Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 82

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ, хохирогч Ж.Туяа, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг /ҮД:0079/, шүүгдэгч Д.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ҮД:0838/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 7-13 насны 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 37 дугаар байрны 109 тоотод оршин суудаг,  ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ИВ79042010/ Хотгоод овогт Даваасүрэнгийн Бат-Амгаланд

 

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021524 дугаар 185/2016/0079/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Бат-Амгалан 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна зогсоол дээр өөрийн эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн маргалдах явцдаа хохирогч Ж.Туяагийн Ай фон 5 загварын гар утсыг авч шидэн санаатайгаар гэмтээж 190.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бат-Амгалангийн: Би Ж.Туяатай 16 жилийн хугацаанд ханилахдаа нэг ч удаа гар хүрч байгаагүй. Гэтэл одоо зодож, дарамталж байсан мэтээр дүгнэлт гаргуулж байгаад гайхаж байна. Нэг жилийн өмнө Ж.Туяа над руу аав, ах нарынхаа үхэлд намайг буруутгаж дайраад байхаар нь тэвчээр алдагдаж нэг удаа алгадаж байсан. Тэрнээс хойш Ж.Туяа болон түүний ээж намайг гэрт оруулаагүй бөгөөд 20 гаран хоног гадуур явсан. Би гадуур явж байхдаа Ж.Туяагаас хоолны мөнгө гуйж байгаагүй. Харин цамцны 50.000 төгрөг мөн найз маань нас бараад 20.000 төгрөг гуйж байхад өгч байгаагүй. Тухайн үед надад манай найз нөхөд тусалж байсан бөгөөд Ж.Туяа намайг нэг эмэгтэйтэй хардаж гэр бүл цуцлах өргөдөл гаргасан. Манай өмгөөлөгч эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргахад Ж.Туяа “буу тулгаж хүчирхийлдэг” гэж худал мэдүүлэг өгсөн. Тэгээд энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Гэртээ орж бурханд мөргөөд гарахаар бурханы мөнгө алга болчихлоо, машины түлхүүр алга болчихлоо гэх мэтээр хулгайд харддаг. Би аваагүй гээд маргалдахаар хорооны цагдаад ханддаг. Би нэг удаа хорооны цагдаа дээр очиж “хүчирхийлсэн асуудал байхгүй” гэж хэлэхэд дуудлага өгсөн учраас гээд намайг 5000 төгрөгөөр торгож байсан. Хорооны Засаг дарга Ж.Туяагаас асуулт асуухад хүчирхийлсэн мэтээр худал хариулж хүчирхийллийн өндөр эрсдэлтэй дүгнэлт гаргуулсан. 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин Номундарийн төрсөн өдөр болж хүүхдүүдтэйгээ парк дээр тоглож байхад манай ах, дүү нар ширээ зассан хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд паркийн үүдэнд Ж.Туяатай таараад “3 хүүхдээ аваад дүү нар дээрээ очъё” гэж хэлэхэд “чи хүүхдүүд авч явж хорлох нь” гэж ойлгомжгүй байдлаар харьцсан. Би “Номундарийн төрсөн өдөр нь болж байгаа учраас аваад явъя” гээд хөтлөөд машин руугаа явж байтал араас охин Анударь ирэхээр нь 2 охиноо хөтлөөд машин руугаа явсан. Гэтэл үүнийг Ж.Туяа хүчээр машин руугаа авч явсан гэж худал мэдүүлэг өгч байна. Тэгээд би 2 охинтойгоо машиндаа суугаад явах гэтэл Ж.Туяа араас ирэхээр нь машинаасаа буугаад “чи ямар сонин юм бэ, охиныхоо төрсөн өдрөөр ганц удаа аваад явъя” гэж хэлэхэд Ж.Туяа хүүхдүүдээ авах гээд урдаас дайрахаар нь цээж рүү нь гараараа тулсан. Тэрнээс Ж.Туяагийн хоолойг боож, толгой руу нь цохисон асуудал байхгүй.  Тухайн үед Лувсандорж хажууд байгаагүй бөгөөд ээж Ж.Туяагийн машинд сууж байсан. Хүүхдүүдэд үг заан өгч аавынх нь эсрэг мэдүүлэг өгүүлж байгаад гомдолтой байна. Би Ж.Туяатай эд хөрөнгийн маргаан хийгээгүй. Би өөрийнхөө жолоодож байсан машиныг зараад приус маркийн машин худалдаж авсан. Гэтэл Ж.Туяа “чи приус маркийн машинаа жолоодоод явж бай, надад машин зарсан мөнгөө өг, тэгээд хоёулаа салъя” гэж хэлээд дайрсан. Өмнө нь гэрт ороод Ж.Туяатай ярилцахаар байнга бичлэг хийж, хэрүүл өдсөн маягаар харьцдаг байсан. Парк дээр болсон асуудлын хувьд тухайн үед би Ж.Туяаг машины араар чирсэн зүйл болоогүй. Хэрвээ Ж.Туяагийн тархийг доргитол нь цохисон бол шанаан дээр ямар нэгэн ул мөр үлдэх ёстой. Намайг гүтгэж буруутгаж байгаад гомдолтой байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Гар утсыг 190.000 төгрөгөөр үнэлсэн байдаг бөгөөд хохирлыг төлж барагдуулсан. Тухайн үед Ж.Туяа эхэлж айфон-5 маркийн гар утсаар бичлэг хийж байгаад том охин Анударьд бичлэг хий гээд гар утсаа өгсөн. Тэгээд би охин Анударьд “миний охин битгий бичлэг хий, боль” гэж хэлэхэд бичлэг хийгээд байсан. Би бичлэгийг зогсоох зорилгоор охин Анударийн гарнаас гар утсыг булааж авах гэтэл чангалаад барихад нь хүчээр татаж авахад гар утас шидэгдэж хагарсан. Улсын яллагчийн зүгээс гар утсыг гэмтсэн гэж байна. Харин миний хувьд гар утасны хохирол арай бага байх ёстой гэж бодож байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Туяагийн: Д.Бат-Амгалан худал мэдүүлэг өгч байна. 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин Номундарийн төрсөн өдөр болж би хүүхдүүдээ аав Д.Бат-Амгалантай үлдээгээд 17 цаг өнгөрөөгөөд ирж авъя гээд явсан. Тэгээд би 17 цаг өнгөрөөгөөд парк дээр ирж хүүхдүүдээ аваад машиндаа суутал Д.Бат-Амгалан “хүүхдүүдээ аваад ах, дүү нар дээрээ аваачна” гэж хэлэхээр нь “хүүхдүүдээ өгч явуулахгүй” гээд зөвшөөрөөгүй. Тэгтэл Д.Бат-Амгалан охин  Номундарийг авч явна гээд машинаас хүчээр аваад явахад том охин Анударь дүү Номундарийг авах гээд араас нь очиход цаашаа цуг явсан. Тэгээд Д.Бат-Амгалан охин Номундарийг хүчээр жолоочийн талаараа машинд суулгахад Анударь машинд мөн суусан. Би машиныг хаагаад зогсоход охин Номундарь уйлахаар нь “болиоч” гэж хэлэхэд Д.Бат-Амгалан миний хоолойг боож, машинаас холдуулан ланд маркийн машин руу түлхээд шанаа хэсэг рүү цохиход би манарсан. Тэгээд охин Номундарийг аваад явсан. Харин том охин Анударь хүн дуудах гээд явсан байсан, хүү Лувсандорж хаана байсныг мэдэхгүй байна. Тэгээд би явах гэтэл Д.Бат-Амгалан “чам шиг усан тэнэг хүн байхгүй” гэж хэлэхээр нь охин Анударийг “ахыгаа дуудаад ир” гээд гар утастай гараа хөдөлгөхөд охин Анударь ирээд гар утсыг аваад бичлэг хийхэд Д.Бат-Амгалан “болихгүй бол утсыг чинь аваад шиднэ шүү” гэж хэлсэн. Охин Анударь бичлэг хийж байгаад Д.Бат-Амгалангаас айсандаа надад гар утсыг өгсөн. Тэгтэл Д.Бат-Амгалан миний гарнаас гар утсыг авч мушгиж байгаад шидсэн.Би гомдолтой,нэхэмжлэх зүйлгүй,утасны төлбөрийг авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Анударийн: ...2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай дүү Номундарийн төрсөн өдөр болж байсан. ...Аав Номундарь бид хоёрыг тойроод ээжийг багалзуурдаад хүзүү хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Ээж Номундарь бид хоёрыг аваад өөрийнхөө машин руу авч явж байхад аав ээж хоёр хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би ээжийн гарт байсан гар утсыг аваад бичлэг хийхэд аав намайг сүрдүүлээд утсыг чинь шиднэ шүү гэхэд би айгаад ээжид утсаа өгөх гэж байхад аав булааж аваад гараараа мушгиад шидсэн. Тэгтэл нэг эгч хүрч ирээд та ямар аймар юм бэ болиоч ээ гэж хэлэхэд аав тэр эгчид бид нарын амьдрал чамд хамаагүй яв гэсэн. ...Тэгээд тэр эгч цагдаа дуудсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Лувсандоржийн: ...2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай дүү Номундарийн төрсөн өдөр байсан. Аав, би, 2 дүүгийн хамт паркаас гарч байхад ээж бид гурвыг авах гээд ирсэн байсан. Тэгтэл аав бид гурвыг дүү нар руугаа авч явна гэхэд ээж өгөхгүй гэсэн. Гэтэл аав манай бага дүү Номундарийг хүчээр аваад явсан. Манай том дүү бага дүүг авчрах гээд араас нь гараад гүйсэн. Ээж 2 дүүг авчрах гээд машинаас бууж аавын машин руу явсан. Тэгтэл аав хоёр дүүг машиндаа суулгаж байх шиг харагдсан. Тэгээд аав ээжийг багалзуурдаад өөр машины араар аваад орсон. Тэгээд гүйж очоод 2 дүүг аавын машинаас аваад... ...буцаад ирэхэд аав ээж хоёр хэрэлдээд байж байсан. Анударь ээжийн гарт байсан гар утсыг авч бичлэг хийж байсан... ...аав ээжээс гар утсыг нь булааж аваад гар утсыг нь шидсэн...  Шидсэний дараа гар утас нь бүх юм нь салсан дэлгэц нь хагарсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №7098 тоот:

  1. Туяагийн биед тархи доргилт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-13/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35/, эд зүйлийн үнэлгээ /хх-46/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-24/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-47-48/, хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-58/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-52/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.  

 

Шүүгдэгч Д.Бат-Амгалан 2016 оны 5 сарын 21-ний өдөр эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие махбодид нь тархи доргилт, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, хохирогч Ж.Туяагийн эзэмшлийн эд хөрөнгө болох “Ай фон-5” маркийн гар утсыг шидэн санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийснээр тогтоогдон нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг цагаатгахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Бат-Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.Бат-Амгалангийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Туяагийн эд хөрөнгөнд 190.000 төгрөгний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр /хх-49/ тогтоогдов. Хохирогч Ж.Туяад эд хөрөнгийн хохиролд 190.000 төгрөг төлсөн нь баримтаар /хх-58/ тогтоогдов. Хохирогч Ж.Туяа бие махбодидоо учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Бат-Амгалан ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-50/ нотлогдов.

 

Хохирогч Ж.Туяа гомдолтой гэж байгаа боловч шүүгдэгч Д.Бат-Амгаланд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Айфон-5” маркийн дахин ашиглах боломжгүй эвдэрсэн гар утсыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн зүйлийн 88.1.7-д зааснаар 1 ширхэг хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Даваасүрэнгийн Бат-Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Даваасүрэнгийн Бат-Амгаланг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Айфон-5” маркийн 1 ширхэг эвдэрсэн гар утсыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг /Си Ди/ хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  6. Д.Бат-Амгалан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.
  7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Бат-Амгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бат-Амгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ү.ТҮМЭНЖАРГАЛ