Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1288

 

 

 

 

 

       2016 оны 12 сарын 13 өдөр

      Дугаар 151/ШШ2016/01288

                                         Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо G&D Center 301 тоотод байрлах “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэсант сум, Улаанхудаг, 5 дугаар баг өөрийн байранд байрлах “Буянт төв” ХХК-нд холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 58.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 29.000.000 төгрөг, нийт 87.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Шим” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шим ХХК” нь 2015 оны 06-р сарын 19-ний өдөр “Буянт ХХК”-тай ургамлын хор худалдах, худалдан авах 27 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нийт 60 280 000 төгрөгийн үнэ бүхий Монгол улсад хэрэглэгдэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисуудыг худалдсан. Тухайн гэрээнд тохиролцсоноороо бол гэрээ байгуулах үед гэрээний үнийн дүнгийн 15 хувь буюу 9 сая төгрөгийг төлөөд үлдэгдэл 85 хувь буюу 51 280 000 төгрөгийг 2015 оны 11 сарын  01-ний өдөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан 2015 оны 06-р сарын 19-ний өдөр бол Шим ХХК өөрийн гэрээний үүргээ биелүүлж Буянт төв ХХК-д ургамлын хорыг, технологийн зааварчилга өгөн хүлээлгэн өгсөн. Харин урьдчилгаа 9 сая төгрөгийг Буянт төв ХХК ямар нэгэн байдлаар төлөөгүй. Ингээд ямар нэгэн төлбөр төлөхгүй явсаар байгаад гэрээгээр тохиролцсон 2015 оны 11 сарын 01-ний өдөр болоход Буянт төв ХХК санхүүгийн боломжгүй нөхцөл шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Тэгээд “Буянт төв ХХК”-ийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 2016 оны  09 сарыг хүртэл хүлээсэн. Тэгээд энэ хугацаанд төлбөр төлөх бодитой үйлдэл хийгээгүй. 2016 оны 08 сард 2 сая төгрөгийн төлбөр төлсөн. Ийм учраас 2016 оны 09 сарын 21-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн гэрээний үүргийн биелэлт 58 000 000 сая төгрөг. Тухайн худалдах, худалдан авах гэрээний 4.1-ийн Б заалтад заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алданги энэ хугацаанд бодогдож явж байсан. 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 сарын 21-ний өдөр хүртэл 320 хоногийн алданги тооцсон. 2 сая төгрөг төлснөөс хойших алданги нь бол бодогдохгүй байгаа. Тэгээд алдангийн хэмжээ нь бол нийтдээ 82 048 000 төгрөг болсон байгаа. Энэ нт иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байхаар хасч тооцоод 58 саян 50 хувь буюу 29 сая төгрөг гэж тооцоод нийтдээ 87 000 000 сая төгрөг шүүхийн журмаар гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч “Буянт төв” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид “Шим ХХК”-тай олон жил хамтарч ажиллаж байгаа. Жил болгон ургамал хамгааллын бодис зээлээр худалдаж аваад намар нь будаагаа борлуулсны дараа төлбөрийг нь өгдөг. Ийм системтэй явдаг. Ийм 2 байгууллага нэлээн олон жил хамтарч ажиллаж байгаа. Тэгээд 2015 оны 09 сарын 19-ний өдөр  60 280 000 төгрөгийн бараа авсан. 2015 онд тодорхой хэмжээний бодисыг хэрэглээд 40 сая төгрөгийн бараа үлдсэн. 2015 онд байгалийн давагдашгүй хүчин зүйл гангын улмаас ургац алдаад тэгээд дээрээс нь хэрэглээгүй. Хавар гэрээ дуусахад нөхцөл байдлаа тайлбарласан. Харилцагч компани хүлээж авсан. Тэгээд байдал нэгэнт ийм болсон юм чинь бид нар ойлгож байна. хамтарч ажилладаг компани хүлээцтэй хандъя манайх ч гэсэн нэлээн өрөнд орох шинжтэй байна. үлдсэн 40 гаруй сая төгрөгийн бараа бодисыг буцаагаад авчхаач гэсэн. Тэгээд “Шим ХХК” нь буцаах гэхээр бид нар боломжгүй байна. Та нар нэгэнт авсан юм чинь дараа жил тэртээ тэргүй хэрэглэхээс хойш та нар дараа жил хэрэглэчих гэсэн ийм хүсэлт тавьсан. За тэгвэл бид нар хэрэглэчихье гээд тэгээд 6-р сарын 20-оос хойш хэрэглэдэг байгаа юм ер нь. Энэ жилийн 6-р сарын 21-нд үлдсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэлээ шүү. Гэрээгээ энэ жилийг дуустал мөн нэгэнт наана нь төлбөр байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ жил бас бороо хуртай байна. Бараа бүтээгдэхүүнээ хэрэглэлээ шүү. Ургацын дараа төлбөр хийгдэнэ наана нь боломж болохгүй юм байна гэж хэлсэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс 58 280 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харилцан тохиролцоод гэрээг 2016 оны 12 сар дуустал үргэлжилж байгаа гэж ойлгож байгаа. Алдангийг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “Шим” ХХК нь хариуцагч “Буянт төв” ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 58.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 29.000.000 төгрөг, нийт 87.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №37 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулж, нийт 60.280.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдахаар гэрээ байгуулж, худалдан авагч нь барааг авахдаа барааны үнийн 1.5% буюу 9.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны дотор урьдчилан төлж, барааны төлбөрийн үлдэх 85% буюу 51.280.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги нэмж төлөхөөр гэрээ байгуулж дээрх гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /хх-3/

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Буянт төв” ХХК-иас 592.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03150 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар “Буянт төв” ХХК-иас 87.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-нд олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШЗ2016/03150 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.  

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Буянт төв” ХХК-иас 592.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шим” ХХК-нд олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                         

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ