Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00333

 

Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05006 дугаар шийдвэртэй,

Цгийн нэхэмжлэлтэй,

Б, С нарт холбогдуулан гаргасан

Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б, С, хариуцагчийн өмгөөлөгч Ө.З, Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Цг би өөрийн өмчлөлийн ** 290 м.кв талбайтай, хувийн сууц, гараашааийг Бд 500,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Б нь төлбөрийг хоёр хувааж 2 сарын дотор төлөхөөр болсон. Гэрээ байгуулсан даруй орон сууц, гараашийг Бд хүлээлгэн өгсөн ч тэрээр төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй, төлөхийг шаардахад түүний нөхөр нь удахгүй мөнгө орж ирнэ, 100,000,000 төгрөг хэрэгтэй байна, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж төлбөрийг төлнө гэсэн ба * ББСБ ХХК-аас зээл авч 100,000,000 төгрөгийг Бгийн нөхөр Мд өгсөн. Б нь 10,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай нэмж зээлэхийг хүсч 2 хоногийн дараа бүх мөнгийг өгнө гэсэн. Б нь ББСБ-д төлөх зээл, орон сууцны үнийг төлөөгүй учир худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан ч чөлөөлж өгөхгүй өнөөг хүрсэн. Хариуцагч нар 250,000,000 төгрөг төлсөн гэдэг боловч баримтгүй. Иймд 290 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг Б, М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2021 оны 05 дугаар сард нэхэмжлэгчийн нөхөр н.Ц уулзаж орон сууц худалдах, худалдан авахаар тохирсон. Тус орон сууцанд өөрсдөө засвар хийж худалдан авбал 300,000,000 төгрөг, засвар хийсний дараа худалдаж авбал 500,000,000 төгрөг гэж н.Ц хэлсэн. Тэгээд эхнэ Цгтай нь худалдах, худалдан авах гэрээ байгуулахад гэрээний үнийг 500,000,000 гэж бичсэнийг тодруулахад н.Ц эхнэрт нэр зүүсэн юм үзүүлэхгүй бол болохгүй, дараа нь 2-лаа болно гэж хэлсэн. Тус байрыг бүрэн засаж 2021 оны 08 сард нүүж орсон. н.Ц нь эсрэг талын байранд яг танайх шиг засвар хийлгэмээр байна гэж санал тавьсан. Тэгээд манай орон сууцыг барьцаалж 150,000,000 төгрөг ББСБ-с авч надад 100,000,000 төгрөг өгсөн ба засварын нийт зардал 110,000,000 төгрөг болсон. н.Ц нь ББСБ-с авсан мөнгийг намайг төлөөд байрны мөнгөнөөс суутгаарай гэснийг би зөвшөөрч ББСБ-д хүү төлсөн. н.Ц нь Сд өгнө гэж Цгт ойлгуулаад 10,000,000 төгрөг авсаныг нь би аваагүй. Энэ мэтээр тэд хоорондоо зөрүү ойлголттой байсан ба н.Ц нь нас барсан. Бидний ярьсан бүх асуудлыг С.Т үгүйсгэж биднийг байрнаас гар эсхүл ББСБ-н зээлийг төл, нэмээд 500,000,000 төгрөг өг гэж хэлсэн. Манай орон сууцны засварын зардал материал, ажлын хөлс 250,000,000 төгрөг болсон. Мөн н.Цд өгсөн 200,000,000 төгрөгийн бичлэг, зураг байгаа. Бид 250,000,000 төгрөг төлөх боломжтой, уг мөнгөнөөс ББСБ-ын зээлийг хаагаад өмнөх төлбөрөө тооцоод үлдэхийг нь төлнө. Иймд байраа шилжүүлж авах хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ** 290 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204096157 дугаартай, хувийн сууц, гараашийг хариуцагч Б, М нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б, М нараас 2,657,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ талуудын тэгш эрхийн зарчмыг хангаагүй, хэт нэг талыг барьж, хуульд заасан хариуцагчийн эрхийг эдлүүлэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б, 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр С гардан авч 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариу тайлбар гаргасан. Тайлбартаа үүссэн нөхцөл байдал, хүсэлтээ дэлгэрүүлэн бичсэн. Шүүх хуралдааны явцад "нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлт"-үүдийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагч бидний хуулиар олгогдсон эрхийг зөрчин, нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарсны дараа шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад хуралдаанд яригдсан зүйлс бүрэн тусгагдаагүй байсан учир засвар оруулах, дуу дүрс бичлэгтэй танилцаж хуулбарлан авах хүсэлт гаргасан ч хуулбарлан өгөхийг шүүгч шийдвэрлэнэ гээд тамгын газраас нь хуулбарлаж өгөөгүй. Талуудын хооронд үүссэн гэрээний маргааныг Иргэний хуулийн 106 дугаар зуйлийн 106.1-д зааснаар шийдвэрлэхдээ маргаан бүхий гэрээг хэзээ, хэрхэн цуцалсан, мөн нэхэмжлэгчид шаардах эрх байгаа эсэхийг баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Тус харилцаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж, төлбөрийн үүргийг 2 хувааж төлөхөөр байгаа ч үүнээс хойш 10 сарын хугацаа өнгөрсөн ба Цг болон түүний 2 хүүхэд хариуцагч нартай уулзаж гэрээ цуцлах талаар удаа дараа хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Шинжээч томилох хүсэлтийг тухайн барилгын засвар үйлчилгээтэй холбоотой асуудал байсан болохоос нэхэмжлэлтэй хамааралгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Цг нь хариуцагч Б, М нарт холбогдуулан ** 290 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204096157 дугаартай, хувийн сууц, гараашийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Цг, Б нар 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Цг нь * гараашийг Бгийн өмчлөлд шилжүүлэх, М.Мөнхзаяа нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 250,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 250,000,000 төгрөгийг Цгт төлөх үүргийг тус тус хүлээжээ. Талууд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дээрх гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Цг, Бд засвар хийхэд нь зориулан ББСБ-аас 150,000,000 төгрөгийг зээлж авч өгөхөөр тохиролцов. Үлдэгдэл 250,000,000 төгрөгөө 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Цгт хүлээлгэн өгнө. ББСБ-аас зээлсэн 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэх бөгөөд тухайн зээл төлөгдөж дууссан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх болно гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх 6-9/

4. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хувийн сууц, гараашийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардахдаа дээрх гэрээг үндэслэл болгосон, хариуцагч нар мөн тус гэрээг үндэслэн нэхэмжлэлээс татгалзсан байхад шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.1. Цг нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах шаардлага гаргаж байгаа эсэх эсхүл өмчийн эрх зүйн хүрээнд буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардсан эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үүргийн болон өмчийн эрх зүйн аль үндэслэлээр хувийн сууц, гараашийг хариуцагч нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4.2. Талуудын тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч нар засвар хийсэн болон түүний үнэ цэнэ нэмэгдсэн эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч шүүхэд нотлох баримт гаргах, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоох, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

4.3. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.3, нэмэлт гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэвээр байна. Энэ нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч нарын эзэмшилд байгаа үндэслэл, түүний хууль ёсны эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, эрх зүйн дүгнэлт хийх учиртай юм.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчжээ. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хариуцагч Бд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, Мд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тайлбарласан баримт хэрэгт авагдсан.

6.1. Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн төлөөлөгч Б нар оролцсон байх бөгөөд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгөхдөө эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагавар тайлбарлагдсан нь эргэлзээтэй, хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байгаа нөхцөлд шүүхээс тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүргийг сануулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

6.2. Хариуцагч Бгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан гар утсанд үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтийн агуулга, зорилгыг шүүх тодруулалгүй хүсэлтийг хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ. Хариуцагчийн гаргасан хүсэлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн байр суурийг шүүх илэрхийлэх нь буруу юм. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал тодорхой бус байхад шүүх талуудын тэгш эрхийн зарчмыг баримталсан эсэх нь эргэлзээтэй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

7. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Э.ЭНЭБИШ