Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2020/0173/з |
Дугаар | 001/ХТ2020/0342 |
Огноо | 2020-09-23 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2020/0342
П.Н-ын гомдолтой, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын
Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны
хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.Ж-д
холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0329 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 420 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Б.З, хариуцагч Ц.Ж нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0329 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан П.Н-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 420 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан П.Н-ын гомдлоос зарим хэсгийг хангаж Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.Ж-ын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0123740 дугаартай шийтгэлийн хуудсын 56.000.000 вонны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний 131.040.000 төгрөг хураасныг 86.040.000 төгрөгөөр, 19.656.000 төгрөгөөр торгосныг 12.906.000 төгрөгөөр тус тус тогтоон хэмжээг нь багасгасугай” гэж, 2 дахь заалтын “үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай” гэснийг “үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 420 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Анхан шатны шүүх “Зорчигч гаалийн байгууллагад амаар мэдүүлсэн, бичгээр мэдүүлэх боломж олгоогүй” талаар үндэслэлгүй дүгнэлт хийсний зэрэгцээ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.” гэж дүгнэжээ.
4. Харин хавтаст хэрэгт авагдсан видео бичлэг болон бусад баримтаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буюу Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн аюулгүй байдлын хяналтын бүсээр нэвтэрсний дараа гаалийн хяналтын байцаагч байгаагүй болон гаалийн мэдүүлэг бөглөх хэсэг байгаагүй болох нь хангалттай нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлалгүй үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхэд хүргэсэн. Эсрэгээрээ хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсанчлан нэхэмжлэгч П.Н-д нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн КЕ868 аяллын дугаар бүхий нислэгээр зорчихоор Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийг нэвтрэхдээ БНСУ-ын мөнгөн дэвсгэрт болох 56.000.000 вонныг аюулгүй байдлын албаны рентген аппаратад оруулж, улмаар гаалийн байцаагч ирсэн даруйд мөнгөтэй явж байгаагаа амаар илэрхийлсэн үйл баримт хангалттай тогтоогдсон байдаг.
5. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, …мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж өгсөн бол Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ...валютыг, 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг ойлгохоор, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах журам, мэдүүлэгчийн үүргийг хуульчилжээ...” гээд хилийн шалган дээр бүртгүүлэхээр хүлээгээд зогсож байхад нь араас нь очиж гаалийн улсын байцаагч саатуулсан, энэ үед бэлэн мөнгөтэйгөө явж байгаагаа хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон байна.” гэж дүгнэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүйгээс дээрх дүгнэлтийг гаргажээ. Монгол Улсад мөрдөж буй Гаалийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудаар улаан, ногоон гарцыг сонгож үйлчлүүлэх боломжоор хангасан байх ёстой, ингээгүй тохиолдолд гаалийн байцаагч бичгээр мэдүүлэх бүхий л бололцоогоор хангах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогддог. Тодруулбал давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж гаалийн байцаагчтай нүүр тулаад эрх зүйн харилцаанд орсон цаг хугацаа, гэрчүүдийн мэдүүлэгт тусгагдсан тухайн үеийн нөхцөл, үйл баримтыг анхаарч үзээгүйгээс Гаалийн байгууллагын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан “амаар” мэдүүлэх эрхийг баталгаажуулсан хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.
7. Түүнчлэн мэдүүлэг байрласан газар, байршил өөрчлөгдсөн байсан тодорхой үйл баримтыг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт заасан “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэснийг биелүүлээгүй гэж үзэхэд хүргэж байна. Ингэснээр Гаалийн тухай хуульд заасан иргэний эрх болох Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. “Мэдүүлэгч дараах эрх эдэлнэ”, 57.1.1. “гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх”, 57.1.2. “барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих”, 58 дугаар зүйлд заасан Гаалийн мэдүүлэг өгөх хугацаа гэсний 58.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэгч барааг гаалийн хяналтын бүс, эсхүл гаалийн түр агуулахад байх хугацаанд гаалийн байгууллагад мэдүүлнэ” гэсэн эрхүүд тус тус хэрэгжих боломжгүй болж байна.
8. Учир нь энэ эрхүүд иргэн хүний хувьд гаалийн байцаагчтай нүүр тулсан үеэс хэрэгжих боломжтой юм. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж заасан тул П.Н-д нь гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн үеийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтуудаар гаалийн аюулгүй байдлын хяналтын бүс гаалийн хяналтын бүс тусгайлан зааглагдаагүй байсан болох, уг аюулгүй байдлын бүс өнгөрсний дараа гаалийн улсын байцаагч нар огт байгаагүй зэргийг анхаараагүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэх, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх үндэслэл болжээ.
9. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтуудаар анхан шатны шүүхийн “Хил нэвтэрсэн гэж үзэхгүй, мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн үйлдэл хийгээгүй, Зөрчлийн тухай хуульд завдах тохиолдлыг хуульчлаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байдаг. Давж заалдах шатны шүүхээс “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан зөвшөөрсөн хэмжээнээс илүү бэлэн мөнгөтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахдаа үнэн зөв мэдүүлээгүй нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болох бөгөөд “Мөнгө угаах”, “Терроризмыг санхүүжүүлэх” гэм буруу, зорилго тогтоогдсон байхыг шаардахгүй, гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлээгүй зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих” гэдэгт хамааруулсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу гэж” дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ.
10. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн “Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй”, Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийн “тухайн үйлдэл эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг заалтад нийцэж байгаа эсэх” гэсэн заалтуудад нийцэхгүй юм. Давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийн заалтуудыг мөрдөөгүй нь “...Хэдийгээр П.Н-д нь БНСУ-аас автомашин, сэлбэг хэрэгсэл импортолж, худалдах үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг, хилээр нэвтрүүлсэн их хэмжээний валют нь амьжиргааны эх үүсвэр нь болох талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа ч энэ нөхцөл байдал нь зөрчил гарсныг үгүйсгэх, хөнгөрүүлэх үндэслэл болохгүй бөгөөд шүүх гагцхүү хуульд захирагдах зарчимтай гэсэн өрөөсгөл дүгнэлт гаргахад нөлөөлжээ.
11. Иймд миний бие илтэд хууль зөрчсөн, улсын байцаагчийн шийтгэвэрт бичсэнчлэн үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн үйлдлийг гаргахыг завдсан гэх үйлдлийг гаргаагүй, иймд үйлдэл хийх ямар ч шаардлага байхгүй байсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
13. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ...валютыг, 3.1.8-д “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг ойлгохоор, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-т “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ” гэж тус тус заажээ.
14. Хэрэгт авагдсан баримтаар П.Н-д нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн КЕ868 аяллын дугаар бүхий нислэгээр зорчихоор Чингис Хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийг нэвтрэхдээ БНСУ-ын мөнгөн дэвсгэрт 56.000.000 вонныг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, гаалийн хяналт шалгалтаар /рентгенээр/ их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байгаа нь илэрсэн тул хилийн шалган дээр бүртгүүлэхээр хүлээгээд зогсож байхад нь түүнийг гаалийн улсын байцаагч саатуулсан, энэ үед тэрээр бэлэн мөнгөтэй явж байгаагаа хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд гомдол гаргагчийн энэхүү үйлдэл нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил байна.
15. Харин анхан шатны шүүх гомдол гаргагчийг “хил нэвтэрсэн гэж үзэхгүй”, “гаальд мэдүүлэх мөнгөө амаар мэдүүлсэн байна” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, мөн зөрчилд холбогдогч “мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн үйлдэл хийгээгүй, Зөрчлийн тухай хуульд завдах тохиолдлыг хуульчлаагүй”, “маргаан бүхий акт нь зорилгодоо нийцээгүй” гэх зэргээр хууль тогтоомжийг буруу тайлбарласан, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд тус шүүхээс эдгээр үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
16. Иймд, “...П.Н-д нь гаалийн байцаагч ирсэн дариуд мөнгөтэй явж байгаагаа амаар илэрхийлсэн, давж заалдах шатны шүүх Гаалийн байгууллагын тухай хуулийн “амаар” мэдүүлэх эрхийг баталгаажуулсан заалтыг хэрэглээгүй, гаалийн аюулгүй байдлын бүс, хяналтын бүс тусгайлан зааглагдаагүй байсан, аюулгүй байдлын бүс өнгөрсний дараа гаалийн улсын байцаагч нар огт байгаагүй зэргийг анхаараагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-8-д заасан гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
17. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж ямар нэгэн урьдчилсан нөхцөл заалгүйгээр, өөрөөр хэлбэл зорилгоос үл хамаарч мэдүүлэхийг үүрэг болгосон нь улсын хилээр нэвтрүүлж буй их хэмжээний мөнгө, гадаад валютын урсгалыг хянах, улмаар уг хуулийн 15.2-т зааснаар мэдүүлсэн бэлэн мөнгөний мэдүүлгийг гаалийн байгууллага нэгтгэж, сар бүр холбогдох журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх зорилготой байх тул “...хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан зөвшөөрсөн хэмжээнээс илүү бэлэн мөнгөтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахдаа үнэн зөв мэдүүлээгүй нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болох бөгөөд “мөнгө угаах”, “терроризмыг санхүүжүүлэх” гэм буруу, зорилго тогтоогдсон байхыг шаардахгүй...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
18. Иймд, “давж заалдах шатны шүүх дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан хяналтын гомдол, мөн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсний 22.1-д Гаалийн байгууллагад: үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн; тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тодорхой заасан тул “... “Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй”... гэсэн заалтад нийцээгүй, давж заалдах шатны шүүх өрөөсгөл дүгнэлт хийсэн...” гэх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 10-т заасан хяналтын гомдол үндэслэлгүй.
19. Хариуцагчаас давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актаар тогтоосон хариуцлагын хэмжээнд /хураасан мөнгө болон торгуулийн хэмжээнд/ өөрчлөлт оруулсантай холбогдуулан гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөхгүй.
20. Дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 420 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ