Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 49

 

Д.Бат-Амгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, Б.Онолтуяа

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82А дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар магадлалтай 201625021524 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Б.Онолтуяа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Хотгоод овогт Даваасүрэнгийн Бат-Амгалан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бат-Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Прокуророос Д.Бат-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Д.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ц.Гансүх, Б.Онолтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Д.Бат-Амгалан нь анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нөхцөл байдалд нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж болохоор байна. Д.Бат-Амгалан учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн хохирогч Ж.Туяагаас удаа дараа уучлал хүсэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буйгаа илэрхийлсэн ч гэсэн Д.Бат-Амгалангийн уучлалыг хүлээн авахгүй байгаа нь хохирогч, холбогдогч нарын гэр бүлийн харилцаа маргаантай байгаа асуудал зэргээс шууд хамааралтай нь илт харагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Бат-Амгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...өөрийн үйлдсэн хэрэгтээ үнэн голоосоо гэмшиж, харамсаж байна. Ар гэртээ болон 3 хүүхэддээ маш их санаа зовж байна. Цаашид хэрүүл маргаан гаргахгүй, ахин эхнэртэйгээ маргаж хүүхдүүдээ булаацалдахгүй. Миний энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж, хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...шүүх хохирогч Ж.Туяа нь худал буюу зөрүүтэй мэдүүлэг өгч байсныг мухарлаж эцэслэн шийдвэрлээгүй, хохирогч ямар санаа зорилгоор гомдол гаргаж, ямар үр дүн хүсэж байсныг нарийн тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Д.Бат-Амгаланг яллах нь хохирогчид ямар ашигтай, ач холбогдолтой гэдэгт үнэлэлт өгч шалгаагүй. Шүүх насанд хүрээгүй гэрч болох Б.Анударь, Б.Лувсандорж нарын мэдүүлгээр аав нь болох Д.Бат-Амгалангийн гэм бурууг нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл мөрдөн байцаагч насанд хүрээгүй гэрчүүдийг байцаахдаа “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүн буюу эцгийнх нь эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлан өгч байцаалт аваагүй. Шүүх процессын алдаа гаргаж авсан мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцох нь буруу юм. Гар утсыг Б.Бат-Амгалан нь охин Б.Анударийн гараас татаж авах явцад шидэгдсэн. Энэ нь охин Б.Анударийн гэрчийн мэдүүлэг болон хохирогч Ж.Туяагийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өргөдөл дээрээс харагддаг. Мөн Д.Бат-Амгалан, Ж.Туяа нарын гэр бүлийн баталгаа өнөөдрийн байдлаар цуцлагдаагүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь салаагүй байгаа юм. Ж.Туяагийн “Iphone-5” маркийн гар утас нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын “хөдлөх хөрөнгө”-д хамаарч байх тул энэ гэмт хэргийн Обьект буюу “Бусдын эд хөрөнгө” биш юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн захирамж болон тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Д.Бат-Амгалангийн “Iphone-5” маркийн гар утсыг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөнд тооцуулахаар шинжээчээр үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн зэргээс харахад Ж.Туяагийн “Iphone-5” загварын гар утсыг дундын эд хөрөнгө гэж үзэж байгааг нотолж байна. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүн/Обьект/-ий шинжийг агуулаагүй байхад гэм буруутай гэж үзэж шийтгэх тогтоол, магадлал гаргасан нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч нь хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдын эрх чөлөөнд халдаж, бусдын биед гэмтэл учруулсан, мөн бусдын өмчлөлд байсан “Iphone-5” загварын гар утсыг эвдэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Д.Бат-Амгалан нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гаднах автомашины зогсоолд өөрийн эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн маргалдах явцдаа хохирогч Ж.Туяагийн “Iphone-5” загварын гар утсыг авч шидэн санаатайгаар гэмтээж, 190.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн санаатай гэмтээсэн гэх “Iphone-5” загварын гар утсыг шүүгдэгч, хохирогч нарын гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж маргаж байгаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн тухайн гар утас нь хохирогчийн хуваарьт хөрөнгө хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Нөгөөтэйгүүр гэрлэснээс хойш бий болсон бүх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж тооцдоггүй бөгөөд гар утас нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-т заасны дагуу зориулалт, шинж чанарын хувьд гэр бүлийн гишүүний амин хувийн хэрэгцээг хангахад зориулагдсан, хувийн шинж чанартай мэдээлэл агуулсан Ж.Туяагийн хуваарьт хөрөнгө гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн 153 зүйлд  хамгаалагдахаар тодорхойлсон обьект буюу бусдын эд хөрөнгө мөн юм.    

Харин шүүх Д.Бат-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хохирлын хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нийтлэг зарчмыг бүрэн хангаж чадаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.    

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шинжлэн судалж үзвэл, хохирогч, шүүгдэгч нарын хамтын амьдралын түүх, харилцааны маргаанаас үүдэн багагүй хугацаанд тус тусдаа амьдарч байсан бөгөөд өөрийн хүүхдүүдтэй уулзах, төрсөн өдөр нь тохиож байгаа охиндоо баяр хүргэх, хамт байх гэсэн эцэг хүний хүсэлтийг хүлээн аваагүй хохирогчийн харьцаа, хандлага зэрэг нь маргаан гарах сэдэл болсон байх бөгөөд үүнээс үүдэлтэй хэрүүл маргаанд хүүхдүүдээ татан оролцуулж, тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэх, хөндийрүүлэхэд чиглэгдэж байна гэж уурлаж бухимдан, бичлэг хийсэн Ж.Туяагийн гар утсыг авч шидэж гэмтээсэн үйл баримт тогтоогджээ.

Гэр бүлийн маргаан, таагүй харилцааны шалтгаан нь гэр бүлийн хүрээнээс гадуур харилцаанаас үүдэлтэй гэж дүгнэж болох мэдүүлгүүд хэрэгт авагдсан, гэтэл Д.Бат-Амгаланг гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлддэг байсан мэтээр Ж.Туяа гомдол, өргөдөл гаргасан байх бөгөөд холбогдох шалгалт хийсний дагуу үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон баримт хэрэгт авагдсан зэргээс үзэхэд гомдож өширхсөн, гэрлэлтээ цуцлуулахын тулд түүний хувийн байдлыг нь дордуулж харагдуулах зорилго агуулж байсан гэж дүгнэж болохоор байх тул хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хэн алины буруутай зан авир  нөлөөлсөн байгааг шүүх харгалзан дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзнэ.  

Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн дээрх нөхцөл байдлууд болон Д.Бат-Амгалан нь анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Бат-Амгалан түүний өмгөөлөгч Б.Онолтуяагийн нарын гомдлыг хүлээн авч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар магадлалд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч Д.Бат-Амгаланд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяагийн гомдлыг хүлээн авч, Ц.Гансүхийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧ                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН