Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0080

 

“Г-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Х.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч “Г-Ө” ХХК болон гуравдагч этгээд “А х” ХХК аль аль нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг ба маргаан бүхий тухайн газарт аль аль нь газар тариалангийн зориулалттай талбайг эзэмшдэг болно.

Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж, хууль бус нотлох баримтыг үндэслэл болгосон, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийсэн болоогүй, хууль бус шийдвэр болсон.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр захирамж[1] -аар “И б” ХХК-ийн эзэмшиж байсан Мангиртын 764 га газрыг Тоонот дахь 240 га газрын хамт нийт 1004 га газрыг “Г-Ө” ХХК-д эзэмшүүлж, 0012648 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[2]  олгогдож, 2012 онд газар эзэмших гэрээ байгуулагдсан, харин гуравдагч этгээд “А х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар захирамж[3]-аар “Б с” ХХК-ийн эзэмшлийн 61.40 га тариалангийн талбайг 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшихээр болж газар эзэмших эрх тус тус үүсч байжээ.

Гэтэл “Б с” ХХК-д тус сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар захирамж[4] -аар 60.74 га газрыг эзэмшүүлсэн байхад уг газрыг “А х” ХХК-д шилжүүлэхдээ 61.40 га газар гэж нэмэгдүүлсэн. Үүний дараа Зүүнбүрэн сумын Засаг даргын 2011 оны А/103 дугаар захирамж[5] -аар дээрх 150 дугаар захирамжийг хүчингүй болгож, “А х” ХХК-ийн 61.4 га газар эзэмших эрхийг цуцалсан. 2017 онд маргаан бүхий А/187 дугаар захирамж[6] гарч сумын Засаг даргын 2011 оны А/103 дугаар захирамжийг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч дээрх А/187 дугаар захирамжийг эс зөвшөөрч “Засаг дарга уг захирамжийг гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал байсан эсэхийг тогтоогоогүй, 2008 оноос маргаан үүссэн тул хэн түрүүлж тариалалт хийсэн нь уг газрыг ашиглаж байсан, 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдэг үндэслэл тогтоогдоогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан процессын ажиллагаа хийгдээгүй, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01/435 дугаартай албан бичгийг үндэслэж байгаа бол Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг баримтлах ёстой” гэсэн агуулга, үндэслэлээр маргаж, уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин хариуцагчаас “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны “Чиглэл хүргүүлэх тухай” 01/435 дугаартай албан бичгийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий А/187 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны “... Зүүнбүрэн сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 тоот захирамжтай холбоотой дээрх зөрчлүүдийг арилгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй ...” гэсэн 01/435[7] дугаартай албан бичгийг үндэслэл болгон “Г-Ө” ХХК-д Мангирт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тариалангийн зориулалттай 64.1 га талбайг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр сумын Засаг даргын 2011 оны А/103 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2008 оны 150 дугаар захирамжийг сэргээн “А х” ХХК-д дээрх 61.4 га газрыг эзэмшүүлэн улсын бүртгэлд бүртгэн гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгохыг газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэнд үүрэг болгосон нь үндэслэлтэй хууль ёсны шийдвэр болоогүй байна.

 Дээрх шийдвэрийн үндэслэл болсон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01/435 дугаар албан бичигт “Г-Ө” ХХК нь маргаан бүхий 61.4 га газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй талаар дурдагдаагүй, холбогдох хуульд заасан арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмжилсөн байхад хариуцагч Зүүнбүрэн сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн ж/-д “газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” гэж заасны дагуу сумын газрын даамлаар дамжуулан харьяа нутаг дэвсгэртээ газар эзэмшиж ашиглаж буй иргэн хуулийн этгээдийн газар эзэмшил ашиглалтад хяналт тавьж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах бүрэн эрх бүхий субьект атлаа энэ талаар судалж тогтоолгүйгээр аймгийн Газрын харилцаа геодези зураг зүйн газрын албан бичгийг үндэслэн “зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй” гэх шалтгаанаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “Г-Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, бодит нөхцөлд тохироогүй, хууль ёсны шийдвэр болоогүй байна. Тус үндэслэлгүй, хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн байна.

Зүй нь, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26-д заасан ажиллагааг хийж, нэхэмжлэгчийг ямар шалтгааны улмаас тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт үнэлгээ дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэр гаргах байтал маргаан бүхий газрыг анх ямар хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, ямар хуулийн этгээд хэзээ хэрхэн ашигласан талаар судалж тогтоогоогүй, холбогдох этгээдээс тайлбар гаргуулсны үндсэн дээр шийдвэр гаргаагүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Тариалангийн тухай /2004 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “уриншилсан газарт дараа жил нь ургамал тариалах зорилгоор боловсруулж өнжөөсөн тариалангийн талбайг хамааруулна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “өнжөөсөн газарт хөрсний үржил шимийг нөхөн сэргээх буюу сайжруулах арга хэмжээ авах болон тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид тариалах үр дутагдах, тухайн жилд ган болох магадлал ихтэй нь тогтоогдсон зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас 2 жил хүртэл хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбайг хамааруулна”, Тариалангийн тухай  /2016 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “өнжөөсөн газарт хоёр жилийн хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбай хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд тариалан эрхлэгч нь эзэмшил газартаа уринш хийсэн бол газрыг ашигласанд тооцохоор, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тариалангийн газрыг 2 жил хүртэл хугацаагаар өнжөөх боломжтой, өнжөөсөн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт зааснаар газар эзэмших гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх хуулийн зохицуулалттай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар эзэмших эрхтэй холбогдуулан он цагийн дарааллын хувьд түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчмын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тухайн газрыг ашиглаж байсан байдалтай нь холбогдуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруу биш гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “... 18566525359218 нэгж талбарын дугаартай 61.4 га газар сумын Засаг даргын 2004 оны 14 тоот захирамжид хамаарч байна” гэх 01/592[8] албан бичиг, түүний хавсралт зургууд болон тухайн үед Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан гэх Ч.Т-ийн “... Мангиртын 764 га газарт 61.4 га газар багтаж байгаа. Анх “И б” ХХК-аас энэ маргаан бүхий 61.4 га газар буюу тэр үеийн “Заазуур 65” гэх нэртэй газрыг “Г-Ө” ХХК-д шилжүүлж байсан, ... Анхнаасаа “Б с” ХХК нь 61.4 га газрыг эзэмших эрхгүй байсан. “А х” ХХК нь “Г-Ө” ХХК-ийн эзэмшлийн “Заазуур 65” гэх нэртэй 61.4 га газрыг 233205 дугаартай 60.74 га газартай андуурч эзэмшсэн байна. Тухайн үед газар дээр намайг байлцуулаагүй ...” гэх мэдүүлэг[9]-ээс үзвэл Зүүнбүрэн сумын Засаг даргын 2004 оны 14 дүгээр захирамжаар “Г-Ө” ХХК-д эзэмшүүлсэн 1004 га газарт маргаан бүхий 61.4 газар хамаарч байгаа гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлттэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт маргаан бүхий 61.4 га газрын тухайд хэрэгт авагдсан баримтад үндэстэй, зөв дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийн газар эзэмших эрхээс өмнө үүссэн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрууд байршил, хэмжээний хувьд өөр байхаас гадна нэхэмжлэгч маргаан бүхий газарт түрүүлж уринш, тариалалтыг хийж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий талбайд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар ээлжлэн уринш хийж байсан олон жилийн турш маргаантай явж ирсэн байхад хариуцагч нь нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр А/187 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг үндэслэлтэй, зөв шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”,  6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”,

мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т “Давж заалдах гомдолд дараахь зүйлийг тусгана”, 115.2.4-д “шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл ямар үндэслэл, заалтыг зөвшөөрөхгүй байгаа” гэж тус тус зааснаас үзвэл хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн шалтгаан үндэслэлийг давж заалдах гомдолд тодорхой тусгасан байх шаардлагатай, хэргийн бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн талын тэрхүү гомдолд дурдсан шалтгаан үндэслэлийн хүрээнд мэтгэлцэх боломжтой бөгөөд мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу энэ тохиолдолд зөвхөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх тул гомдлын хүрээгээр хэргийг хянахаар байна.

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... анхан шатны шүүх хууль бус нотлох баримтыг үндэслэл болгосон, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн болоогүй, хууль бус шийдвэр болсон ... “ гэж шүүх ямар баримтыг үнэлсэн нь буруу болсон, тэр нь ямар байдлаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар тодорхойгүй давж заалдах гомдол ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                                     Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ 

 

 


[1] 1ХХ-ийн 10 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 4 дүгээр хуудас

[3] 1ХХ-ийн 33 дугаар хуудас

[4] 1ХХ-ийн 52 дугаар хуудас

[5] 1ХХ-ийн 32, 44 дүгээр хуудас

[6] 1ХХ-ийн 30, 53 дугаар хуудас

[7] 1ХХ-ийн 27, 28 дугаар хуудас

[8] 1ХХ-ийн 167 дугаар хуудас

[9] 2ХХ-ийн 24-27 дугаар хуудас