Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 9

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би “Дорнын өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Дорнын өргөө” ХХК-ийн өмчлөлийн “TL” маркийн усалгааны тоног төхөөрөмж буюу хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгө мэтээр “Эй Си Ди” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаяр нарын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаяр нар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

            “Дорнын Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны эрх зүйн маргаанд талууд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Гуравдагч этгээд “Эй Си Ди” ХХК нь шүүхэд маргааны зүйл болох “ТЛ” маркийн усалгааны тоног төхөөрөмжийг  өмчилдөггүй, тус  эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгож, “Дорнын Өргөө” ХХК-ийн өмчлөлд бүртгэхэд эрх ашиг хөндөгдөх зүйлгүй гэх тайлбарыг ирүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаяр нар итгэмжлэл болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд энэхүү гэрээг байгуулж байгаа болно.

            1.“Эй Си Ди” ХХК-ийн өмчлөлд өмнө бүртгэгдсэн “ТЛ” маркийн усалгааны тоног төхөөрөмжийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Дорнын Өргөө” ХХК-ийн өмчлөлд шинээр бүртгэхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болно.

            Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд нийцсэн болно.

Үндэслэх нь:

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх эвлэрлийн гэрээг байгуулжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу хэргийн оролцогч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээд болох “Эй Си Ди” ХХК нь “ТЛ” маркийн усалгааны тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Дорнын өргөө” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй тухай бичгээр гаргасан тайлбар, гуравдагч этгээд “Эй Си Ди” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд зааснаар үүргээ биелүүлэх үүрэгтэй ба уг шүүгчийн захирамжийг сайн дураар буюу 14 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэнэ гэдгийг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын эвлэрлийг баталж Дорнын Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дорнын өргөө” ХХК-ийн өмчлөлийн “TL” маркийн усалгааны тоног төхөөрөмж буюу хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгө мэтээр “Эй Си Ди” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн дансанд  хэвээр үлдээсүгэй.

           3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрий төлөөлөгч өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР