Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00107

 

2023.01.06 210/МА2023/00107

 

Ц.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03096 дугаар шийдвэртэй, Ц.Хгийн нэхэмжлэлтэй, Х.Х ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Ц.Х нь Х.Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16HR/29 дугаар шийдвэрээр хүний нөөцийн менежерээр ажилд орсон. Тухайн үед Овоотын нүүрсний төсөл, уурхайн хүний нөөцийн бүх ажиллагааг хариуцан ажиллах саналын дагуу нэг сарын 6,000,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал солигдсоноор цалин хөлс бууруулах эсвэл ажлаас гар гэсэн шахалт үзүүлсэн бөгөөд нэхэмжлэгч эвийг бодож цалингийн өөрчлөлтийг зөвшөөрч ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирал Д.Ачит-эрдэнэ Ц.Хг дуудаад Төлөөлөн удирдах зөвлөлөөс намайг шахаад байна, чи ажлаа өгчих, 5 сарын цалин өгье гэж хэлсэн. Ц.Х үүнд гомдож, дарга руугаа хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хууль бусаар зарцуулж байгааг Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэнэ гэж мессеж бичсэн. Ингээд таг болсон тул больсон гэж ойлгосон. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан заавал хамтын гэрээ байгуулах ёстой болсноор 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар оффист байрлах бүх ажилчид хурал хийж, хамтын гэрээ байгуулах төлөөлөгчөөр Ц.Хг томилж, хамтын гэрээнд тусгах саналыг хэлэлцэн баталсан. Үүний дагуу компанитай байгуулах хамтын гэрээний төсөл, хамтын хэлэлцээрийг эхлүүлэх албан тоотыг хүргүүлсэн ба гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16.50 цагийн үед ажил тарахын өмнө гэнэт ажлаас халж байгааг мэдэгдэж, ГЗ-21/02 дугаар тушаалыг өгсөн. Ажил тарж байсан тул маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцаж байсан ажлын материал, компанийн өмчийг хүлээлгэн өгөөд гарсан. Хамтын гэрээ байгуулах саналыг хүргүүлснээс болж шууд халж байгааг ойлгосон.

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зүгээр амаар уулзаад гарсан дээр үндэслээд ажлаас халлаа гэдэг нь үндэслэлгүй. Тухайн үед орон тоогоор биш, өргөдлөө өг гээд байсан. Тэгээд ч мэдэгдлийг бичгээр өгнө гэж хуульд заасан байхад надад бичгээр ямар ч мэдэгдэл өгөлгүй халсан. Мөн ажлаас халах тушаал нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажиллаад байхад 04-ний өдрөөр дуусгавар болгоод 06-ны өдрөөр огноолсон тушаал өгөөд байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө нь ажиллаж байсан Х.Х ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бөглүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ц.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй зүйлс нь бодит байдалтай нийцээгүй, эрх бүхий этгээдийн тушаал шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хуульд заасны дагуу дуусгавар болгосон. Х.Х ХХК нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, үндсэн ажилтан 11, бусад гэрээгээр 50 гаруй ажилтантай. Урьд нийт 170 гаруй ажилтантай, нийгмийн даатгал төлж байсан боловч ковид-19 цар тахлын улмаас орон тоогоо бууруулсан. Ц.Х 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдлийг хүлээн авсан. Улмаар гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГЗ-21/02 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан ба тушаалд алдаа гарсан учраас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр засаж гаргасан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2-т заасныг тус тус үндэслэл болгож тушаал гаргасан. Нэхэмжлэгч нь олон хүний нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм шиг ярьж байна. Хөлсөөр ажиллуулж буй хүний нийгмийн даатгалын шимтгэлийг 01 кодоор төлдөг юм. Дотоод журмын 13.1.2-т орон тоог гүйцэтгэх захирал батална, орон тоо цомхотгохыг хувьцаа эзэмшигч шийдсэн гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ц.Хг Х.Х ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Х ХХК-аас 47,454,545 төгрөг гаргуулж Ц.Хд олгож, олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 395,223 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй тул шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

4.а. Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээ 1 сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан боловч нэхэмжлэгч нь мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээн аваагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдсэн болохоо гэрчийн мэдүүлэг болон Х.Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнийн гар утсанд хийсэн үзлэгээр нотолсон. Гэтэл шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг ташаа ойлгож хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдах болсныг 1 сарын өмнө мэдэгдсэн байдал нотлогдоогүй гэх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.б. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дээрх тушаалуудаас харахад байгууллагын орон тоо болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо хэрхэн цөөрсөн, хэдээс хэдэн хүн хассан нь тодорхойгүй бөгөөд харин ч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо нэмэгдсэн мэт харагдаж байх ба 74 ажилтнаас 11 үлдсэн гэсэн тайлбартай тохирохгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гүйцэтгэх захирлын компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан тушаалд хүний нөөцийн менежер гэсэн 1 орон тоотой байсан бол 2021 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн 21/82 дугаар тушаалд хүний нөөцийн менежер гэсэн орон тоо байхгүй болсныг шүүх анхаараагүй.

Манай компани 2019 онд 100 гаруй үндсэн ажилтантай байсан. 2019 онд бүтэц орон тоог өөрчилж үндсэн ажилчдыг цөөрүүлж 2021 оны 10 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг 11 ажилтантай болсон. Орон нутгийн мэдээллийн ажилчдыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйл, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчдын төрөл, код журмын дагуу 01 кодоор, эрүүл мэндийн даатгал төлдөг иргэнийг 38 кодоор, тэтгэвэр тогтоолгосны дараа ажиллаж буй иргэнийг 22 кодоор тайлагнаж, нийт 74 ажилтан болж харагдаж байгаа. Гэвч энэхүү нөхцөл байдлыг шүүх буруу ойлгож хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь тайлбарлаж хэрэглээгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадаагүй гэж үзнэ.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нэхэмжлэгчийг дарамтлаагүй гэх зүйлийг ярьдаг. Анхнаасаа ажлаас халах сонирхолтой байсан, цалин 6,000,000 төгрөг байсныг 4,000,000 төгрөг болгож багасгасан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өргөдлөө өгөөд гар гэдэг. Вайбэр зурваст орон тоо цөөрч байгаа гэсэн үг үсэг нэг ч байхгүй. Хариуцагч 2019 онд 130 хүн байсан гэж байна. Тийм хүн байхгүй, 2019 оны тушаалд 31 хүн, 2021 оны тушаалд 40 хүн байгаа. Тоолоод үзэхээр зөрүүтэй. Хариуцагч тал 11 ажилтан байгаа учраас хүний нөөцийн менежерийн ажлыг цомхотгосон гэдэг. Гэрч мэдэгдэл өгч байсан гэж хэлээгүй. Мэдэгдлийг шууданд хийж болно, авахгүй байсан бол хөндлөнгийн гэрч байлцуулаад тэмдэглэл үйлдэх байсан, мэдэгдэл өгсөн гэх ямар нэгэн үйл явдал болоогүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой, үүнийг зөрчсөн. Дээд шүүхийн тайлбарт тодорхой байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Х.Х ХХК-д холбогдуулан хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж баталгаажилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. (хэргийн 1 дэх хавтас 1-2 дахь тал)

 

3.Х.Х ХХК, Ц.Х нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж, Ц.Х нь хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. (хэргийн 1 дэх хавтас 4-10 дахь тал)

 

4.Х.Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ГЗ-21/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2-т заасныг баримтлан хүний нөөцийн менежер Ц.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлжээ. (хэргийн 1 дэх хавтас 140 дэх тал)

 

5. Нэхэмжлэгч Ц.Х нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

6.Зохигчид хүний нөөцийн менежерийн ажлын байр хасагдсан эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх талаар маргасан байна.

 

6.а. Хэргийн баримтаар баримтаар компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21/82 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчилж батлахад хүний нөөцийн менежерийн ажлын байр хасагдсан байх ба Х.Х ХХК-ийн дүрмийн 10.3.3-т зааснаар гүйцэтгэх захирал нь ажилтны орон тоог тогтоох эрхтэй байна. (хэргийн 1 дэх хавтас 36 дахь тал)

 

6.б. Компанийн бүтэц, орон тоог баталсан гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19HR/71 дугаар болон 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21/82 дугаар тушаалуудыг харьцуулан үзэхэд, 2019 онд батлагдсан орон тоо 49 (гүйцэтгэх захирал, дэд захирал (маркетинг, ложистик), үйл ажиллагаа эрхэлсэн захирал, нягтлан бодогч, захиргааны ажилтан, хүний нөөцийн менежер, зөвшөөрөл лицэнз хариуцсан менежер, үйлчлэгч, жолооч, кемпийн ажилчид 6, уулын инженер, нөөцийн геологич, төслийн зохицуулагч, ОНХ-ны гэрээт ажилчид 31), харин 2021 онд 29 орон тоо (гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирал, санхүү эрхэлсэн захирал, маркетинг эрхэлсэн захирал, санхүүгийн менежер, тогтвортой хөгжлийн менежер, нөөцийн геологич, уул уурхайн инженер, төслийн зохицуулагч, худалдан авалтын мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтэн, нягтлан бодогч, Мөрөн дэх орон нутгийн харилцааны ажилтан, орон нутгийн харилцааны мэргэжилтэн, хамгаалалтын албаны дарга, тогтвортой хөгжлийн мэргэжилтэн, оффис менежер, орон нутгийн ажилтан, кемпийн гэрээт гүйцэтгэгч 6, кемпийн харуул 3, жолооч, цэвэрлэгч) баталж, ажлын байр, ажилтны тоог шинэчилж тогтоохдоо нэхэмжлэгчийн ажиллаж байсан хүний нөөцийн менежер-ийн ажлын байрыг батлаагүй байна.

Тодруулбал, хуулийн этгээд нь зохион байгуулалтын бүтцэдээ ямар ажил, албан тушаалыг ямар тоогоор батлахыг өөрөө шийдвэрлэх бөгөөд Х.Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хүрээнд шинэчлэн баталсан бүтцэд хүний нөөцийн менежерийн ажил үүрэг бүхий ажлын байр хасагдаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүхийн ... байгууллагын орон тоо болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо хэрхэн цөөрсөн, хэдээс хэдэн хүн хассан нь тодорхойгүй ... харин ч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо нэмэгдсэн мэт харагдаж байх ба 74 ажилтнаас 11 үлдсэн гэсэн тайлбартай тохирохгүй ... бүтэц, орон тоог шинэчилсэн ажиллагаа нь компанийн захирлуудын зөвлөлийн төсөв зардал хэмнэх гэсэн санаа зорилготой нийцээгүй ... нэхэмжлэгчийн орон тоог хассан үндэслэл ойлгомжгүй гэх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх нь зүйтэй. (хэргийн 2 дахь хавтас 57-59, 202-204 дэх тал)

 

6.в. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу орон тоо хассан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхдээ ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулах журамтай.

 

6.г.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Х, гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэ нарын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр вайбэрээр харилцсан зурваст нэхэмжлэгчийн ажлын байрыг хассан үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн агуулга тусгагдаагүй байдал, мөн нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Мэдэгдэл баримт, тухайн өдөр нэхэмжлэгчийг захирлын өрөөнд орохыг харсан боловч ажлаас чөлөөлөх мэдэгдэл гардуулсныг хараагүй гэх гэрч Самуэл Жэймсийн мэдүүлгийг тус тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр хасагдах болсныг түүнд нэг сарын өмнө мэдэгдсэн байдлаа нотлоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. (хэргийн 1 дэх хавтас 60, 128-131, 2 дахь хавтас 4-7 дахь тал)

 

7.Иймд нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байна. Харин хүний нөөцийн менежерийн ажлын байр хасагдсан болох нь тогтоогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнөх ажиллаж байсан ажлын байртай адил чанарын өөр ажил, албан тушаалд тогтоохыг хариуцагчид даалгахаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулна.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Хг өмнө эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагч Х.Х ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х.Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,223 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА