Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00421

 

 

 

У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00049 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У-ийн хариуцагч Я- холбогдуулан гаргасан 98,233,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

У- нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд ХААН банк ХХК дахь Ягийн 5077184833 тоот данс руу нийт 245,377,150 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс 148,714,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, үлдэх 96,663,150 төгрөгийг төлөөгүй. Я- 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 10,560,000 төгрөгийн эд зүйлсийг өгсөн. У- 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ББСБ-аас 25,000,000 төгрөгийн зээл авсан ба үүнээс 15,000,000 төгрөгийг Я- өгсөн тул 25,560,000 төгрөгийг нэмж гаргуулна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагч Ягаас 98,223,150 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Я нь надад мөнгө зээлдүүлсэн ч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хүү авах эрхгүй учраас түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн. Я нь нөхрөөсөө мөнгө авч өгсний хөлсийг надаас авдаг байсан. Гэвч талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдаагүй тул түүний авсан мөнгө үндэслэлгүй. Ё.Ганцоожид өгөх мөнгийг эхнэрт нь өгсөн тул түүнийгээ авах эрхтэй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

У- нь Я болон түүний нөхрөөс удаа дараа мөнгө зээлж аваад эргүүлээд төлдөг байсан. У- нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 200,000-27,500,000 төгрөгөөр удаа дараа мөнгө зээлсэн. Авсан мөнгөө буцаагаад хийхдээ миний дансанд орлого гэж бичин шилжүүлдэг байсан. Я нь найзын журмаар амаар тохиролцож У-т өглөө нь зээл өгснийг оройд нь дансаар шилжүүлдэг байсан. Харин ломбардаас 2-3 удаа мөнгө зээлүүлсэн бөгөөд зээлийг хүүтэй авсан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжгүй байна. Яагаад У-т мөнгө төлөх болсныг ойлгохгүй байна. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж эрүүгийн хэргийг хаасан. У- нь Ягаас мөнгө зээлдэг байсан, харин Я У-аас мөнгө зээлж байгаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282,1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ягаас 93,223,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 825,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 624,066 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

У- нь 2017 онд Я болон түүний нөхөр Ё.Ганцоожоос олон удаагийн үйлдлээр мөнгөөр зээл авсан. Зээлийг төлөхгүй алга болсон тул 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж олон иргэдийг давхар залилсан асуудал шалгагдаж байх хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж залилангийн үйлдлээ зээлийн маргаан болгосон. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрүүдээр хангалттай нотлогдсон байхад шүүгч нэхэмжлэгч ямар учраас яагаад Я- мөнгө шилжүүлснээ нотолж чадаагүй байхад хариуцагчаас бэлэн болон дансаар авсан төлбөрийг буцаан шилжүүлсэн дансны гүйлгээний зөрүүг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

У- нь Ягийн данс руу 245,377,150 төгрөгийг шилжүүлсэн боловч Я нь 148,718,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үлдэгдэл 96,663,150 төгрөгийг өгөхгүй байх тул уг мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэсэн нэхэмжлэлд нэхэмжлэлийн агуулга, үндэслэл нь тодорхойгүй байхад зээлдэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж хуулийг буруу хэрэглэсэн.

У- анх нэхэмжлэлийн үндэслэлээ мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан. Дараа нь Я- мөнгө зээлдүүлсэн гэж өөрчилсөн атлаа эхнэрээр нь дамжуулан нөхрөөс нь сарын 15 хувийн хүүтэй зээл авсан гэж бичгээр тайлбар гаргасан нь өөрийн тайлбараа үгүйсгэсэн байна. Шүүх ...эхнэрээс нь авлагатай юм бол нөхрөөс нь яагаад мөнгө зээлээд байна вэ... гэсэн асуудалд дүгнэлт хийх ёстой. Нөхрөөс нь мөнгө зээлсэн гэдгээ эрүүгийн хэргийн материалд гэрчийн мэдүүлэгт хүлээн зөвшөөрсөн ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2022/02285 дугаартай шийдвэрт хариуцагчийн нөхөрт 149,300,300 төгрөгийг олгох зээлийн өр төлбөртэй гэдэг нь тогтоогдсон байхад шүүх Ягаас 93,223,150 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. У- нь Ягаас мөнгө зээлдэг байсан нь тогтоогдсон байхад шүүх хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй дүгнэлт хийж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч У- хариуцагч Я- холбогдуулан 98,233,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг (2хх-ийн 198) хариуцагч эс зөвшөөрч ... У- нь Я болон түүний нөхөр Ё.Ганцоож нараас зээлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн, нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлээгүй... гэж маргасан байна.

 

2. Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн эзэмшлийн Хаан банкин дахь 5077184833 тоот дансанд нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5019682180 тоот данснаас нийт 235,840,650 төгрөгийн гүйлгээ, нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкин дахь 5019682180 тоот дансанд хариуцагчийн эзэмшлийн Хаан банкин дахь 5077184833 тоот данснаас 148,714,000 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр гүйлгээнд нийт 87,126,650 төгрөгийн зөрүү гарсан байдалд тулгуурлан нэхэмжлэл гаргасан. (хх-ийн 1, 5-67, 75-101)

 

3.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болон уг харилцааны оролцогчийг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн банкин дахь харилцах дансны гүйлгээний зөрүүтэй байдлыг зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийлгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болсноос гадна Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь зохицуулалтыг тухайн тохиолдолд буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

3.1.Нэхэмжлэгч тал зохигч хоорондын банкин дахь харилцах дансаар хийгдсэн нийт гүйлгээний дээрх зөрүүтэй байдлын талаар буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Я нь надад мөнгө зээлдүүлсэн ч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хүү авах эрхгүй учраас түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн.... гэжээ. (2хх-ийн 200)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хэзээ, хэдэн төгрөгийн зээл авсан, уг зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн гэх байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, харилцах дансаар шилжүүлсэн нийт мөнгөний аль нь зээл, аль нь хүү болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй байна.

 

Мөн хариуцагчийн ...У- оройд нь буцаан шилжүүлэх юм чинь баримтын хэрэггүй гээд найзын ёсоор мөнгө авдаг байсан. Мөнгө зээлж оройд нь шилжүүлж авдаг байсан... надаас мөнгө зээлж авсан... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал үндэслэл бүхий тайлбар баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй байна.

3.2.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэсэн зохицуулалт нь зээлдүүлэгч Ягийн хүү шаардах эрхэд хамааралтай зохицуулалт болохоос зээлдэгч буюу нэхэмжлэгч У-ийн хүүгийн төлбөрт өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн төлбөрийг буцаан шаардах эрх олгосон зохицуулалт биш бөгөөд мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхгүй болно.

 

3.3.Нэхэмжлэгч тал мөн нэхэмжлэлийн нэг үндэслэлээ ...Я нь нөхрөөсөө мөнгө авч өгсний хөлсийг надаас авдаг байсан. Гэвч талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдаагүй тул түүний авсан мөнгө үндэслэлгүй... гэж тайлбарласан боловч зохигчийн хооронд зээл авахад зуучлах харилцаа үүссэн гэх байдлыг, түүнчлэн, хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн аль нь зуучилсны хөлс болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ мөн хэрэгжүүлээгүй байна.

 

3.4 . Нэхэмжлэгч нь ...Ё.Ганцоожийн гаргасан гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авч шалгасан ба үндэслэлгүй хэмээн үзсэн тул түүнд өгөх мөнгийг эхнэрт нь өгсөн тул түүнийгээ авах эрхтэй...гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...96,663,150 төгрөгөөс 24,000,000 төгрөг нь Я- шилжүүлсэн мөнгө, 10,560,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл шилжүүлсэн, зээлийн хүүд 31,051,500 төгрөг төлсөн, үлдэгдэл нь зуучлалын төлбөр ... 24,000,000 төгрөгийн шаардлага байхгүй, үлдсэн нь зээл, зээлийн хүү, зуучлалын төлбөр гүйлгээний утга дээр орлого гээд бичээд байгаа болохоор нарийн заах боломжгүй ... гэх зэргээр шүүхэд болон шүүх хуралдаанд өөр өөр тайлбар гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй тул эдгээр үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

4. Хариуцагч Я ... 5,560,000 төгрөгийн эд зүйл авсан ... гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй гэж тайлбарласан тул энэ хэмжээнд хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 104/ШШ2023/00049 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ягаас 5,560,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 92,673,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 624,066 гэснийг 103,910 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 625,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ