Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/00070

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 02                                             210/МА2023/00070            

 

 

 

 

 

Я.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/02752 дугаар шийдвэртэй, Я.Гийн нэхэмжлэлтэй, Б.Т, Б.Н нарт холбогдох, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

Я.Г нь 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Нтой зээлийн гэрээ байгуулж, барьцаанд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Орбитын ...дүгээр гудамж, ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг авсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр Б.Ноос 45,738,000 төгрөг гаргуулж Я.Гэд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 12 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийг Я.Гийн өмчлөлд шилжүүлснээр дуусгавар болсон.

Гэвч Б.Тын гаргасан гомдлын улмаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.Гийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгч хэн болохыг шүүхээр шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ гэх хариуг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Б.Тын нэхэмжлэлтэй Б.Нод холбогдох иргэний хэрэгт Я.Г гуравдагч этгээдээр оролцож маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Тын өмчлөлд шилжүүлэн бүртгэж, Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авснаар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Я.Гийг Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Орбитын ... дүгээр гудамж, ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.Тын татгалзал, тайлбарын агуулга: 

Б.Тоос Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Орбитын ... дүгээр гудамж, ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Нын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон шийдвэр, Я.Гийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болсон шийдвэрүүд хүчинтэй. Мөн Б.Тын өмч мөн болохыг хууль ёсны дагуу нотолсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Иймд нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох үндэслэл байхгүй ба газар эзэмших эрх байхгүй, зөвхөн уг хаяг дахь 100 м.кв бүхий байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Б.Тын хувьд Б.Нод эд хөрөнгөө, Я.Гийн хувьд мөнгөө алдсан учраас нэхэмжлэх нь зөв, тухайн үед Б.Н уулзаж, ярилцаад, ойлголцоод явах боломжтой байсан. Маргаан бүхий байшин, газар хоёр Ц.А гэх хүний нэр дээр байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагч Б.Нын татгалзал, тайлбарын агуулга:

Я.Гийн нэхэмжлэл үндэслэлтэй. Учир нь Б.Н Я.Гээс 20 сая төгрөг зээлэх үед өөрийн нэр дээр байсан объектыг барьцаалсан ба төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Я.Гийн өмчлөлд шилжүүлсэн. Миний зээлсэн 20 сая төгрөгийн 10 сая төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр Б.Тын хадам эцэг Цагаандорж, хадам эх Оюун нар авсан ч нэг ч төгрөг төлөөгүй. Б.Тоос Б.Нод бэлэглэлийн гэрээгээр өмчлөгдсөн байсан уг объектыг янз бүрийн арга хэрэглэж буцааж Б.Тын нэр дээр хууль бусаар шилжүүлсэн. Өөрсдийн мөнгөө Я.Гэд төлсөн тохиолдолд миний зүгээс уг объектыг буцааж өгөхөд асуудалгүй гэдгээ олон удаа бүх шатны шүүхэд тайлбар гарган хэлж байсан. Иймд Я.Гээс миний зээлсэн мөнгөнөөс Б.Тын хадам аав, ээж хоёр авсан мөнгөнийхөө асуудлыг бүрэн барагдуулаагүй тохиолдолд уг объектыг Б.Тын нэр дээр шилжүүлсэн асуудлыг хууль бус гэж үзэж байна гэжээ.

 

4.Хариуцагч Б.Тын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаартай шийдвэрээр Б.Т, Б.Н нарын хооронд байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийг хүртэл Б.Тын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа. Уг үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газар нь Ц.А-ийн өмч бөгөөд Я.Г надад өр төлбөрийг төлсөн нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийг заавал авах шаардлагагүй гэж тайлбар гаргаж, өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй байсан юм. Тийм ч учраас Я.Гэд Б.Тын хадам аав, ээж болон хариуцагч Б.Н нар зээлсэн мөнгөө төлбөл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Тыг тогтоох бүрэн үндэстэй болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Хэдийгээр Б.Т нь шүүхийн шийдвэрээр Я.Гэд төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй ч хадам аав, ээж нар Б.Ноос авсан 10 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа юм. Иймд Б.Тын өмч болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр Б.Нод түр шилжүүлсэн байсан боловч Б.Тын нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилган Б.Тыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

5.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: 

Хариуцагч Б.Т, Б.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргааныг шийдвэрлэхээс өмнө аль эрт Я.Гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Харин хариуцагч Б.Тын хувьд Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс өөрт учирсан хохирол, төлбөрийг төлүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Б.Т нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг мэдсэн. Энэ ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ гаргаж, оролцох боломжтой байсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Я.Гийн бүртгэлийг хүчингүй болгохоор дурдсан болохоос Я.Гийн бүртгэлийг хүчингүй болгож, оронд нь Б.Тыг өмчлөгчөөр бүртгэхээр заагаагүй. Харин үндэслэх хэсэгтээ хэнийг жинхэнэ өмчлөгч болохыг тодруулсны үндсэн дээр дараагийн бүртгэл хийх агуулгыг тусгасан. Иймд нэхэмжлэгч Я.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Тын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Я.Гийн нэхэмжлэлтэй, Б.Т, Б.Н нарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Орбитын ... дүгээр гудамж, ... тоот, ... м.кв, үйлчилгээний зориулалттай, Ү-... эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тын Сонгинохайрхан дүүрэг, ...дугаар хороо, Орбитын ... дүгээр гудамж, ... тоот, ... м.кв, үйлчилгээний зориулалттай, Ү-... эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн.

 

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулан судлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

7.1. Анхан шатны шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дугаар шийдвэрээр эхлээд хэргийн оролцогч нарын өр төлбөрийн асуудал шийдэгдэх, улмаар жинхэнэ өмчлөгч хэн болох асуудал шийдэгдэх ёстой гэх үндэслэлээр Я.Гийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлсэн болохыг анхаарч үзэлгүй, дээрх шийдвэрээр тогтоогдоогүй үйл баримтыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Т нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч гэж шийдвэрлэсэн мэтээр буруугаар тайлбарлан дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Түүнчлэн уг хэрэг 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2 удаа Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр буцаагдсан бөгөөд уг хэргийг хяналтын журмаар шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Б.Тын тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх, түүнийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох агуулга тусгагдаагүй байгааг шүүх анхаараагүй гэж маш тодорхой дүгнэснийг давж заалдах шатны шүүхийг анхаарч үзэхийг хүсэж байна.

7.2. Б.Т, Б.Н нарын хооронд ямар тохиролцоо байсны улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр тэдгээрийн хоорондох хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон үйл баримтыг дүгнээгүй. Я.Г, Б.Н нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Ноос 45,738,000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу маргаан бүхий барилгыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа 6 жилийн хугацаанд үргэлжилж, 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад борлогдоогүй тул 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч Я.Гэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/38675 тоот Эрх шилжүүлэх тухай мэдэгдлээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Я.Г-ийн нэр дээр бүртгэхийг даалгаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 63/37302 мэдэгдлээр Ү-... дугаарт бүртгэлтэй тул хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Я.Гэд шилжүүлсэн.

Тодруулбал, Б.Т, Б.Н нарын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Я.Гэд шилжүүлснээс хойш гарсан үйл баримтын он цагийн дарааллыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

 

8.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 316 тоот, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1056 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 594 тоот мэдэгдэх хуудсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад Я.Г 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр танил талаа ашиглаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Бидний өгсөн өргөдөл гомдол шийдвэрлэгдээгүй байхад Я.Гийн гэрчилгээг гаргасан талаар дахин хандсаны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 68 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн шүүхийн 240 дүгээр шийдвэр зэргийг үндэслээд Б.Тын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Б.Т нь Я.Гтэй ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй. Б.Н нь бидний дээрх байдлыг ашиглаж мөнгө олж авах зорилгоор луйвардсан. Б.Н нь шүүх хуралдаанд ирдэггүй, Я.Гтэй тохиролцдог, биднээс өмч хөрөнгийг авахдаа Солонгос улс руу явж хөрөнгө оруулалт оруулдаг, хамтран ажиллана гэж итгүүлсэн. Б.Н нь 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Я.Гээс 20,000,000 төгрөг зээлээд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан. Бидэнд мөнгө арай орж ирээгүй байна, орж ирэхээр нь өгнө гэж худлаа яриад явсан. Я.Гтэй нийлж Б.Ныг олохоор холбогдох байгууллагад хандаж байсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй гэдэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцагчийн гаргасан хүсэлт, өргөдлийн хариу зэргээр нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Орбитын ... дүгээр гудамж, ... тоот хаягт байрлах, ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Н хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Б.Т эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг Б.Нын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон, мөн Я.Гийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүд хүчинтэй, Б.Тын өмч мөн болохыг хууль ёсны дагуу нотолсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа үндэслэлээр маргаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтад хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэр болон уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны баримтуудаас үзэхэд, Б.Ноос зээлийн гэрээний үүрэгт 45,738,000 төгрөг гаргуулан Я.Гэд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Нын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Орбитын ... дүгээр гудамж, ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

5.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус явуулсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүйгээс 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр авагч Я.Гэд төлбөрт нь тооцон санал болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болгожээ. Уг ажиллагааг хууль зөрчсөн, хүчингүй болгосон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Я.Гийн өмчлөлд бүртгэгдэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. (хэргийн 1 дэх хавтас 109-123, 2 дахь хавтас 211-250 дахь тал)

 

6.Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (2002 оны) 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасны дагуу дээрх ажиллагаа хийгдсэн байх ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд зааснаар үүсдэг тул уг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч Я.Гэд өмчлөх эрх шилжсэн гэж дүгнэх үндэстэй байна.

 

7.Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дугаар шийдвэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс) хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэчилсэн бүртгэл хийх хүртэл маргаан бүхий барилгыг Я.Гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон 00603101 тоот гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинээр бүртгэл хийгээгүй бол Я.Гийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрт ... хэргийн оролцогчдын хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, дуусгавар болгох, зээлийн төлбөр авагч Я.Гийг хохиролгүй болгосны дараа жинхэнэ өмчлөгч хэн болохыг тодорхойлж, түүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй гэж дүгнэсэн байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоож шийдвэрлээгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна. (хэргийн 2 дахь хавтас 18-23 дахь тал)

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар гарсан маргааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх учиртай бөгөөд захиргааны байгууллагаас улсын бүртгэлд Б.Тыг өмчлөгчөөр бүртгэсэн явдал нь зохигчдын хооронд үүссэн өмчлөлийн маргааныг шүүх шийдвэрлэхгүй байх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Ийм учраас анхан шатны шүүх хариуцагч Б.Тыг улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч гэж Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасныг энэ тохиолдолд хэрэглэсэн нь буруу болжээ.

 

8.Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Т, Б.Н нарын хооронд хийгдсэн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо үр дагаврыг шийдвэрлээгүйн зэрэгцээ уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч Я.Г оролцоогүй, барьцааны гэрээ байгуулах үед барьцаалуулагч Б.Ныг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэл уг шүүхийн шийдвэрээр болон энэ хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Я.Гийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт тус тус зааснаар барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх буюу Б.Ноос үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Тод буцаан шилжүүлэх хууль зүйн боломжгүй. (хэргийн 1 дэх хавтас 41-42 дахь тал) Анхан шатны шүүх хэргийн уг нөхцөл байдалд хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Я.Гийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б.Тын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/02752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Гийг эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Орбитын ... дүгээр гудамж, ...тоот хаягт байрлах, ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Я.Гэд холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Орбитын ... дүгээр гудамж, ... тоот хаягт байрлах, ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Б.Тын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Я.Гийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.Тын төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Гэд олгосугай гэж өөрчилж, 4 дэх заалтыг 3 гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД ДЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА