Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000630040 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Б.Наранжаргал

Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

Хохирогч                                                       Т.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Ц

Шүүгдэгч                                                З.Д нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ...й аймгийн ... суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт .. дүүргийн ... дугаар хороо, Нарийны 15 дугаар гудамжны 14 тоот хашаанд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овгийн З.Д /РД:..../

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч З.Д нь .... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц трейд” ХХК-ийн “Ахиц-1” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 10.234.880 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 2.063.0750 төгрөгийг, мөн дээрх хугацаанд 726.500 төгрөгийн нэгжний мөнгө болон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 13.138.130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүхээс З.Д-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч З.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад бусдын эд хөрөнгийг завшсан ямар нэгэн зүйл байхгүй. Би 13 сая төгрөгийг өдрийн нэг сая төгрөгийн орлоготой дэлгүүрээс 2 сарын хугацаанд завших боломж байхгүй. Өдрийн орлогоос заримдаа бараагаа авдаг, зарим үед орлогын мөнгөө өөрсдөө ирж авдаг. Намайг ажиллах 2 сарын хугацаанд ажилласан 27 өдрийн орлогоноос бараа авсан, мөн 6 өдөр нь архи зарахгүй өдөр тул 200.000-300.000 төгрөгийн орлого ордог байсан. Энэ орлогоос мөн адил бараа авдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 94/

              Шүүгдэгч З.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...14.000.000 төгрөгийг идэхийн тулд хар ухаанаар хүн бодоход 60 хоногт өдөрт хэдэн зуун мянгаар нь идэж байж барна. Өдөртөө сая гаруй төгрөгийн орлоготой байдаг, заримдаа тэр орлогоосоо бараа авна. Бараа авах мөнгөнөөс нь хумслаад байсан бол бараа нь ч багасна. Би 60 хоног гараад үнэхээр их ядарсан, миний цагаан мах эргэсэн, ядаргаанд орсон. Эднийхээс буугаад эмнэлэг дээр хяналтандаа ороод эмчид загнуулсан. Ийм байдлаасаа болоод би ажилдаа хайнга хандсан, тэрийгээ хүлээн зөвшөөрнө. 15 хоногт тооцоо хийдэг, эхний тооцоон дээр шууд 10 сая төгрөг зөрсөн. Үнэхээр олж чадахгүй байна гээд очсон дэвтрээ харж байснаа өөр хүнээр бодуулъя гээд үнэхээр ядраад аваад явсан. Би өрөнд орохын тулд ажлаагүй. Авсан зээлүүдээ эргүүлээд төлөх чадвар байхгүй байсан гар дээр өгөх цалин байхгүй. Цалингаа гаргуулж авмаар байна гомдолтой байна. Энэ мөнгийг өөрөө авч хэрэглэсэн зүйл байхгүй, ядарсан надад 10 гаруй сая төгрөгийн хохирол барагдуулна гэхэд хэцүү байна, ганц ч төгрөг аваагүй болохоор гомдолтой байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Хохирогч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би худалдагч З.Д-г зарын дагуу ирж уулзахаар нь ажилд авсан. ... дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Ахиц-1” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллуулсан. 2018 оны 10 дугаар  сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа 10.234.880 төгрөгийн дутагдал гаргасан. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа 2.063.750 төгрөгийн дутагдал гаргасан. Бид хоёр цуг сууж байгаад тооцоо, тулгалтыг хийхэд зөрүү гаргасан. 2-3 удаа шалгаж тооцсон. ... З.Д-гийн дутагдуулсан 12.298.630 төгрөг дээр нэгжний үнэ 726.500 төгрөг, аудитын шинжилгээ хийлгэхэд 1.500.000 төгрөг, нийт 14.525.130 төгрөг, үүнээс З.Д-гийн ажилласан хугацааны цалин болох 1.775.000 төгрөгийг хасч, нийт 12.750.130 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64-р хуудас/

Хохирогч Т.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Үйл ажиллагааны зарчмын хувьд бусад 8 нэрийн барааны дэлгүүрүүдийн адил 2 ээлжийн худалдагчтай. 15 хоног гараад 15 хоног амрах зарчмаар явдаг. 15 хоног ажиллаж байх хугацаанд ямар нэгэн тооллого тооцоо хийдэггүй, өдөр тутмын өгсөн бараа, орлогод гарын үсэг зурж баталгаажуулж явдаг. 15 хоног гараад буусны дараа худалдагч өөрөө тооцоогоо багцлаад надтай тооллого хийдэг, ийм журмаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Эхний гарааны дараа тооллого хийхэд 500 гаруй төгрөг дутсан, яг хэд дутсаныг санахгүй байна. Тэгэхэд өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн, миний хэрэглэсэн юм ийм байгаа гэж хэлээд цалингаасаа хасуулаад зөрүүгээ аваад явж байсан. Бэлэн мөнгөтэй харьцах ажил учраас хүмүүсийг авахдаа шууд хөдөлмөрийн гэрээ хийж авах хэцүү байдаг. Тийм учраас би 3 сар туршилтын хугацаагаар ажиллуулаад болохоор бол гэрээгээ хийгээд, үндсэн ажилчнаар аваад, нийгмийн даатгалыг нь төлөөд явдаг байгаа. 2 дахь гараан дээр тооллого таарсан, би З.Д-г магтсан.

Дараагийн гараа буюу 3 дахь гараа 10 сарын 26-наас 12 сарын 26-ны хооронд гарсан. 56 хоног гараад тооллого болоход 10,234,880 төгрөг дутсан. Энэ хүн өөрөө хариуцлагагүй байна. Би итгээд бүх юмаа даатгаад ажиллуулж байхад.

Отгонбаяр худалдагчаас хүмүүс “зээл авъя” гээд ирэхээр нь “тийм юм байхгүй” гэж хэлэхэд “юун сүртэй юм, нөгөө худалдагч чинь зээл өгдөг” гэж хэлсэн байгаа юм.

Мобайлаар гүйлгээ хийхэд өөрийнхөө дансийг өгч өөрийнхөө данс руу хийлгэдэг. Яаж мэдсэн бэ? гэхээр нэг хэрэглэгч танай данс чинь өөрчлөгдсөн юм уу? З.Д гэсэн данс руу ороод байна гэж хэлсэн, тэгж мэдсэн. Т.Г гэсэн данс байх ёстой гэтэл З.Д-гийн данс руу ордог байна. Өөрөө их задгай хэрэглээтэй, хяналтгүй. Энэ хугацаанд нэг ч удаа бууя гэж хэлээгүй, чи хүн олтол ажиллаж байх уу? гэхэд тэгье, манай ээж хүүхдийг маань хардаг, надад татлаа түтлээ байхгүй гэж байсан.

Аудит дээр цуг очиж, тооцоог бодоод гаргаж харуулаад гомдол санал байна уу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Нэгжний тухайд би бэлэн мөнгөөр худалдаж аваад худалдагч нарт зар гээд өгдөг. Нэгжний тусдаа дэвтэр байгаа. Барааны мөнгөтэй холилддоггүй. Нэгж хэзээ зарагдаж дуусна тэр цагт нэгжний мөнгөө авдаг. Урангоогоос нэгжний үлдэгдэл 700 гаруй мянган төгрөгийг яасан бэ? гэхэд мэдэхгүй З.Д надад өгөөгүй гэсэн. З.Д болохоор “би танд өгсөн санаад байна, нэг дэвтэр дээр байгаа байх” гэдэг. Өөрөө л явдаг газраараа яв, би өөрийгөө хамгаална гэсэн одоо тэр юмаа гаргаад энэн дээр би ингэсэн, энэ дээр би алдаагүй гээд харуул, амаараа хүнийг гүтгэхгүй хэрэггүй. 9 сая төгрөгийн орлогыг засаад 2 сая болгоод 7 саяар бууруулж засвар оруулсан нь З.Д-д ашигтай, түүнээс биш би юу гэж бууруулж засах вэ, бал нь хүртэл өөр бал байгаа. Дэвтэртээ бүх хөл дүнгээ бичээд, жагсаагаад орж ирсэн тэгэхдээ би бодохдоо эхний тооцоогоор 8 сая гаруй төгрөг дутсан гэхэд, 9-ийн тоог 2 болгож засаад 7 сая гаруй төгрөгийг хасч орж ирсэн. Тэгээд үлдэгдэл сая гаруй төгрөгийн хэрэглээ байгаа гэж орж ирсэн. Бүх дүнг тулгаж хараад энэ дүн засвартай байна гэхэд “би юу гэж засах юм бэ?” гэж хэлсэн. Мэдүүлэг дээр нийт дутагдуулсан мөнгө 12.298.630 төгрөг, нэгжний 726.500 төгрөг, Аудитын дүгнэлт гаргахад өгсөн 1.500.000 төгрөг нийт 14,525,130 төгрөгийн тооцоо гардаг. Эндээс З.Д-гийн ажилласан хугацааны цалин гээд 1.775.000 төгрөгийг хасаад, 12.750.130 төгрөгийг нэхэмжилнэ ... тооллого тооцоогоо сайн хий, нягтлаад өгөөч гэж дахин, дахин хэлэхэд өөрөө тоохгүй хайхрамжгүй байдлаасаа болоод ийм нөхцөл байдалд орлоо, бодоод гаргах нөхцөл байдлаар хангасан, өөрөө тоогоогүй, би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Гэрч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гаднаас ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг падаантай тулгаж, орлогодож аваад падаанаа захиралд нэг хоноод өгдөг. Архи тамхийг захирал өөрөө тооцоог нь хийж, падааныг нь авдаг. Бусад барааг худалдагч өөрөө касснаас буюу орлогоосоо өгдөг. Дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг тоолж, хүлээн авч, хүлээлгэж өгөхдөө хоёр худалдагч ар, араасаа сөөлжилж тоолоод хоорондоо тулгадаг. Хэрэв зөрсөн тохиолдолд тухайн бараагаа дахин өөрсдөө цуг байж байгаад тоолдог. Захирлууд бараа тоолж, ажил хүлээлцэхэд байдаггүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 92-р хуудас/

              Гэрч Н.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “......Ахиц-1 хүнсний дэлгүүрийн худалдагч З.Дуламсүрэн дутагдал гаргасан гэдгийг мэдэж байгаа. Би тайлан тооцоог сайн мэдэхгүй. Эхнэр Г сайн мэднэ. Би гарын үсэг зурах, эрэгтэй хүн ажилд авахдаа уулздаг. Худалдагч болон үйлчилгээний ажилтанг эхнэр Г хариуцан ажилд авдаг. Ер нь бүх ажлыг эхнэр маань хариуцан ажилладаг...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 100 дахь тал/

              Шинжээч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...“Ахиц-1” хүнсний дэлгүүр нь 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 145.400.000 төгрөгийн орлого олсон. З.Д нь анх 43.000.000 төгрөгийн бараа тоолж авсан. Тэгээд ажиллах хугацааны эхний хэсэгт 102.500.000 төгрөгийн бараа орлогодож авсан. 91.500.000 төгрөгийн бараа борлуулсан байсан. Худалдагч хоёр сарын хугацаанд багаар мөнгө завшаад байхад 10 сая төгрөгийн зөрүү, дутагдал гарах бүрэн боломжтой. Өөрийнх нь тооцоогоор бол дандаа буруу тооцоо гаргасан өдөр бүрийнх нь үлдэгдэл бүгд ижилхэн, өгч байгаа мөнгө нь тэгш тоотой гарч байгаа нь их сонин тоо, мэдээ байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Гэтэл адилхан худалдагч хийдэг Т.У-гийн өөрийнх нь бүртгэл, үлдэгдэл, хүлээлгэн өгсөн мөнгөн дүн өөр, өөр байгаа нь үнэн бодит байдлыг тодорхойлж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158-160, 164-р хуудас/

              Шинжээч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би Т.Г, З.Д нарыг байлцуулан дэвтэрийн тооцоогоор тулгалт хийлгүүлэхэд 2018 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 10.234.880 төгрөгийн зөрүү, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 2.063.750 төгрөгийн нийт, 12.298.630 төгрөгийн зөрүү гаргасан. Тулгалтыг хоорондоо тооцож байсан гар тэмдэглэгээ, хувийн бүртгэлийг үндэслэн явуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 173-175-р хуудас/

              Есөн хангай аудит ХХК-ийн гаргасан шинжээчийн “...З.Д нь борлуулсан барааны орлогоо бууруулж дутуу тайлагнах, худалдагч хоорондоо бараа хүлээлцэхдээ барааны үнээ илүүгээр тооцох, барааны тайлан гаргадаггүйгээс тооллогоор хүлээлцэж буй барааны тоо хэмжээний үлдэгдэл зөрүүтэй эсэхэд хяналт тавьдаггүй зэрэг нь тоо мэдээг будлиантуулах, тооцоо зөрүүлэх, санаатай үйлдэл байж болох, харин бараа орхигдуулж бүртгэх, нэг барааг өөр өөр үнээр бүртгэхэд хяналт тавьдаггүй зэрэг нь санамсаргүй гаргасан алдаа байж болох үндэслэлтэй байна. ... Ахиц-1 хүнсний дэлгүүрийн  2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд худалдагч З.Д 2 удаа ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа нийтдээ 13.146.329 төгрөгийн дутагдал гаргасан гэж үзэхээр байна...” гэсэн тайлан /1 дүгээр хх-н 196-200-р хуудас/

              Худалдагч З.Д-гийн тооцоо /2018.10.26-наас 2018.12.20/ /1 дүгээр хх-н 201-240-р хуудас/

              Худалдагч З.Д-гийн тооцоо /2019.01.04-нөөс 2020.01.20/ /2 дугаар хх-н 15-38-р хуудас/

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19/47 тоот “Есөнхангай аудит” ХХК-ны шалгалтын тайланг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь аудитын шалгалт хийж дүгнэлт гаргахдаа Монгол Улсын сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтын дагуу болон Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хөтөлсөн анхан шатны баримтыг үндэслэж дүгнэлтээ гаргаагүй байна. З.Д нь ажиллах хугацаандаа эд хариуцагчийн тайлан гаргаж байгаагүй байна. Дэвтэр дээр бүртгэл хөтөлж гарын үсэг зурж байсан байна. Шинжилгээ хийх явцад “Ахиц трейд” ХХК-ны менежер Т.Г болон худалдагчаар ажиллаж байсан З.Д нарыг байлцуулан дэвтрийн бүртгэлийн тооцоогоор тулгалт хийхэд З.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 10.234.880 төгрөгийн зөрүү, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 2.063.750 төгрөг, нийт 12.298.630 төгрөгийн тооцооны зөрүү байна. Гэхдээ энэ тооцоо нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-т “Шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх”, 10.4.2-т “эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул эдийн засгийн шинжилгээгээр бодит хохирол тогтоох боломжгүй мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 48-51-р хуудас/

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 921 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн А-4 хэмжээтэй дэвтрийн бичиг баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх А-4 хэмжээтэй дэвтрийн 44 дэх хуудасны арын нүүрний баруун дунд хэсэгт улаан өнгийн бичигч хэрэгслээр 9.273.000 гэж хөндлөн бичсэн шинжилж буй бичвэрийн “9” гэсэн тоон бичвэрийн төгсгөлийн нуман зурлагын хэсэгт зүүнээс баруун чиглэлтэй нумарсан зурлагыг ягаан өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр нэмж зурж “2” гэсэн тоон бичвэр болгож засварласан байна. Шинжилж буй 9.273.000 тоон бичвэрийг улаан өнгийн бичигч хэрэгслээр бичсэн. Харин 9-н тоог 2 болгон засварласан зурлагыг ягаан өнгийн бичигч хэрэгслээр нэмж бичсэн байна. А-4 хэмжээтэй дэвтрийн 44 дэх хуудасны арын нүүрний дунд хэсэгт улаан өнгийн бичигч хэрэгслээр 9.273.000 гэж хөндлөн бичсэн тоон бичвэр болон тухайн нүүрэнд бичигдсэн бичмэл бичвэр, тоон бичвэрийг нэг хүн бичсэн байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 58-67-р хуудас/

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 376 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн received_424570351542464.mp4, received_755087988250112.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 72-76-р хуудас/

              Мөрдөгчийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 01 дугаартай “... Ахиц трейд ХХК-ны “Ахиц-1” хүнсний дэлгүүрт З.Д нь худалдагчаар 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд анх гарч 24 хоног, дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд тус тус ажилласан байна. Энэ хугацаанд дутагдал, зөрүү гараагүй байна.

              Харин 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 18.430.300 төгрөгийн архи согтууруулах ундааны төрлийн бараатай хүлээн авч, ажиллах хугацаандаа 53.914.800 төгрөгийн архи согтууруулах ундааны төрлийн бараа худалдан авч, 47.398.100 төгрөгийн борлуулт хийж, 24.947.000 төгрөгийн үлдэгдэлтэй,

              Барааны бүтээгдэхүүний хувьд 24.592.000 төгрөгийн бараатай хүлээн авч, 48.600.230 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нэмж авч, 49.978.670 төгрөгийн борлуулт хийж 23.213.560 төгрөгийн бараатай дэлгүүрийг хүлээлгэн өгсөн байна. Энэ хугацаанд нийт 97.376.770 төгрөгийн борлуулт хийснээс бэлэн мөнгөөр 23.548.000 төгрөг, картаар 28.425.530 төгрөг, бараан буцаан авалт хийсэн 27.546.010 төгрөг, зээлээр 465.300 төгрөг, мобайл 619.650 төгрөг, нүүрс 366.500 төгрөг, малчинд 300.000 төгрөг, түлш 100.000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 39.300 төгрөг, ахиц-2 хүнсний дэлгүүрт 5.569.600 төгрөг, хоол хүнсэнд 162.000 төгрөгийг зарцуулсан. Нийт 10.234.880 төгрөгийн дутагдалтай.

              2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа 23.415.300 төгрөгийн архи согтууруулах ундааны төрлийн бараа худалдан авч 13.572.000 төгрөгийн борлуулалт хийж, 20.420.800 төгрөгийн үлдэгдэлтэй, бараа бүтээгдэхүүний хувьд 18.195.900 төгрөгийн бараатай хүлээн авч, 19.179.250 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нэмж авч, 12.726.000 төгрөгийн борлуулалт хийж 24.649.150 төгрөгийн бараатай дэлгүүрийг хүлээлгэн өгсөн байна.

              Энэ хугацаанд нийт 26.298.800 төгрөгийн борлуулалт хийснээс бэлэн мөнгөөр 6.719.000 төгрөг, картаар 7.464.620 төгрөг, бараа буцаан авалт хийсэн 6.602.020 төгрөг, мобайл 216.760 төгрөг, нүүрс 200.000 төгрөг, буцаалт 125.000 төгрөг, хоол 45.000 төгрөг, зээл 77.250 төгрөг, хиам буцаалт 76.000 төгрөг, ахиц-2 хүнсний дэлгүүрт 2.596.400 төгрөгийг зарцуулсан. Нийт 2.176.750 төгрөгийн дутагдалтай. Мөн нэгжний дэвтрийн бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр юнителийн 395.000 төгрөгийн, мобикомын 225.000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мобикомын 250.000 төгрөгийн, нийт 870.000 төгрөгийн нэгж хүлээн авсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлж солилцож, худалдагч Г.У-д 143.500 төгрөгийн нэгж хүлээлгэн өгсөн байна. Үүнийг 870.000 төгрөгний нэгжээс хасахад 726.500 төгрөгийн зөрүү гарсан. З.Д-ийн дээрх 2 удаагийн ажиллах хугацаанд 10.234.880 төгрөг, 2.176.750 төгрөг, нэгж 726.500 төгрөг, нийт 13.138.130 төгрөгийн дутагдал гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна...” гэсэн магадалгаа. /2-р хх-ийн 79-80-р хуудас/

              “Ахиц трейд” ХХК-ны захиралын 26 дугаартай З.Д-г ажилд авсан тушаал, 12 дугаартай албан тоот, /1-р хх-н 117, 119-р хуудас/

              Өргөдөл, барааны худалдан авалт бүхий гар тэмдэглэгээ, хувийн бүртгэл /1-р хх-ийн 18-33/

              Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн хуудас /1-р хх-н 102-р хуудас/

З.Д-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-н 98/, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 100/, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /1-р хх-н 107/ Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 361, 268 дугаартай албан тоотууд /1-р хх-н 113, 114/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

              Улсын яллагчаас “…шүүгдэгч З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас цагаатгах чиг баримжаатайгаар оролцоно. Хуулийн зүйл анги дээр санал нийлэхгүй байна. Ямар ч дүгнэлтээр батлагдахгүй байгаа юман дээр тулгаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бараа дутаагүй байж мөнгө дутна гэдгийг ойлгохгүй байна. Гэм буруутай байна гэсэн нотлох баримт байхгүй байна. Иймд цагаатгаж өгөөч ээ гэсэн саналтай...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

          Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан болон шүүгдэгч З.Д  “... би мөнгө аваад идэж уусан зүйл байхгүй. Нэг ч  төгрөг хувьдаа завшсан зүйл байхгүй...” гэж мэдүүлж байх боловч хохирогчийн “...Бид хоёр цуг сууж байгаад тооцоо, тулгалтыг хийхэд мөнгөний зөрүү гаргасан. 2-3 удаа шалгаж тооцсон. Мөн нэгжний мөнгөний тооцоо хийгээгүй. Нийтдээ 12.298.630 төгрөг дутаасан байна...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “...дэвтрийн бүртгэлийн тооцоогоор тулгалт хийхэд З.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 10.234.880 төгрөгийн зөрүү, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 2.063.750 төгрөг, нийт 12.298.630 төгрөгийн тооцооны зөрүү байна...” гэсэн дүгнэлт, мөрдөгчийн “...З.Д-ийн дээрх 2 удаагийн ажиллах хугацаанд 10.234.880 төгрөг, 2.176.750 төгрөг, нэгж 726.500 төгрөг, нийт 13.138.130 төгрөгийн дутагдал гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна...” гэсэн магадлагаа зэргээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

            Шүүгдэгч З.Д нь Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц трейд” ХХК-ийн “Ахиц-1” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 10.234.880 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллахдаа 2.063.0750 төгрөгийг, мөн дээрх хугацаанд нэгжний 726.500 төгрөг нийт 13.138.130 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохиролыг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Мөрдөгчийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хийсэн байна.

 Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогчоос З.Дуламсүрэнг дэлгүүртээ худалдагчаар авч ажиллуулж, бараа борлуулсны орлогын тооцоог хийх үүрэг хүлээлгэн ажиллуулах явцад тэрээр тухайн орлогын мөнгийг дутагдуулсан болохыг хохирогч, гэрч, шинжээч нараас тодорхой мэдүүлж, хохирол учирсан болохыг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоосон зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч З.Д-г дэлгүүртээ худалдагчаар авч ажиллуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч З.Д-г бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Шүүгдэгч З.Д-гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд прокурорын газраас шүүгдэгч З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

              Хохирогчоос “...З.Д-гийн дутагдуулсан 12.298.630 төгрөг дээр нэгжний үнэ 726.500 төгрөг, аудитын шинжилгээ хийлгэхэд 1.500.000 төгрөг, нийт 14.525.130 төгрөг, үүнээс З.Д-гийн ажилласан хугацааны цалин болох 1.775.000 төгрөгийг хасч, нийт 12.750.130 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид нийт 12.750.130 төгрөгийн хохирол учирсан нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 12.750.130 төгрөг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох “... 400.000 төгрөг...” гэсэн тэмдэглэл, “...Эдийн засгийн шинжээчийн хөлс 400.000 төгрөг....” гэсэн нэхэмжлэх, зардлын тооцооны тэмдэглэл /2-р хх-ийн 83-87-р хуудас/ зэрэг баримтуудаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 400.000 төгрөгийг З.Д-гээс гаргуулж, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…З.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг эрүүгийн  хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д-гээс нийт 13,150,130 төгрөгийг гаргуулж 12,750,130 төгрөгийг хохирогч Т.Г-д олгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 400,000 төгрөгийг олгуулах саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Д гэм буруугаа хүлээхгүй байгаа, би нэг ч төгрөг өөртөө аваагүй болохоор дутагдлыг төлнө гэдэг надад хэцүү байна гэсэн юм ярьж байгаа. Яг ямар бараа эд материал дутсан нь тодорхой бус, хэдэн төгрөгөөр дутсан гээд байгаа нь тодорхой бус юм яригдаж байгаа, түрүүчийнхээ цагаатгаж өгөөч ээ гэсэн саналаа дэмжиж байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч З.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч З.Д-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч З.Д нь 7 настай, 10 сартай хүүхдүүдээ асардаг, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирол төлбөр барагдуулаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч З.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч З.Д нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Энэ хэрэгт хураагдан ирсэн сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн З.Д-г таван зуун /500/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.Д-д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар З.Д-с 12.750.130 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-д олгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 400.000 төгрөгийг З.Д-с гаргуулж шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол З.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. З.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ