Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00053

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                         

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянтал 14-17 тоотод оршин суух Боржигон овгийн Зандангийн Чинзоригийн /МЮ-78072715 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц” ТӨХК-д хариуцагдах  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлоор үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Энхбат, нэхэмжлэгч З.Чинзориг,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Я.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  

       Нэхэмжлэгч З.Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зандангийн Чинзориг миний бие “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д хуулийн зөвлөхөөр 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон билээ.Ийнхүү ажилд орсоноос хойш удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд гүйцэтгэж эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн.Миний бие эрхэлж байгаа ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан 4 өдрийн сургалтанд суух хүсэлтэй байгаа талаарх саналаа илэрхийлж сургалтын төлбөр болон чөлөө олгохыг Гүйцэтгэх захирал болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нарт хэлэхэд “сургалтын төлбөрийг байгууллагаас олгох боломжгүй харин 2 өдрийн цалинтай чөлөө олгоё” гэсний дагуу миний бие сургалтын төлбөрөө өөрөө төлөөд сургалтанд сууж энэ тухай гэрчилгээг авсан..Гэтэл Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/93 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж ажил тасалж, эрт гардаг, ажлаас хоцрох зэрэг шалтгаанаар ойлгомжгүй, үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан байна. Ийнхүү тайлбарлаж буй үндэслэлээ Монголын өмгөөлөгчдийн холбооны утаснаас лавлахад “суугаагүй” гэсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд мөн өвчтэй байсан хугацаанд ажил тасалсан гэж үзэж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга тодорхойлж үүнийг үндэслэсэн.Миний хувьд үндэслэлгүй халагдсан байтал Захиргаа удирдлагын хэлтсийн дарга утсаар ярьж ажил хүлээлц гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нөгөө талаас намайг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалууд хөдөлмөрийн гэрээ зэргийг эх хувиар нь гардуулж өгөөгүй бөгөөд миний биө хүсэлт тавьж байж хуулбарлуулж авсан билээ.Иимээс шүүхэд хандан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/93 дугаартай тушаалаар тус компанийн хуулийн зөвлөхийн ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Чинзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Мэрэгжлийн сургалтад суухаар 9 сарын 29-нөөс 10 сарын 02-ны хооронд 2 хоногийн чөлөө авсан.Бие тавгүйтэж ханиад хүрсэн тул ажилдаа очиж чадахгүй хариуцсан дарга Гансүхэд хэлсэн.10 сарын 06-нд ажилдаа ирсэн.Гэтэл ажил тасалсан гэж тооцож ажлаас үндэслэлгүй халсан.Эмнэлгийн магадлагааг тушаал гарахаас өмнө авчирч өгсөн.Би хуурамч баримт бүрдүүлээгүй.Гэтэл надад мэдэгдээгүй тушаал гаргасан байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:  ...Чинзориг нь 2013 оны 01-р сарын 21-нээс “ЭДЦС” ТӨХК-д хуулийн зөвлөхөөр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүйгээс хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан. /2016 оны 01-р сарын 05-ны №01 тоот тушаал/ Мөн удаа дараа ажлаас хоцрох, эрт гарч явах, цахим цагийн бүртгэлд олон удаа дараалан бүртгүүлэхгүй байх зэрэг зөрчил дутагдлууд гаргаж байсан. Энэ талаар хариуцсан хэлтсийн дарга нь үүрэг даалгавар өгсөн үүрэг даалгаварыг дахин давтан биелүүлэхгүй байсан тул хөдөлмөрийн шийтгэл ногдуулахаар Захиргаа удирдлагын хэлтэст санал хүргүүлж байсан./Дотоод хяналт мониторингийн хэлтсийн дарга Д.Гансүхийн санал/

Цагийн бүртгэлийн цахим системээс 2016 оны 1-р сараас хойших цаг ашиглалтыг хянан үзэхэд 12 удаа ажпаас хоцорч, 37 удаа эрт гарсан. 55 цаг чөлөө авч, 28 цаг ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмерийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон.

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2 заалтанд: Хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалтыг мөрдөхөөс гадна дараах тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална.Компанийн дотоод журмын 9.2.5-д:Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд ажлын 3 хоногоос дээш ажил тасалсан. Компанийн дотоод журмын 9.2.11-д:Урт богино хугацаагаар ажил таслах ,согтуурлын буюу мансуурлын байдалтай үйлдвэрийн нутаг дэвсгэрт нэвтрэх, өвчтний акт худал мэдүүлэх, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй мэдээллийн журам зөрчих зэрэг нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.Тайлбар Чинзоригийн 2016.01.03-2016.10.21 цахим цагийн бүртгэлээс баримтыг үзэхэд цаг бүртгүүлээгүй 75 удаа, хоцорсон 37 удаа буюу 355 минут нийт 112 удаа ажлаасхоцорсон. 37 удаа ажлаас эрт гарсан буюу 5 цаг 54 минут болсон. Цаг ашиглалтын байдлаас харахад: 55 цаг чөлөө авсан, 28 цаг ажил тасалсан, 64 цаг евчилсөн нь дээрх заалтын үндэслэл болсон.

З.Чинзоригтод баримтыг танилцуулахад намайг цаг бүртгэлийн систем заримдаа таниад, танихгүй байгаа тайлбар өгсний дагуу цаг бүртгэлийн системийг хариуцсан компьютерийн инженер Баярсайханд хандахад, ийм тохиолдол гардаггүй гэхдээ хамаагүй, цаг бүртгэлийн таних аппарат дээр таньж байна уу үгүй гэдгийг шалгая гэсэн.  Чинзоригт 2 удаа бүртгэлийг тань үзэж шалгая гэхэд ирээгүй гэсэн хариуг хариуцсан инженер өгсөн.

Хөдөлмөрийн гэрээний 6.5.7 дахь заалт:Ажилдаа ирж чадахгүй болсон шалтгаанаа 4 цагийн өмнө мэдэгдэнэ. Өвчилсөн тохиолдолд энэ журмыг мөрдөхийн зэрэгцээ эмчилгээ болон өвчлөлийн талаар тодорхой мэдэгдэж 3 хоногийн дотор эмчийн чөлөөний бичгийг авчирна. Тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй заасан хугацаанд эмчийн чөлөөний хуудсыг авчраагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно.Хөдөлмөрийн тухай хүүлийн 40.1.4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;Тайлбар:ДХМХ-ийн дарга Д.Гансүх нь хуулийн зөвлөх З.Чинзоригийн цаг ашиглалтын талаарх бичгийг 10 сарын 21-ний өдөр захиргаанд өгсөн. Үдээс өмнө З.Чинзоригийг дуудаж Д.Гансүх бид 2 уулзаж өөрт нь танилцуулж хөдөлмөрийн гэрээ цуцлах хэмжээнд хүрснийг тайлбарлаж танилцуулсан чинь тухайн өдрийн үдээс хойно эмнэлгийн магадлагааг авчирсан. Тэр даруй үйлдвэрийн их эмч Н.Дуламсүрэнг явуулж тодруулга автал өнөөдөр ирж магадлагааг авсныг хэлсэн. Өөрөө болохоор өмнө нь авсан гэсэн тайлбарыг өгсөн юм. 10 сарын 28-нд үйлдвэрийн их эмч Н.Дуламсүрэнг явуулж “Ачлалт нар” өрхийн эмч Ц.Баярмаагаас эмчийн тайлбарыг авсан. З.Чинзоригиийг дээрх заалтаар ажлын 3 хоног тасалсанд тооцсон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.Сургалтад явах хүсэлтийн дагуу 2 өдрийн ажлаас чөлөөлсөн.Дараагийн 7 хоногийн эхний 3 өдөр ажилдаа ирээгүй.Хариуцсан хэлтэсээс нь ажил тасалсан гэж мэдэгдсэн,цагийн бүртгэлээр цаг ашиглалт гаргаж ирүүлсэн тул ажлаас нь халсан.Эмнэлгийн магадлагааг бүр сүүлд авчирсан.Хөдөлмөрийн Дотоод журамд зааснаар өвчтэй байгаа тухайгаа мэдэгдээд 3 өдрийн дотор магадлагааг авчирах ёстой байдаг.Гэтэл 21-нд магадлагааг авчирсан.Тухайн өдөр өрхийн эмчээс авсан байсан.Цахим бүртгэл хэвйин ажиллаж байсан.Чинзоригийн ажил тасалсан цаг 3 өдрөөс дээш байгаа тул хөдөлмөрийн гэрээ,дотоод журамд зааснаар ажлаас халсан байгаа гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт,эмнэлгийн магадлагаа,амбулаторийн карт, гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, цагийн бүртгэл, холбогдох баримтууд, 2016-10-27-ны өдрийн Б/93 дугаартай тушаал, дотоод журам,нийгмийн даатгалын дэвтэр,цалингийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч З.Чинзориг нь Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ний хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ний 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаартай тушаалаар тус компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Чинзоригийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,Компаний хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5 дахь заалтуудыг үндэслэн,шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалж,ажлаас хоцрох,эрт гардаг нь баримтаар тогтоогдсон тул” гэж зааж 10 сарын 28-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогчоос З.Чинзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5-д хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар шууд цуцлах тохиолдлуудыг, үүний дотор 6.5.4-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сарын хугацаанд дараалан болон нийлбэр дүнгээр 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан” гэж, 6.5.7-д “ Ажилдаа ирж чадахгүй болсон шалтгаанаа 4 цагийн өмнө мэдэгдэнэ.Өвчилсөн тохиолдолд энэ журмыг мөрдөхийн зэрэгцээ эмчилгээ болон өвчлөлийн талаар тодорхой мэдэгдэж 3 хоногийн дотор эмчийн чөлөөний бичгийг авчирна.Тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй,заасан хугацаанд эмчийн чөлөөний хуудсыг авчраагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно” гэж, компаний Дотоод журмын 9.2-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл,үүний дотор 9.2.5-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд ажлын 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан” гэж тус тус заасан байдаг байна.

Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод мэрэгжлийн сургалтад сууж,улмаар 10 сарын 3-наас 05-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь тогтоогдсон. Ажилдаа ирээгүй шалтгааныхаа талаархи Эмнэлгийн магадлагааг 10 сарын 21-ний өдөр ажил олгогчид авчирсан нь хөдөлмөрийн гэрээний 6.5.7-дахь заалтад нийцээгүй тул ажил олгогч “ажил тасалсан” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч Б/93 дугаартай тушаалдаа “удаа дараа ажил тасалж,ажлаас хоцрох,эрт гардаг нь баримтаар тогтоогдсон тул”гэж үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ажилтны цагийн бүртгэлээр З.Чинзориг 2016 оны 1 дүгээр сараас хойш ажлын цаг тасалснаар бүртгэгдсэн маш олон тохиолдол байх боловч ажил олгогч “бүртгүүлээгүй” гэж тэмдэглэж 28 цаг ажил тасалсан гэж дүгнэж нэгтгэсэн байна.Тухайлбал 2016 оны 1 дүгээр сард 7 өдөр, 2 дугаар сард 5 өдөр, 3 дугаар сард 12 өдөр,Үүнээс ажил олгогч 2 дугаар сарын 22, 3 дугаар сарын 08, 3 дугаар сарын 25, 4 дүгээр сард 10 өдөр, 5 дугаар сард 6 өдөр, 7 дугаар сард 3 өдөр,8 дугаар сард 23 өдөр,9 дүгээр сард 10 өдөр, 10 дугаар сард 6 өдөр ажил тасалснаар бүртгэж бүртгүүлээгүй гэж тэмдэглэжээ.Гэвч ажил олгогч нийт 28 цаг ажил тасалсан гэж нэгтгэсэн ба энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд  цуцлах зөрчилд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ,эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан тул удаа дараа ажил тасалж хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан,түүнчлэн гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцогдох зөрчил гаргасныг үндэслэн З.Чинзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдлаа.

     

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118,156 дугаар зүйлийн 156.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З.Чинзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.      

 

3. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                               

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.АРИУНЦЭЦЭГ