Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0140

 

Ч.Ү-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Ү-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрээр:

 Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний Ч.Ү, Б.А нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн Б.А-ийн 20.09, Ч.Үийн 18,1 онооны мэргэшсэн байдлын онооны хэсэг, “Удирдах ур чадвар” гэсэн хэсгийн Б.А-ийн 27.8 , Ч.Ү-ийн 29.8 онооны бичгийн шалгалтын онооны хэсэг, Ч.Ү, Б.А нарын нийт онооны хэсэг, 2 дахь заалтын “70,39 оноотой тэнцсэн Б.А-ийг аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн” хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг тус тус хүчингүй тус тус хүчингүй болгож,

Б.А, Ч.Ү нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст, Сонгон шалгаруулах комиссын шийдвэр, дүгнэлтэд үндэслэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд, Салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны томилогооны талаар тушаал гаргахыг Эрүүл мэндийн газрын даргад тус тус даалгаж,

нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний Ч.Үийн боловсролын түвшингийн онооны хэсэг, Б.А, Ч.Ү нарын туршлага, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулгын онооны хэсгийг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн Ч.Ү-ийн 18.1 онооны боловсролын түвшин, туршлагын онооны хэсэг, Б.А-ийн 20.09 онооны туршлагын онооны хэсэг, “Ярилцлага” гэсэн хэсгийн Ч.Ү-ийн 21.27 онооны хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн танилцуулгын онооны хэсэг, Б.А-ийн 22.5 онооны хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн танилцуулгын онооны хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх Б.А, Ч.Ү нарын мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтад өгсөн оноо буюу үнэлгээг бодит байдалд нийцээгүй, хууль бус гэж үзэн дахин үнэлэхийг даалгасан байна. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй юм.

Нэгдүгээрт: Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, үнэлгээ, дүгнэлт гаргах заавартай.

Тус журмаар оноо өгөх дээд түвшин тогтоож өгсөн бөгөөд шалгалтад оролцож байгаа Б. А-д дээд түвшингийн хязгаараас давсан оноо өгөөгүй. Хэрэв журамд заасан үнэлгээ өгөх онооноос хэтрүүлж оноо өгсөн бол энэ нь бодит байдалд нийцээгүй хууль бус гэж үзэж болох юм.

Хоёрдугаарт: Шүүх Ч.Ү, Б.А нарын мэргэжил, бичгийн шалгалтад дахин үнэлгээ өгөхийг даалгасан нь хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Тухайн шалгалтын комиссын гишүүд өөр өөрсдийн бодол саналаар оноо өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэгэнт өгсөн оноог өөрчлөн комиссын гишүүд дахин оноо өгөх нь зарчмын хувьд бодиттой үндэслэлтэй өгөх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх юм. Тухайн 2 төрлийн шалгалт болох мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтад өгсөн оноог шүүх хууль бус гэж үзсэн нөхцөлд тус шалгалтыг бүхэлдээ хүчингүйд тооцох нь зүйд нийцэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс давж заалдах гомдолдоо:

“... Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комиссын гишүүдийн үнэлгээтэй маргаж,

1. Сонгон шалгаруулалтын салбар комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт явуулсан тухай” 01 дүгээр тогтоолын аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах,

3. Сонгон шалгаруулалтын комисс шалгалтын материалыг дахин хянаж хууль эрх зүйн актад үндэслэсэн бодит байдалд нийцүүлэн үнэн зөв үнэлгээ өгч, хууль эрх зүйн актад нийцсэн шударга шийдвэр, дүгнэлт гаргахыг сонгон шалгаруулах комисст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс томилогдсон Сонгон шалгаруулах комиссын гишүүд /Комиссын даргаар аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн Б.Е, гишүүдээр аймгийн Аудитын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн М.Х, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х, тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н/ холбогдох хууль, журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлж төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хараат бусаар, хуульд заасан шаардлага, үнэлгээ өгөх журмын хүрээнд дотоод итгэл үнэмшлээр тус тусдаа үнэлгээ өгч, хамгийн сүүлд нь нэгтгэж, нэг үнэлгээ гарч, түүнийг танилцуулсан байдаг юм.Уг сонгон шалгаруулалтын дүн, өрсөлдөгчдөөс ирсэн гомдлыг тухай бүр комиссын хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж ажилласан.

Шалгалтын дүнг Салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, салбар зөвлөлийн олонхын саналаар дэмжигдэж, зохих шийдвэр гарсан болно.

Шалгалтын явцын тухай Сонгон шалгаруулах комиссын гишүүд тус тусдаа шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн, дараа нь шүүх хуралдааны үеэр нэг нэгээр орж дахин мэдүүлэг өгсөн. Улмаар нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан юм.

Энэхүү шалгалтыг Сонгон шалгаруулах комисс бид 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны 5 ажлын байранд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолын дагуу, Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны 1 ажлын байр буюу аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын дагуу тус тус зохион явуулсан. Бүртгэгдсэн иргэдэд сонгон шалгаруулалт явуулахаас нэг өдрийн өмнө шалгалтын талаар зааварчилгаа өгсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу

1. Ерөнхий шаардлагын буюу боловсрол, туршлага, мэргэшсэн байдлын үнэлгээ

2. Удирдах  ур чадварын буюу сорил, бичгийн болон мэдээллийн технологийн шалгалтын үнэлгээ

3. Ярилцлагын буюу хөтөлбөр, төсөл болон өргөдөл ирүүлсэн байдал, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, өргөдлөө танилцуулсан байдлын үнэлгээ зэрэг ерөнхий 3 багц, нийт 9 төрлөөр тус тусад нь ажлын хэсэг байгуулж үнэлгээ өгсөн.

Комисс энэхүү 3 багц шалгалтын дүнг хүн тус бүрээр нэгтгэж, дүнг гаргасан.

1. Боловсрол: Нийт 10 цуглуулах ёстойгоос дипломын голч дүн нь 2-4 хүртэлх голч дүнг шууд тавиад бусад оноог боловсролын болон эрдмийн зэрэг хамгаалснаар нэмж тавигдана.

Боловсролын түвшний хувьд

1.1. Б.А-ийн дипломд байсан дүн буюу 2.09.

1.2. Ч.Ү-ийн дипломд голч оноо нь байхгүй байсан ба диплом дахь үнэлгээнүүдийг томьёонд оруулж байгаад тооцоолж гарсан дүн буюу 3.1 гэсэн дүн гарсан юм.

Ганцхан Ч.Ү-д аравны нарийвчлалтай оноо тавиагүй, шалгалтад оролцсон хүмүүсийн дипломын оноог тооцож гаргахад аравны нарийвчлалтай гарсан оноог нь мөн адил тавьсан. 

2. Туршлага: Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын "үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах заавар”-ын 2 дугаар хавсралтын 4.5-д заасан арга зүйн дагуу үнэлгээ өгсөн.

Аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг Ч.Ү, Б.А хоёулаа хангаж байсан, хоёулаа гүйцэтгэх болон удирдах албан тушаал хашиж байсан, хоёулаа эрүүл мэндийн салбарт 5-аас дээш жил ажиллаж байсан учраас ижилхэн 10 оноо өгсөн.

Үүнд 10, 20, 30 жил ажилласан хүнд тэдэн оноо өг гэж интервал зааж тодорхойлж өгсөн журам байдаггүй учраас тэгж дүгнэсэн.

3. Мэргэшсэн байдал: Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын “үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах заавар”-ын 2 дугаар хавсралтын 4.8-д заасан арга зүйн дагуу үнэлгээ өгсөн. /үүнд мэргэшсэн байдлыг үнэлэхдээ их, дээд сургууль төгссөнөөс хойших хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан тухай гэрчилгээ, дипломоос гадна ажил байдлын тодорхойлолт, албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээтэй танилцаж болно/

Ажлын байрны тодорхойлолтод “эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх” гэсэн шаардлага тавигдсан. Хоёулаа эрүүл мэндийн чиглэлийн маш олон сургалтад хамрагдсан ба үүнийг нотлох гэрчилгээ, сертификатууд нь байсан. Б.А-д илүү оноо өгсөн учир нь Б.А сургагч багшийн сургалтад хамрагдсан байсан, үүний дагуу тодорхой хэмжээний хичээл зааж байсан, мөн олон улсын төсөл хөтөлбөрт төсөл бичиж хамрагдаж, зорилтот бүлэгтэй тулж ажиллан, халдварт өвчнийг тодорхой хэмжээгээр бууруулж ажилласан талаар тодорхой дурдсан байсан.

Ерөнхий шаардлагын үнэлгээг комисс бүгдээрээ сууж байгаад дээрх аргачлалын дагуу үнэлэхэд Ч.Ү 18.1 оноо, Б.А 20.09 оноо авсан байна.

4. Сорилын шалгалт: Энэ оноотой нэхэмжлэгч нь маргахгүй байгаа ба Ч.Ү 31 тестийг зөв бөглөж, 15.5 оноо, Б.А 33 тестийг зөв бөглөж 16.5 оноо авсан байна.

5. Бичгийн ур чадварын шалгалт: Бичгийн шалгалтын хувьд тухайн үед миний мэйл хаягт шалгалтын сэдэв ирсэн, үүнийг бүх өрсөлдөгчдийг байлцуулж нээж үзүүлсэн ба түүний дагуу бичгийн шалгалтаа гүйцэтгэж, шалгалтын хариуг мэйлээр хүлээн авч түүний дагуу үнэлгээ өгсөн юм.

Оролцогчдын бичгийн шалгалтын материалд ажлын хэсгийн гишүүн бүрийн өгсөн үнэлгээ болон шалгалтын материалыг тэр дор нь дугтуйлсан. Бичгийн шалгалтын үеэр онлайн болон ажиглагч сууж байсан. Хүмүүсийн гаргаад комисс шууд үнэлгээ өгч эхэлсэн. Үнэлгээг үндэслэл хэсэг болон бусад гэсэн 2 янзаар үнэлсэн.

Оролцогч нарын тодорхой хугацаанд даалгаврыг биелүүлсэн байдлыг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тушаалын нийтлэг загвартай харьцуулан үзээд найруулга, хуулийг баримталсан байдал, тушаалын үндэслэх хэсгийн агуулга зэргийг  харгалзан үзээд оноо өгсөн. Энэ нь 3 хүний дунджаар Ч.Ү 5.3, Б.А 8.3 оноо авсан байна.

6. Мэдээлэл технологийн ур чадвар: Уг оноотой нэхэмжлэгч нь маргахгүй байгаа ба Ч.Ү 9 тестийг зөв бөглөж, 9 оноо, Б.А 3 тестийг зөв бөглөж 3 оноо авсан байна.

7. Хөтөлбөр, төсөл бэлдсэн байдал: 5 хүртэл оноо өгөх ёстой. Ярилцлагын шалгалт, өргөдөл, хөтөлбөр төсөл бэлтгэсэн байдалд үнэлгээ өгөх ажлын хэсэгт Б.Е ахалж, Ө.Х, М.Н нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Дээрх шалгалтын хувьд гишүүд тус тусдаа унэлгээ өгч, нэмж дунджийг гаргаж, оноог нь тавьсан. Гишүүд 4, 4.5, 5 гэсэн оноо өгсөн дунджаар гарсан ба Ч.Ү 4.5, Б.А 5 оноо авсан байна. Ч.Ү-ийн төсөл, хөтөлбөр бэлтгэж ирүүлсэн байдал Анаргүлээс тааруу байсан.

8. Өргөдөл ирүүлсэн байдал: Мөн 5 хүртэл оноо өгөх ёстой. Гишүүдийн онооны дунджаар Ч.Ү 4,83, Б.А 5 оноо авсан байна.

9. Бэлтгэж ирүүлсэн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулан 15 хүртэл оноо авах ёстой. Үүнд. Б.А-ийн хувьд өөрийнхөө бичиж ирсэн төсөл хөтөлбөрөө хамгаалж, тайлбарлаж байгаа байдал нь Ч.Ү-ээс хамаагүй илүү байсан учраас илүү оноо өгсөн юм.

Харин Ч.Ү нь бэлтгэж ирсэн материалаа харж уншсан байдалтайгаар тайлбарласан юм. Өмнөх өдөр зааварчилгаа өгөхдөө бичсэн зүйлээ проекторт гарга гэсэн зааварчилгаа өгөөгүй, журамд ч байхгүй тул шууд хамгаалуулсан болно. Танилцуулгын оноогоор Ч.Ү 11.93, Б.А 12.5 оноо авсан байна.

Тухайн үед шалгалтын явцыг Төрийн албаны төв зөвлөл хоёр талаас хяналтын камераар хянасан, хөндлөнгийн ажиглагчаар иргэн н.А-ийг байлцуулсан, хаалганы гадна дэлгэц байршуулсан, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Ц тухай бүр зөвлөгөө өгч ажилласан зэргээс үзэхэд бид шалгалт хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргад холбогдох хэсэг буюу Ч.Ү, Б.А нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсгийг хүчингүй болгож, дээрх 2 хүний шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг даалгасан байна. 

Иймд сонгон шалгаруулах комисс нь холбогдох хууль, журмын дагуу шалгалтыг зохион байгуулсан ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдолдоо:

 “... Нэхэмжлэгчээс “... Б.А, Ч.Ү нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг сонгон шалгаруулах комисст ... даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Учир нь,

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг баталсан байна. Шүүхээс эдгээр комиссын гишүүдийг гэрчээр асуусан ба бүгд өөрсдийн гаргасан шийдвэрийг хамгаалсан өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа.

Шалгалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүс өрсөлдөгчид үнэлгээ /оноо/ өгөхдөө хараат бус, шударга байх зарчмыг хатуу баримтлах ёстой. Эдгээр зарчмын дагуу комиссын гишүүд өөр өөрсдөө буюу тус тусдаа өрсөлдөгчийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгдөг бөгөөд сүүлд нь энэхүү гишүүдийн өгсөн онооны /үнэлгээ/ нийлбэрээр эцсийн дүн гарах учиртай.

 Мэдээжийн хэрэг шалгалтын эцсийн дүн бол ил тод байх ёстой. Түүнээс биш комисс дүн тавих эсхүл үнэлгээ өгөх гэж байхдаа урьдчилан “бид ийм оноо өгнө, тийм дүн тавих гэж байна шүү, болох уу зөвшөөрөх үү” гэх мэт үйлдэл /эс үйлдэл/ гаргах ёсгүй. Хэрэв ингэсэн тохиолдолд жинхэнээсээ шалгалт шударга бус, бусдын нөлөөнд автсан гэж үзнэ.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дөрөвдүгээр хэсгийн 4.1-т “удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг ... 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна...”, 4.2-т “сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр байгуулна” гэж заасан.

Дээр дурдсанчлан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн бараг бүгдээс нь шүүх гэрчийн мэдүүлэг авсан, дараа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулан уг сонгон шалгаруулах комисс нь төлөөлөгчөөрөө дамжуулан тус хэргийн хариуцагчаар оролцсон ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа.

Гэтэл шүүх сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний Ч.Ү, Б.А нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсэг... -ийг тус тус хүчингүй болгож, Ч.Ү, Б.А нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст даалгаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, шүүхээс Сонгон шалгаруулах комисст энэ үнэлгээ чинь буруу байна, дахиад ийм тийм үнэлгээ өгөх шаардлагатай байна гэж комиссын бүрэн эрх хараат бус байдалд нь халдах байдлаар, ялангуяа өмнөх аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах комисст Ч.Ү, Б.А нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг даалгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тэгээд ч нэхэмжлэгчээс ... “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал/ томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний Ч.Ү Б.А нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсэг ... “сонгол шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн ... Ч.Ү, Б.А нарын нийт онооны хэсгийг хүчингүй болгуулахыг шүүхээс хүссэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн дараагийн шаардлагаа “... хариуцагчид шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргуулах” гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг дэх “Шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргуулах” гэсэн нь “хариуцагчид ...нийт оноо гаргуулахыг даалгах” гэсэнтэй адил /ижил/ ойлголт эсэх нь эргэлзээтэй, шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, ойлгомжтой болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлээгүй хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажлын байрны сул орон тоо гарснаар Төрийн албаны зөвлөл 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалтыг зарласан, Ч.Ү, Б.А нар тус сул орон тооны сонгон шалгаруулалтад орж, нэхэмжлэгч Ч.Ү нийт 69.17, гуравдагч этгээд Б.А нийт 70.39 оноо авч, сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 01 дүгээр тогтоолоор хамгийн өндөр оноо авсан Б.А-ийг Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр санал болгон Д/06 дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн, Салбар зөвлөлөөс мөн өдөр Б.А-ийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, аймгийн Эрүүл мэндийн газрын даргад санал болгосон 41 дүгээр тогтоол гарснаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Б.А-ийг Зоонзозын өвчин судлалын төвийн даргаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримтууд тогтоогдож байна. Эдгээр үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь тус аймгийн Зоонозын өвчин судлалын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 6.1-д зааснаар сонгон шалгаруулалтыг боловсролын түвшин, туршлага, мэргэшсэн байдал, сорилын шалгалт, бичгийн шалгалт, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшний шалгалт, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байдал, ярилцлагын шалгалт гэсэн есөн төрлийн шалгалт авахаар зохион байгуулжээ.

Нэхэмжлэгч Ч.Ү Сонгон шалгаруулалтын комиссын гаргасан сонгон шалгаруулалтын дүнгийн сорилын, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн, өргөдлийн шалгалтуудад өгсөн үнэлгээнүүдийг хүлээн зөвшөөрсөн, харин бусад шалгалтын үнэлгээг эс зөвшөөрч “шударга бус явагдсан, тэгш байдлыг хангаагүй, иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тайлан, Сонгон шалгаруулалтын дүнгийн 7 дугаар хавсралтын холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” 01 дүгээр тогтоолын холбогдох хэсэг, мөн өдрийн Д/06 дугаар дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтанд нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоол, уг тогтоолыг үндэслэж гарсан тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Б.А-ийг ажилд томилох тухай” Б/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар, мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст, уг комиссын шийдвэр, дүгнэлтэд үндэслэн тухайн сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд, салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн тухайн сул орон тооны томилогооны талаар тушаал гаргахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Харин сорилтын шалгалт, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдөл ирүүлсэн байдлын шалгалтын үнэлгээний талаар нэхэмжлэгч маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Сонгон шалгаруулах комиссын сонгон шалгаруулалтын дүнгийн Ч.Ү, Б.А нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтад өгсөн үнэлгээний хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан.

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 271 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Зоонозын өвчин судлалын төвийн дүрэм”-ийн 2.2-т “төвийн дарга нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн хүн байх” талаар заасан байх бөгөөд сул орон тооны захиалгад хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод мэргэшлийн хувьд “эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх” гэсэн шаардлага тавигджээ. Уг шаардлагыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар тус тус хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрүүл мэндийн болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байдалтай холбогдуулан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Гэтэл сонгон шалгаруулах комисс дээрх мэргэшлийн шаардлагыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хоёулаа хангасан байхад гуравдагч этгээдэд “сургагч багшийн сургалтад хамрагдсан” ажлыг байрны тодорхойлолтод тусгагдаагүй  үндэслэлээр илүү оноо буюу 10 оноо өгч, харин нэхэмжлэгч Ч.Ү-д 8 оноо  өгсөн нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй байх боловч Зоонозын өвчин судлалын төвийн дүрэмд заасан “төвийн дарга нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч хангасан байхад үүнийг харгалзан үнэлээгүй атлаа ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй “сургагч багшийн сургалтад хамргадсан” гэх үндэслэлээр гуравдагч этгээдэд илүү оноо өгсөн нь бодит байдалд тохироогүй, илэрхий шударга бус, үндэслэлгүй болсны улмаас шударга ёс, тэгш байдал, иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх хуулиар тогтоосон зарчимд нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын бичгийн шалгалтын материалаас үзэхэд “Үр дүнгийн гэрээний мөнгөн урамшуулал олгох тухай” тушаалын төслийг боловсруулахдаа хоёулаа “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.2.4-д заасан бичвэрийн талбайн хэмжээний шаардлагыг хангаагүй, сэдвийн агуулгыг бүрэн тусгаагүй, найруулгын хувьд алдаатай бичсэн байна. Харин хууль тогтоомжоос иш татсан байдал, хэрэглэх дараалал, зөв бичгийн дүрмийн хувьд алдаа гаргасан байхад гуравдагч этгээд Б.А-д 8.3 буюу “сайн”, нэхэмжлэгч Ч.Ү-д 5.3 буюу “хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн нь мөн бодит байдалд нийцээгүй, шударга бус үнэлгээ болжээ.

Энэ байдал нь төрийн байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлах, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн хуулийн тогтоосон зарчимд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх сонгон шалгаруулалтын дүнгийн нэхэмжлэгч болон гуравдагч нарын бичгийн шалгалт, мэргэшсэн байдал, нийт онооны хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, уг үнэлгээтэй холбогдон гарсан Сонгон шалгаруулах комиссын дүгнэлт, тогтоол, Б.А-ийг ажилд томилсон Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг тус тус хүчингүй болгосон нь зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “дипломын голч дүнг аравны нарийвчлалаар тооцож 3.1 оноо өгсөн, салбартаа 19 жил ажилласан туршлагыг өрхийн эмнэлэгт 8 жил ажилласан хүнтэй зэрэгцүүлж адил оноо өгсөн, ялгавартай оноо өгөх байсан, Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл өргөдлөө танилцуулахаар бэлдсэн илтгэлийг дэлгэцээр танилцуулах боломж олгоогүй тул бага оноо авсан, төсөл, хөтөлбөрийг бэлдэхдээ 23 зорилт тавьж хэрэгжүүлэхээр тусгасан, харин гуравдагч этгээдийн хувьд 3 төрлийн үндэслэлийг хэрэгжүүлэхээр тусгасан байхад гуравдагч этгээдэд илт давуу байдал олгож илүү оноо өгсөн” гэсэн үндэслэлээр маргасан бөгөөд анхан шатны шүүх тухайн үндэслэл тус бүрт дүгнэлт хийж, “Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралтын холбогдох хэсэг, тус комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх эдгээр болон бусад асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, маргааны үйл баримттай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул  шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ШҮҮГЧ                                            Э.ЗОРИГТБААТАР

      ШҮҮГЧ                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ