Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 223/МА2017/00004

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Ц.Өрнөндэлгэр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сар 13-ны өдрийн 151/ШШ2016/01288 шийдвэртэй

Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Буянт төв” ХХК-д холбогдох

“Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 58.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 29.000.000 төгрөг, нийт 87.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагч Ж.Саруул, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

Нэхэмжлэгч “Шим” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шим ХХК” нь 2015 оны 06-р сарын 19-ний өдөр “Буянт ХХК”-тай ургамлын хор худалдах, худалдан авах 27 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нийт 60.280.000 төгрөгийн үнэ бүхий Монгол улсад хэрэглэгдэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисуудыг худалдсан. Тухайн гэрээнд тохиролцсоноороо бол гэрээ байгуулах үед гэрээний үнийн дүнгийн 15 хувь буюу 9 сая төгрөгийг төлөөд үлдэгдэл 85 хувь буюу 51.280.000 төгрөгийг 2015 оны 11 сарын  01-ний өдөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан 2015 оны 06-р сарын 19-ний өдөр бол “Шим” ХХК өөрийн гэрээний үүргээ биелүүлж “Буянт төв” ХХК-д ургамлын хорыг, технологийн зааварчилга өгөн хүлээлгэн өгсөн. Харин урьдчилгаа 9 сая төгрөгийг “Буянт төв” ХХК ямар нэгэн байдлаар төлөөгүй. Ингээд ямар нэгэн төлбөр төлөхгүй явсаар байгаад гэрээгээр тохиролцсон 2015 оны 11 сарын 01-ний өдөр болоход “Буянт төв” ХХК санхүүгийн боломжгүй нөхцөл шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Тэгээд “Буянт төв” ХХК-ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 2016 оны 09 сарыг хүртэл хүлээсэн. Тэгээд энэ хугацаанд төлбөр төлөх бодитой үйлдэл хийгээгүй. 2016 оны 08 сард 2 сая төгрөгийн төлбөр төлсөн. Ийм учраас 2016 оны 09 сарын 21-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн гэрээний үүргийн биелэлт 58.000.000 сая төгрөг. Тухайн худалдах, худалдан авах гэрээний 4.1-ийн Б заалтад заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алданги энэ хугацаанд бодогдож явж байсан. 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 сарын 21-ний өдөр хүртэл 320 хоногийн алданги тооцсон. 2 сая төгрөг төлснөөс хойших алданги нь бол бодогдохгүй байгаа. Тэгээд алдангийн хэмжээ нь бол нийтдээ 82.048.000 төгрөг болсон байгаа. Энэ нь иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байхаар хасч тооцоод 58 саяын 50 хувь буюу 29 сая төгрөг гэж тооцоод нийтдээ 87.000.000 сая төгрөг шүүхийн журмаар гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч “Буянт төв” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид “Шим ХХК”-тай олон жил хамтарч ажиллаж байгаа. Жил болгон ургамал хамгааллын бодис зээлээр худалдаж аваад намар нь будаагаа борлуулсны дараа төлбөрийг нь өгдөг. Ийм системтэй явдаг. Ийм 2 байгууллага нэлээн олон жил хамтарч ажиллаж байгаа. Тэгээд 2015 оны 09 сарын 19-ний өдөр  60.280.000 төгрөгийн бараа авсан. 2015 онд тодорхой хэмжээний бодисыг хэрэглээд 40 сая төгрөгийн бараа үлдсэн. 2015 онд байгалийн давагдашгүй хүчин зүйл гангын улмаас ургац алдаад тэгээд дээрээс нь хэрэглээгүй. Хавар гэрээ дуусахад нөхцөл байдлаа тайлбарласан. Харилцагч компани хүлээж авсан. Тэгээд байдал нэгэнт ийм болсон юм чинь бид нар ойлгож байна. Хамтарч ажилладаг компани хүлээцтэй хандъя манайх ч гэсэн нэлээн өрөнд орох шинжтэй байна, үлдсэн 40 гаруй сая төгрөгийн бараа бодисыг буцаагаад авчхаач гэсэн. Тэгээд “Шим” ХХК нь буцаах гэхээр бид нар боломжгүй байна. Та нар нэгэнт авсан юм чинь дараа жил тэртээ тэргүй хэрэглэхээс хойш та нар дараа жил хэрэглэчих гэсэн ийм хүсэлт тавьсан. За тэгвэл бид нар хэрэглэчихье гээд тэгээд 6-р сарын 20-оос хойш хэрэглэдэг байгаа юм ер нь. Энэ жилийн 6-р сарын 21-нд үлдсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэлээ шүү. Гэрээгээ энэ жилийг дуустал мөн нэгэнт наана нь төлбөр байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ жил бас бороо хуртай байна. Бараа бүтээгдэхүүнээ хэрэглэлээ шүү. Ургацын дараа төлбөр хийгдэнэ наана нь боломж болохгүй юм байна гэж хэлсэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс 58.280.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харилцан тохиролцоод гэрээг 2016 оны 12 сар дуустал үргэлжилж байгаа гэж ойлгож байгаа. Алдангийг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар “Буянт төв” ХХК-иас 87.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШЗ2016/03150 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Буянт төв” ХХК-иас 592.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Буянт төв” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Саруул давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн дугаар 151/ШШ2016/01288 шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “Шим” ХХК-тай 2015 оны 06 сарын 19-ны өдөр “Буянт төв” ХХК нь харилцан тохиролцож 60.280.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 2 сая төгрөг төлж ургамал хамгааллын бодис авсан. 2015 онд давагдашгүй хүчин зүйл болох гангын улмаас уг бодисыг хэрэглээгүй 40 гаруй сая төгрөгний бодис үлдсэнийг буцааж өгөх гэтэл нэхэмжлэгч танайх дараа ондоо хэрэглэчих бид олон жил харилцсан юм чинь уян хатан нөхцлөөр төлөхөөр ам хэлцлээр тохирсон. Тийм учраас хэлцлийн дагуу үндсэн төлбөр болох 58.280.000 төгрөгийг зөвшөөрч алданги 29.000.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2015 онд тус компани нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургац хураан авч чадаагүй бөгөөд түүнийг нотолсон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ байсаар байтал түүнийг үнэлээгүйд гомдолтой байна. 29.000.000 төгрөгийг оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, тухайн маргаантай харилцаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийн зарим заалтыг зөв сонгон хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Шим” ХХК нь зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ургамлын хор худалдах худалдан авах тухай “Гэрээ №37” дугаартай  гэрээг үндэслэн хариуцагч “Буянт төв” ХХК-иас гэрээний үндсэн үүрэг 58.000.000 төгрөг, алданги 29.000.000 төгрөг нийт 87.000.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч гэрээний үндсэн үүрэг болох 58.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 29.000.000 төгрөгийг гэрээний хугацааг  сунгагдсан гэсэн шалтгаанаар төлөхгүй гэж маргажээ.

     Зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үнэ болох  60.280.000 төгрөгнөөс хариуцагч 2.000.000 төгрөгийг төлсөн тухайд маргаагүй бөгөөд  хариуцагч компани гэрээ байгуулж үүрэг хүлээснээс хойш 2015 онд болсон байгалийн ган буюу гэрээ байгуулах үед талуудад мэдэгдэх боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон тухайгаа нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж, нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж 2016 оны 9 дүгээр сар хүртэл гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хариуцагчид олгосон болох нь зохигчдын тайлбараар нотлогджээ. Тухайлбал, нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа “...2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болоход “Буянт төв” ХХК санхүүгийн боломжгүй нөхцөл шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Тэгээд “Буянт төв” ХХК-ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 2016 оны 9 дүгээр сар хүртэл хүлээсэн...” гэж, хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа “...2015 онд тодорхой хэмжээний бодисыг хэрэглээд 40 сая төгрөгийн бараа үлдсэн. 2015 онд давагдашгүй хүчин зүйл ган болсны улмаас ургац алдаад хэрэглээгүй. Хавар гэрээ дуусахад нөхцөл байдлаа тайлбарласан. Харилцагч компани хүлээж авсан...40 гаруй сая төгрөгийн барааг буцаагаад авчхаач гэсэн. “Шим” ХХК буцаах гэхээр бид боломжгүй байна. Та нар нэгэнт авсан юм чинь дараа жил хэрэглэхээс хойш дараа жил хэрэглэчих гэсэн...Ургацын дараа төлбөр хийгдэнэ, наана нь боломж болохгүй юм байна гэж хэлсэн...” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж маргаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг буруутгаж, гэрээг сунгасан, хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, зохигчдын тайлбарыг зөв үнэлж чадаагүй, талуудын маргаагүй үйл баримтыг нотлогдсон гэж үзэх иргэний процессын эрх зүйн зарчимд нийцэхгүй дүгнэлт болжээ.

            Хэргийн нөхцөл байдлаас үзвэл талууд 2015 оны 6 дугаар сард буюу гэрээ байгуулах үед мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал болох ган болсон нь орон нутгийн цаг уурын байгууллага, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдсон байх тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар гэрээний талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэсэн хуульд заасан үүргийг зөвхөн хариуцагчид хүлээлгэх боломжгүй юм.

            Зохигчдын тайлбараар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно” гэсэн заалтын үндэслэл тогтоогджээ.

             Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасны дагуу хариуцагчийг хууль болон гэрээний үүргийг зөрчсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр гэрээний талууд гэрээгээр үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон байгаа ч нэхэмжлэгчийн алданги шаардах эрхийн үндэслэлийг үгүйсгэх дээрх үйл баримт тогтоогдож байх тул алдангийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж, алданги 29.000.000 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах, хууль хэрэглээний асуудлаар мөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Дээрх үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдсан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.  

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2016/01288 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Буянт төв” ХХК-иас 58.000.000 төгрөгийг гаргуулж, “Шим” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...хариуцагч “Буянт төв” ХХК-иас 592.950 төгрөгийг гаргуулж “Шим” ХХК-д олгосугай” гэснийг “...хариуцагч “Буянт төв” ХХК-иас 447.950 төгрөгийг гаргуулж “Шим” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч “Буянт төв” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 302.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ТӨМӨРБААТАР

  ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

      Ц.ӨРНӨНДЭЛГЭР