| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2022/03653/И |
| Дугаар | 210/МА2023/00260 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2023/00260
* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03307 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч *т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: * ХХК нь Хан-Уул дүүргийн 19-р хороо, *ы * байр, 56 тоот 40.70 м.кв талбай бүхий орон сууцыг 85 470 000 төгрөгөөр худалдан борлуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээг иргэн *тай байгуулсан бөгөөд тэрээр урьдчилгаа төлбөрт 25,641,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 59,829,000 төгрөгийг сарын 0,7 хувийн хүүтэй гэрээнд заасан графикийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох нөхцөлтэй тохирсон. * нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр графикт заасны дагуу үндсэн болон хүүгийн төлбөр төлснөөс бусад тохиолдолд графикт төлбөрийн үүргээ зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, уг орон сууцанд * гэх иргэн амьдарч байгааг 2022 оны 06 сарын сүүлээр мэдсэн. * нь * ХХК-тай тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. * нь уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, барьцаалах эрхгүй байхад * нь орон сууцыг худалдан авч, хууль бусаар амьдарч байгаа нь * ХХК-ийн эрхийг зөрчиж байна. Иймд Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, *ы * байр, 56 тоот орон сууцыг иргэн *ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие * ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан, Хан-Уул дүүрэг 15-р хороо *ы * байрны 56 тоот 40.7 м.кв талбай бүхий байрыг худалдан авсан. Би гэрээний үүргээ биелүүлж байрны төлбөрийг сар болгон төлж дуусгасан. * ХХК нь 2022 оны 06 сарын сүүлээр намайг тухайн байранд амьдарч байгааг мэдсэн гэж байгаа нь худал бөгөөд намайг тухайн байранд амьдарч байгааг эртнээс мэддэг байсан. Би * ХХК-тай тохиролцож, байрны төлбөрийг тус компаний данс руу шилжүүлдэг байсан нь дансны хуулгаар нотлогдоно. * ХХК-д ямар нэгэн өр төлбөр байхгүй. Мөн тухайн байрны өмчлөгч нь * ХХК мөн гэсэн нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *ийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул гол гудамж, *ы * байшингийн 56 тоот хаягт байрлах 40.70 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч байхын тулд хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байх шалгуурыг хангаж байж * нь шударга эзэмшигчид тооцогдоно. Гэтэл хариуцагч * нь 56 тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгааг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчаас * ХХК гэх орон сууцыг өмчлөх эрхгүй этгээдэд төлсөн төлбөрийг орон сууцны төлбөрт тооцох, *ийг орон сууцны шударга эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй юм.
4.а.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчийн тайлбарыг ойлгомжгүй, мөн илтэд гуйвуулан дараах байдлаар дутуу бичсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 06 дугаар сард * гэдэг эмэгтэй тус байранд амьдарч байгааг мэдсэн гэсэн агуулгатай тайлбарыг тэмдэглэлийн 3 дугаар хуудсанд утга агуулгын хувьд өөрчилж ... 2020 оны 06 дугаар сард * гэдэг эмэгтэй тус байранд амьдарч байгаа ... гэх мэт өөр утгаар бичсэн. Мөн нотлох баримтыг шинжлэн судлуулсан агуулгыг огт дурдаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчид төлсөн гэх 25,100,000 төгрөг нь * байрны 56 тоотын төлбөр биш, хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ нотлох зорилгоор хариуцагчийн гаргаж өгсөн дансны гүйлгээний зориулалт хэсгийн тэмдэглэлийг шинжлэн судлуулахад 97Д байрны 56 тоотын төлбөр гэж шинжлэн судалсан боловч энэ хэсгийг бичилгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг зөрчсөн байхад шүүгч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн тамгын газарт хүсэлт гарган, шүүх хуралдааны бичлэгийг үзэж дутуу орхигдсон, буруу бичсэн зүйлийг гараар тэмдэглэн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар хийлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр * ХХК-тай түрээсийн лизингийн гэрээ байгуулж, орон сууцанд орсон. Төлбөр төлсний дараа орон сууц минийх болно гэж ойлгосон. Миний бие гэрээний дагуу сар бүр төлбөрөө төлж байсан бөгөөд нэг сар ч хэтрүүлээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч *т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.Хан-Уул дүүрэг, 19-р хороо, *-нд байршилтай, үйлчилгээтэй 90 айлын орон сууцны захиалагч нь нэхэмжлэгч * ХХК болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн актаар тогтоогджээ. /хх-ийн 8-р тал/.
4.а.Нэхэмжлэгч * ХХК нь *тай 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, *-ы * байрны, 56 тоот, 40,70 м.кв талбай бүхий орон сууцыг худалдсан байна. Худалдан авагч * нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны үнийн 30 хувь болох 25,641,000 төгрөгийг төлж, 70 хувь буюу 59,829,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний дотор төлөхөөр тохиролцож, орон сууцны эзэмшлийг шилжүүлэн авчээ. /хх-ийн 11-16-р тал/.
4.б.Дээрх байдлаар орон сууцны эзэмшлийг шилжүүлэн авсан худалдан авагч * нь * ХХК-ийн захирал байх бөгөөд тус компани нь хариуцагч *тэй 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, дээрх 56 тоот орон сууцыг 87,505,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагдсан байна. /хх-ийн 78-83-р тал/
4.в.Маргаан бүхий 56 тоот орон сууцанд хариуцагч * амьдарч буй үйл баримт тогтоогдсон бөгөөд түүний эзэмшил хууль ёсны эсэх талаар зохигч маргасан. Анхан шатны шүүх орон сууцны өмчлөлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Тодруулбал, улсын комиссын актаар өмчлөх эрхийг тодорхойлох нь хуульд нийцэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг анхаараагүй байна.
4.г.Иймд зохигчийн тайлбар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн акт зэргийг үндэслэн нэхэмжлэгч * ХХК-ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзнэ. Хариуцагч *ийн хувьд орон сууцны өмчлөгч биш этгээдтэй гэрээ байгуулан эзэмшлийг шилжүүлэн авсныг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч * ХХК-аас орон сууц худалдан авсан * нь орон сууцны үнийг нэхэмжлэгчид бүрэн төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч *ийн хувьд эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авсан гэж үзэхээр байна. Уг нөхцөл байдалд өмчлөгч буюу нэхэмжлэгч * ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.Хариуцагч * нь маргаан бүхий 56 тоот орон сууцны үнийг * ХХК болон * ХХК-д төлсөн гэх боловч энэ нь түүний эзэмшил хууль ёсны болохыг шууд нотлохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, *-ы, * байрны, 56 тоот, 40,70 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч *ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй.
6.Хариуцагч * нь орон сууцны үнийг төлсөнтэй холбоотойгоор хохирсон гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 19-р хороо, *-ы, * байрны, 56 тоот, 40,70 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч *ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж,
2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч * ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч * ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Г.ДАВААДОРЖ