Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    З.Чинзоригийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч З.Чинзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч З.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч З.Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зандангийн Чинзориг миний бие “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д хуулийн зөвлөхөөр 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон билээ.Ийнхүү ажилд орсоноос хойш удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд гүйцэтгэж эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн.Миний бие эрхэлж байгаа ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан 4 өдрийн сургалтанд суух хүсэлтэй байгаа талаарх саналаа илэрхийлж сургалтын төлбөр болон чөлөө олгохыг Гүйцэтгэх захирал болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нарт хэлэхэд “сургалтын төлбөрийг байгууллагаас олгох боломжгүй харин 2 өдрийн цалинтай чөлөө олгоё” гэсний дагуу миний бие сургалтын төлбөрөө өөрөө төлөөд сургалтанд сууж энэ тухай гэрчилгээг авсан. Гэтэл Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/93 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж ажил тасалж, эрт гардаг, ажлаас хоцрох зэрэг шалтгаанаар ойлгомжгүй, үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан байна. Ийнхүү тайлбарлаж буй үндэслэлээ Монголын өмгөөлөгчдийн холбооны утаснаас лавлахад “суугаагүй” гэсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд мөн өвчтэй байсан хугацаанд ажил тасалсан гэж үзэж Захиргаа удирдлагын хэлтсийн дарга тодорхойлж үүнийг үндэслэсэн.Миний хувьд үндэслэлгүй халагдсан байтал Захиргаа удирдлагын хэлтсийн дарга утсаар ярьж ажил хүлээлц гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нөгөө талаас намайг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалууд хөдөлмөрийн гэрээ зэргийг эх хувиар нь гардуулж өгөөгүй бөгөөд миний биө хүсэлт тавьж байж хуулбарлуулж авсан билээ.Иимээс шүүхэд хандан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/93 дугаартай тушаалаар тус компанийн хуулийн зөвлөхийн ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:

 ...Чинзориг нь 2013 оны 01-р сарын 21-нээс “ЭДЦС” ТӨХК-д хуулийн зөвлөхөөр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтэй нь холбогдуулан өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүйгээс хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан. Цагийн бүртгэлийн цахим системээс 2016 оны 1-р сараас хойших цаг ашиглалтыг хянан үзэхэд 12 удаа ажпаас хоцорч, 37 удаа эрт гарсан. 55 цаг чөлөө авч, 28 цаг ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмерийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон.

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2 заалтанд: Хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалтыг мөрдөхөөс гадна дараах тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална.Компанийн дотоод журмын 9.2.5-д:Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд ажлын 3 хоногоос дээш ажил тасалсан. Компанийн дотоод журмын 9.2.11-д:Урт богино хугацаагаар ажил таслах ,согтуурлын буюу мансуурлын байдалтай үйлдвэрийн нутаг дэвсгэрт нэвтрэх, өвчтний акт худал мэдүүлэх, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй мэдээллийн журам зөрчих зэрэг нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Тайлбар Чинзоригийн 2016.01.03-2016.10.21 цахим цагийн бүртгэлээс баримтыг үзэхэд цаг бүртгүүлээгүй 75 удаа, хоцорсон 37 удаа буюу 355 минут нийт 112 удаа ажлаасхоцорсон. 37 удаа ажлаас эрт гарсан буюу 5 цаг 54 минут болсон. Цаг ашиглалтын байдлаас харахад: 55 цаг чөлөө авсан, 28 цаг ажил тасалсан, 64 цаг евчилсөн нь дээрх заалтын үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 6.5.7 дахь заалт:Ажилдаа ирж чадахгүй болсон шалтгаанаа 4 цагийн өмнө мэдэгдэнэ. Өвчилсөн тохиолдолд энэ журмыг мөрдөхийн зэрэгцээ эмчилгээ болон өвчлөлийн талаар тодорхой мэдэгдэж 3 хоногийн дотор эмчийн чөлөөний бичгийг авчирна. Тогтоосон журмын дагуу мэдэгдээгүй заасан хугацаанд эмчийн чөлөөний хуудсыг авчраагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно.Хөдөлмөрийн тухай хүүлийн 40.1.4. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;Тайлбар:ДХМХ-ийн дарга Д.Гансүх нь хуулийн зөвлөх З.Чинзоригийн цаг ашиглалтын талаарх бичгийг 10 сарын 21-ний өдөр захиргаанд өгсөн. Үдээс өмнө З.Чинзоригийг дуудаж Д.Гансүх бид 2 уулзаж өөрт нь танилцуулж хөдөлмөрийн гэрээ цуцлах хэмжээнд хүрснийг тайлбарлаж танилцуулсан чинь тухайн өдрийн үдээс хойно эмнэлгийн магадлагааг авчирсан. Тэр даруй үйлдвэрийн их эмч Н.Дуламсүрэнг явуулж тодруулга автал өнөөдөр ирж магадлагааг авсныг хэлсэн. Өөрөө болохоор өмнө нь авсан гэсэн тайлбарыг өгсөн юм. 10 сарын 28-нд үйлдвэрийн их эмч Н.Дуламсүрэнг явуулж “Ачлалт нар” өрхийн эмч Ц.Баярмаагаас эмчийн тайлбарыг авсан. З.Чинзоригиийг дээрх заалтаар ажлын 3 хоног тасалсанд тооцсон гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З.Чинзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Чинзориг давж заалдсан гомдолдоо:

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энхбаатар нь намайг үндэслэлгүйгээр, ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэрийг гаргасан бөгөөд миний бие сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргасаар байтал анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хариуцагч талын засвартай, эргэлзээтэй, нөхөж бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх хэргийг шударгаар шийдвэрлэхийн тулд хэрэгт байгаа нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь хуульд нийцэх юм. Гэтэл анхан шатны шүүх ямар хууль зүйн үндэслэлгүйгээр, өөрийн найз Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Уламнэмэх гэх хунийг ажилд авахын тулд зохин байгуулалтайгаар намайг ажлаас халах ажлыг зохион байгуулсан байтал анхан шатны шүүх мөн л хариуцагч талын төлөөлөгч Тунгалагийн шүүх хуралдаан дээр өөр өөрөөр тайлбарлаж байсан тайлбар, үндэслэлгүй нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа шүүх хараат бус байгаа эсэхэд эргэлзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 6.5.4,6.5.7 дахь заалтыг ажил олгогч тал огт баримталж шийдээгүй, энэ талаар халсан тушаалдаа дурьдаагуй заагаагүй байхад шүүх өөрийн санаагаараа намайг буруутгах үндэслэл олж ядан байж ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч талын төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа намайг хэзээ ажил тасалсан талаар тодорхойгүй тайлбар өгч байсан бөгөөд ажил тасалсан гэж халаагүй, эмнэлгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэж хэлж байхад ийнхүү шүүх шударга бусаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн холбогдох зуйл заалщыг хэрэглээгүй болон буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

1. Хариуцагч байгууллага ньЗ.Чинзоригийгажлаасчөлөөлөхтухай гэх2016-10-27-ны өдрийн 6/93 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4,43.1 гэх хууль зүйн үндэслэлийг заасан байх ба хуульд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын “ноцтой”-д тооцогдох зөрчил гаргасан уу, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж халсан уу гэдэг нь тодорхойгүй ба хариуцагчийн төлөөлөгч үүнийг өөр өөрөөр тайлбарлаж байснаас үзвэл ажлаас халсан нь үндэслэлгүй болох нь нотлогдож байсан. Нөгөө талаас сахилгын “ноцтой” зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол хуульд заасан шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтаар нотлогдсон байх учиртай. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлтийн 40.1.4 дэх заалтаас сахилгын “ноцтой” зөрчил гаргасан гэж шүүх дүгнэж байгаа нь шүүх Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон сахилгын зөрчлийн талаарх ойлголтыг буруу тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн ажлаас халсан тушаалдаа хөдөлмөрийн дотоод журмын 9.2.5-д заасан заалтыг үндэслэсэн байх ба хөдөлмөрийн гэрээний заалтыг хэрэглээгүй байдаг. Гэтэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2-т хэрхэн нийцэж байгаа талаарх дүгнэлтийг огт хийгээгүй нь хэргийг шударгаар шийдвэрлээгүйг харуулж байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар талууд хэрхэн тохиролцсон талаарх байдалд шүүх үндэлэл бүхий дүгнэлт хийхийн оронд хэрэгт авагдсан нотлох баримтаар ажилтан ямар эрх эдэлж, үүрэг хүлээх, хөдөлмөрийн гэрээ нь 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан эрх зүйн үр дагавар үүсэх эсэхэд дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байж дараа нь түүнийг цуцлах тухай яригдах ба хэрэв хүчин төгөлдөр байгуулаагүй бол түүнийг цуцлах нь өөр өөр эрх зүйн үр дагавар бий болгох ёстой байтал ийнхүү шүүх хэт нэг талыг барьж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан эсэх, хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн нэг болох ажлын байрны тодорхойлолт байгаа эсэх, энэ талаар талууд харилцан тохиролцсон эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ зүйлиййн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй" гэсэн байх ба хэрэгг хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг байгуулж ажлын байрны тодорхойлолт танилцуулж, тохиролцсон талаарх баримтаа ирүүлээгүй байдаг. Өмгөөлөгчийн хувьд хариуцагчаас ажлын байрны тодорхойлолтыг гаргуулах хүсэлт гаргасан ч гаргаж өгөөгүй, харин “байхгүй” гэж тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байх учиртай. Хэрэв хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй талаар мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан хуулийн заалтыг шүүх огт тайлбрлан хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн “40.1 Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, “40.2 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, “40.3. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг тус тус зөрчин үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгуй гэж үзэж байна. Ингэж үзэх учир нь нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын “ноцтой”-д тооцогдох зөрчил гаргаагүй болохоо нотолж Монголын өмгөөлөгчдийн холбооноос зарласан сургалтанд хамрагдах хүсэлтээ захирал О.Ганбаатарт тавьхад өөрөө төлбөрөө төлөөд суралцахыг зөвшөөрч харин 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал цалинтай чөлөө өгсөн гэдэг ба хариуцагч тал үүнийг маргадаггүй, харин хүлээн зөвшөөрдөг, нөгөө талаас 2016 оны 10 дугаарын 03-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас/өвчтэй/ ажилдаа очиж чадаагүй ба энэ тухайгаа ажил олгогчийн төлөөлөгч болох хэлтсийн даргадаа мэдэгдсэн гэдэг ба үүнтэй мөн хариуцагч талаас маргадаггүй. Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг нэхэмжлэгч З.Чинзориг нь ажилдаа ирээд өгсөн гэдэг ба харин хариуцагч тал түүнийг хуурамчаар үйлдсэн тухай маргаж, үүнийг үндэслэн ажил тасалсан гэж үзэж халсан тухай тайлбарладаг. Энэ талаар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа дурьдсан байдаг. Гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч бичгээр гаргасан тайлбараасаа татгалзаж, түүнийг сургалтанд суугаагүй гэж үзсэн боловч энэ талаарх зөрчлийг тогтоогоогүй, мөн эмчээс хуурамч баримт авсан гэж үзээгүй нийт ажлаас хоцорсон, эрт буусан талаар тайлбарладаг. Энэ зэргээс үзвэл З.Чинзоригийн ямар зөрчил хэзээ гаргасныг нэг бүрчлэн тогтоолгүй халсан болох нь харагддаг. Ийхүү хариуцагч талын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, шүүхэд өмнө нь бичгээр гаргаж өгсөн тайлбарын аль нь үнэн зөв, бодит үнэнд нийцсэн нь тогтоогдохгүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5. Шүүхэд хариуцагч талын гаргаж өгсөн цагийн бүртгэл гэх маягт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, цаг нь үнэн зөв гарсан эсэх нь тодорхой эргэлзээтэй баримт, түүнд гараар бичиж тэмдэглэсэн тэмдэглэлийг эргэлзээгүй талаас нь үнэлэхийн оронд ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан ...урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцох ямар ч нотлох баримт байхгүй гэж заасныг шүүх зөрчин нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-01-09-ний өдрийн 53 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч З.Чинзориг нь Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч З.Чинзориг нь Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн захирлын 2013.01.21-ний өдрийн Б/12 тоот тушаалаар хуулийн зөвлөхийн албан тушаалд томилогдсон /хх-40/ мөн компанийн захирлын 2016.10.27-ны өдрийн Б/93 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.5 дахь заалтуудаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн /хх-39/ болох нь тус тус хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч З.Чинзоригийг ажил олгогч нийт 28 цаг ажил тасалсан гэж нэгтгэсэн энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах зөрчилд хамаарч байна. З.Чинзориг нь удаа дараа ажил тасалж хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан, гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтойд тооцогдох зөрчил гаргасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллагын нэхэмжлэгч З.Чинзоригийг удаа дараа ажил тасалсан гэж нотолж буй хэрэгт авагдсан ажлын цагийн цахим бүртгэл нь хуулийн шаардлага хангаагүй цахим бүртгэл гэсэн атлаа гараар бүртгэгдсэн, уг бүртгэлд “бүртгүүлээгүй” гэсэн гараар бичсэн бичвэр “ажил тасалсан” болон ажилдаа ирсэн ч цахимаар бүртгүүлээгүй аль нь болох нь тодорхойгүй. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгч З.Чинзоригийг 75 удаа бүртгүүлээгүй, 37 удаа хоцорсон, ажлаас эрт гарсан 5 цаг 54 минут, 55 цаг чөлөө авсан 28 удаа ажил тасалсан гэж мэтгэлцэж байгаа боловч үүнийгээ өөр бусад нотлох баримтаар нотлоогүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч З.Чинзоригийг хариуцагч байгууллага 2016.10.29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хуульчдын үргэлжилсэн цагийн сургалтанд суугаагүй, сургалтын дараах 10 сарын 3, 4, 5-ны өдрүүдэд ажил тасалсан гэсэн тайлбар гаргасан/ хх-25/ ба хуульчийн үргэлжилсэн цагийн сургалтанд сууж гэрчилгээ авсан, 10 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд өвчилж эмчид үзүүлж акт авч байсан /хх-35-36/ болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн 2 үндэслэлийг заасан байх ба ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тохиолдолд дээрх 2 үндэслэлийн аль 1-ийг баримтлах учиртай.

Ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх ба зөрчил тус бүрт арга хэмжээ авсан байхыг шаардахгүй. Ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд хуульд заасан нийтлэг болон тусгайлсан шаардлагыг хангасан байх төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах ёстой.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгч З.Чинзоригийг сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлийг зааж байгаа боловч сахилгын зөрчил давтан гаргасан болохыг нотолж чадаагүй байна. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Эрдэнийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн захиргаа нэхэмжлэгч З.Чинзоригт ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ажлаас халсан өдөртөө гардуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-ийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч З.Чинзоригийг удаа дараа ажил тасалсан, сахилгын давтан зөрчил гаргасан нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч З.Чинзоригийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч З.Чинзоригийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсан сүүлийн 3 сар буюу 8, 9, 10 дугаар сарын цалингийн дундажаар тооцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...З.Чинзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч З.Чинзоригийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4.623.080 төгрөг гаргуулж З.Чинзоригт олгосугай гэж,

2.Шийдвэрийн 2 дахь заалтанд “...дурдсугай” гэснийг “дурдаж гэж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 88.919 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Шийдвэрт нэхэмжлэгч З.Чинзоригийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн санхүүгийн албанд даалгасугай гэсэн заалт нэмж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ