Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02113

 

 

 

 

 

 

2022 12 14 210/МА2022/02113

 

 

Т.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/03196 дугаар шийдвэртэй, Т.Хийн нэхэмжлэлтэй, Б.Бд холбогдох, 2020 оны 05 сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 37,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 56,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Т.Х нь Б.Буян-Өлзийтэй харилцан тохиролцож, 0724 УБЯ улсын дугаартай автокраныг 77,000,000 төгрөгөөр худалдан авахдаа Д.Мөнхбаяраас 47,000,000 төгрөг зээлсэн, мөн өөрийн хашаа байшин болон автокраныг барьцаалж, Хас банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч үнийг төлсөн. Д.Мөнхбаяртай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй. Д.Мөнхбаяр, Б.Б нар хамтран амьдардаг. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 115,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нь 47,000,000 төгрөгийг 2-3 нугалж төлүүлнэ гэдгээ бичгээр баталгаажуулах шаардлага тавьж, нотариат дээр очиход, нотариатын зүгээс зээлийн гэрээгээ өмнө нь бичгээр байгуулаагүй учраас дараа нь байгуулах боломжгүй, харин талуудын хооронд үүссэн асуудлыг төлбөр барагдуулах гэрээгээр зохицуулж болно гэж зөвлөсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчид 137,500,000 төгрөгийг төлөхөөр амаар тохиролцсон, түүнээс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 72,500,000 төгрөг төлсөн, үлдэх 65,000,000 төгрөгт тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгөөр 35,000,000 төгрөгийг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг мөн хугацаанд бүрэн төлж дуусгахаар тусгасан. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлсэнтул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Талуудын хооронд 47,000,000 төгрөгийн зээлийн харилцаа л үүссэн. Нэхэмжлэгч Г.Хишигдорж нь 47,000,000 төгрөг аваад нийт 115,000,000 төгрөг болгон шилжүүлсэн, 47,000,000 төгрөгт банкны хүүнээс илүү хүү, алданги нэхэмжилж байгааг шударга бус гэж үзэж байна. Иймд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, 37,000,000 төгрөг төлөх үүрэггүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь нийт 137,500,000 төгрөгөөс 72,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 65,000,000 төгрөгийг хугацаа тогтоон төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 18 удаагийн гүйлгээгээр 28,000,000 төгрөгийг, нийт 100,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 37,000,000 төгрөгийг төлөхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгч Г.Хишигдорж болон Д.Мөнхбаяр нар харилцан тохиролцож, маргаан бүхий автокраныг хямд үнээр хамтран худалдаж аваад, цааш нь өндөр үнээр худалдан борлуулах хүсэл зорилготой байсан. Ингээд талууд дахин тохиролцож, автокраныг 140,000,000 төгрөгөөр өөрийн өмчлөлд авахаар Г.Хишигдорж нь Б.Бтэй тохирсон. Ерөнхийдөө гэрээнд 145,000,000 төгрөг гэж тохирсон боловч яг тохирсон үнэ нь 140,000,000 төгрөг. Өөрөөр хэлбэл, худалдагч талаас Б.Б, худалдан авагч талаас Г.Хишигдорж нар харилцан тохиролцсон гэсэн үг юм. Талууд энэ тохиролцооны дагуу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо хийх замаар хаахаар тохиролцох гэж заасныг үндэслэн өмнө үүссэн худалдах худалдан авах гэрээний төлбөрийн тооцоо нийлж, нийт 137,500,000 төгрөгийн тооцоотойгоос 72,500,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн, үлдэх 65,000,000 төгрөгөөс 2020 онд 20,000,000 төгрөг, 2021 онд 8,000,000 төгрөг төлсөн, 37,000,000 төгрөгийн тооцоотойг манай талаас шаардаж байна. Мөн гэрээний 5.1-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 19,750,000 төгрөг, нийт 56,750,000 төгрөгийг Т.Хоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүний дагуу Т.Х нь 47,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ. Талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр бус хуульд харшилсан хэлцэл мөн. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа ба зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү, алданги нэмж нэхэмжлэх эрхгүй. Иймд хариуцагчийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 37,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Хийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлээс 19,750,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Хоос 37,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 845,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 612,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Хоос улсын тэмдэгтийн хураамжид 342,950 төгрөг, шинжээчийн зардалд 300,000 төгрөг тус тус гаргуулан хариуцагч Б.Бд олгож шийдвэрлэсэн.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Нэхэмжлэгч нь Д.Мөнхбаяраас зээлсэн 47,000,000 төгрөгийг нугалж төлөх талаар бичсэн гэрээ үйлдэхээр шаардсан, үүний дагуу 2020 оны 05 сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг үйлдсэн.

6.б. Анхан шатны шүүхийн зүгээс зээлийн харилцааны нэг тал нь Д.Мөнхбаяр байхад худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр зээлсэн мөнгөөсөө хэд дахин үржүүлж төлөхөөр баталгаажуулсан нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн, шударга ёсны хэм хэмжээг илтэд зөрчсөн гэрээ байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний чөлөөт байдлыг зохицуулж өгсөн бөгөөд талууд харилцан тохиролцож, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс үзвэл нотариатч нь талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн болохыг тодорхойлоогүй, харин автокараныг худалдахаар хоорондоо ярилцаж байсан гэж мэдүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.а. Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч Б.Бд холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 37,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хэлцэл хүчин төгөлдөр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

2.б. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Т.Хид холбогдуулан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр 37,000,000 төгрөг, алданги 19,750,000 төгрөг, нийт 56,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нь хэлцэл хүчин төгөлдөр бус, хариуцагчид нийт 115,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

3.Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ бичгээр байгуулагдаж, Т.Хоос Б.Бд 137,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 72,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 65,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 4 дэх тал)

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.а. Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Т.Х нь 2018 оны 11 дүгээр сард 0724 УБЯ улсын дугаартай автокраныг 75,000,000 төгрөгөөр Б.Буян-Өлзийгөөс худалдан авахдаа Д.Мөнхбаяраас 2019 оны 11 дүгээр сарын 01-19-ний өдрийн хугацаанд 47,000,000 төгрөг, Хас банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг тус тус зээлж авч, автокраны үнийг төлсөн үйл баримт тогтоогдсон. (хэргийн 1 дэх хавтас 124-126, 153-155, 2 дахь хавтас 68-69 дэх тал)

4.б. Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд нийт 58,700,000 төгрөгийг хариуцагчид, хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хугацаанд нийт 15,103,000 төгрөг нэхэмжлэгчид тус тус харилцан шилжүүлсэн байна. (хэргийн 1 дэх хавтас 8-123, 153-194 дэх дэх тал)

4.в. Түүнчлэн 0724 УБЯ улсын дугаартай автокран нь нэхэмжлэгчийн байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн фидуцийн гэрээний дагуу Хас банкны нэр дээр бүртгэлтэй, нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа болохыг талууд маргаагүй. (хэргийн 1 дэх хавтас 133-135, 221 дэх тал)

4.г. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 28,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна.

4.д. Түүнчлэн гэрч Э.Эрдэнээ, Б.Ганхөлөг, Д.Мөнхбаяр нар нь Д.Мөнхбаяр автокран худалдаж аваад янзалж зарах тухай ярьж байсан, мөн Т.Х сүүлд нь автокраныг 140,000,000 төгрөгөөр авъя гэсэн гэж мэдүүлснийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна. (хэргийн 2 дахь хавтас 54, 56-58 дахь тал)

4.е. Дээрх үйл баримтыг харьцуулан үзэхэд, талуудын хооронд автокраны төлбөр тооцоо үүссэн, үүнийг шийдвэрлэхтэй холбоотойгоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулагдсан байна.

 

5.Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасныг зөв дүгнэсэн, түүнчлэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6.Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөр 37,000,000 төгрөг төлөхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

 

7.Анхан шатны шүүх зохигчдын тодорхойлсон үндэслэл, шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/03196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 845,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА