Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 620

 

З.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Б.Б, хохирогч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 988 дугаар магадлалтай, З.Д-д холбогдох 1904000630040 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн З-ын Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн З-ын Д-г таван зуун /500/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.Д-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар З.Д-гээс 12.750.130 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Гд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 400.000 төгрөгийг З.Д-гээс гаргуулж шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Багануур дүүргийн прокурорын газраас З.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, Зоригбадрахын Дуламсүрэнг цагаатгаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Б бичсэн эсэргүүцэлдээ “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ... бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй ...” гэж үзэх дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч З.Д- Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц трейд” ХХК-ийн “Ахиц-1” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 10 дугаар сараас 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 10.234.880 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 2.063.750 төгрөгийг, мөн дээрх хугацаанд 726.500 төгрөгийн нэгжний мөнгө болон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт           13.138.130 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Т.Г-гийн “... 2018 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа 10.234.880 төгрөгийн дутагдал гаргасан. 2019 оны 01 сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа 2.063.750 төгрөгийн дутагдал гаргасан. Бид хоёр цуг сууж байгаад тооцоо, тулгалтыг хийхэд зөрүү гарсан, 2, 3 удаа шалгаж тооцсон. ... З.Д-гийн дутагдуулсан 12.298.630 төгрөг дээр нэгжний      726.500 төгрөг, аудитын шинжилгээ хийлгэхэд 1.500.000 төгрөг, нийт 14.525.130 төгрөг болсон. Үүнээс З.Д-гийн ажилласан хугацааны цалин болох 1.775.000 төгрөгийг хасахаар 12.750.130 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэх /1 дүгээр хх-ийн 62-64 дэх тал/,

Гэрч Х.Э-ын “... З.Д- ганц нэг удаа хүмүүст архи зээлж байгаа харагдсан. Өөрсдөө ойр зуурын хэрэглээний зүйлийг авч хэрэглэдэг. Худалдагч өөрсдөө бараа хүлээж тоолдог, тооллого тооцоог 2 худалдагч өөрсдөө тоолж хүлээлцээд эмэгтэй захиралтай очиж тооцоо тулдаг. Захирлууд бараа тоолж, хүлээж авахад оролцдоггүй ...” гэх /1 дүгээр хх-ийн 80-82 дахь тал/,

Гэрч А.Б-гийн “... би үйлчлэгчээр ажил ороод З.Д-г мэдэх болсон. Намайг орсноос хойш 10 гаруй хоног ажилласан. Ер нь бараа бүтээгдэхүүнээс 2-3 удаа хүнд зээлээр өгч байсан. Өөрөө аль үнэтэй бараанаас авч идэж байсан. Гаднаас хүн “Нэрмэл авах уу” гэхэд 2 сав нэрмэл авч харагдсан. Бараа зарах гээд ирж байгаа хүмүүсийн барааг үзээд зээлж аваад байдаг, мөнгийг нь яаж өгснийг нь мэдэхгүй. Хүмүүс өрөө авна гээд ирээд байдаг. Би “Тооцоотой байхгүй бол болохгүй шүү” гэхэд “Зүгээр” л гэдэг. Өөрийнхөө зүйлсийг хэрэглэж байгаа юм шиг л байсан. Арай л задгай өндөр хэрэглээтэй байсан. Буйдан дээр унтаад өгдөг, гаднаас ирж байгаа бараагаа тоолж авахгүй, падааныг өгсөн бараатай аваад үлддэг байсан. Худалдагч нар өөрсдөө хүлээлцдэг ...” гэх /1 дүгээр хх-ийн 83 дахь тал/,

Гэрч Г.У-гийн “... гаднаас ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг падаантай тулгаж орлогодож аваад падаанаа захиралд өгдөг. Архи, тамхийг захирал өөрөө тооцоог нь хийж, падааныг нь авдаг. Бусад барааг худалдагч өөрөө кассаас буюу орлогоосоо өгдөг. ... Дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг тоолж хүлээж авч, хүлээлгэж өгөхдөө хоёр худалдагч ар, араасаа сөөлжилж тоолоод хоорондоо тулгадаг. Хэрэв зөрсөн тохиолдолд тухайн бараагаа дахин өөрсдөө цуг байж байгаад тоолдог. Захирлууд бараа тоолж, ажил хүлээлцэхэд байдаггүй...” гэх /1 дүгээр хх-ийн 92 дахь тал/,

Шинжээч Т.О-гийн “Ахиц-1” хүнсний дэлгүүр нь 2018 оны 11 сарын 26-наас 2019 оны 01 сарын 10-ны өдрийн хооронд 145.400.000 төгрөгийн орлого олсон. З.Д- нь анх 43.000.000 төгрөгийн бараа тоолж авсан. Тэгээд ажиллах хугацааны эхний хэсэгт 102.500.000 төгрөгийн бараа орлогодож авсан,        91.500.000 төгрөгийн бараа борлуулсан байсан. ...Худалдагч хоёр сарын хугацаанд багаар мөнгө завшаад байхад 10 сая төгрөгийн зөрүү, дутагдал гарах бүрэн боломжтой. Өөрийнх нь тооцоогоор бол дандаа буруу тооцоо гаргасан өдөр бүрийнх нь үлдэгдэл бүгд ижилхэн, өгч байгаа мөнгө нь тэгш тоотой гарч байгаа нь их сонин тоо, мэдээ байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Гэтэл адилхан худалдагч хийдэг Г.Урангоогийн өөрийнх нь бүртгэл үлдэгдэл, хүлээлгэн өгсөн мөнгөн дүн өөр, өөр байгаа нь үнэн бодит байдлыг тодорхойлж байна ...” гэх /1 дүгээр хх-ийн 158-160, 164 дэх тал/,

Шинжээч С.О-ын “Би Т.Г, З.Д- нарыг байлцуулан дэвтрийн тооцоогоор тулгалт хийлгүүлэхэд 2018 оны 10 сарын 26-наас 2018 оны      12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 10.234.880 төгрөгийн, 2019 оны 01 сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд   2.063.750 төгрөгийн нийт 12.298.630 төгрөгийн зөрүү гарсан. Тулгалтыг хоорондоо тооцож байсан гар тэмдэглэгээ, хувийн бүртгэлийг үндэслэж явуулсан” гэх /хх-ийн 173-175 дахь тал/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 48-51 дэх тал/,

Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлагаа /хх-ийн 79-80 дахь тал/ зэрэг баримтуудаар З.Д- нь “Ахиц-1” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 13.138.130 төгрөгийг завшсан болох нь тогтоогдож байхад эдгээр баримтуудад дүгнэлт хийгээгүй, гэрч Х.Энхбаярын   “... З.Д- гэр лүүгээ тортой юм авч явахыг хараагүй ...”, Б.Мөнхцэцэгийн  “... З.Д- дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн, орлогыг гэрийнхэндээ өгөх, гэр лүүгээ авч явах зэрэг асуудал гаргаж байгаагүй” гэх мэдүүлгийг үндэслэж, хэргийг цагаатгах шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Мөрдөгчийн магадлагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр өөрөөр хэлбэл хохирогч Т.Ггийн мэдүүлэг, Т.Г болон З.Д- нарын ажиллах хугацаанд тооцоо нийлсэн акт буюу өөрсдийн гараар бичсэн тооцоо, /орлогын падааныг хуулж бичсэн дэвтэр/, бараа хүлээж авсан баримт, борлуулалт хийсэн баримт, худалдан авалт хийсэн гар тэмдэглэгээ, хувийн бүртгэл зэргийг үндэслэж гаргасан ба “З.Д- нь анх 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 24 хоног, дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 16 хоног тус тус ажилласан ба энэ хугацаанд дутагдал, зөрүү гараагүй байна.

Харин 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын      20-ны өдрийн хооронд ажиллахдаа 18.430.300 төгрөгийн архи, согтууруулах ундааны төрлийн бараатай хүлээн авч, ажиллах хугацаандаа 53.914.670 төгрөгийн архи согтууруулах ундааны төрлийн бараа худалдан авч, 47.398.100 төгрөгийн борлуулалт хийж, 24.947.000 төгрөгийн үлдэгдэлтэй,

Бараа бүтээгдэхүүний хувьд 24.592.000 төгрөгийн бараатай хүлээн авч, 48.600.230 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нэмж авч, 49.978.670 төгрөгийн борлуулалт хийж 23.213.560 төгрөгийн бараатай дэлгүүрийг хүлээлгэн өгсөн байна. Энэ хугацаанд нийт 97.376.770 төгрөгийн борлуулалт хийснээс бэлэн мөнгөөр 23.548.000 төгрөг, картаар 28.425.530 төгрөг, бараа буцаан авалт хийсэн 27.546.010 төгрөг, зээлээр 465.300 төгрөг, мобайл 619.650 төгрөг, нүүрс 366.500 төгрөг, малчинд 300.000 төгрөг, түлш 100.000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 39.300 төгрөг, “Ахиц-2” хүнсний дэлгүүрт 5.569.600 төгрөг, хоол хүнсэнд 162.000 төгрөгийг зарцуулсан, нийт 10.234.880 төгрөгийн дутагдалтай.

2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа 23.415.300 төгрөгийн архи согтууруулах ундааны төрлийн бараа худалдан авч 13.572.000 төгрөгийн борлуулалт хийж, 20.420.800 төгрөгийн үлдэгдэлтэй, бараа бүтээгдэхүүний хувьд 18.195.900 төгрөгийн бараатай хүлээн авч, 19.179.250 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нэмж авч, 12.726.000 төгрөгийн борлуулалт хийж 24.649.150 төгрөгийн бараатай дэлгүүрийг хүлээлгэн өгсөн байна. Энэ хугацаанд нийт 26.298.800 төгрөгийн борлуулалт хийснээс бэлэн мөнгөөр 6.719.000 төгрөг, картаар 7.464.620 төгрөг, бараа буцаан авалт хийсэн 6.602.020 төгрөг, мобайл 216.760 төгрөг, нүүрс 200.000 төгрөг, буцаалт 125.000 төгрөг, хоол 45.000 төгрөг, зээл 77.250 төгрөг, хиам буцаалт 76.000 төгрөг, “Ахиц-2” хүнсний дэлгүүрт 2.596.400 төгрөгийг зарцуулсан. Нийт 2.176.750 төгрөгийн дутагдалтай.

Мөн нэгжний дэвтрийн бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр юнителийн 395.000 төгрөгийн, мобикомын 225.000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мобикомын 250.000 төгрөгийн, нийт 870.000 төгрөгийн нэгж хүлээн авсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлж солилцож, худалдагч Г.Урангоод 143.500 төгрөгийн нэгж хүлээлгэж өгсөн байна. Үүнийг 870.000 төгрөгийн нэгжээс хасахад 726.500 төгрөгийн зөрүү гарсан. З.Д- нь дээрх 2 удаагийн ажиллах хугацаанд 10.234.880 төгрөг, 2.176.750 төгрөг, нэгжний 726.500 төгрөг, нийт 13.138.130 төгрөгийн дутагдал гаргасан” болохыг тогтоосон байна.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан журам, дүрмийг баримтлаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэхээр байна.

2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны         08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ДШМ/988 дугаартай магадлалд нэг зүйлийг давхардуулсан, магадлалын 4 дэх талд “...шүүхийн байх тул эдийн засгийн”, 5 дахь талд “...камерын бичлэгийг шалгаагүй...”, ...7 дахь талд “завшсаны улмаас нийт...”, 8 дахь талд “нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх...” гэж тус тус дурдсан хэдий ч шүүх ямар баримтыг иш татаж байгаагаа бүрэн гүйцэт бичээгүй, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 ...дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэхээр байна.

Иймд З.Д-д холбогдох эрүүгийн 1904000630040 дугаартай хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ДШМ/988 дугаартай магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгуулж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Т.Г гаргасан гомдолдоо “... Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, няцаахгүйгээр хэл амтай хүний хэл амыг дарах хэлбэрээр хэргийг бүхэлд нь хянахгүйгээр, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол, тэдний шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гарган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/988 дугаартай магадлал хуулийн шаардлагын дагуу бичигдээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал Магадлалын 2 дугаар талын 34, 38 дугаар мөр давхардсан, 3 дугаар талын төгсгөл, 4 дүгээр талын эхний мөрүүд утга найруулгагүй бичигдсэн мөн дугаар 5 талын эхний мөр ойлгомжгүй байдлаар эхэлсэн гэх мэтчилэн ойлгомжгүй байдлаар бичигдсэн нь шүүхийн шийдвэр хуулийн адил хүчинтэй, эрх зүйн баримт гэхэд үнэхээр харамсалтай байна. Эрхэм шүүгч нар минь шүүхийн шийдвэрийг маш сайн хянаж үзээд гарын үсэг зурж сурмаар байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 988 дугаартай магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 988 дугаартай цагаатгах тогтоол нь хуульд заасан хуулийн шаардлагын дагуу бичигдээгүй. шүүхийн ямар, ямар нотлох баримтыг үндэслэн цагаатгах болсон үндэслэлээ тогтоолдоо тусгаагүй. Мөн улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг яагаад үгүйсгэсэн талаараа тусгаагүй, няцаалт хийгээгүйгээс гадна цагаатгасан үндэслэл “эргэлзээтэй тул ашигтай байдлаар шийдвэрлэв” гэж ойлгомжгүй байдлаар дүгнэлт хийсэн байна. Хэрэгт авагдсан ямар баримтууд “эргэлзээтэй” болохыг тайлбарлахгүйгээр хийсвэр дүгнэлт хийж , хэргийг хэрэгсэхгүй болгосон. Намайг хэргийн материалтай танилцах явцад “эргэлзээ төрүүлэхээр” ямар ч баримт хэрэгт байгаагүй мөн анхан шатны шүүхийн нотлох баримт хэлэлцэх шатанд хэлэлцүүлэх баримтууд ч гэсэн эргэлзээ төрүүлэхээр мөн 2 утга агуулсан баримт байгаагүй байхад хэргийг сайн бүхэлд нь хянахгүйгээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хэлсэн үг гаргасан гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр энгийн ард бид нар уншихад ойлгомжтой байдлаар бичигдээгүй, тогтоолдоо хууль зүйн үндэслэлээ тодорхой бичээгүй байна.

Би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан өдрөөс Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны болох хүртэл “З.Д- нь худалдагчаар 2 удаа ажиллах хугацаандаа 13 сая төгрөгийн хувьдаа завшсан, дутагдуулсан” гэж тогтвортой мэдүүлсэн. Мөн миний энэ мэдүүлгийг үндэслэн гаргасан 2 удаа шинжээчийн дүгнэлтээр “...Дуламсүрэн нь 13,146,329 төгрөгийн дутагдал гаргасан гэж үзэхээр байна. мөн...Т.Г худалдагч З.Д- нарт байгуулсан дэвтрийн бүртгэлийн тооцоогоор тулгалт хийхэд З.Д-... нийт 12,298,650 төгрөгийн зөрүүтэй гаргасан байна” гэж дүгнэлт гаргасан. Мөн миний нөхөр Н.Шинэжилээс гэрчээр хууль сануулан мэдүүлэг авсан “Дуламсүрэн худалдагчаар ажиллах хугацаандаа мөнгө дутаасан” гэх мэдүүлэг мөн дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Т.Оюунтуяа С.Оргил нараас мэдүүлэг авахад “З.Д- дутагдал гаргасан байна..., гэж мэдүүлсээр байхад хэрэгт авагдсан Х.Энхбаяр, Б.Мөнхцэцэг, Г.Урангоо нарын мэдүүлэг мөн З.Д-гийн хэрэгт төдийлөн ач холбогдолгүй мэдүүлгийг хэсэгчлэн авч дүгнэлт хийж түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирогч миний эрхийг үнэхээр зөрчиж, хохироож байна.

Шүүх хэрэгт авагдсан З.Д-гийн гэм бурууг нотолсон бичгийн нотлох баримтуудыг яагаад нотлох баримтаар тооцохгүй болсон үндэслэлээ цагаатгах тогтоолд дурдаж тусгаагүй байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх З.Д-г гэмт хэрэг үйлдээгүй байна гэж буруу шийдвэр гаргаснаас болж З.Д- нь намайг хэл амаар доромжилж зүй бусаар авирлах, заналхийлж байгаа болохыг эрхэм шүүгч нар анхаарна биз түүний над руу явуулсан мессежийг хуулбарлан гомдолд хавсаргав.

Хяналтын шатны эрхэм шүүгч нар хэргийг маш сайн нягтлан уншиж миний зөрчигдсөн эрхийг сэргээж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.06-ны өдрийн 2020/ДШМ/988 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн шүүхийн 2020.05.22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоол хэвээр нь үлдээж өгнө үү. Мөн улсын яллагчийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл нь хууль үндэслэл бүхий бичигдсэн байх тул улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Гэрч С.Урангоо, н.Мөнхцэцэг, н.Энхбаярын нар нь З.Д- бараа бүтээгдэхүүний дутагдал гаргаагүй, зээлээгүй, биетээр авч гараагүй гэдгийг мэдүүлсэн. “Есөн хангай аудит” ХХК-ийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирлыг тогтоох боломжгүй болох нь тодорхой болсон байхад З.Д-д ял халдаасан нь үндэслэлгүй. Тухайн компанийн санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэж хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох боломжтой. Гэвч тухайн байгууллагын санхүүгийн баримтууд нь шаардлага хангахгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “З.Д-д холбогдох хэрэгт аудитын болон шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Шүүгдэгч З.Д- нь худалдагчаар ажиллах хугацаандаа дутагдал гаргасан болох нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түүнээс өөр худалдагч ажиллаагүй. Дээрх хугацаанд гарсан дутагдлыг шүүгдэгч хариуцах нь тодорхой. Үүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 2,063,750 төгрөгийн дутагдал гаргасан тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь шинжээчийн болон аудитын дүгнэлт, гэрч А.Бурмаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдалд нийцээгүй талаар бичигдсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн З.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч З.Д- нь Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц трейд” ХХК-ийн “Ахиц-1” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 10 дугаар сараас 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 10.234.880 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 2.063.750 төгрөгийг, мөн дээрх хугацаанд 726.500 төгрөгийн нэгжний мөнгө болон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 13.138.130 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Г /мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд/, гэрч Г.Урангоогийн мэдүүлэг /1хх 92 хуудас/, гэрч Н.Шинэжилийн мэдүүлэг /2хх 100 хуудас/, шинжээч Т.Оюунтуяагийн мэдүүлэг /1хх 164 хуудас/, шинжээч С.О-ын мэдүүлэг /1хх 173-175 хуудас/, “Есөн хангай аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх 196-200 хуудас/, худалдагч З.Д-гийн тооцоо /1хх 201-240, 2хх 15-38 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлагаа /2хх 79-80 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Д-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүхээс З.Д-г “Ахиц-1” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 13.138.130 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл хангалттай тогтоогдоогүй, мөрдөгчийн магадлагаа нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай дүгнэлтэд “... эдийн засгийн шинжилгээгээр бодит хохирол тогтоох боломжгүй мөрдөн байцаалтаар тогтоохоор байна ...” гэж дурдсан бөгөөд мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлагаа энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, мөн хэргийн оролцогчоос дээрх магадлагааг үндэслэлгүй гэж үзэж дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гомдлыг тус тус хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 988 дугаар магадлалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогч Т.Г-гийн гаргасан гомдлыг тус тус хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН