Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00262

 

*ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02823 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *ийн хариуцагч *, * нарт холбогдуулан гаргасан 169,200,411 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 80,060,830 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. * нь манай эхнэртэй үеэлүүд юм. Миний бие хүмүүстэй нийлж уул уурхайн ажил хийдэг байсан ба ажилдаа хэрэг болох техник хэрэгслүүдийг Улаанбаатар хотод байх хятад эзэнтэй компаниас зээлээр болон бэлэн мөнгөөр худалдаж авдаг байсан. Хотод амьдардаг *оор дамжуулан машин техник авдаг байсан ба 2012 оны 08сард *ээс урьдчилгаа төлбөрийг төлж, норд бенз тээврийн хэрэгсэл авсан. Төлбөрийг *оор дамжуулан төлдөг байсан. 2013 оны 03 сард өөрийн өмчлөлийн 42-76 улсын дугаартай ковшийг 50,000,000 төгрөгөөр зараарай гэхэд * нь * гэдэг хүнд 45,000,000 төгрөгөөр зарсан. 300,000 төгрөгийг бэлнээр, 44,700,000 төгрөгийг *ийн данс руу шилжүүлж, доллар болгон норд бенз-ний үлдэгдэл төлбөрт хийгээрэй гэж *ид даалгасан. Гэтэл машины мөнгийг *д тушаагаагүй байсан. Тухайн үед *ид итгээд хотоос тээврийн хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл худалдан авах, гэрээ байгуулах, сум руу явуулах, үйлдвэрлэсэн алтыг хүлээн авч, тушааж өгөх, мөнгийг нь данс руу шилжүүлэх хүсэлтийг тавихад дүү * зөвшөөрсөн. Миний бие * ХХК-ийн техник хариуцсан ажилтан н.Гэрлээ, н.Сайнаа гэдэг Өвөрмонгол хүмүүстэй утсаар ярьж авто ачигч зээлээр худалдан авахаар болсон. 16-65 улсын дугаартай авто ачигчийг 53,500 доллараар зээлээр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 26,750 доллар буюу 36,024,665 төгрөг төлөх болсон. Би *ийг н.Гэрлээтэй уулзан, 21,024,665 төгрөгийг доллар болгон тушааж, зээлээр авто ачигч худалдах худалдан авах гэрээ байгуулах эрхийг өгсөн бөгөөд * нь авто ачигчийг над руу явуулсан болно. Миний бие 16-65 улсын дугаартай авто ачигчийг худалдан авахад оруулж төлсөн мөнгийг * ХХК болон *ид төлсөн. Мөн * ХХК-д төлөх 58,500 долларыг төлж дууссан. Гэтэл * нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намайг хөдөө явсан байхад гэрийн гаднаас норд бенз маркын 24-76 УНМ дугаартай самосвол, 16-65 дугаартай авто ачигч болох бүх тээврийн хэрэгслүүдийг эхнэр *ийн хамтаар авч явсан. Тээврийн хэрэгслүүдийг миний бие эзэмшиж ашиглаж байхдаа улсад татваруудыг нь төлсөн. Хариуцагч *, * нар нь дээрх тээврийн хэрэгслүүдийг худалдан авахад ямар ч мөнгө, тээврийн хэрэгсэл болох хөрөнгө гаргаагүй болно. Иймд 24-76 УНМ дугаартай норд бенз маркын самосвол автомашиныг худалдан авахад 90,000,000 төгрөг, 16-65 дугаартай авто ачигчийг худалдан авахад 76,702,546 төгрөгийг оруулан төлсөн тул тээврийн хэрэгслүүдийг худалдан авахад оруулж төлсөн нийт 169,200,411 төгрөгийг *, * нараас гаргуулан өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч С.Даваадэмэрэлийн хувьд нэхэмжлэгч *тэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй болно гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: * нь 2012 онд уурхай ажиллуулмаар байна, 40,000,000 төгрөг зээлээ ч гэж хүсэхэд би түүнд зээлсэн. Мөн 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр уурхайн газар ашиглах төлбөрт 7,000,000 төгрөг хэрэгтэй байна хэмээн уурхайн газар ашигладаг *ын данс руу шилжүүлж авсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Д.*д зарсан 42-76 УБ дугаартай авто ачигчийн үнэ болох 44,700,000 төгрөгийг би *д бүрэн өгсөн. Харин Д.* нь надад бэлнээр 300,000 төгрөг өгөөгүй. Би түүнд нийт 65,641,000 төгрөг шилжүүлсэн тул түүнээс илүү өгсөн 20,614,000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч нь хоёр тээврийн хэрэгслийн үнийг компаниудад төлөөгүйтэй холбоотойгоор би авсан үнээс нь бага үнээр худалдаж хохирсон, мөн надаар авахуулсан сэлбэгийн үнийг төлөөгүй тул *ээс нийт 80,060,830 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: *оос 38,,000,000 төгрөг зээлж, буцаан төлсөн. Мөн тээврийн хэрэгслийн төлбөрийг төлсөн байхад хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар нэхэмжлэгч *ийн хариуцагч *, * нарт холбогдуулан гаргасан 24-76 УНМ дугаартай Норд бенз маркийн самосвол машин, 15-65 УБ дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийн худалдан авахад төлж оруулсан 169,200,411 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч *ийн нэхэмжлэгч *д холбогдуулан гаргасан 79,817,676 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,488,940 төгрөг, хариуцагч *ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 716,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Худалдан авсан техникийг * эзэмшиж, ашиглаж байсны хувьд бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээж тухай бүр мөнгийг шилжүүлж байсан. Техник хэрэгсэл авсан үеэс эхлэн харилцаж байсан дансны орлого, зарлагын бүх гүйлгээг дэлгэрэнгүй байдлаар хавсаргаж өгсөн. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үзэж хууль зүйн үүднээс үнэлээгүй. Төлбөрийг төлсөн байхад * худалдан борлуулсан үнийг өөртөө авсан нь шударга бус тул төлсөн төлбөрөө нэхэмжилсэн. Шүүх нэхэмжлэгч нь авто ачигчийн үнийг төлсөн болох нь тогтоогдож байгаа гэж дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа хэмжээнд төлбөрийг гаргуулалгүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. * 2 техникийг худалдаж, худалдан борлуулсан үнийг өөртөө авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг хариуцагч биелүүлж байсан талаар талууд маргаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн техник худалдан авсан хөлсөнд тушаах ёстой мөнгийг тушаагаагүй, техникийг өөрөө дур мэдэн захиран зарцуулж, мөнгийг өөртөө авсан энэ нь *ийн хувьд олж байгаа цэвэр ашиг юм.

6.а.Нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2013 оны 11 дүгээр сарын 08-нд техникүүдийг авч явснаар үүссэн гэж үзжээ. Би энэ хэргийн улмаас Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт хандаж өргөдөл гаргаж шалгуулсан, түүнийг прокурорт шилжүүлсэн гээд хариу ирэхгүй удсан учир өөрийн биеэр очиж авч хуулбар үнэн дардастай бичгийг хэрэгт гаргаж өгсөн байгааг үнэлж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Цагдаагийн газарт гомдол өгөхөд * нь манай гэрт аав, ээжийнхээ хамт ирээд уйлж өргөдлөө буцааж авахыг гуйж, төлбөрийг төлж өгөх талаар удаа дараа хэлж байсан ч төлөөгүй учир би цагдаагийн газарт гаргасан өргөдлөө буцааж аваагүй байсан. Гэтэл прокурорт шилжүүлсэн гэсэн атлаа ямар нэг бичигийн хариу надад ирээгүй. Гэтэл шүүх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн дүгнэлт хийсэнд гомдолтой. Мөн анхан шатны шүүхийн тэмдэгтийн хураамжид нийт 1,506,940 төгрөг тушаасан. Гэтэл шүүх 1,488,940 гэж буруу тооцож, илүү төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээл боловч буцаан өгөөгүй. 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд *, *ийн эхнэр * нь би 40,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн, 5 хувийн хүү өгч байсан гэж мэдүүлсэн. Уг авсан мөнгийг мартсан, төлсөн гэж тайлбарладаг боловч төлсөн зүйл байхгүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу хүүг төлсөн гэх зохицуулалттай уялдуулж, төлбөр өгснийг хүлээн зөвшөөрсөн. Мөн 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг зээлсэн. 2012 оны 07 дугаар сараас эхэлж, ашиг өгнө гэж хууран мэхэлж, *гаар 2 тээврийн хэрэгсэл авахуулсан. Нийт 178,194,957 төгрөг болсон. 2 өөр тээврийн хэрэгсэл ашиглаж байсан учраас 50,000,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авахуулж, 12,000,000 төгрөгийг буцаан төлөөгүй. Алтны уурхайд цэвдэг газрыг ухад шаардлагатай экскаватор хэрэгтэй байна. Түрээсэлж явуул гэсний дагуу экскаваторыг түрээсэлж, ачиж, зөөх хөлс нь 21,000,000 төгрөг болсон. Мөн * уурхайд тээврийн хэрэгсэл авахдаа шатахуун авсан атлаа мөнгийг нь төлөөгүй. *оор хэд хэдэн хүнээс шатахуун авч төлүүлсэн. *, Д.*д *оор тээврийн хэрэгсэл заруулж, мөнгөө авах, алтны уурхайд байхдаа удаа дараа мөнгө зээлсэн зэрэг 2 тээврийн хэрэгслээс гадна олон харилцаа байдаг болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Бид шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн авсан авто ачигч, самосмолын үнэ нийт 169,000,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдохгүй байна. Мөн техник хэрэгслийн төлбөр шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байсан. Баримтууд нь эргэлзээтэй, гүйлгээний утга тодорхойгүй гэж шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн. Дэлгэрэнгүй дансны хуулга нэхэмжлэгч тал гаргаж өгсөн гэх боловч гүйлгээний утгагүй мөнгө байдаг. Үүнийг уурхай ажиллуулах явцдаа зээлсэн мөнгө, тракторын хөлс, экскаваторын түрээсийн мөнгөнүүдийг суутгаж авсан нь хүснэгтээс харагдана. 3 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр талд тодорхой тайлбарласан хүснэгт авагдсан. Анхан шатны шүүх ковшийн үнийг нэхэмжлэгчийг төлсөн дүгнэсэн гэж тайлбарласан боловч шүүх ийнхүү дүгнээгүй. Уг мөнгийг төлсөн тодорхойгүй байна гэж дүгнэсэн. Энэхүү ковшийг *оор авахуулсан болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Дүү болон эхнэрээр дамжуулж өгсөн мөнгө нь зээлийн хүүд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, олон удаагийн зээлтэй байсан атлаа ковш авья гэхэд та олон удаагийн зээл авсан мөртлөө хүү болон мөнгөө өгөхгүй, дахиж ковш авахуулах гэж байна. Эхлээд хүүгийн 10,000,000 төгрөгийг төл гэж хэлэхэд 10,000,000 төгрөгийг н.Мөнхжаргал, н.Мөнхцэцэг, *гаар төлүүлж, 21,000,000 төгрөгөөр ковш авахуулсан. Гэрээнд заасан сар бүрийн мөнгийг хугацаандаа төлөөгүй чи төл гэсний дагуу * төлсөн. 50,000,000 төгрөгийг * өөрийн мөнгөөр төлсөн. Норд бенз маркийн самосвол машинд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. * энэхүү тээврийн хэрэгслийн үнийг өөрийн ажлын үр дүнгийн урамшуулал норд бенз маркийн зарсан үнээс төлсөн. Нэхэмжлэгч тал * ХХК-ийн тодорхойлолт тамга, тэмдэг байхгүй, нотариатаар гэрчлүүлсэн гэж тайлбарласан. Цэнхэр тамга нь бүдэг гарч, нотариатаар баталгаажуулсан. Анхан шатны шүүх эх хувь тодорхойлолтыг авч 3 дугаар хавтаст хэрэгт хавсаргасан. Тамга, тэмдэгтэй нотлох баримтын шаардлагыг хангасан байгаа. Байгууллага албан ёсны тодорхойлолт хийж, тамга, тэмдэг дарсан учраас албан ёсны баримт гэж үзэн хэрэгт хавсаргасан. Ковш авсны дараа норд бенз авья гэхэд * та зээлээ төлөөгүй, хүүгээ дутуу төлдөг, мөн ковш надаар авахуулсан, дахин норд бенз авахуулах гэж байна, та 47,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг төлсний дараа автомашин авахад тусалъя гэж хэлэхэд 26,638,600 төгрөг шилжүүлэхэд, 20,000,000 төгрөгийг * өөрийнхөө зээлд суутгаж авсан. Уг мөнгийг норд бенз авахад шилжүүлсэн. 6,000,000 төгрөгөөр нь нэхэмжлэгчийн ав гэсэн сэлбэгүүдийг авч явуулсан. Нэхэмжлэгч гомдолдоо 26,000,000 төгрөгөөс гадна 25,000,000 төгрөгийг төлсөн гэж дурдсан. 25,000,000 төгрөг нь * хүнээс 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ковш авахаар зээлсэн мөнгийг 09 дүгээр сарын 12-ны өдөр буцаан шилжүүлсэн. Мөн 5,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөг нь н.Одончимэгээс түрээсэлсэн экскаваторын түрээс болон тээврийн мөнгөнд тооцож * авсан. 8,000,000 төгрөг нь * та надаар олон удаагийн ажил хийлгэж, ашиг өгөхгүй байна гэж хэлэхэд уг мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Норд бенз-д мөнгө төлөөгүй, өөрийн урамшууллаар төлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Уг маргаан 2011 оны 11 дүгээр сараас 40,000,000 төгрөгийн зээл авсан үеэс 2013 оны 11 дүгээр сарын хооронд тээврийн хэрэгсэл авсан 2 жилийн маргаан юм. 2014 онд * орон сууцыг авсан уг маргаанд хамааралгүй. Өөр хүний ковшийг 15,000,000 төгрөгөөр үнэлж, *оор авахуулсан ковшийг ашиг олж, 13,000,000 төгрөгийг төлсөн. Нийт 47,000,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгийг зээлдээ суутгаж авсан. Ийнхүү суутгаж авсныг шүүх хангаагүй болох нь үндэслэлтэй. 47,000,000 төгрөгийг төлсөн баримт байхгүй, төлсөн гэж тайлбарладаг. * нь Улаанбаатар хотод амьдардаг тул уул уурхайн үнэтэй 2 тээврийн хэрэгслийг авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Уурхай ажиллуулж алт олборлосон эсэхийг * мэдэхгүй. Ах, дүү тусалж, хамтран ажиллаж ашиг олох зорилготой байсан учир эдгээр тээврийн хэрэгслийг авсан. * нь хэрэгцээгүй тээврийн хэрэгсэл авч, байгууллагаас олох байсан урамшуулал, ашиг орлогоо алдаж хохирсон талаарх тооцоо гаргаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Тээврийн хэрэгслүүдийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дээрх нөхцөл байдлуудын улмаас * авсан. 2015 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол үйлдэж, утсаар мэдэгдэж, шуудангаар хүргүүлсэн. Энэ тухай 3 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр талд шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дугаар талд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, бидэнд шуудангаар хүргүүлсэн. Харин бид хөдөө байсан учир өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжгүй нөхцөл байдлын улмаас 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, техник хэрэгслүүдийг авсан хугацаанаас нэхэмжлэл гаргасан өдрийг тооцвол 6 жилийн хугацаа байна. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоос тооцвол 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа бүрэн дууссан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 75.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан хөөн хугацаа өнгөрсөн. Шүүх үндсэн нэхэмжлэлийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэжээ.

 

8.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах тухай. Шүүх талуудын маргаантай асуудалд бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тул шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. * нь 47,000,000 төгрөгийг надаас зээлсэн. Тэрээр уг мөнгийг хэрхэн төлсөн талаар няцаалт хийгээгүй буюу уг мөнгийг надад хэрхэн, хэзээ төлсөн талаар нотлоогүй. Миний бие уг зээлдүүлсэн мөнгөө маргаан бүхий 2 тээврийн хэрэгслийг худалдсан үнээсээ суутгаж авсан. Тухайн 2 тээврийн хэрэгслийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан. Учир нь * тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж авахуулж ашигласан атлаа тэрээр уурхай ашиггүй байна, техник эвдрэлтэй байна, алт гарахгүй байна гэх шалтгаанаар мөнгийг нь төлөхгүй байсан тул би нийт 178,194,957 төгрөгийг өөрөө төлсөн. Мөн тэрээр намайг уурхай хамтарч ажиллуулж ашиг өгнө гэж хуурч сэлбэг хэрэгсэл авахуулж байсан ч мөн л 13,036,365 төгрөгийг төлөөгүй. Би сэлбэг хэрэгсэл авахуулсан баримтыг өгсөн. Гэвч шүүх үнэн зөв, хэрэгт хамааралтай талаас нь бодитой үнэлээгүй бөгөөд сэлбэг авч өгсөн гэдэг нь баримтаар нотлогдохгүй гэсэн нь үндэслэлгүй. Авто ачигчийн мөнгийг * төлсөн талаар хэрэгт баримтуудыг өгсөн ч шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. 15-65 УБ дугаартай авто ачигчийн мөнгийг * эхлээд төлсөн талаар нэхэмжлэгч маргадаггүй. Харин нэхэмжлэгч нь миний тээврийн хэрэгслийг худалдан авахад зориулан * ХХК-д төлсөн мөнгийг надад хэрхэн буцаан өгснөө баримтаар нотлоогүй байдаг. 34-76 УНМ дугаартай самосвол машины үнийг хариуцагч төлсөн гэж үзсэн атлаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь дангаар тээврийн хэрэгслийн үнийг төлсөн талаараа баримтаар нотлоогүй гэсэн нь учир дутагдалтай.

8.а.Хохирол нэхэмжилснийг үндэслэлгүй гэсэнд гомдолтой байна. Шүүх хариуцагч нь маргаан бухай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс авч худалдан борлуулсан тул нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ. Бодит байдал дээр * нь * намайг хуурч мэхлээгүй бол миний бие марган бүхий тээврийн хэрэгслүүдийг болон сэлбэг хэрэгсэл худалдан авч нэхэмжлэгчид өгөхгүй байсан. Мөн * нь ямар ч хөлсгүй, 3 жил гаруй хугацаанд * надад даалгавар өгөөд ажил гүйцэтгүүлсэн гэвэл бодит байдалд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь дуртай үедээ хүн мөнгө зээлээд, хэдэн жилээр төлөхгүй явна гэвэл шударга ёсонд нийцэхгүй.

8.б.Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудалд бүрэн дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нь үнэхээр * намайг өөрийнх нь худалдан авч, мөнгийг нь төлсөн тээврийн хэрэгслийг хууль бусаар авч явж хохирол учруулсан, эрх зөрчигдсөн гэж үзсэн бол техникүүдийг авч явснаар шаардах эрх үүссэн. Нэхэмжлэгч 2015 оны 11 сард Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарч, түүнд мэдэгдсэн. Тэрээр үүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

9.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол нь анхан шатны шүүхэд яригдсан мөнгөн баримтуудаас зөрүүтэй гомдол гаргасан байна. 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг эргүүлж 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 38,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч * нь хариуцагч *оос тухайн үед мөнгө зээлээд миний бие орон сууц аваад мөнгийг нь буцаан шилжүүлсэн гэсэн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр авто ачигч авсан. Түүнээс хойш бид 2-ын хооронд автомашин авах, сэлбэг, хэрэгсэлтэй холбогдуулан мөнгөн харилцаа үүссэн. Би Улаанбаатар хотоос 600 км зайд байдаг учраас дансаар мөнгөө шилжүүлж хариуцдаг байсан. Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд тусгай зөвшөөрөлтэй компани эзэмшдэггүй. Тусгай зөвшөөрлийн компанийн туслах компани хийдэг учраас *той хамтарч уурхай ажиллуулах тухай гэрээ байхгүй. * миний эд хөрөнгөөрөө авсан автомашинуудыг авч, надад хохирол учруулж, бодит үнэнийг мушгин гуйвуулж тайлбарлаж байгаад гомдолтой байна. 15-65 УБ дугаартай авто ачигчийг Шиньшин ХХК төлсөн мөнгийг надад хэрхэн буцах талаар нотлоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 15-65 УБ дугаартай авто ачигчийг Шиньшин ХХК-иас * өөрөө бүх мөнгөө төлж авсан. 1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар талд * би анх 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр авто ачигчийг худалдаж авахдаа Өвөр Монгол хүнээс өөрийн мөнгөөр худалдаж авч, надад холбогдох баримтууд өгснийг би шүүхэд гаргаж өгсөн учраас би хариуцагч *ид мөнгө төлөхгүй. * нь миний бие тухайн үед дансаар хариуцагч *ид мөнгө хэрэгтэй гэх бүрд өөртөө байгаа мөнгийг бага багаар өгч, нийт 214,450,100 төгрөг, харин * 135,231,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Үүнээс 79,223,100 төгрөгийг *ид 47,000,000 төгрөгийн хүү болон үндсэн мөнгөө төлж дуусгасан. Гэтэл миний өөрийн мөнгөөр авсан 2 авто ачигчийг зарж борлуулсан, өөртөө өмчлөлгүйгээр миний мөнгөөр автомашин авч, захиран зарцуулсан. Одоо хариуцагч 2-3 өрөө орон сууцтай амьдрал сайхан байхад * миний бие гудамжинд гарсан. Шүүн хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт хийгээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч * нь хариуцагч *, * нарт холбогдуулан авто ачигч /ковш/ болон өөрөө буулгагч /самосвол/-ын үнэд төлсөн нийт 169,200,411 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч * нь зээлийн гэрээний үүрэг, сэлбэг хэрэгслийн үнэ болон хохиролд нийт 80,060,830 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон нутагт ажиллаж амьдардаг тул хариуцагч *оор дамжуулан * ХХК-аас нэг авто ачигч, * ХХК-аас нэг өөрөө буулгагчийг тус тус худалдан авч, нийт 169,200,411 төгрөгийг *ид төлсөн, гэвч хариуцагч нар нь үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр дээрх техник хэрэгслүүдийг хураан авсан тул төлсөн мөнгөө гаргуулна гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч * нь тохиролцсон ёсоор техник хэрэгслүүдийн үнийг төлөөгүй, түүний өмнөөс төлбөрийг төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ. /2хх-ийн 144-146/

3.б.Хариуцагч * сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч * нь уурхай ажиллуулахаар надаас нийт 47,000,000 төгрөгийг зээлж, зээлээс 20,641,000 төгрөгийг төлөөгүй, мөн нэхэмжлэгч нь авто ачигч болон өөрөө буулгагчийн үнийг төлөөгүйтэй холбоотойгоор анх авсан үнээс багаар худалдаж хохирсон, сэлбэгийн үнэ 13,036,365 төгрөгийг төлөөгүй тул нийт 80,060,830 төгрөгийг гаргуулна гэх агуулгаар тодорхойлсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч хариуцагч *оос 38,000,000 төгрөг зээлж буцаан төлсөн, мөн * нь техник хэрэгслүүдийн үнийг авсан атлаа давхар хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, сэлбэгийн үнийг төлсөн гэх үндэслэл заан тус тус маргажээ. /хх-ийн 39, 84-87-р тал/

3.в.Нэхэмжлэгч * нь хариуцагч *, * нараас 169,200,411 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүх гэрээний дагуу үүрэг үүссэн мэтээр дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний болон гэрээний бус үүргийн аль үндэслэлээр төлбөр шаардсаныг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх эсхүл гэрээний бус үүргийн хүрээнд хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж төлбөр шаардсаны аль нь болохыг тодруулснаар талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

4.Түүнчлэн, нэхэмжлэгч *, түүний эхнэр *, дүү *, нараас хариуцагч *ид 2011 оны 06 сарын 02-ны өдөр 350,000 төгрөг, 06 сарын 06-ны өдөр 55,000 төгрөг, 07 сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг, 07 сарын 09-ний өдөр 420,000 төгрөг, 09 сарын 02-ны өдөр 30,000,000 төгрөг, 12 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2012 оны 01 сарын 27-ны өдөр 175,000 төгрөг, 08 сарын 14-ний өдөр 26,638,000 төгрөг, 09 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг, 09 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 09 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 10 сарын 17-ны өдөр 5,600,000 төгрөг, 11 сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг, 2013 оны 03 сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 03 сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 04 сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 05 сарын 15-ны өдөр 700,000 төгрөг, 05 сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 06 сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 07 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 08 сарын 05-ны өдөр 7,600,000 төгрөг, 08 сарын 12-ны өдөр 14,000,000 төгрөг, 08 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 09 сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 09 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга болон төлбөрийн баримтууд хэрэгт авагджээ. /1хх-ийн 48, 156-157, 160, 181-182, 198-200, 208-212, 214-215, 248-250, 2хх-ийн 1-7-р тал/.

4.а.Нэхэмжлэгч *, хариуцагч * нарын хооронд техник хэрэгслийн үнээс гадна сэлбэг хэрэгсэл, шатахуун болон алт борлуулсны төлбөр зэргийг шилжүүлж байсан талаар талууд тайлбарласан бөгөөд дээрх дансны хуулгууд дахь төлбөрөөс аль нь юуны төлбөрт төлөгдсөн нь тодорхой бус, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй байна.

5.Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч * нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ... *оос 40,000,000 төгрөг биш 38,000,000 төгрөг зээлж хашаа байшин авсан, энэ мөнгийг бага багаар буцаагаад төлсөн гэжээ. /хх-ийн 205-р тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч * нь хариуцагч *оос мөнгө зээлсэн үйл баримтыг зөвшөөрч тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн харилцааны талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасанд нийцээгүй.

5.а.Мөн хариуцагч * нь техник хэрэгслийг анх авсан үнээс багаар худалдаж хохирсон тул зөрүүг *ээс нэхэмжилнэ гэх боловч уг шаардлагын үндэслэл мөн тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол, эсхүл гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлын аль үндэслэлээр шаардсаныг тодруулах шаардлагатай.

5.б.Энэ талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнд өгөх хариуцагчийн хариу тайлбар тодорхой болсны дараа талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэх боломжтой юм.

6.Дээрх тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *ээс төлсөн 1,003,953 төгрөг, хариуцагч *оос төлсөн 716,600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ