Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 65

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б 

Хариуцагч: Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, түүний өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “... Б.Б нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа болно. Миний бие үүрэгт ажлаа авсан өдрөөс эхлэн орон нутгийн ажилдаа идэвхийлэн орж дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг маш сайн гүйцэтгэж 2015 онд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тогтоолоор явцыг 84.5 хувьтайгаар, 2015 оны нийгэм эдийн засгийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 92.6 хувийн биелэлттэй  хэмээн миний үйл ажиллагааг “хангалттай” гэж дүгнэсэн.

2016 оны Улсын Их Хурлын сонгуулиар Багануур дүүргээс Улсын Их Хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн 4 хүн олонхийн санал авч ялалт байгуулсны дараа дүүргийн Монгол ардын намын хорооноос зарим гишүүн, иргэдийн хурлын Төлөөлөгчид Улсын Их Хуралд олонхи болсон тул дүүргийг хүчээр авна хэмээн сүрдүүлэх болсон.

Монгол Ардын намын гишүүд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчид 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дангаар хуралдаж хуучин даргаа чөлөөлж шинээр Монгол Ардын намын гишүүн, иргэдийн Хурлын төлөөлөгч С.Д-г Хурлын даргаар томилсон байдаг. С.Д нь Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон даруйдаа дүүргийн Засаг даргаас намайг хууль зөрчин үндэслэлгүйгээр огцруулсан шийдвэрийг гаргасан байна.

Тогтоолоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.8, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7 дахь заалтууд, Монгол Ардын намын бүлгийн санал, дүгнэлтийг үндэслэж  гаргасан бөгөөд тогтоолын 1 дүгээр хэсэгт “Дүүргийн Засаг дарга Б.Б нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул намын бүлгийн дүгнэлтийг үндэслэн түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулсугай” гэж заажээ. Миний бие чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бодит нөхцөл байдал байхгүй бөгөөд дээр дурьдсанчлан харин ч сайн ажиллаж өөрийгөө үнэлүүлж, дүгнүүлж байсан юм.

Тогтоол нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд хуралдаанд намайг өөрийн биеэр байлцуулаагүй, миний ажлын тайланг сонсоогүй, асууж тодруулаагүй, чухам ямар чиг үүргээ хэрэгжүүлж, биелүүлж чадаагүй нь тодорхойгүйгээр шинэ хурлын дарга, намаараа бүлэглэн тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолоо гаргаснаас хойш надад гардуулж өгөөгүй бөгөөд миний бие 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой хөөцөлдөн байж өөрөө олж авч ийнхүү шүүхэд өгч байгаа болно.

Мөн тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-т заасан “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулан гэснээс үзвэл Хурлын дарга намайг огцруулах асуудлыг хуралд оруулсан” байх бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасны дагуу Хурал хуульд заасан чиг үүргийн дагуу огцоруулах санал гаргаж дээд шатны Засаг даргад хүргүүлэх ёстой байсан. Гэтэл санал гараагүй шууд огцруулсан, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г-д заасан бүрэн эрхийг Хурал эдлэх бөгөөд тогтоол хуульд нийцээгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг гаргах хуульд  заасан журам, нөхцлүүдийг зөрчсөн байна.

Иймд Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. 

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан бөгөөд шинээр Засаг дарга томилогдсон байх тул Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тогтоол гарсан өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт 95 өдрийн цалин хөлсийг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж гаргасан тайлбартаа: “... Зохион байгуулалт болон хагас жилийн тайлан хэлэлцэнэ гэсэн хирнээ Засаг даргын огцруулах асуудлыг хэлэлцсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тодорхой заасан байна. 

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тогтоол гараад н.О гэдэг хүн ажил хүлээж авсан тогтоол байгаа.  Хурлын тов зарласнаас эхлээд хууль бус байсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан байна. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар тогтоол дээр хэлэлцэх асуудлын агуулга болон товыг 1 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Хурал 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зарласан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчсөн байна. Хурлын тэмдэглэлд дурдсанаар хурлын тэргүүлэгч Р.Ө өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж 100 хувь баталсан байгаа. 25 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдаан эхлээд Р.Ө төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн байх тул хурлын ирц хүрсэн гэж тооцогдохгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу ажлын тайланг нэг жилээр авч хэлэлцдэг. Хагас жилийн тайлан гэж ойлголт байдаггүй. Монгол Ардын нам олонхи болсны дараа дүүргийн Засаг даргын ажлыг авах гэсэн хууль бус ажиллагаа явуулсан. Мөн дүүргийн Засаг даргын ажлыг мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн аудитын газар, Засаг даргын Тамгын газраас шалгаж “хангалттай” гэж дүгнэсэн байгааг дээр дурдсан. 

Уг хуралдаанд Б.Б-г оролцуулаагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тайлбар гаргах боломж олгоогүй, сонсгох зарчим ч мөн хэрэгжээгүй. Тогтоол дээр намын бүлгийн дүгнэлтийг үндэслэж тус тогтоолыг гаргасан байдаг хэдий ч намын бүлгийн дүгнэлтийг үндэслэж Засаг даргыг огцруулдаггүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл намын бүлгийн дүгнэлтээр биш иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, дүгнэлтээ Нийслэлийн Засаг даргад уламжилах ёстой байсныг зөрчсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Иргэн Б.Б нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Учир нь:

Тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Б нь 2016 он гарснаар ажилдаа ирвэл зохих 157 өдрөөс 64 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй ажил тасалсан. Тэрээр архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг бөгөөд энэ байдал нь Тамгын газрын ажилтан албан хаагч нарт буруу үлгэр дуурайлал болдог. Ажилчид нь ажилдаа ирдэггүй, дүүргийн ажил үндсэндээ зогсонги байдалд орсон, иргэдийн өргөдөл хүсэлт зэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй. Энэ байдлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас анхааралдаа авч Засаг даргын тайланг сонсох цаашид дээрх зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болж хурлыг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зарласан. Товыг Засаг дарга Б.Бболон Ардилсан намын нэр бүхий төлөөлөгч нарт урьдчилан мэдээлсэн.

Ингэж мэдээлэхдээ дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Facebook” грүпп, гар утсаа авахгүй байгаа төлөөлөгч нар руу “message”-ээр хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлдээ дурьдахдаа нууцаар хуралдсан, надад болон төлөөлөгч нарт хурлын товыг мэдэгдээгүй гэх мэтээр гүтгэсэн байна. 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар “Засаг дарга чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй” гэж үзэж 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тогтоол гаргасан. Иймд дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж гаргасан тайлбартаа: “ ... Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн саналаар 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тогтоол гарсан. Б.Б ажил үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх дүгнэлтийг гаргаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасан “Засаг даргын бүрэн эрхийн чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүй” нь огцруулах хангалттай үндэслэл юм.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.а-д “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан байгааг хэрэгжүүлж чадаагүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.е-д “Нутаг дэвсгэрийнхээ татварын албыг удирдлагаар хангах, татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл Б.Б 2016 оны эхний хагас жилийн байдлаар Багануур дүүргийн татварын төсөвлөсөн орлого 555 сая 600 мянган төгрөгөөс гүйцэтгэл нь 458 сая 100 мянган төгрөгтэй буюу 97 сая 500 мянган төгрөгийн алдагдалтай гарсан. Мөн 7 сарын байдлаар 624 сая 300 мянган төгрөгийн татварын төсөвлөсөн орлогоос 556 сая 300 мянган төгрөгтэй буюу 68 сая төгрөгийн татварын орлого тасарсан байдалтай дүүргийн эдийн засгийн үзүүлэлтэд сөрөг нөлөөг үзүүлсэн байна. Б.Б нь мөрийн хөтөлбөрийн 29 дүгээр хуудсанд байх тус “дүүргийн ажилгүйдлийг бууруулах” гэсэн мөрийн хөтөлбөрийг огт хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, дүүргийн ажилгүйдлийн тоо 2015 онд 412 байсан бол 2014 онд 600 болж нэмэгдсэн тухай судалгааг Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс хийснээр баталгаажиж байна. Судалгаанаас үзэхэд ажилгүйдэлтэй холбоотой бусад мөрийн хөтөлбөрт заасан ажил хэрэгжээгүй байна гэж Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүгнэсэн байна. Мөн мөрийн хөтөлбөрийн 64 дүгээр хуудсанд байх эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах чиг үүргийн хүрээнд хийх ажлуудыг огт хийгээгүй байна. 2015 оны байдлаар тус дүүрэгт бүртгэгдсэн халдварт өвчтөний тоо 374 байсан бол 2016 онд 597 болж өссөн дүнтэй байгааг харьцуулан дүгнэж огцруулах үндэслэл тавигдсан. 2016 оны хагас жилийн байдлаар нийт 150 хоног ажилласан байхаас 64 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслалттай гэх мэт олон асуудал байсан тул огцруулах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжилсан байна. Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн тус тогтоол нь Б.Б-н ажлыг дүгнэсэн тогтоол болохоос, огцруулах тогтоол биш учраас нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан байх тул бүрэн эрхийн хүрээнд хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “ээлжит хуралдааныг улиралд нэг удаа, ээлжит бус хуралдааныг тухай бүрт нь зарлан ажлын 5 хоногт багтаан хуралдуулна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хурлын дэгээр нарийвчлан тогтоож өгсөн байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэхэмжлэгчийн дурдсан заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Хуулиар заасан хугацаанаас багасган нарийвчилж тогтоох боломжтой гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Сум, дүүргийн Хурал, Засаг даргын хооронд үүссэн маргааныг аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргатай зөвшилцөн, аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргын хооронд үүссэн маргааныг нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн тус маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна. 

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь нэхэмжлэгчийг ажлаас халах үр дагавар бүхий тогтоол биш юм. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. 

Дээрх үндэслэлүүдийг харгалзаж үзэхэд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тогтоол хууль зүйн үндэслэлтэйгээр гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас огцруулсан мэтээр бичсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасны дагуу хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон иргэдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэсэн. Саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байгаа тул бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ. Б.Б-г огцруулах нь үндэслэлтэй гэж үзэж огцруулсан шийдвэр Нийслэлийн Засаг даргаас гарсан бөгөөд хэрэв санал үндэслэлгүй байсан бол Нийслэлийн Засаг дарга буцаах байсан. Нийслэлийн Засаг дарга батламжилсан тул тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болон зөрчигдсөн эрхийг сэргээх тухай асуудал яригддаг. Гэвч өнөөдөр нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн болоод яаж сэргэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хууль зүйн тайлбар тодорхойгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан байна. Энэ бол улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа бөгөөд дүүргийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан байх тул Захиргааны ерөнхий хуулийн харилцаа үйлчлэхгүй, Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу 50-аас дээш хувийн ирцтэйгээр хурал шийдвэрээ гаргасан байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-д “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах” гэж зааснаар, мөн хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд оруулах эрхтэй юм. Маргаан бүхий захиргааны актад заасны дагуу тухайн намын бүлгийн дүгнэлт, тооллогын комиссын тогтоолыг үндэслэн гэж тухайн саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч өөрт олгогдсон эрхийн дагуу оруулсан байна. Цалин хөлсний асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоодоггүй, дээд шатны байгууллага, албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг дарга тогтоодог тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцахгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаан хууль бус болсон, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг сонсох ажиллагаа хийгээгүй, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдгийг тогтоогоогүй, үндэслэлгүйгээр, хууль зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлэн огцруулсан гэсэн үндэслэлээр “Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, ийнхүү хууль бусаар огцруулсанаас үүссэн хохирол гэж үзэж, орон нутгийн ээлжит сонгуулиар байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас санал болгосноор дүүргийн Засаг дарга томилогдсон өдрийг хүртэл буюу “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар тогтоолоор ээлжит бус 17 дугаар хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү 14 хоногийн өмнө товлон хуралдуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх “... бусад хуралдааныг ... хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэснийг зөрчжээ.  Үүнийгээ хариуцагч тал “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 4.4-т “ээлжит бус хуралдааныг тухай бүрт нь товлон, ажлын 5 хоногт багтаан хуралдуулна” гэж заасантай нийцсэн” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т зааснаар “хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоох” хэдий ч ийнхүү дэгийг тогтоохдоо мөн зүйлийн 23.4 дэх заалтын “15-аас доошгүй хоногийн өмнө” гэх хугацааг багасгаж тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл хуулиар нарийвчлан тогтоосон хугацааг хуралдааны дэгээр багасгаж тогтоосон нь хуульд нийцээгүй, хуралдааны дэгийн хуульд нийцээгүй заалтаар хуралдаанаа товлон хуралдуулсныг зөвтгөх үндэслэл болохгүй. 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 17 дугаар хуралдааныг товлосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар тогтоолд уг хуралдаанаар а/дүүргийн Засаг даргын 2016 оны эхний хагас жилийн тайланг, б/ зохион байгуулалтын асуудлыг тус тус хэлэлцэхээр тогтоосон, ээлжит бус 17 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тус Хурлын дарга Р.Ө иргэдийн төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Хурлын даргаар С.Д-г сонгож, Р.Ө төлөөлөгчөөс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан түүний оронд намын жагсаалтаар О.М-г төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, мөн Хурлын Тэргүүлэгчдийн тоог 7 байхаар тогтоон Д.Б, Ж.М нарыг Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсонд тооцож зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байна.   

Мөн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар дүүргийн Засаг даргын 2016 оны эхний хагас жилийн тайланг Хуралд ирүүлээгүй хэмээн хэлэлцээгүй, харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дүгнэлт, АН-ын бүлгийн мэдэгдлийг тус тус танилцуулж, улмаар дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж санал хураан “огцорсонд тооцож” шийдвэрлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл хэлэлцэхээр тогтоосон асуудлаа буюу дүүргийн Засаг даргын 2016 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцээгүй, харин хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал болох Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр тогтоогоогүй байжээ.

Ийнхүү хурал товлон хуралдуулах хуулиар тогтоосон хугацааг зөрчиж, хэлэлцэх асуудалд ороогүй асуудал хэлэлцсэн төдийгүй тогтоол нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна. 

Уг тогтоолоор “дүүргийн Засаг дарга Б.Б нь чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул намын бүлгийн дүгнэлтийг үндэслэн огцруулах”-аар шийдвэрлэжээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар “дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд жил бүр тайлагнах” бөгөөд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Багануур дүүргийн Засаг даргын 2013-2016 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 84.5 хувийн, 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 92.6 хувийн биелэлттэй гэж хэлэлцээд дүүргийн Засаг дарга Б.Б-н үйл ажиллагааг “хангалттай” гэж дүгнэсэн мөн өдрийн 01 тоот тогтоол гаргаж байжээ. Үүнээс үзэхэд дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд жил бүр тайлагнах тухай дээрх заалтаар 2015 оны ажлын тайланг хэлэлцэн дүгнэсэн, 2016 оны ажлын тайланг болон 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх болоогүй байна. 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 17 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд дүүргийн Засаг дарга Б.Б нь ямар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн нь тодорхойгүй, харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг сонсож, уг дүгнэлтийг үндэслэн дүүргийн Засаг дарга Б.Б-г бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулахаар шийдвэрлэжээ.

Дүүргийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулахаар шийдвэрлэсэн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 17 дугаар хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт тусгагдсан “татварын орлогын тасалдал, дүүргийн нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлт”-ийн талаар хэлэлцээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “огцруулсугай”, 2 дахь заалтаар “хуралдааны шийдвэрийг Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлсүгэй” гэж заасан нь, тухайн шатны Хуралд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж дүүргийн Засаг даргыг огцруулсан шийдвэр гаргасан, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “... тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад ... хүргүүлнэ”, 32.3-т “дээд шатны Засаг дарга ... энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул ийнхүү хууль бусаар огцруулсан 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс орон нутгийн ээлжит сонгуулиар байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас санал болгосноор дүүргийн Засаг дарга томилогдсон 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна. Б.Б-г Багануур дүүргийн Засаг даргаар томилсон нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/155 дугаар захирамжаар түүний сарын үндсэн цалинг 767.582 төгрөгөөр, онцгой нөхцлийн нэмэгдлийг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоосон, цалингийн энэ дүнгээс тооцож /сарын 997856 төгрөг, ажлын 1 хоногийн 45357 төгрөг/ 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /8 дугаар сард ажлын 19 хоног, 9,10 дугаар сар, 11 дүгээр сард ажлын 6 хоног/ 3.129.637 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Төрийн албаны тухай хуулийн дүгээр зүйлийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцахаар зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас гаргуулах хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т зааснаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын нэгж гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх зохицуулалттайг дурьдаж байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, ... –т нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан, өөрөөр хэлбэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг дээд шатны буюу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянахгүй тул “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн дүүргийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан хэдий ч түүнийг томилох, огцруулах, чөлөөлөхтэй холбоотой харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар, тухайлбал дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан тул дүүргийн Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэж үзэхгүй.  

Актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 6450 дугаар захирамж шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 23 дугаар зүйлийн 23.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгож,  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.129.637 төгрөгийг нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

2. Актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 6450 дугаар захирамж шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА