Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0154

 

 

 

 

 

 

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0771 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0771 дүгээр шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 49 832 221,2 төгрөгийг хасч багасган, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 29 355 819,3 төгрөгөөр тогтоож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.К нь давж заалдах гомдолдоо: “2015 онд 44 126 592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татварын ногдох орлогыг бууруулсан зөрчлийг гаргасан болон түүнд ногдуулсан 4 412 659,2 төгрөгийн албан татварыг нөхөн ногдуулж, 2 206 329,6 төгрөгийн торгууль, 13 238 төгрөгийн хүү ногдуулсан. Гэтэл тухайн торгууль, хүү нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хугацаанд хамаарахаар байхад чөлөөлөхгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч нараас маргаан бүхий актыг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.4.4, Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагаанд баримтлах Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1.7.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж заасныг тус тус зөрчсөн.

Татварын улсын байцаагч нараас анх 2013 оны 8 падааныг хий бичилттэй, зөрчилтэй гэж үзэж байсан. Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д А” ХХК-тай холбоотой хоёр, “А О” ХХК-тай холбоотой хоёр худалдан авалтыг хариуцагч нараас зөрчлийг дутуу шалгасан болохыг тогтоосон. Үүнтэй адилаар бусад падаанууд ч бодит худалдан авалтад үндэслэсэн бөгөөд холбогдох анхан шатны баримтууд нь галд шатаж устсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Манай компани худалдагчаас өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуулийн дагуу татварын тайланд тусгаж явсан бөгөөд харин худалдагч компани нь тухайн татварыг төлөхөөс зайлсхийж, тайландаа тусгаагүйн хариуцлагыг хүлээх нь шударга бус бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд тэдгээрээс хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг тул нэг зүйлд дахин татвар ногдуулах хуулийн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нар “Е” ХХК-ийн 2013-2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж нийт 637 330 134,4 төгрөгийн зөрчилд 63 512 202,7 төгрөгийн нөхөн татвар, 7 273 751,4 төгрөгийн торгууль, 8 388 848,4 төгрөгийн алданги, 13 238 төгрөгийн хүү бүгд 79 188 040,5 төгрөгийн төлбөр ногдуулан, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 220017286 дугаар акт үйлджээ. Уг актын зарим зөрчилд ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч “Е” ХХК-ийн гаргасан гомдлоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл актыг хянаж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор 5 053 294,80 төгрөгийн торгууль, 8 381 518,40 төгрөгийн алданги, нийт 13 434 813,30 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 637 330 134,40 төгрөгийн зөрчилд ногдох 63 512 202,0 төгрөгийн нөхөн татвар, 2 220 456,60 төгрөгийн торгууль, 7 330 төгрөгийн алданги, 13 238 төгрөгийн хүү, нийт 65 753 227,30 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл нэхэмжлэгчийн гомдлоор хянаад 29 дүгээр тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахыг хүссэн татварын улсын байцаагч нарын актын 2 дахь заалтаар 44 126 592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 4 412 659,2 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, 2 206 239,6 төгрөгийн торгууль, 13, 238 төгрөгийн хүү, 3 дахь заалтаар 590 995 435,3 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд 59 099 543,5 төгрөгийн нөхөн татвар, 17 729 863,1 төгрөгийн торгууль, 29 549 711,8 төгрөгийн алдангийг төлүүлэхээр тогтоожээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлын үндэслэлээ “... 44 126 592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд ногдуулсан торгууль, хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй... Татварын улсын байцаагч нараас анх 2013 оны 8 падааныг хий бичилттэй гэж үзэж байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу шалгасан болохыг тогтоосон...” гэж тайлбарлан маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актаар “Е” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч “Е” ХХК-ийн жилийн эцсийн тайлангаас тооцон 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн актаар 44 126 592,1 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд ногдуулсан 2 206 329,6 төгрөгийн торгууль, 13 238 төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойших хугацааны зөрчилд холбогдох торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх маргаан бүхий актын тогтоох хэсгийн 2 дахь заалтын торгууль, алданги, хүүд ногдох төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй хэмээн дүгнэж, маргааны үйл баримтыг холбогдох хуулийн зорилго, зорилтод нийцүүлэн зөрчил гаргасан хугацааг зөв хэрэглэн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн “А” ХХК-аас 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 013288514 дүгээр падаанаар 176 313 636 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0013288535 дугаар падаанаар 20 909 091 төгрөгийн, “Д” ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 0013814957 дугаар падаанаар 41 818 182 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 0013814958 дугаар падаанаар 125 454 545 төгрөгийн худалдан авалт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин “А О” ХХК-аас 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 001438815 дугаар падаанаар 72 727 254 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 00148838 дугаар падаанаар 62 727 272 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 001438861 дүгээр падаанаар 63 772 727 төгрөгийн, “С Т” ХХК-аас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 0014882259 дүгээр падаанаар 272 727 27 төгрөгийн үнэ бүхий бараа, материал худалдаж авсан гэж 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасч тайлагнасан байх боловч дээрх падаанд тусгагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжсэнийг нотлох санхүүгийн анхан шатны баримт байхгүй, түүнчлэн “А О” ХХК, “С Т” ХХК нь нэхэмжлэгчид хий бичилттэй падаан олгосон нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 464, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2703 дугаар прокурорын тогтоол зэргээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгч “Е” ХХК-ийг “А О” ХХК, “С Т” ХХК-аас худалдан авсан гэх бараа, материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөнөөр хийгдсэн нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Энэ тохиолдолд, нэхэмжлэгч “Е” ХХК нь “А О” ХХК, “С Т” ХХК-аас худалдан авалт хийсэн гэх боловч уг гүйлгээ нь “Е” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоогүй байх тул давж заалдах гомдолд дурдсанчлан нэг татварыг хоёр байгууллагаас давхардуулан авах болсон гэж шүүх дүгнэх боломжгүй бөгөөд маргаан бүхий актын холбогдох хэсгийг энэ үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Татварын улсын байцаагч нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 дугаар актын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлагыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ дурдаагүй байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт уг хэсгийг нэмсэн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0771 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...тогтоосугай” гэснийг “... тогтоож, актын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ