Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00335

 

 

 

 

 

 

 

 

   2023              02             08                                         210/МА2023/00335

                                                                      

    

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/03068 дугаар шийдвэртэй

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б.К.Э.А” ХХК, “Б.Г” ХХК-д холбогдох

13,029,002,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, өмгөөлөгч Г.Даваахүү, хариуцагч “Б.К.Э.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагч “Б.Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Манай компани 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч “Б.К.Э.А” ХХК-тай хэлэлцээр, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т.Н хотхоны F1, F2 дугаартай барилга барих газрыг айлуудаас худалдан авч, чөлөөлөх, барилгын зураг төсөл, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч бэлтгэх, ажлын явцад төр, захиргааны эрх бүхий байгууллагуудтай харьцах, ажил хэвийн явагдах нөхцөлийг хангах, орон сууц борлуулахад манай компанид туслах үүргийг, нэхэмжлэгч нь газар чөлөөлөхөд гарах зардлыг хариуцах, “Б.К.Э.А” ХХК-ийн нэрийн дор F1, F2 дугаартай .. орцтой ... айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг иж бүрнээр нь явуулж, ашиглалтад оруулах, худалдан борлуулах үүрэг хүлээсэн.

1.2.Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газар худалдаж авах, газар чөлөөлөх зардал 1,652,141,748 төгрөгийг хариуцагчид төлж, хариуцагч нийт 16,740.9 м.кв газрыг чөлөөлсөн. Уг газар дээр манай компани “И.Д.Э” ХХК-аар барилга угсралтын ажлаа гүйцэтгүүлж эхэлсэн. Гэтэл 2008 онд дэлхийн эдийн засаг хямарч, Улаанбаатар хотын барилгын зах зээл муудсан учраас бид барилга угсралтын ажлаа түр зогсоож хүлээлтийн горимд шилжсэн бөгөөд энэ хүртэл барилга угсралтын ажлын 55 хувийг гүйцэтгэсэн байсан. Хариуцагч талтай 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон.

1.3.Гэтэл хариуцагч тал бидний эзгүйд 2011 онд барилгыг дур мэдэн гүйцээн барьж, бусдад худалдан борлуулж дуусган бүх орлогыг өөртөө авч хохироогоод байна. F1, F2 барилгын нийт 12,023.65 м.кв талбайг хариуцагчийн 1 м.кв талбайг зах зээлд борлуулсан 1,450,000 төгрөгөөр тооцож 17,434,292,500 төгрөг, үүн дээр 24 ширхэг авто зогсоолыг 18,000,000 төгрөгөөр тооцож 432,000,000 төгрөг, нийт 17,866,291,050 төгрөгийн борлуулалтын орлогоос манай компанийн тус барилгыг барихад зарцуулах байсан 6,880,510 ам.долларыг 1,147 төгрөгийн ханшаар тооцож 7,891,944,970 төгрөгийг хасаад үлдэх 9,974,346,080 төгрөгийг өөрсдөө барилгаа барьж борлуулсан бол олох байсан ашиг гэж үзэж, мөн “И.Д.Э” ХХК-д төлсөн 3,054,656,500 төгрөг, нийт 13,029,002,580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч “Б.К.Э.А” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.“Х” ХХК эрх зөрчигдсөн гэх албан тоотыг 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Б.К.Э.А” ХХК-д хүргүүлсэн, үүгээр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эрх зөрчигдсөн гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. “Х” ХХК-аас “Бэрэн констракшн” ХХК-д холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 3793 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа дууссан тул 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

2.2.2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ нь “Х” ХХК болон “Б.К.Э.А” ХХК-ийн хооронд байгуулагдаагүй, “Б.Г” ХХК-тай байгуулж, ерөнхий захирал Г.М гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарагдсан. Мөн хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан “Б.Г” ХХК-ийн “Х” ХХК-д гаргасан албан бичгээр нотлогддог. Нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө оруулалт болон “И.Д.Э” ХХК-д шилжүүлсэн зардлаа нэхэмжилдэг. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд “Б.К.Э.А” ХХК болон “Б.Г” ХХК-д холбогдох гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, оруулсан хөрөнгөө буцаан шаардах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж заасан. Гэтэл тус шаардлагаас өөр шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг төлөөлөх эрхтэй этгээд гаргасан гэж үзэхээргүй байна гэжээ.

3.Хариуцагч “Б.Г” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Нэхэмжлэгч нь анх “Б.К.Э.А” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, манай байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, албан бичиг ирүүлж байгаагүй, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Харин 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргаж анх удаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

3.2.“Б.К.Э.А” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа тул “Б.Г” ХХК-тай хамааралгүй гэж үзэж байна. Анх байгуулсан 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус тул түүний үндсэн дээр байгуулагдсан дараагийн гэрээ хүчин төгөлдөр бус, эрх зүйн бүрэн чадвар чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээ биш байна. Учир нь нэхэмжлэгч нь улсын бүртгэлд 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн нь хэргийн 124 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээгээр нотлогдоно. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан. Гэтэл 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө гарын үсэг зурж тамга дарсан тул иргэний эрх зүйн харилцаанд оролцох чадваргүй этгээдийн байгуулсан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус, мөн түүнтэй холбоотойгоор байгуулагдсан хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус байна. Иймд манайд ямар нэг үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Б.К.Э.А” ХХК-аас 1,527,328,250 төгрөг, хариуцагч “Б.Г” ХХК-аас 1,527,328,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,974,346,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,086,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б.К.Э.А” ХХК-аас 7,715,616 төгрөг, хариуцагч “Б.Г” ХХК-аас 7,715,616 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагч “Б.К.Э.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. “Б.К.Э.А” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд дундаа хамтран өмчлөх хөрөнгө бий болоогүй бөгөөд нэхэмжлэгч нь 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хэлэлцээрийн бичгийг “Б.К.Э.А” ХХК-тай байгуулсан. Харин 2010 оны Нэмэлт гэрээг “Б.К.Э.А” ХХК-тай байгуулаагүй, “Б.Г” ХХК-тай байгуулсан гэж үзэж “Б.Г” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Манай компанийн байгуулаагүй 2010 оны нэмэлт гэрээгээр манай компанид холбогдуулан шийдвэр гаргах үндэслэлгүй.

5.2.Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байсан.

5.3.Шүүх гэрээний агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд гэрээнээс татгалзах ойлголтыг мөн үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэсэн. Дуусгавар болсон гэрээнээс татгалзах ойлголт байхгүй.

5.4.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Б.К.Э.А” ХХК-д холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болох нь нотлогддог. Нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн, эрх нь зөрчсөнийг мэдсэн гэж тайлбарласан 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6.Хариуцагч “Б.Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.Анхан шатны шүүх “Б.Г” ХХК-ийг хамтран ажиллах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсноос гадна хариуцагч “Б.Г” ХХК дээрх гэрээг байгуулсан, мөн “Х” ХХК-д 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 121/10 тоот албан бичгийг хүргүүлсэн зэрэг баримтаар тус компани гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь давхар нотлогдож байна” гэж хэргийн үйл баримтыг шүүх буруугаар тусган ойлгож, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн.

6.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, мөн итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаасан. “Х” ХХК нь шаардах эрхээ 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэхдээ “Б.Г” ХХК-д холбогдуулан ямар ч шаардлага гаргаж байгаагүй бөгөөд 8 жилийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анх “Б.Г” ХХК-д холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар маргаж, мэтгэлцсэн байхад энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.

6.3.Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан бөгөөд гэрээ байгуулсан үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Х” ХХК нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх чадваргүй буюу иргэний эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй этгээд байсан болох нь тогтоогдсон. Мөн “Х” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацаа нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажиллах хугацааг тодорхойлсон тул Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасан үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан хуулийн этгээд тул татан буугдах хуулийн үндэслэл бүрдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Б.Г” ХХК-аас 1,527,328,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч хоёр компанийг нэг гэж харж байгаа. Аль аль гэрээнд болон үйл ажиллагаанд холилддог. Тийм учраас тусдаа компани гэж ойлгоогүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заасан. Энэ гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ бөгөөд энэ талаар анхан шатны шүүхэд хангалттай тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 2.Нэхэмжлэгч  “Х” ХХК нь хариуцагч “Б.К.Э.А” ХХК, “Б.Г” ХХК-д тус тус холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, барилгын ажлын гүйцэтгэлд шилжүүлсэн 3,054,656,500 төгрөг, олох байсан ашиг 9,974,346,080 төгрөг, нийт 13,029,002,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.1.Нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч “Б.К.Э.А” ХХК-ийн хооронд 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэлэлцээр бичиг” нэртэй гэрээ байгуулагдаж,

уг гэрээгээр “Б.К.Э.А” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих газрыг иргэдээс худалдан авч чөлөөлөх, мөн ажил эхлүүлэх, гүйцэтгэхтэй холбоотой баримт бичиг, зөвшөөрөл, зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг бүрдүүлэх, орон сууцны борлуулалтыг өөрийн нэрийн өмнөөс хийж төлбөрийг “Х” ХХК-д шилжүүлэх,

“Х” ХХК нь орон сууцны барилгад гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хөрөнгө оруулах, барилгын ажлыг тогтоосон хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, орон сууцны борлуулалтын орлогыг хүлээн авах, барилгын талбайг стандартын дагуу тэнхлэгээр тооцон ойролцоогоор 18,000 м.кв байх, хөрөнгө оруулалтыг нэг м.кв талбайд 100 ам.доллараар тооцохоор тус тус харилцан тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 9-10 дахь тал)

3.2.Мөн нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч “Б.Г” ХХК-ийн хооронд 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Нэмэлт гэрээ байгуулагдаж, “Х” ХХК нь орон сууцны барилга угсралтын эхэн үеийн зардлын үлдэгдэл 921,577.2 ам.долларыг “Б.Г” ХХК-д төлөх, мөн талууд барилга угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахаар тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 11-13 дахь тал)

3.3.Дээрхи тохиролцоогоор нэг талаас “Б.К.Э.А” ХХК, “Б.Г” ХХК-иуд нь Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих газрыг иргэдээс худалдан авч чөлөөлөх, мөн барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой баримт бичиг, зөвшөөрөл, зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг бүрдүүлэх, нөгөө талаас “Х” ХХК нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хөрөнгө оруулах, барилгын ажлыг гүйцэтгэх, орон сууц худалдан борлуулах үүрэг тус тус хүлээснээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3.4.Хариуцагч “Б.Г” ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийх үед нэхэмжлэгч “Х” ХХК улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс иргэний эрх зүйн чадвар үүсээгүй байсан гэх үндэслэлээр үндсэн болон нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж маргасан ба гэрээг “Х” ХХК-ийн 5220696 тоот регистрийн дугаар бүхий тамгаар баталгаажуулсан байна. Үүнээс үзэхэд компани бүртгэгдэхээс өмнө гэрээ хийгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч “Б.Г” ХХК-ийн гаргасан холбогдох гомдол үндэслэлгүй.

 

4.Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2008 оны 05-09 дүгээр сард 30,000,000 төгрөг, 3,000,000 юань, 290,000 ам.долларыг хариуцагч “Б.К.Э.А” ХХК-д, 2010 оны 05-10 дугаар сард 586,759.20 ам.долларыг хариуцагч “Б.Г” ХХК-д тус тус шилжүүлсэн, мөн барилга угсралтын ажлын зарим хэсгийг “И.Д.Э” ХХК-аар гүйцэтгүүлж 3,054,656,500 төгрөг төлсөн, хариуцагч “Б.К.Э.А” ХХК, “Б.Г” ХХК-иуд барилга барих 16,740.9 м.кв газрыг чөлөөлсөн, мөн 2011-2012 онд барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгасан үйл баримт тогтоогдсон. Зохигчид энэ талаар маргаагүй.

 5.Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд талууд 2010 оны нэмэлт гэрээгээр барилга угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахаар тохиролцсон тул уг хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2015/03793 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд хамаарахгүй.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.Хариуцагч “Б.К.Э.А” ХХК, “Б.Г” ХХК-иуд нь хамтран ажиллах гэрээнд заасан орон сууцны барилгыг гүйцээн барьж дангаараа захиран зарцуулсан тул нэхэмжлэгч “Х” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй.

7.Анхан шатны шүүх хариуцагч “Б.К.Э.А” ХХК, “Б.Г” ХХК-аас барилгын ажлын гүйцэтгэлд шилжүүлсэн 3,054,656,500 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, гэрээний дагуу олох байсан ашиг 9,974,346,080 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

8.Харин шүүхийн шийдвэрт хамтран ажиллах гэрээний талуудад хариуцлага хуваарилах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсгийг баримталсан нь маргаанд хамааралгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/03068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “478 дугаар зүйлийн 478.12” гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Б.К.Э.А” ХХК, “Б.Г” ХХК тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,794,592 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                                ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.ЗОЛЗАЯА