Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00042

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 26 210/МА2023/00042

 

 

 

 

Т.А.Зийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02760 дугаар шийдвэртэй, Т.А.Зийн нэхэмжлэлтэй, Т.Нт холбогдох, төрд учруулсан хохирол 26,614,049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам, С.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Т.Н нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/052 дугаар тушаалын дагуу Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Д.О, Л.Ц, Ч.Б, Т.А, С.Н нарыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг Т.А.З, салбар зөвлөл, шүүх тус тус дор дурдсанаар тогтоосон:

1.1. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар Д.Оийг Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/ШЗ2019/0402 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж шийдвэрлэсний дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Инновацийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажилгүй байсан хугацааны цалин 4,207,228 төгрөгийг,

1.2. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/179 дүгээр тушаалаар Л.Цг Хуулийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснийг Т.А.Зийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсний дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Хуулийн хэлтсийн даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин 10,436,281 төгрөгийг,

1.3. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар Ч.Бг Сургуулийн өмнөх боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт, хөрөнгө орлогын мэдүүлэг, нууцын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсний дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 8,634,394 төгрөгийг,

1.4. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар Т.Аг Үйлдвэрлэлийн хэлтсийн Соёл, шинжлэх ухаан, спортын салбарын барилгын төлөвлөлт, гүйцэтгэл мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0852 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж шийдвэрлэсний дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин 2,161,057 төгрөгийг,

1.5. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар С.Нг Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0793 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохоор шийдвэрлэсний дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 3,543,028 төгрөгийг тус тус төрийн сангийн хөрөнгөөс гарган олгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Т.А.Зд олгосон. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн (2017 оны) 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Т.А.З хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг үндэслэж төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан. Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 26,614,049 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох Т.Ноор нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Т.Н Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчээр томилогдон Засгийн газрын 2018 оны 268 дугаар тогтоолоор Б.Баярсайханыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох хүртэл ажилласан. Хариуцлага алдсан төрийн албан хаагчийг халах шийдвэр гаргасан боловч энэ хүмүүс гомдол гаргаад буцаж ажилдаа орсон. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг шууд утгаар хэрэглэнэ. Д.Оийн хувьд, давж заалдах шатны шүүхийн шатанд талууд эвлэрсэн, хууль бусаар төрийн албанаас халсан гэснийг тогтоосон тухай шүүхийн шийдвэр байх ёстой. Тийм учраас Д.Од холбогдох 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Т.Аг чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар тушаал хууль бус эсэхийг дүгнэдэггүй учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хууль бусаар халагдсан гэх үндэслэлгүй. Т.Ад холбогдох 1,750,456.20 төгрөгийг төлөх үндэслэлгүй. С.Нгийн хувьд, хууль бусаар ажлаас халсан нь тогтоогдсон учраас 2,869,852 төгрөгийг төлөхийг хариуцагч Т.Н хүлээн зөвшөөрч байна. Ч.Бгийн хувьд, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгасан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажилд томилсон. Т.А.З тогтоолын биелэлтдээ хяналт тавихгүй байснаас болоод хохирлын хэмжээ нэмэгдсэн. Тиймээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээ багасах ёстой. Ч.Бд холбогдох төлбөр 2,184,345 төгрөг болох ба энэ хэмжээнд хүлээн зөвшөөрнө. Харин хариуцагчаас шалтгаалаагүй хугацааны хариуцлагыг Т.Н хүлээхгүй. Л.Цгийн хувьд, Т.А.Зийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд үүрэг болгосон. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан тушаалд томилсон. 2018 оны 5, 6, 7 дугаар сарын цалингийн лавлагаагаар дундаж цалин 1,569,340 төгрөг, үүнээс нэг өдрийн цалин 72,993 төгрөг, 2 сар 12 хоногийн цалин 3,613,225.50 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээхэд бэлэн байна. Нийт 8,667,424 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Энэ хэмжээнд шийдэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ноос гэм хорын хохиролд 8,287,068 төгрөгийг гаргуулж төрийн санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,326,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А.З улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т.Ноос 147,543 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх ...Т. Амартүвшин, Д.О нарт улсын төсвөөс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгогдсон хэдий ч шүүхийн шатанд эвлэрч, хэргийг хялбаршуулсан хурмаар хянан шийдвэрлэсэн нь хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн болохыг тогтоогоогүй гэж үзнэ. Т.А, Д.О нарт олгогдсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрын хувьд шийдвэр гаргасан албан тушаалтан Т.Нын гэм буруу тогтоогдоогүй тул гаргуулах үндэслэлгүй... гэж хуулийн тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрт шүүх дүгнэлт хийгээгүй зөвхөн эвлэрлийг баталсан байхад шийдвэр гаргасан албан тушаалтан гэм буруу тогтоогдоогүй гэж дүгнэх боломжгүй.

4.б. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлснийг Т.А.З, Салбар зөвлөл, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж ойлгоно .Гэтэл анхан шатны шүүх Ч.Б, Л.Ц нарыг хууль бусаар төрийн албанаас чөлөөлснийг Зөвлөл болон Салбар зөвлөл тогтоосон гэж дөв дүгнэсэн атлаа уг албан хаагчдыг төрийн албанд томилоогүй эс үйлдэхүй гаргасан нь төрд учруулсан хохирлыг нэмэгдүүлсэн энэ хохирлыг хариуцагч Т.Н хариуцах үндэслэлгүй гэж хуулийн уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.в. С.Нд олгосон 3,543,028 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварын 10 хувийг шүүх суутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн үед н.Нансалмаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохдоо хүн амын орлогын албан татварын шимтгэлийг тооцож олгосон. Гэтэл тухайн үед суутгасан байхад дахин нэмж 10 хувь суутгаж, төрд учирсан гэм хорын хохирлыг бууруулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Т.А.З нь хариуцагч Т.Нт холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа нэр бүхий 5 албан хаагчийг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсний улмаас төрд учруулсан хохирол 26,614,049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 8,667,424 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг маргасан байна.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0852 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/ШЗ2019/0402 дугаар захирамжаас үзэхэд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Г.Амартүвшинг Үйлдвэрлэлийн хэлтсийн Соёл, шинжлэх ухаан, спортын салбарын барилгын төлөвлөлт, гүйцэтгэл мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд, Д.Оийг Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын Инновацийн хэлтсийн даргын албан тушаалд тус тус томилох, мөн тэдэнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлсэн байна. (хэргийн 55-58, 60-62 дахь тал)

3.2. Мөн дээрх шүүгчийн захирамжуудыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн хэлтсийн Соёл, шинжлэх ухаан, спортын салбарын барилгын төлөвлөлт, гүйцэтгэл мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшинд ажилгүй байсан хугацааны цалин 2,161,057 төгрөг олгох, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Д.Оийг Инновацийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажилгүй байсан хугацааны цалин 4,207,228 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. (хэргийн 79-81 дэх тал)

3.3. Дээрхээс дүгнэхэд, нэр бүхий нэхэмжлэгч нарын гаргасан төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрсөн байх ба ийнхүү зөвшөөрсөн нь гэм буруугийн асуудлаар шийдвэр гараагүй гэж хариуцагч хожим маргах үндэслэл болохгүй. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг шүүх тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Иймээс Г.Амартүвшинд олгосон олговор 1,750,456 төгрөг, Д.Од олгосон олговор 3,786,505 төгрөгийг тус тус хариуцагч Т.Ноос гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

3.4. Мөн Ч.Б, Л.Ц нарын хувьд, Т.А.З, салбар зөвлөлийн шийдвэр гарснаас хойш Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааны олговрыг хариуцагч Т.Н хариуцах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч тооцооллыг буруу хийснийг зөвтгөх нь зүйтэй. Ч.Бд олгосон олговор 7,770,954.60 төгрөгөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар дундаж цалин 1,194,696 төгрөгөөр тооцоход 2,778,362 төгрөг байна. Харин хариуцагч нь Л.Цд олгосон олговор 10,436,281 төгрөгөөс өөрт холбоотой 3,613,225.50 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

4.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 14,801,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 8.287.068 гэснийг 14,801,400 гэж, 18.326.982 гэснийг 11,812,649 гэж, 2 дахь заалтын 147.543 гэснийг 231,957 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т.А.З давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА