Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 33

 

Д.Бат-Амгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                              

          Прокурор Н.Мөнгөнсүх,

          Ялтан Д.Бат-Амгалан  /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа, Ц.Гансүх,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Бат-Амгаланд холбогдох эрүүгийн 2016 2502 1524 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хотгоод овгийн Даваасүрэнгийн Бат-Амгалан, 1979 оны 4 дүгээр сарын 20-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын хд37 дугаар байрны 109 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИВ79042010/,

Д.Бат-Амгалан нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна зогсоол дээр өөрийн эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн маргалдах явцдаа хохирогч Ж.Туяагийн “Iphone-5” загварын гар утсыг авч шидэн санаатайгаар гэмтээж, 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Бат-Амгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бат-Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэх буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Амгаланд 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone-5” загварын 1 ширхэг эвдэрсэн гар утсыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг “сиди” хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Д.Бат-Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Бат-Амгалан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...3 хүүхдээ паркт тоглуулаад цааш явах гэтэл эхнэр Ж.Туяа нь “өгч явуулахгүй” гэж саад болсон. Ж.Туяаг над руу дөхөж ирэх үед би гараараа цээжин тус газар нь тулж, өөртөө ойртуулахгүй гэж зай барьсан. Ж.Туяа уурлаж, маргалдах үедээ намайг алгадаад байдаг учир би гараараа зай барьж түлхсэн. Харин хоолойг нь боож, цохисон зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн. /хх-18/

2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 7098 дугаар шинжээчийн дүгнэлтээр шанаа болон эрүү хэсэгт гэмтэл тогтоогдоогүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Туяа гэмтсэн гэх өдрийн орой шууд шүүх эмнэлэгт цаг алдахгүйгээр үзүүлсэн тухайгаа мэдүүлсэн бөгөөд хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан Ж.Туяагийн гэрэл зурагт түүнийг боомилсон, шанаа, эрүү хэсэгт нь цохисон шинж тэмдэг байдаггүй. Харин ч түүний цээжинд тулж зай барьснаас үүссэн эгэм ясны 2 талд улайсан шинж илэрсэн байгаа нь Ж.Туяагийн мэдүүлэг худлаа, эргэлзээ төрүүлж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд: Миний бие өөрийн охин Б.Анударийн гарнаас Ж.Туяагийн гар утсыг булаах үед охин Б.Анударь гараа чангалан хүчтэй татах үед аль аль нь гар утсаа алдаж, гар утас хол шидэгдсэн. Миний охиноор бичлэг хийлгэж, хэрүүл маргаандаа оролцуулж байгаад дургүйцэж бичлэг хийхийг нь болиулах санаа зорилгоор гар утсыг нь булааж авах үйлдэл хийсэн бөгөөд надад гар утсыг эвдэх санаа зорилго байгаагүй.

Миний бие Ж.Туяагийн цээжин тус газар гараараа тулж улайлт үүсгэсэн, охин Б.Анударийн гараас гар утсыг нь авах үедээ гар утсыг нь унагаж эвдсэн санамсаргүй үйлдэл гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж шийтгэх тогтоолыг өөрчилж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Бат-Амгалангийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх заалтын дагуу мөн хуулийн 321 дугаар зүйлийн 321.1.1 дэх заалтыг үндэслэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт:

“...Шүүгдэгч Д.Бат-Амгалан 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь тархи доргилт, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7098 дугаар дүгнэлт, хэрэгт авагдсан гэрэл зургаар,

Хохирогч Ж.Туяагийн эзэмшлийн эд хөрөнгө болох “Iphone-5” загварын гар утсыг шидэн санаатайгаар гэмтээсэн нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34/, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээгээр /хх-46/ тус тус тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч Ж.Туяагийн “Iphone-5” загварын гар утсыг шүүгдэгч, хохирогч нарын өмчлөлийн эд хөрөнгө гэж маргаж байгаа боловч шүүгдэгч, хохирогч нар өөрсдийнх нь шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээр 2015 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн ба хохирогч Ж.Туяа уг гар утсыг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр худалдан авсан нь баталгааны хуудсаар /хх-21/ нотлогдов.

Мөн насанд хүрээгүй гэрч нараас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийг зөрчиж байцаалт авсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сурган хүмүүжүүлэгчийг байлцуулан насанд хүрээгүй хохирогч нараас мэдүүлэг авснаар тэдний эрх ашгийг хохироосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Д.Бат-Амгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг авах боломжгүй гэж үзэв...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд:

Д.Бат-Амгалан нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “би 3 хүүхдээ паркт тоглуулаад цааш баярлуулахаар авч явах гэхэд Ж.Туяа нь өгч явуулахгүй гэж саад болсон. Ж.Туяаг дөхөж ирэх үед би гараараа цээжин тушаа тулж, өөртөө ойртуулахгүй гэж зай барьсан. Ж.Туяа уурлаж маргалдах үедээ намайг алгадаад байдаг. Тийм учраас гараараа зай барьж түлхсэн. Харин хоолойг боомилж, цохиогүй, намайг гүтгэж байна” гэж мэдүүлдэг. /хх-18/

Ж.Туяа нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “шууд багалзуурдаж аваад боосноос шалтгаалан хүзүү улайсан /хх-6/, зүүн талын шанаа, эрүү хэсэг рүү нэг удаа гараараа цохисон /хх-8/” гэж мэдүүлдэг.

А) Ж.Туяагийн мэдүүлэг зөрүүтэй байгаа нь шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 7098 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-13/-д хэсэг газрын үзлэгээр шанаа болон эрүү хэсэгт гэмтэл тогтоогдоогүй байгаагаас харагдаж байна.

B) Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Туяа нь гэмтсэн гэх орой шууд шүүх эмнэлэгт цаг алдалгүй очиж үзүүлсэн тухайгаа мэдүүлсэн. Тэгвэл хавтаст хэргийн 23 дугаар хуудаст авагдсан Ж.Туяагийн фото зургаар боомилсон, шанаа, эрүү рүү цохисон гэх шинж тэмдэг байхгүй, харин Д.Бат-Амгалангийн гараараа цээжинд нь тулж зай барьснаас эгэм ясны 2 талд улайсан шинж тэмдэг илэрсэн байгаа нь Ж.Туяагийн мэдүүлэг эргэлзээ төрүүлж Д.Бат-Амгалангийн мэдүүлэг үндэслэлтэй байгаа нь харагдаж байна.

C) Шүүх насанд хүрээгүй гэрчүүд болох Б.Анударь, Б.Лувсандорж нарын мэдүүлэг/хх-10-11/-т аав нь болох Д.Бат-Амгалангийн гэм бурууг нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл мөрдөн байцаагч насанд хүрээгүй гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...эцэг, эх хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садангийн хүн, түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах” бөгөөд тэдэнд эрх үүргийг нь тайлбарлан/гэр бүлийн гишүүн буюу эцгийнх нь эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх/ өгч байцаалт аваагүй. Шүүх процессын алдааг гаргаж авсан мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцох нь буруу юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “Хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Хэрэгт хохирогч Ж.Туяад хөнгөн гэмтэл учруулсан байж болох үйлдлийг 1-д Ж.Туяа өөрөө мэдүүлдэг. 2-т Насанд хүрээгүй гэрч Б.Анударь мэдүүлдэг. /хх-10/ Үүнээс өөр гэрч байхгүй. Мөн дээрх хоёр мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Зөрүүтэй болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэн гэм буруутай байна гэж үзэж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь буруу байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд:

Өмгөөлөгчийн зүгээс дараах 2 үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж байгаа юм .

А) Субъектив талын санаа зорилго байгаагүй:

А.Бат-Амгалан нь өөрийн охин Б.Анударийн гараас Ж.Туяагийн гар утсыг булаах үед охин Б.Анударь нь гараа чангалах үед хүчтэй татаж аль аль нь утсаа алдаж шидэгдсэн. Д.Бат-Амгалан нь охиноо хэрүүл маргаандаа оролцуулж бичлэг хийлгэж байгаад дургүйцэж, бичлэг хийхийг нь болиулах санаа зорилгоор утсыг нь булааж авах үйлдэл хийсэн нь мэдүүлгээс нь харагддаг.

- Гар утсыг Д.Бат-Амгалан нь бодит байдал дээр охин Б.Анударийн гараас татаж авах явцад шидэгдсэн. Энэ нь Б.Анударийн мэдүүлгээс харагддаг. Ж.Туяагийн гараас аваагүй, мушгиж шидээгүй.

- Ж.Туяа, Б.Лувсандорж хоёрын мэдүүлгээр гар утсыг Ж.Туяагийн гараас булааж авч шидсэн гэж зөрүүтэй мэдүүлдэг.

B) Объект буюу бусдын эд хөрөнгө биш:

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Бат-Амгалан, Ж.Туяа нар нь гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа хөдөлмөрлөж бий болгосон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 241 тоот 147.8 мкв хашаа байшин, гарааш, Сэлэнгэ зочид буудлын ард байрлах дугуй засвар, цайз зах дээрх түрээсийн талбай зэргийг түрээсэлж орлого олдог байсан ба Ж.Туяа нь өмгөөлөгч Ц.Гансүхийн асуултад одоогоор албан ёсоор ажил эрхлээгүй түрээсийн орлогоор амьдарч байгаа тухайгаа мэдүүлсэн.

Д.Бат-Амгалан, Ж.Туяа нарын гэр бүл нь өнөөдрийн байдлаар цуцлагдаагүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь салаагүй байгаа.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна” гээд 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгө” гэж хуульчилсан.

Ж.Туяагийн “Iphone-5” загварын гар утас нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын “хөдлөх эд хөрөнгө”-д хамаарч байх тул энэ гэмт хэргийн объект буюу “бусдын эд хөрөнгө” биш юм.

Ж.Туяа нь Д.Бат-Амгалангийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж түүнийг нь шүүгч 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 101/Ш32016/14247 тоот захирамж гарган шийдвэрлэснийг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж оруулсан. Эндээс автомашин дундын хөрөнгө болж байгаа нь, “Iphone-5” загварын гар утсыг дундын эд хөрөнгө гэж үзэж байгааг нотолж байна.

Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүн “объект”-ийн шинжийг агуулаагүй байхад гэм буруутай гэж үзэж шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Д.Бат-Амгалангийн өмгөөлөгч Б.Онолтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Д.Бат-Амгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Д.Бат-Амгалан нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна зогсоол дээр өөрийн эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн маргалдах явцдаа хохирогч Ж.Туяагийн “Iphone-5” загварын гар утсыг авч шидэн санаатайгаар гэмтээж, 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Туяагийн “...2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай баг охин болох Б.Намуундарийн төрсөн өдөр байсан, нөхөр Д.Бат-Амгалан нь залгаад хүүхдийн төрсөн өдөр болж байгаа болохоор хүүхдүүдээ авч гаръя гэж хэлсэн, тэгээд би хүүхдүүдээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр цуг хүргэж өгөөд 17.00 цагийн үед иргэж авна гэж хэлчихээд явсан. Тэгээд би 17 цагийн орчим хүүхдийн парк орох гэж байсан чинь өөдөөс гараад ирсэн. Тэгээд бид 5 миний автомашин дотор хоол ундаа идэж дуусгаад одоо хэдүүлээ явъя гэж хэлэхэд Д.Бат-Амгалан “би хүүхдүүдээ дүү нарлуугаа авч явна” гэхээр нь “хэрэггүй чи бид хоёрын амьдралд ах дүүгийн оролцоо хэрэггүй аав нь өөрөө уулзсан бол болоо, одоо тийм шаардлага байхгүй” гэж хэлэхэд нөхөр Д.Бат-Амгалан “би тэгүүл Б.Намуундарийг авч явна” гэхэд “үгүй” гэж хэлэхэд шууд автомашинаас Б.Намуундарийг аваад өөрийнхөө автомашин руугаа явсан. Удалгүй Б.Анударь дүүгийнхээ араас гүйгээд бариад авсан. Б.Намуундарь нь “автомашинд суухгүй” гэхэд Д.Бат-Амгалан нь Б.Намуундарийг урд талын суудал руу чихэж оруулсан тэгээд би гүйж очиход автомашины хаалга түгжсэн байсан. Би жолоочийн хажуу талын хаалгыг онгойлгосон байсан чинь Д.Бат-Амгалан автомашиныг тойрч ирээд миний хоолойноос багалзуурдаж ална шүү гээд арагшаа түрээд хойд талд байсан “Ланд” загварын автомашин руу багалзуурдсан чигээрээ түлхэж түрсэн. Энэ хооронд хүү маань 2 дүүгээ автомашинаас буулгасан юм шиг байна лээ. 2 охин над дээр гүйгээд ирсэн. Бага нь миний хөлнөөс тэврээд уйлаад байсан, том охин хүн дуудаад цаашаа гүйсэн. Тэгээд Д.Бат-Амгалан гараа суллаад миний зүүн талын шанаа, эрүү хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Б.Анударь, Б.Намуундарь нар “болиоч ээ” гээд уйлаад байсан. Б.Анударь хүн дуудах гээд явах хооронд би Д.Бат-Амгалангийн гараас мултарсан. Бид гурвыг явуулахгүй хэл амаар доромжлоод байсан тул том охин Б.Анударь миний гараас гар утсыг авч бичлэг хийж эхэлсэн чинь Д.Бат-Амгалан “наад утсаа боль хохьчин шүү, гар утсыг чинь аваад эвдчихнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд Б.Анударь айгаад гар утсаа надад өгсөн чинь Д.Бат-Амгалан миний гараас гар утсыг булаан авч гар утсыг мушгиад хамаг хүчээрээ шидсэн. Хажуу талаас 10 орчим насны хүүхэдтэй цуг явж байсан 25 орчим насны эмэгтэй  “та болиоч ээ, ямар аймаар юм бэ” гэсэн чинь Д.Бат-Амгалан “чамд хамаагүй, чи дуугүй бай” гэж хэлсэн. Тэр охин цагдаа дуудаж өгсөн. ...Д.Бат-Амгалан намайг ална гэж дайраад миний хоолойг 2 гараараа багалзуурдаж түрээд, баруун гараа зангидаж байгаад миний эрүүний зүүн хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед миний толгой манарсан, эрүү, хүзүү зулгарсан байсан....” /хх-8, 36-37/,

Насанд хүрээгүй гэрч Б.Анударийн “...Аав “бид гурвыг дүү нарынхаа гэр лүү аваачиж хоол идүүлмээр байна” гэхэд ээж “одоо би авч явж баярлуулмаар байна” гэсэн чинь аав “ядаж Б.Намуундарийн төрсөн өдөр болж байгаа болохоор Б.Намуундарийг аваад явъя гээд аваад автомашинаас буусан. Тэгээд би дүүгийнхээ араас явахад тэгвэл гурвуулаа явъя гээд дүү бид хоёрыг аав өөрийнхөө автомашин руугаа чихэж оруулаад Д.Намуундарийг уйлуулаад автомашины хаалгыг түгжсэн. Би аавын автомашиныг дотор талаас нь хаалганы цоожийг онгойлгож Б.Намуундарь бид хоёр автомашинаас бууж ирээд ээжийг хамгаалах гээд очтол аав Б.Намуундарь бид хоёрыг тойроод ээжийг багалзуурдаад хүзүү хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Ээж Б.Намуундарь бид хоёрыг аваад өөрийнхөө автомашин руу авч явж байхад аав, ээж хоёр хэрэлдээд байсан. Тэгэхээр нь ээжийн гарт байсан гар утсыг аваад бичлэг хийхэд аав намайг сүрдүүлээд “гар утсыг шиднэ шүү” гэхэд би айгаад ээжид гар утсаа өгөх гэж байхад аав булааж аваад гараараа мушгиад шидсэн тэгтэл нэг эгч хүрч ирээд “та ямар аймаар юм бэ болиоч ээ” гэж хэлэхэд аав тэр эгчид “бид нарын амьдрал чамд хамаагүй яв” гэсэн. Тэр эгч ээжид “цагдаа дуудаач” гэхэд, ээж “тэгэх завдалгүй миний гар утсыг хагалчихлаа” гэж хэлсэн. Тэр эгч “миний гар утсаар ярь” гээд гар утсаа  өгтөл аав ирээд гар утсыг нь эвдлэх гээд байсан. Тэгээд тэр эгч өөрөө гар утсаа аваад цагдаа дуудсан. Аав удалгүй яваад өгсөн...” /хх-10/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Лувсандоржийн “...Манай дүү Б.Намуундарийн төрсөн өдөр болж байсан аав Д.Бат-Амгалан, би, 2 дүүгийн хамт хүүхдийн паркаас гарч байхад ээж бид гурвыг авах гээд ирсэн байсан. Тэгтэл аав “бид гурвыг дүү нарлуугаа авч явна” гэхэд ээж “өгөхгүй” гэж хэлэхэд манай бага дүү болох Б.Намуундарийг хүчээр аваад явсан. Манай том охин дүү маань бага дүүг авчрах гээд араас нь гараад гүйсэн. Ээж хоёр дүүг авчрах гээд автомашинаас бууж аавын автомашин руу явсан. Тэгтэл аав хоёр дүүг автомашиндаа суулгаж байх шиг харагдаж байсан. Тэгтэл аав ээжийг багалзуурдаад өөр автомашины араар аваад орсон. Тэгээд би гүйж очоод хоёр дүүг аавын автомашинаас аваад, аавын автомашины түлхүүрийг гаргаж шидсэн. Ээжээс автомашины түлхүүр аваад ээжийн автомашиныг түгжээд буцаад ирэхэд аав, ээж хоёр хэрэлдээд байж байсан. Дүү Б.Анударь ээжийн гарт байсан гар утсыг авч бичлэг хийж байсан. Тэр хооронд би аавын автомашины түлхүүрийг хайхаар явсан тэгээд буцаад иртэл дүү Б.Анударь ээжид гар утсаа өгч байсан ээжээс аав гар утсыг нь булааж аваад гар утсыг нь шидсэн. Би шидсэн гар утсыг нь очиж авсан. Аав, ээж хоёрыг хэрэлдэж байхад хажуу талаас хүүхэд дагуулсан эмэгтэй хүн ирээд “та болиоч ээ” гэж хэлсэн. Тэгээд тэр эгч өөрөө цагдаа дуудаж өгсөн. Цагдаа ирэхээс өмнө аав яваад өгсөн...” /хх-11/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Туяагийн биед тархи доргилт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 7098 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-12-13/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23-24/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-33/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35/, эд зүйлийн үнэлгээ /хх-46/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Д.Бат-Амгаланд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтны гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүхээс Д.Бат-Амгаланг 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн байх боловч Д.Бат-Амгаланд холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй гэрч Б.Анударь, Б.Лувсандорж нараас мэдүүлэг авахдаа сурган хүмүүжүүлэгч оролцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “...Насанд хүрээгүй гэрчийг байцаахдаа түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах...” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд ялтан Д.Бат-Амгалан нь хохирогч Ж.Туяад хохирол гэж 500.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Д.Бат-Амгалан нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл гэм бурууд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв байх тул ялтан Д.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Прокуророос Д.Бат-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Д.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                         Т.ӨСӨХБАЯР

                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ