Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00416

 

 

 

 

 

 

 

2023 02 27 210/МА2023/00416

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/00007 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Е ХХК-д холбогдох, 2016 оны 07 сарын 08-ны өдрийн *** тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Р.А нь Ж ХХК-ийн өмчлөлийн *** тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж Е ХХК-аас 50,000,000 төгрөгийн зээл авсан. Дээрх барьцааны гэрээг байгуулахдаа Ж ХХК-ийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн, тус компанийн дүрэмд засвар оруулж компанийн захирал Р.О ы гарын үсгийг хуурамчаар үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх явцад Р.А ийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолоор тогтоогдсон. Ж ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар олгох ба энэ эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурал болон захирлын хэн ч олгоогүй байна. Иймд дээрх барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Е ХХК нь Р.А тэй хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргаснаар Р.А нь зээлийн төлбөрийг төлөхийг, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг тус тус зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг тохирсны дагуу шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх үед Ж ХХК нь залилуулсан гэж гомдол гаргаж, Р.А т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татуулсан боловч иргэний журмаар нэхэмжлэл гаргана гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд итгэмжлэл болон барьцааны гэрээнд Ж ХХК-ийн захирал Р.О ы гарын үсгийг хуурамчаар зурсан нь эрүүгийн хэргийн баримтуудаар тогтоогдохгүй болсон. Тухайн баримтуудыг хөдөлбөргүй үнэн гэдгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй. Барьцааны гэрээг Ж ХХК-ийн эрх олгосон зөвшөөрөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг үндэслэн Р.А тэй байгуулсан ба Р.О тай гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул Е ХХК, Р.А нарын 2016 оны 07 сарын 08-ны өдөр байгуулсан *** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот орон сууц нь Ж ХХК-ийн өмч юм. Гэтэл иргэн Р.А уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл зэргийг хуурамчаар үйлдэн Е ХХК-д барьцаанд тавьж, зээлийн гэрээ байгуулсан, улмаар хамтран зээлдэгчээр Р.О ы гарын үсгийг хуурамчаар зурж, 2016 оны 07 сарын 08-ны өдрийн *** тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг зээлж, Ж ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2018 оны 06 сарын 22-ны өдрийн *** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ***.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Ж ХХК-ийн ерөнхий захирал Р.О ы гарын үсгийг хуурамчаар үйлдэн, компанийн дүрэмд хууль бусаар өөрчлөлт оруулж, Е ХХК-аас 50,000,000 төгрөгийн зээл авч, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн тул Р.Аийг яллагдагчаар татсугай гэсэн бичгийн нотлох баримт, мөн өөрөө хэргээ хүлээсэн мэдүүлэг, гэрч н.А ын мэдүүлэг, 2018 оны 06 сарын 08-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

4.б. Ж ХХК-ийн өмчлөлийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрх, зөвшөөрлийг Компанийн тухай хууль болон Ж ХХК-ийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр олгох зохицуулалттай. Ж ХХК-ийн хувьцааг иргэн Ж.О, Б.Э, М.Энхбаяр, Р.О нар эзэмшдэг. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Ерөнхий захирал Р.О бүртгэлтэй байдаг. Гэтэл Ж ХХК-ийн өмчийг барьцаалах эрх, зөвшөөрлийг Компанийн эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигчдийн хурал, Ерөнхий захирлын аль нь ч олгоогүй байдаг.

4.в. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2, 4.3-т хийсэн дүгнэлтүүд үндэслэлгүй. Ж ХХК-ийн захирал Р.О өөрөө хүсэл зоригоо илэрхийлж огт гарын үсэг зураагүй. Анхан шатны шүүх барьцааны гэрээний талуудыг Е ХХК, Р.А гэж тодорхойлсон бөгөөд гэрээний оролцогч биш гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эд хөрөнгө барьцаалах гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр байгуулна. Иймд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж тайлбарласан бөгөөд анхан шатны шүүх Р.О ыг барьцааны гэрээний нэг тал биш гэж илт хууль бус гэж тайлбарлан хэрэглэсэн. Ж ХХК-ийн захирал Р.О нь барьцааны гэрээнд гарын үсэг зурж тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд Е ХХК дээр Р.О ы өмнөөс өөр хүн гарын үсэг зурсан нь илэрхий, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоор атал Е ХХК мэдэх боломжгүй байсан, мэдээгүй гэж шүүхээс дүгнэж буй нь илт хууль бус дүгнэлт болсон.

4.г. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т хийсэн дүгнэлт үндэслэлгүй. Анхан шатны шүүх тухайн итгэмжлэл, барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь хуурамч байсан гэдгийг шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т дүгнэсэн атлаа тухайн итгэмжлэл барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байсан, Иргэний хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэж дүгнэж буй нь огт үндэслэлгүй дүгнэлт болжээ. Ж ХХК-ийн захирал Р.О нь тухайн итгэмжлэл хуурамчаар үйлдэгдсэн, мөн зээлийн гэрээний барьцаанд тавьж байгааг огт мэдээгүй, мэдэх боломж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх үеэс мэдэж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад хандаж явж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан Е ХХК болон Р.А нарын хооронд 2016 оны 07 сарын 08-ны өдөр байгуулагдсан *** тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Р.А нь хариуцагчтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа Ж ХХК-ийн итгэмжлэл, дүрмийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон, Ж ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах зөвшөөрлийг Р.А т өгөөгүй... гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...Р.А тэй хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг олгосон, улмаар Р.А нь зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулахыг зөвшөөрч, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, итгэмжлэл болон барьцааны гэрээнд Ж ХХК-ийн захирал Р.О ы гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 3.   Хэргийн баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Р.А нь 2016 оны 07 сарын 08-ны өдөр Е ХХК-тай *** тоот зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, нэг сарын 3.9 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан; /1хх 218-219/

3.б. Мөн өдөр *** тоот барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ж ХХК-ийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 92.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан; /1хх 220-222/

3.в. Улмаар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20*** оны 03 сарын 30-ны өдрийн 102/ШШ20***/00884 дугаар захирамжаар хариуцагч Р.А нь зээлийн гэрээний үүрэгт нийт 64,715,557 төгрөг гаргуулах Е ХХК-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 20*** оны 04 сарын 29-ний өдрөөс 20*** оны 12 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 147-148/

 

4.   Е ХХК нь дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулахдаа Ж ХХК, захирал Р.О аас 2016 оны 07 сарын 05-ны өдөр Р.А т олгосон гэх итгэмжлэлийг үндэслэсэн байх ба уг итгэмжлэлд Ж ХХК, захирал Р.О аас ...92.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Банк, ББСБ болон иргэн хуулийн этгээдэд зээлийн барьцаанд тавих, зээл хүлээн авах, барьцааны гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах, улсын бүртгэлд төлөөлөх, гэрээ бүртгүүлэх эрхийг 3 жилийн хугацаатай Р.А т олгож... буй тухай тодорхой дурджээ. /1хх 140/

 

5.   Хэдийгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн *** тоот шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 07 сарын 05-ны өдрийн итгэмжлэл, 2016 оны 07 сарын 08-ны өдрийн *** тоот барьцааны гэрээ, барьцаалбар зэрэгт тус тус зурагдсан гарын үсгүүд нь Р.О ы гарын үсэг биш гэдгийг тогтоосон, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор ...Р.О ы гарын үсгийг хуурамчаар үйлдэн ББСБ-д 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн... үндэслэлээр Р.А ийг яллагдагчаар татсан, улмаар 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолоор ...Р.А нь ББСБ-ын шаардсан зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжтай... гэсэн үндэслэлээр Р.А т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байх боловч эдгээр нь энэ иргэний маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. /1хх 132-133, 1хх 136, 2хх 129-131/

 

6.   Учир нь, Е ХХК нь Р.А ийг Ж ХХК, захирал Р.О ыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж итгэн барьцааны гэрээг шударгаар байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Түүнчлэн, хэргийн баримтаар Е ХХК нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Р.А нь Ж ХХК, захирал Р.О ы гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч итгэмжлэл үйлдсэн гэх асуудалд Е ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, Е ХХК уг асуудалд хамааралгүй байна.

Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэгт тус тус зааснаар дур мэдэн хэлцэл хийсэн Р.А нь хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө тал Е ХХК-ийн шаардлагаар биелүүлэх, нөгөө тал Ж ХХК-д учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч Ж ХХК нь хохирлоо буруутай этгээд Р.А ээс шаардахад энэ магадлал саад болохгүй.

 

7.   Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний холбогдох өөрчлөлтийг хийнэ.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/00007 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул... гэснийг ...69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэгт заасныг баримтлан... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, ***2 дугаар зүйлийн ***2.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР