| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 187/2018/0052/Э |
| Дугаар | 502 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 502
Ү.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ц.Батзаяа, М.Билгүтэй, хохирогч С.Ж, түүний өмгөөлөгч Б.Энхдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 780 дугаар магадлалтай, Ү.Ут холбогдох 2028000210010 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч С.Жийн өмгөөлөгч Б.Энхдалай нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дэлдгэргалзууд овогт Ү.У нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Уыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч бичиг баримт үйлдэж, бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Уаас 80.000.000 төгрөг, иргэний хариуцагч С.Сгаас 120.000.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч С.Жид олгуулах,
Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 1066 байрны 121 тоот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 42в байрны 17а тоот орон сууцыг хохирогч Б.Дд олгуулж, 000436215, 000444480 дугаартай орон сууцны бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Шүүгдэгч Дэлдгэргалзууд овогт Ү.Уыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг ашиглан эд хөрөнгө шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.У, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч С.Жийн өмгөөлөгч Б.Энхдалай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ү.Ут Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.16-ны өдрийн 780 тоот магадлалаар 6 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, өмнө гарсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.03-ны өдрийн 626 тоот магадлалд заасан үндэслэлийг хангаагүй байхад хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүх ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, хохирогч болон холбогдогчийг тодруулан шалгах тухай өмнөх шийдвэрээ биелэгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ЭХХШТХ-ийн 39.6-р зүйлийн 1.2, 1.3, 1.4-ийг баримтлаагүй гэж үзэж байх тул хяналтын шатны шүүхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлд нотлох баримтын талаар заасан ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1.Тухайн үед үүссэн нөхцөл байдлаас харахад хохирогчоор тогтоогдсон Б.Дгийн байрыг шууд утгаар нь залилан авсан гэх сэдэлт, гэмт санаа зорилго тогтоогдоогүй байна. Арматур төмөр нийлүүлэх гэрээний төлбөрт өгсөн гэх байр нь шууд материаллаг байдлаар хохирогч гэх С.Жид шилжээгүй, харин 200.000.000 төгрөгийн барьцаа хэлбэрээр зөвхөн өмчлөх эрх нь шилжигдэж очсон байх боловч шууд хохирлын хувьд зөвхөн С.Жид хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас зээлийн гэрээгээр шилжүүлсэн 200.000.000 төгрөгийн хохирол нь гэмт хэргийн хохиролд тооцогдож төлөгдөх ёстой бөгөөд ингэснээр Б.Дгийн зөрчигдсөн субъектив өмчлөх эрх нь шууд сэргээгдэх үндэслэл үүснэ. /ЭХХШТХ 16.2-1.3/ Энэ тохиолдолд Б.Д нь хохирогч биш иргэний нэхэмжлэгчээр оролцох учиртай ба Б.Дг хохирогч гэж үзээд түүнд Ү.Уаас мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 25.0 сая төгрөгийн арматур төмрийг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.
2.С.Жийг яллагдагч Ү.Утай танилцуулсан, түүнээс авсан мөнгөнөөс 80.000.000 төгрөгийг шууд авсан гэх Сэргэлэнг энэ хэрэгт хамааралтай эсэх, хамтран оролцогч яллагдагч, эсвэл иргэний хариуцагчаар татаж шалгах, төлбөр төлүүлэх үндэслэлтэй эсэхийг мөрдөн шалгаж дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзнэ. /ЭХХШТХ-ийн 33.1-6.15/
3.Хохирогч С.Жид Ү.У нь 80.0 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаар нийт 200 орчим сая төгрөгийн үнэлгээ бүхий барилгын өнгөлгөөний сайн чанарын плита, 120 мянган ам.долларын гаалийн үнэлгээ бүхий гүний өрөмдлөгийн машин, сайн чанарын эксковатор зэргийг төлбөрт тооцуулах, мөн төлбөрийн барьцаанд санал болгосон боловч авах эсэхээ хэлэхгүй хугацаа авах, яг авах өгөх болохоор татгалзах зэргээр зориуд төлбөр төлөх талаар гаргасан хүсэлтийг гацааж, төлбөр төлөх боломж олгоогүйд гомдолтой байгаа болно. Мөн 2020.04.09-ний өдрийн шүүх хуралдааны өмнө Ланд круйзер 200 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг барьцаанд авч төлбөр төлөгдсөн талаараа шүүхэд хэлнэ гэсэн боловч яг шүүх хурлын үеэр барьцаанд авахаас татагалзсаны улмаас хохирол төлөгдөөгүй гэж шүүх дүгнэх үндэслэл болгосон нь хэтэрхий нэг талыг барьсан хорлонтой, хүний мөсгүй үйлдэл гэж үзэж гомдолтой байна.
4.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосны дараа бичгийн хэлбэрээр гарах хүртэл нийт 20 гаруй хоногт 80.0 сая төгрөгийн төлбөрийг төлөхөөр С.Жгой тохиролцож уг үнэлгээ бүхий дизель түлшийг санал болгосныг хүлээн авсан боловч мөн л ачаад хаана буулгах талаар асуухад ямар нэгэн тайлбаргүйгээр авахаас татгалзсан нь туйлын ойлгомжгүй үйлдэл боллоо.
Иймд дээрх эргэлзээтэй байдлыг магадлан хянаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.16-ны өдрийн 780 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогч С.Жийн өмгөөлөгч Б.Энхдалай гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4-р сарын 9-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6-р сарын 16-ны өдрийн 780 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргаж байгаагаа мэдсээр атлаа хамаг бурууг ЭХХШТХ-ийн 39.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг л биелүүлэх үүрэгтэй тул биелүүлсэн гэдэг, харин 2019 оны 10-р сарын 1-ний өдрийн 986 дугаартай магадлалыг гаргасан давж заалдах шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах асуудал прокурорын бүрэн эрхэд хамаарах учраас гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэхийг хянах эрх шүүхэд олгогдоогүй тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв...” гэж гэм буруутай этгээдүүдийн гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байтал яллах дүгнэлтэд хамааруулж оруулж ирээгүй нь шүүхэд огт хамааралгүй, гэм буруутай этгээдийг яллах дүгнэлтэд оруулах эсэх нь зөвхөн прокурорын бүрэн эрхийн асуудал гэж бие бие рүүгээ түлхэж хууль буруу хэрэглэн шийдвэрлэж байгаагаас шалтгаалан энэ хэрэг бүхэлдээ буруу шийдвэрлэгдэж ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, мөн хуулийн 1.6 зүйлийн 1 дэх “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэсэн заалт ноцтой зөрчигдлөө гэж үзэж байна.
Мөн ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийн 1.2,1.3,1.4 дэх заалтуудыг зөрчиж шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.
1.Иргэний хариуцагч С.С, гэрч Д.Сгийн тухайд: Шүүхийн хууль бус шийдвэр дүгнэлтүүдээс шалтгаалан ялтан Ү.Уын “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн нэр дээрхи байруудыг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих асуудалд биечлэн оролцоогүй боловч уг асуудлыг анхнаасаа мэдэж байсан, АНУ-аас удирдаж зааварлаж байсан, барьцааны 120.000.000 төгрөг өөрийнх нь дансанд орсноос хойш залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцож ирсэн С.С нь бусдад онц их хэмжээний хохирол учруулсан атлаа ял завшиж, гэрээ хэлцлийн үндсэн дээр хуулийн дагуу хийгдсэн мэт иргэний хариуцагч болгон дүгнэгдэн шийдвэрлэгдэж байгаад гомдолтой байна.
С.С нь үнэхээр шудрага журамт иргэн байсан бол АНУ-аас ирэнгүүт Ү.Уын хууль бус ажиллагааг таслан зогсоож, хуулийн дагуу арга хэмжээг авч иргэнийхээ үүргийн дагуу гэмт хэргийг хуулийн байгууллагад мэдээлэх ёстой байсан. Гэтэл энэ үеэс эхлэн С.Жийг Ү.У нартай хамтран үргэлжлүүлэн мэхлэж ирсэн нь хэргийн нотлох баримуудаар хангалттай тогтоогддог. Хэрэв тухайн үед тэрээр миний үйлчлүүлэгчид 120.000.000 төгрөгийг буцаан өгчихсөн, төмөр оруулж ирсэн атлаа төмрөөр тооцоо хийж болох байсан боловч өөрт нь энэ бизнесийг хийх бодит боломж байхгүй гэдгийг АНУ руу явахаасаа өмнө ХХБ аккредитив нээхгүй гэж татгалзсан хариуг авсан үес мэдэж байсан атлаа Ү.Утай хамтран С.Жид янз бүрээр худал хэлж, итгэл найдвар төрүүлэн залилан мэхлэж ирсэн байдаг.
С.С бусдаас мөнгө авч завшсанаас хойш 5 жилийн хугацаанд боломжтой байсан атлаа С.Жид нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй нь энэ хүний хувийн байдлыг тодорхойлж байгаагаас гадна С.Сгийн гэм буруутай үйлдэл, хамтын идэвхтэй оролцоо байгаагүй бол бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг цаашид үргэлжлэхгүй, хохирол нэмэгдэхгүй байх боломжтой байсныг шүүх анхааралдаа авахыг хүсч байна.
Шүүх энэ гэмт хэрэг зөвхөн Ү.Уыг хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилан мэхэлсэн үйлдэлд буруутгаж ял халдаасан боловч хэргийн бусад хамтрагч нарын гэмт үйлдэлд бодит байдалд нийцсэн дүгнэлт өгсөнгүй. Хохирогч С.Ж нь С.Стай ямар нэгэн гэрээ хэлцлийг огт байгуулж байгаагүй, харин түүнд мэхлүүлэн хохирсон байгаа нь тодорхой байхад шүүх иргэд хоорондын хуулийн дагуу явагдсан харилцаа мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэрч Д.С нь Сүнжидмаа, У нарын яриад байгаа ХХБ-ны аккредитив нээгдэх боломжгүй гэдгийг мэдсээр атлаа гэмт этгээдүүдэд С.Жийг зааж өгч, танилцуулан Ү.Уыг ашиглан өөрийн авах авлагадаа хохирогчийн мэхлэгдэн өгсөн 200.000.000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг нь хууль бус гэмт үйлдлийн үр дүнд олж авсан нь нотлох баримуудаар тодорхой тогтоогдсон байдаг. Гэмт хэрэг гэдэг нь шүүхээр нэгэнт тогтоогдож шүүхийн шийдвэрээр С.Жийн нэр дээрх орон сууцыг хохирогч гэх Дайчинхүүд шилжүүлж өгсөн байхад гэрч гэх Д.Сгийн энэ гэмт хэргийн улмаас, үр дүнд нь олж авсан 80.000.000 төгрөг яагаад шудрага өмчлөгчдөө буцаагдахгүй хууль ёсны мэт шийдвэрлэгдэж байгаа нь ноцтой зөрүүтэй байдал үүсгэж байна.
2.Ялтан Ү.Уын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын тухай
Ялтан Ү.Уын давах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцсан бөгөөд шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний хийсэн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаанд хохирогч нэг ч төгрөгийн хохирол төлбөрийг авч чадахгүй бодитой хохирч байна. Уын хувьд шүүх хуралдаан болохын өмнөх өдрийн орой ийм тийм юм байна гэж утсаар ярьдаг боловч бодит байдал дээр хохирол огт төлөгдөөгүй бөгөөд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хүртэлх хугацаанд ч төлбөр төлөх тухай бодитой яригдаагүй. Харин харамсалтай нь түүний болон өмгөөлөгчийнх нь гомдлуудад төлбөрийн тухай цаасан дээр хоосон сайхан зүйлүүд бичигдсээр ирлээ.
Үнэн хэрэгтээ миний үйлчлүүлэгчийг анх Д.С Ү.Ут зааж өгч залилан мэхлэн, итгэл төрүүлэн 200.000.000 төгрөг авсан байдаг боловч үргэлжилсэн хамтарсан үйлдлээр С.С гэмт хэрэгт идэвхтэй оролцон 120.000.000 төгрөгийг авч, Ү.У мөнгө авсан өдөртөө 80.000.000 төгрөгийг Д.Сд өгөх өрөндөө өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эдгээр этгээдүүд гэмт хэрэгт хамтран оролцож бусдын өмч хөрөнгийг шунахай сэдлээр завшсан этгээдүүд болох нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул хийсэн хэрэгтээ тохирсон хуулийн хариуцлага хүлээж, төлбөрийг барагдуулах ёстой гэж үзэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4-р сарын 4-нийн өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6-р сарын 16-ны өдрийн 780 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, ЭХШХШТХ-ийн 33.1 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.15, тус хуулийн 33.1дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудын дагуу хэргийг прокурорт буцаан шудрагаар шийдвэрлүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж заасан. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1043 дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хоёр удаа хүчингүй болсон байхад хэргийг тухайн шүүгчид дахин хуваарилсан асуудал бий. Дээрх байдлаар хуваарилахдаа шүүгдэгчийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримталсан эсэхийг дурддаггүй. Тийм учраас хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй хэлсэн саналдаа: “Яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн тогтоож чадаагүй байна. С.С, Б.Д нарын хооронд хийгдсэн гэрээнүүдийг үндэслэн 449.852.700 төгрөгийн хохирол учирсан гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Дээрх харилцааг иргэд хоорондын маргаан гэж үзэхээр байна. С.С нь гурван байраа барьцаанд тавихын тулд Ү.Уыг 200.000.000 төгрөг ол гэсэн хэлцэл хийсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ” гэж заасан. Хэргийн материалаас харахад мөрдөгч нь өөрөө мөрдөн байцаалтын хугацааг 3 сараар сунгасан байна. Гэтэл үндэслэлгүйгээр хугацаа сунгаснаас хойш хийгдсэн мөрдөгчийн ажиллагааг нотлох баримтаар үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтэд “Ү.У нь “Женкон групп” ХХК-ийн захирал Б.Д, “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сд БНХАУ-аас 470 тонн арматур төмөр нийлүүлэхээр тохиролцож, үнэнд нь шилжүүлсэн 3 орон сууцыг С.Сг байхгүй үед 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуурамч итгэмжлэл гаргуулан Б.Д, С.С нарын харилцан тохирч, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд зориуд хүргэж Б.Дд 440.852.700 төгрөгийн хохирол учруулсан” гэж бичигдсэн. Гэтэл хэрэгт авагдсан материалаас харахад Бараа материал худалдах, худалдан авах гэрээг “Орхон туулын өгөөж” ХХК-ийн захирал С.С, Б.Д нар нь урьдчилгаа 339.668.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, үлдэгдэл 168.532.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг бартераар солилцохоор байгуулсан хэдий ч талуудын гарын үсэг зурагдаагүй буюу албажаагүй байна. Байрнуудын үнэ 440.852.700 төгрөг нь яллах дүгнэлтэд залилан мэхлэх гэмт хэргийн хохирол болж бичигдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материалаас харахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, ялгаа заагийг бодитой тогтоогоогүй байна. Б.Дгээс 440.852.700 төгрөгийн үнэлгээ бүхий байрыг өөрийн нэр дээр шилжүүлэх ажиллагаанд С.С оролцсон нөхцөл байдал харагдаж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхдалай нарын гаргасан гомдлыг үндэслэн Ү.Ут холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ү.У нь “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сгийн “Женкон групп” ХХК-ийн захирал Б.Дтэй 470 тн арматур төмөр нийлүүлэхээр тохирч, түүнээс төлбөрт шилжүүлж авсан 3 орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуурамч итгэмжлэл үйлдэх замаар бусдад зарж борлуулах, зээлийн барьцаанд тавих зэргээр Б.Д, С.С нарыг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэн, Б.Дд 440.852.700 төгрөгийн хохирол учруулсан, мөн С.Сгийн өмчлөлийн 2 орон сууцыг барьцаалан С.Жоос 200.000.000 төгрөг авч, 80.000.000 төгрөгийг өөртөө ашиглан, 120.000.000 төгрөгийг С.Сд шилжүүлж, С.Жид 200.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 640.852.700 төгрөгийн хохирол учруулсан гэх агуулга бүхий гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос Ү.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ү.Уын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч С.Жийн өмгөөлөгч Б.Энхдалай нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж үзвэл хохирогч Б.Д, С.Ж нарт эд хөрөнгийн хохирол учрахад Ү.Уаас гадна хувь нэмэр оруулсан бусад хүний буруутай үйлдлийг бүрэн гүйцэд шалгаж, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг бодитой нөхөн сэргээх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар бүрэн бус дүгнэлт хийсэн байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ү.У нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хуурамч итгэмжлэл хийх замаар хохирогч Б.Дгээс С.Сд шилжүүлсэн 2 орон сууцыг хохирогч С.Жийн өмчлөлд шилжүүлж, уг 2 орон сууцыг барьцаалан 200.000.000 төгрөгийн зээл авсан байна. Тухайн үед АНУ-д түр хугацаагаар зорчиж явсан С.С нь өөрийн нэр дээрх байрыг барьцаалан зээл авахыг компанийн санхүү хариуцсан ажилтан Т.Бд зөвшөөрсний дагуу тэрээр С.Жтой зээлийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд Ү.Уын хамт оролцож, зээлийн барьцааны хэсэгт баталгаа гаргасан /1хх-72, 73, 96/ байж болзошгүй байх бөгөөд Т.Б нь С.Жийн зээлсэн 200.000.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээж авсан талаараа удаа дараа тайлбар, мэдүүлэг /1хх-36, 41/, /1хх-97, 3хх-200/ өгсөн байна. Мөн С.С нь АНУ-д байхдаа түүний нэр дээрх байрыг барьцаалж зээл авах зөвшөөрөл өгсөн талаар С.С /1хх-36/, Ү.У /1хх-126, 130, 2хх-242, 3хх-41/ нарын өгсөн тайлбар, мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.
Харин С.С нь шүүгдэгч Ү.Уыг хуурамч итгэмжлэл ашиглан хохирогч С.Жоос 200.000.000 төгрөг зээлж авсан болохыг мэдэж байсан атлаа тухайн зээлтэй холбоотой үүссэн харилцааг хүлээн зөвшөөрч, 2015 оны 10 дугаар сард 120.000.000 төгрөгийг компанийхаа бизнесийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан, улмаар 2015 оны 11 дүгээр сард “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн нэр дээр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн арматур төмрийг анх тохирсны дагуу /1хх-7, 2хх-226, 227/ Б.Дгийн “Женкон групп” ХХК-д нийлүүлээгүй, мөн С.С, Ү.У нарын хэн аль нь хохирогч С.Жоос авсан мөнгөө буцааж өгөөгүйгээс болж хохирогч Б.Д, С.Ж нарын хохирол одоо болтол нөхөн төлөгдөөгүй байна.
Прокуророос С.С нь Ү.Уын хийсэн хууль бус үйлдлийн улмаас Б.Дтэй тохирсон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн, мөн Ү.У үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлж мөнгө авсан үйлдэлд С.С хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй, харин С.С нь Ү.Уын хууль бус үйлдэл хийж авсан 200.000.000 төгрөгөөс 120.000.000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон тул эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс /7хх-23/ гадна хуурамч итгэмжлэл хийхэд хамтран оролцсон нотариатч Ж.Давааням, түүний туслах Ж.Наранбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Ж.Наранбаярын үйлдэл нь хохирогч С.Сгийн хүсэл зорилго, санаачилга, зөвшөөрөлтэйгээр хийгдсэн болох нь гэрч Т.Б, С.С, яллагдагч Б.Алтанзаяа, Ү.У, Н.Наранбаяр нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдсон тул залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж дүгнэсэн /хх-229, 232/ нь үндэслэл муутайгаас гадна прокурорын дээрх хууль зүйн дүгнэлтүүд нь харилцан зөрчилтэй болжээ.
Иймд С.С нь хохирогч Б.Дд арматур төмөр нийлүүлэхээр тохирч түүний 3 орон сууцыг шилжүүлэн авч, улмаар түүний өмнөөс итгэмжлэл үйлдэж, 2 орон сууцыг барьцаалан бусдаас зээл авах зөвшөөрлийг Т.Бгаар дамжуулан Ү.Ут өгсөн эсэх, С.Сд хохирогч Б.Дгийн “Женкон групп” ХХК-д 470 тонн арматур төмөр нийлүүлэх бодит боломж байсан эсэхийг тодруулж, Ү.Уын С.Жоос хууль бус аргаар авсан 200.000.000 төгрөгөөс С.С 120.000.000 төгрөгийг авч захиран зарцуулсан боловч буцааж төлөөгүй, мөн С.С БНХАУ-аас арматур төмөр импортлон оруулж ирсэн атлаа анх тохирсны дагуу хохирогч Б.Дгийн “Женкон групп” ХХК-д нийлүүлэхгүй, түүнийг 3 орон сууцны өмчлөх эрхээ алдахад хүргэсэн үйлдэлд гэм буруутай эсэхийг нарийвчлан шалгах нь зүйтэй гэж үзэв.
Иймд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлт болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ү.Ут холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол түүнд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 780 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ү.Ут холбогдох 2028000210010 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ү.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН