Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00676

 

 

 

 

З.Чинзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч З.Чинзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц” ТӨХК-нд холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг, өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч З.Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Чинзориг миний бие “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-нд хуулийн зөвлөхөөр 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон. Ийнхүү ажилд орсоноос хойш удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд гүйцэтгэж эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн. Миний бие эрхэлж байгаа ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан 4 өдрийн сургалтанд суух хүсэлтэй байгаа талаарх саналаа илэрхийлж сургалтын төлбөр болон чөлөө олгохыг гүйцэтгэх захирал болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нарт хэлэхэд “сургалтын төлбөрийг байгууллагаас олгох боломжгүй харин 2 өдрийн цалинтай чөлөө олгоё” гэсний дагуу миний бие сургалтын төлбөрөө өөрөө төлөөд сургалтанд сууж энэ тухай гэрчилгээг авсан.

Гэтэл гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/93 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж ажил тасалж, эрт гардаг, ажлаас хоцрох зэрэг шалтгаанаар ойлгомжгүй, үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан байна. Ийнхүү тайлбарлаж буй үндэслэлээ Монголын өмгөөлөгчдийн холбооны утаснаас лавлахад “суугаагүй” гэсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд мөн өвчтэй байсан хугацаанд ажил тасалсан гэж үзэж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга тодорхойлж үүнийг үндэслэсэн. Миний хувьд үндэслэлгүй халагдсан байтал Захиргаа удирдлагын хэлтсийн дарга утсаар ярьж ажил хүлээлц гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаас намайг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалууд хөдөлмөрийн гэрээ зэргийг эх хувиар нь гардуулж өгөөгүй бөгөөд миний биө хүсэлт тавьж байж хуулбарлуулж авсан билээ. Иимээс шүүхэд хандан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/93 дугаартай тушаалаар тус компанийн хуулийн зөвлөхийн ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: З.Чинзориг нь 2013 оны 01 дүгээр сарын 21-нээс “ЭДЦС” ТӨХК-д хуулийн зөвлөхөөр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүйгээс хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан. Цагийн бүртгэлийн цахим системээс 2016 оны 01 дүгээр сараас хойших цаг ашиглалтыг хянан үзэхэд 12 удаа ажпаас хоцорч, 37 удаа эрт гарсан. 55 цаг чөлөө авч, 28 цаг ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмерийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2 заалтанд хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалтыг мөрдөхөөс гадна дараах тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална. Компанийн дотоод журмын 9.2.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд ажлын 3 хоногоос дээш ажил тасалсан. Компанийн дотоод журмын 9.2.11-д урт богино хугацаагаар ажил таслах, согтуурлын буюу мансуурлын байдалтай үйлдвэрийн нутаг дэвсгэрт нэвтрэх, өвчтний акт худал мэдүүлэх, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй мэдээллийн журам зөрчих зэрэг нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

З.Чинзоригийн 2016 оны 01 дүгээр сарын 03-наас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн цахим цагийн бүртгэлээс үзэхэд цаг бүртгүүлээгүй 75 удаа, хоцорсон 37 удаа буюу 355 минут нийт 112 удаа ажлаасхоцорсон. 37 удаа ажлаас эрт гарсан буюу 5 цаг 54 минут болсон. Цаг ашиглалтын байдлаас харахад 55 цаг чөлөө авсан, 28 цаг ажил тасалсан, 64 цаг евчилсөн нь дээрх заалтын үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 6.5.7 дахь заалтад ажилдаа ирж чадахгүй болсон шалтгаанаа 4 цагийн өмнө мэдэгдэнэ. Өвчилсөн тохиолдолд энэ журмыг мөрдөхийн зэрэгцээ эмчилгээ болон өвчлөлийн талаар тодорхой мэдэгдэж 3 хоногийн дотор эмчийн чөлөөний бичгийг авчирна. Тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй заасан хугацаанд эмчийн чөлөөний хуудсыг авчраагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно. Хөдөлмөрийн тухай хүүлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан.

ДХМХ-ийн дарга Д.Гансүх нь хуулийн зөвлөх З.Чинзоригийн цаг ашиглалтын талаарх бичгийг 10 дугаар сарын 21-ний өдөр захиргаанд өгсөн. Үдээс өмнө З.Чинзоригийг дуудаж Д.Гансүх бид 2 уулзаж өөрт нь танилцуулж хөдөлмөрийн гэрээ цуцлах хэмжээнд хүрснийг тайлбарлаж танилцуулсан чинь тухайн өдрийн үдээс хойно эмнэлгийн магадлагааг авчирсан. Тэр даруй үйлдвэрийн их эмч Н.Дуламсүрэнг явуулж тодруулга автал өнөөдөр ирж магадлагааг авсныг хэлсэн. Өөрөө болохоор өмнө нь авсан гэсэн тайлбарыг өгсөн юм. 10 дугаар сарын 28-нд үйлдвэрийн их эмч Н.Дуламсүрэнг явуулж “Ачлалт нар” өрхийн эмч Ц.Баярмаагаас эмчийн тайлбарыг авсан. З.Чинзоригиийг дээрх заалтаар ажлын 3 хоног тасалсанд тооцсон гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З.Чинзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...З.Чинзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч З.Чинзоригийг “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4 623 080 төгрөг гаргуулж З.Чинзоригт олгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд “...дурдсугай” гэснийг “дурдаж” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 88 919 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, шийдвэрт нэхэмжлэгч З.Чинзоригийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн санхүүгийн албанд даалгасугай гэсэн заалт нэмж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ний хүсэлтээр өмгөөлөгч Б.Долгосүрэн би Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017-03-07 ны өдрийн 53 дугаартай магадлалыг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардага хангаагүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “ ...Хариуцагч байгууллагын нэхэмжпэгч З.Чинзоригийг удаа дараа ажил тасалсан гэж нотолж буй хэрэгт авагдсан ажлын цагийн цахим бүртгэл нь хуулийн шаардлага хангаагүй цахим бүртгэл гэсэн атлаа гэрээр бүртгэгдсэн, уг бүртгэлд "бүртгүүлээгүй” гэсэн гараар бичсэн бичвэр “ажил тасалсан” болон ажилдаа ирсэн ч цахимаар бүртгүүлээгүй аль нь болох нь тодорхойгүй.Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгч З.Чинзоригийг 75 Удаа бүртгүүлээгүй, 37 удаа хоцорсон, ажпаас эрт гарсан 5 цаг 54 минут, 55 цаг чөлөө авсан, 28 удаа ажил тасалсан гэж мэтгэлцэж байгаа боловч үүнийгээ өөр бусад нотлох баримтаар нотлоогүй байна.Сургалтын дараах 10 сарын 3-6 ны өдрүүдэд өвчилж эмчид үзүүлж акт авч байсан\ХХ-ийн 35”36\ болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна... хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжпэгч З.Чинзоригийг сахилгын зөрчил давтан гарсан үндэслэлийг зааж байгаа боловч сахилгын зөрчил давтан гарсан болохыг нотолж чадаагүй байна...нэхэмжлэгч З.Чинзоригийг удаа дараа ажил тасалсан, сахилгын давтан зөрчил гаргасан нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байх тул З.Чинзоригийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй... ” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 29 ний өдрөөс 10 дугаар сарын 02 ны өдөр хүртэл Улаанбаатар хотод мэргэжлийн сургалтанд сууж, улмаар 10 дугаар сарын 3 наас 05 ны өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь тогтоогдсон.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Дотоод мониторингийн хэлтсийн дарга Д.Гансүхийн 2016-10-21 ний өдөр захиргаанд өгсөн санал, цахим цагийн бүртгэл, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зэрэг бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь тус бүрд нь нягтлан үнэлэх учиртай. Хөдөлмөрийн гэрээний 6.5.7 дахь заалт.” Ажилдаа ирж чадахгүй болсон шалтгаанаа 4 цагийн өмнө мэдэгдэнэ.

Өвчилсөн тохиолдолд энэ журмыг мөрдөхийн зэрэгцээ эмчилгээ болон өвчлөлийн талаар тодорхой мэдэгдэж 3 хоногийн дотор эмчийн чөлөөний бичгийг авчирна.Тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй заасан хугацаанд эмчийн чөлөөний хуудсыг авчраагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно...” гэсэн зохицуулалтын дагуу З.Чинзориг хожим буюу 2017 оны 10 дугаар сарын 21 ний өдөр өрхийн эмч Баярмаагаас нөхөн авч, байгууллагад өгсөн нь тогтоогдсон. ХХ-ийн 35-36 дугаар хуудаст байгаа эмнэлгийн магадлагааг 10 дугаар сарын 21 ний өдөр ажил олгогчид авчирсан нь хөдөлмөрийн гэрээний 6.7. дахь заалтанд нийцээгүй тул ажил олгогч “ажил тасалсан” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй .... Ажил олгогч нийт 28 цаг ажил тасалсан гэж нэгтгэсэн ба энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах зөрчилд хамаарч байна ...” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Дээрх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвхөн “10 дугаар сарын 3-6 ны өдрүүдэд өвчилж эмчид үзүүлж акт авч байсан...” тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр злүйийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харицлааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн 2 үндэслэлийг заасан байх ба ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тохиолдолд дээрх 2 үндэслэлийн аль 1-ийг баримтлах учиртай шалтгаанаар З.Чинзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болжээ.

ДХМХ-ийн дарга Д.Гансүх нь хуулийн зөвлөх З.Чинзоригийн цаг ашиглалтын талаарх бичгийг 10 дугаар сарын 21-ний өдөр захиргаанд өгсөн. Үдээс өмнө З.Чинзоригийг дуудаж Дотоод хяналт мониторингийн хэлтсийн дарга Д.Гансүх бид хоёр уулзаж өөрт нь танилцуулж хөдөлмөрийн гэрээ цуцлах хэмжээнд хүрснийг тайлбарлаж танилцуулсан чинь өмнө нь олон удаа шаардаад авчирч үзүүлээгүй байсан эмнэлэгийн магадлагааг тухайн өдрийн үдээс хойно авчирсан. Тэр өдрөө үйлдвэрийн их эмч Н.Дуламсүрэнг явуулж “Ачлалт нар” өрхийн эмнэлэгийн эмч Ц.Баярмаагаас тодруулга автал өнөөдөр ирж магадлагаа гуйж авсныг хэлсэн. Өөрөө болохоор өмнө нь авсан гэсэн тайлбарыг өгсөн юм. Иймд эмнэлэгийн магадлагааг 15 хоногийн дараа ажпаас халагдах болсон тухай яригдахад авчирсан нь ажпаас халагдах үндэслэл болсон. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 53 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 53 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.Чинзориг нь “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХКомпанид холбогдуулан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан шаардлагад нийцсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. 

Ажил олгогч “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.5 дахь заалтыг баримталж, З.Чинзоригийг ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-39/

Ажилтны гаргасан давтан зөрчил буюу  З.Чинзориг нь 75 удаа ирцээ бүртгүүлээгүй, 37 удаа хоцорсон, ажлаас эрт гарсан 5 цаг 54 минут, 55 цаг чөлөө авсан, 28 удаа ажил тасалсан гэх зөрчил хөдөлбөргүй тогтоогдоогүйгээс гадна 2016 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд нэхэмжлэгч нь хуульчдын үргэлжилсэн сургалтанд суусан нь Монголын хуульчдын холбооноос олгосон гэрчилгээгээр, мөн оны 10 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд эмчлүүлсэн нь эмнэлгийн магадлагаагаар тус тус тогтоогдсон тул энэ хугацаанд ажил тасалсан гэж үзэхээргүй байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар ажил олгогч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг заасан бөгөөд ажил олгогчийн тушаалд заасан зарим зөрчлийн хувьд дээрх хугацаа хэтэрсэн байна.

 Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 43 дугаар зүйлийн 43.3-т зохицуулалтын агуулгад бүрэн нийцсэн байна. 

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА