Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/01472/и

 

2022         12            19                                   207/МА2022/00125

“Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч П.Б, М.П нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/01379 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Б, М.П нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 12.713.682,44 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Г.М нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Н /цахим/, Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

Зээлдэгч П.Б, М.П нар нь тус банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2014 оны 11 дугаар сарын 13-ны өдөр № ЗГ14/319 тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. 2015 оны 03-р сарын 17-ны өдөр ЗГ15/78 барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмж 1,000,000 /Нэг сая/ төгрөгийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7,640,942.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,713,070.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,894.08 төгрөг, нийт 11,385,907.93 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2022 оны 8 дугаар сарын 11-ны өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 5,359,057.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,812,365.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 542,259.38 төгрөг, нийт 12,713,682.44 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ

Хариуцагч М.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэний хуулийн 451-р зүйлийн 45 1.1-д:"Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк,...нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл,журмын дагуу тодорхой хугацаатайгаар,зээлдэгчид шилжүүлэх,зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ"гэжээ.М.П би тус банкнаас нэг ч төгрөгийн зээл авахыг хүсээгүй бөгөөд огт зээл аваагүй.Харин өөрийн төрсөн хүү Г.Б-нн 2016-12-27-ны өдөр олгосон "Миний цалингийн зээл түүний хугацааг сунгах,нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон бусад холбогдох баримтад гарын үсэг зурах эрхийг олгосноор банкны дуудсанаар 2016-12-27-ны өдрийн /хугацаа сунгах,зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/гэрээнд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.2-т:"Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна"гэжээ.Миний өөрийн төрсөн хүү П.Бийн өмнөөс зээлийн гэрээнд гарын үсэг зурах надаар гарын үсэг зуруулах тухай тохиролцооны дагуу гэрээнд гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй ч зээлдэгчийн өмнөөс зээл,зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.1-д:"эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож,тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр"гэрээ байгуулсанд тооцох тухай зохицуулалт юм.Хуулийн энэхүү заалтаас хархад гэрээний гол нөхцөлийн талаар банк хүү хоёр маань тохиролцоод харин би хүүгийн олгосон итгэмжлэлийн дагуу гэрээнд гарын үсэг л зурсан.Гэрээнд гарын үсэг зурсан явдал маань банкны өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд М.П намайг хамтран хариуцагч биш болохыг тогтоож надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1.-д: "Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэжээ. П.Б би тус банктай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг өөрийн Х банкан дахь 5120049590 дугаартай дансандаа 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийлгэж авсан. Дараа нь буюу 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дахин хүсэлт гаргаж нэг сая төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн дээрх дансандаа хийлгэж авсан. Би тус банкнаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэг ч төгрөг аваагүйн дээр зээл авахыг ч хүсээгүй. Харин банкны хүсэлтээр өөрийн төрсөн эцэг М.Пт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлийнхээ дагуу "Миний цалингийн зээл түүний хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон бусад холбогдох баримтад гарын үсэг зурах" эрхийг олгосны дагуу банкан дээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр очиж /хугацаа сунгах, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/ гэрээнд гарын үсэг зурсан байгаа болохоос тэндээс ямар нэгэн зээл авхуулж, түүн дээр миний өмнөөс гарын үсэг зурах эрхийг олгоогүй байхад намайг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл авсан мэтээр өнөөдөр үндсэн зээлийн үлдэгдэл 7.640.942,9 төгрөг шаардана вэ. Х банкны Орхон салбарын шүүхэд ирүүлсэн зээлдэгч П.Б надтай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэх гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар гэвэл: Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2.-т: "Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна" гэжээ.П.Б миний өмнөөс аавын маань миний олгосон итгэмжлэлийн дагуу /зээлийн гэрээнд гарын үсэг зурах надаар гарын үсэг зуруулах тухай тохиролцооны дагуу гэрээнд гарын үсэг зурсан /хууль зөрчөөгүй ч зээлдэгчийн өмнөөс зээл.зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн гэж аавыг маань үзэх үндэслэлгүйн дээр тухайн гэрээгээр намайг зээл авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д: "эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр "гэрээ байгуулсанд тооцох тухай зохицуулалт юм. Хуулийн энэхүү заалтаас харахад гэрээний гол нөхцөлийн талаар зээл авах талаар болон зээлийн хүүгээс дахин хүү тооцох талаар огт тохиролцоогүй бөгөөд миний тус банктай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй /2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 36 сараар тооцоход 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаа /юун сунгалт яриад байгааг ч ойлголгүй аавдаа итгэмжлэл өгсөнөөр миний аавын гэрээнд гарын усэг зурсан явдал нь намайг тухайн өдөр зээл авч уг гэрээний дагуу банкны өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Би тус банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 12.000.0000 төгрөг. Энэхүү гэрээн дээрээ 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэмж 1.000.000 төгрөг нийт 13.000.000 төгрөг аваад 12.000.000 төгрөгийг нь төлчихсөн. Одоо миний хувьд 1.000.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж бодож байна. Банк надаас юуны учир хүүгээс хүү бодож мөнгө нэхнэ вэ. Би анх авсан зээлийн гэрээгээрээ хүү тооцож төлөх учиртай бөгөөд ааваар гарын үсэг зуруулсан гэрээгээр ямар нэгэн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй шүү дээ. Иймд П.Б надад холбогдуулан гаргасан Х банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлагаас 11.713.682,44 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 1.000.000 төгрөгийг надаас гаргуулан Х банкны Орхон салбарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/01379 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан хариуцагч П.Б, М.П нараас үндсэн зээлийн төлбөр 5.359.057,10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.598.683,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 542.259,38 төгрөг нийт 7.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 5.213.682 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар “Х банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218.368,92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, П.Б, М.П нараас улсын тэмдэгтийн хураамж 134.950 төгрөг гаргуулж Х банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Г.М нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “.... Нэхэмжлэгч “Х банк” нь хариуцагч нарыг Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан нөхцөлийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсэн. Үүний дагуу гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзээд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т заасны дагуу Х Банк ХХК-иас хариуцагч нарыг зээлийн гэрээг зөрчсөнийг мэдсээр байж шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж нэхэмжлэх эрхийн зарим хэсгийг алдсан” гэж дүгнээд үндсэн зээлийн төлбөр дээр зээлийн хүү нэг сая төгрөгийг нэмж гаргуулан, үлдэх хэсгийг нь шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь ямар ч үндэслэлгүй болно. Учир нь Зээлдэгчийн банктай байгуулсан Зээлийн гэрээний 2.4.3.2-т “3ээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-с хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ”, 2.4.4-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” хэмээн гэрээгээр талууд тохиролцсоноос гадна Банк, эрх бүхий хуулиин этгээдиин мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгиин шилжүүлэг, зээлиин үил ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй'’ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай тогтоолын “2.2.-т ... "үндсэн хүү" гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын "нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ” гэж, 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ" гэж 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхииг хэлнэ гэж тус тус гэрээ, хуулиар зохицуулсан. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4.-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхииг харгалзахгүигээр хохирлыг хариуцна ...”, 222.5.-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл огт биш юм. Зээлийн гэрээнд заасны дагүу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд харин хариуцагч талын зүгээс хулээн авсан мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нэмэлт үүргээ биелүүлээгүй болохыг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнээд үндсэн зээлийн төлбөр дээр зөвхөн нэг сая төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээнээс үүссэн, уг эрхээ нэхэмжлэгч хэдий хугацаанаас эхлэн хэрэгжүүлээгүй болох, үүнээс шалтгаалан хэдэн төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас үндэслэлгүйгээр шаардсан болохыг нь шүүхээс нарийвчлан тооцож дүгнээгүй атлаа шууд нэг сая төгрөг гэж заасан нь өөрөө үндэслэлгүй байх бөгөөд уг нэг сая төгрөгийн хүүгийн үнийн дүнг хэрхэн тооцож гаргасан талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь өөрөө шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэж байна. Шүүхээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т заасныг үндэслэн зээлийн хүүг хасаж тооцсон ч буруу юм. Учир нь Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зөвлөмжийн 2-ын г-д “Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Энэ нөхцөлд алданги шаардах эрх үүсэхгүй. Мөн хэрэв хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг өөрийг нь хугацаа хэтрүүлсэн гэх ба энэ нөхцөлд анз авах эрхээ алдана. Иймд гэрээний хугацаа хэтэрсэн эсхүл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1., 222.1.2., 222.2., 223 дугаар зүйлийн 223.1., 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2. дахь заалтуудыг сайтар судалж, нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ хийнэ” гэж зөвлөжээ. Эндээс үзэхэд Нэгдүгээрт: Хариуцагч нар нь зээл төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй гэдгээ өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаарх баримт огт байхгүй. Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Иргэний хуулийн 223.2.-т заасны дагуу “Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк хүлээж аваагүй тохиолдол байхгүй бөгөөд энэ талаар ч зохигч талууд маргаагүй болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/01379 дугаартай шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төв нь хариуцагч П.Б, М.П нараас зээлийн гэрээний үүрэгт 12.713.682,44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ14/319 тоот зээлийн гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ15/78 тоот барьцаат гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15/78-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд үндэслэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд Х банкны Орхон салбарын Оюут тооцооны төв нь хариуцагч П.Бтэй 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ15/78 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15/78-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар сунгасан. Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 7.640.942,9 төгрөг, хүүнд 3.713.070,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31.894, 08 төгрөг, нийт 11.385.907,93 төгрөг төлжээ. 2017 оны 6 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1.792.589 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд зээл буцаан дуудах тухай мэдэгдэл өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х банк нь хариуцагч нарт зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан нөхцөлийг удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсээр байж шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй тул мөнгөн төлбөрийн үүрэг буюу хүү нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэж нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс зарим хэсгийг хасч шийдвэрлэхдээ хүүгийн төлбөрийг хэрхэн яаж тооцож, 1.000.000 төгрөг гаргуулсан үндэслэлээ тодорхойлоогүй нь буруу байх тул төлөгдөөгүй үндсэн зээл 5.359.057,10 төгрөг, хүүг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу төлөх 2.741.504 төгрөгөөс тооцож энэхүү гэрээнээс хойш хүүнд төлсөн мөнгийг хасч 1.902.552 төгрөг нийт 7.261.609 төгрөг төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч П.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1.792.589 төгрөг төлснөөс хойш зөрчиж эхэлсэн байхад банк хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй шүүхэд 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ хугацаагаар тасалбар болгон хэтрүүлсэн хугацааны хүүг тооцож үндсэн зээлээс давсан хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах, бүрэн хэмжээгээр гаргуулах тухай давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хамтран хариуцагчаар татагдсан М.П нь хариуцагч П.Бтэй 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан барьцаат зээлийн гэрээ болон 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй, А гэх хүн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Харин 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн хугацаа сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд П.Бийн итгэмжлэлийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээний дагуу хариуцлага хүлээх үүрэггүй байна. Иймд хариуцагч М.Пт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/01379 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан хариуцагч П.Б, М.П нараас үндсэн зээлийн төлбөр 5.359.057,10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.000.000 төгрөг нийт 6.539.057,10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 6.354.625 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар хариуцагч П.Бөөс 7.261.609 төгрөг гаргуулж, хариуцагч “Х банк” ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.452.073 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Пт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар “Х банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218.368,92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, П.Б, М.П нараас улсын тэмдэгтийн хураамж 134.950 төгрөг гаргуулж “Х банк” ХХК-д олгосугай...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар “...нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн урьдчилан төлсөн 218.368,92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бөөс улсын тэмдэгтийн хураамж 131.136 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 218.368,92 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.Б

ШҮҮГЧИД                                                     Б.О

                                                                                                                         С.У