж чадаагүй тал үүргээ гүйцэтгэхэд учирсан саад бэрхшээл, үүрэг биелүүлэхэд нөлөөлж буй vр дагаврын талаар нөгөө талдаа мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв үүрэг биелүүлээгүй тухай мэдэгдлийг үүрэг гуйцэтгэгч энэ тухай мэдэгдсэн байвал зохих хугацаанаас хойш харин богино хугацаанд нөгөө талдаа мэдэгдээгүй бол ийнхуу мэдэгдээгүйгээс бопж нөгөө талд учирсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан байх ба Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрчилгээ олгох эрх зүйн зохицуулалттай байхад хариуцагч “Буянт төв” ХХК нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалан хэдий хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтоогоогүй хэрнээ давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна. Тус гэрчилгээгээр 2015 онд байгалийн давагдашгүй хүчний шинжтэй үйл явдал болсныг тогтоосноос хариуцагч “Буянт төв” ХХК түүнд өртсөн эсэхийг бодитоор тогтоогоогүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

Нэхэмжлэгч “Шим” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч “Буянт төв” ХХК-тай ургамлын хор худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний худалдагчийн хувьд худалдан авагч талаас худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөрийг хугацаа хожимдуулсаны алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Буянт төв” ХХК нь гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаар маргаагүй боловч төлбөрийн үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадаагүй явдалд гэм буруугүй гэж тайлбарлаж, алдангиас чөлөөлөхийг хүссэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг хугацаа хожимдуулсан явдалд гэм буруугүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг  хугацаа хэтрүүлсэн гэж үздэггүй байна.

Хариуцагч худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгааныг тухайн жилийн цаг агаар, байгалийн гамшигт байдалтай \ган\ холбож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлаа МҮХАҮТ-аас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, нэхэмжлэгч байгууллагад тухайн үед мэдэгдэж байсан албан бичиг зэргээр нотолжээ.

МҮХАҮТ нь дээрх гэрчилгээг “Буянт төв” ХХК-д олгохдоо Төв аймгийн Эрдэнэсант сумын Цаг уур орчны шинжилгээний Эрдэнэсант өртөөний даргын тодорхойлолтод үндэслэж, 2015 оны зуны улиралд цаг агаарын байдал урьдчилан таамаглах, даван туулах боломжгүй байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотолсон гэж тодорхойлжээ. Хариуцагчийн гаргасан нотолгоог нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан байх ба хүндэтгэн үзэх шалтгаан байсан болох нь баримтаар тогтоогдсон нөхцөлд шүүх хариуцагчийг төлбөрийн үлдэгдлийг төлж чадаагүй хугацаа хожимдуулсан явдалд хариуцагчийг гэм буруугүй гэж үзэж, алданги төлөх хариуцлагаас чөлөөлсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 223/МА2017/00004 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН