Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00449

 

 

 

 

 

 

 

2023 03 03 210/МА2023/00449

 

 

С.Б ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/03609 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б ы нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, Э ХХК-ийн эзэмшлийн *** тоот /хуучнаар ***/, *** тоот /хуучнаар ***/ ашиглалтын тусгай зөвшөөрлийг С.Б бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоолгох, *** тоот /хуучнаар ***/ ашиглалтын тусгай зөвшөөрлийг Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Э ХХК-аас гаргуулах, баримт бичгүүдэд Э ХХК-ийн тамга дарж баталгаажуулахыг даалгах, *** тоот /хуучнаар ***/ ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд С.Б нөөц батлуулах, гэрээ хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах эрхтэй болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Э ХХК болон С.Б ы хооронд байгуулагдсан 2009 оны 04 сарын 10-ны өдрийн *** тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, түүний өмгөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, Н.М, Б.Ө, М.Ц, Г.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б нь "Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс гарахдаа тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Өтай Гэрээ ***-ийг 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулж, тус гэрээний 1-д заасны дагуу нэр бүхий ашиглалтын ***, ***, *** тоот 3 ширхэг тусгай зөвшөөрлүүдийн эх хувь, тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой геологийн баримт материалыг хүлээн авч, лиценз бүхий талбайнуудад олборлолт, хайгуулын ажил хийх, үүнтэй холбоотой үйл ажиллагаа, гэрээ, хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах, бусдад барьцаалах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн энэхүү эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д "эрхийг хүлээн зөвшөөрөх" иргэний эрх зүйн хамгаалалтын дагуу шүүхээр тогтоолгох замаар хамгаалуулах шаардлага үүссэн. Тодруулбал, Гэрээ ***-д заасны дагуу С.Б "С" ХХК-д *** тоот тусгай зөвшөөрлийг худалдаж, уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой бүх баримт бичиг, материалд "Э" ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулж, холбогдох зардлыг өөрөөсөө хариуцан гаргаж шилжүүлэх ажиллагаа 2009-2010 онд хийгдсэн. Үлдсэн 2 тусгай зөвшөөрөл болох *** /хуучнаар ***/ тоот, *** /хуучнаар ***/ тоот тусгай зөвшөөрлүүдийг өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг "Т" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд талбайн нөөцийг тогтоолгож, бүртгүүлэх шаардлагыг эрх бүхий байгууллагаас тавих болсон. Мөн "Э" ХХК Гэрээ ***-д заасны дагуу С.Б д хүлээлгэн өгсөн эдгээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авч гэрээг зөрчсөнөөс шилжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. *** тоот тусгай зөвшөөрлийг "Э ХХК-аас "Т" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг "Э" ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан. Түүнчлэн, *** тоот тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-аас "Т" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдэд "Э" ХХК-ийн тамга дарж баталгаажуулахыг даалгах шаардлага гаргасан. Мөн нөөц тогтоогдож, бүртгүүлсэн *** /хуучнаар ***/ тоот тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч С.Б ы 100 хувийн эзэмшлийн "Т" ХХК-ийн нэр дээр "Э" ХХК-аас шилжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлагатай баримтуудыг бүрдүүлж Ашигт малтмал, газрын тосны газарт хүлээлгэн өгөх шаардлагатай юм. Иймд бүрдүүлэх шаардлагатай баримт, бичгүүдийг "Э" ХХК-аас гаргуулах болон тус компанийн тамга дарж баталгаажуулах шаардлагатай баримт, бичгүүдийг ялгаж нэхэмжлэлийн 2 болон 3 дугаар шаардлагаар тодорхойлсон болно. *** тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөөц батлуулах, гэрээ, хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах эрхтэй болохыг тогтоолгох, нөөц бүртгэгдээгүй байгаа *** хуучнаар ***/ тоот тусгай зөвшөөрлийн талбайд нэхэмжлэгч С.Б 2013 онд нөөцийг урьдчилсан байдлаар тогтоолгох ажиллагаа явуулж байсан бөгөөд цаашид талбайн нөөцийг бүртгүүлэх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ. Энэхүү эрхийг Гэрээ ***-ийн 1.4-т тохиролцсон тул эрхийг хүлээн зөвшөөрүүлэх иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд шүүхээр тогтоолгож, эрхийг хамгаалуулах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: С.Б ***, *** тоот тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргахдаа С.Б , Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 04 сарын 09-ний өдрийн *** гэрээ гэх баримтыг үндэслэл болгожээ. С.Б тай 2009 оны 04 сарын 10-ны өдөр Гэрээ *** гэрээг компанийн зүгээс байгуулсан боловч ***-ийн ***, *** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг С.Б д шилжүүлж өгөөгүй бөгөөд харин "Э" ХХК-ийн эзэмшлийн ***, ***, *** тоот тусгай зөвшөөрлүүдийг бусдад /хятад хүмүүст/ үзүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг худалдах зорилгоор С.Б нь компаниас олгосон итгэмжлэл, гэрээг дүр үзүүлж байгуулсан ба компанийн зүгээс компанид ямар ч хөрөнгө оруулаагүй этгээдэд дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан хувьцаанд тааруулж өгөх асуудал байхгүй, нэхэмжлэгч нь компаниас бодит эд хөрөнгийг хувааж авсан үйл баримт байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 04 сарын 10-ны өдрийн Гэрээ *** гэрээ нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тул С.Б нь тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Т" ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. "Э" ХХК нь "Т" ХХК гэх хуулийн этгээдтэй ямар ч байдлаар иргэний эрх зүйн харилцаанд оролцож эрх, үүрэг үүсгэсэн хэлцлийг ямар ч хэлбэрээр байгуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Т" ХХК гэх хуулийн этгээд байдаг талаар мэдсэн бөгөөд дээрх хуулийн этгээдийн өмнө өөрийн өмчлөл, эзэмшлийн баримт бичгүүдийг түүнд шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй. Мөн нэхэмжлэгч С.Б нь "Т" ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч гэх боловч тус компанийн нэрийн өмнөөс өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа учраас энэ шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй"-н сацуу гэрээний нэг талд гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд уг хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байхыг хуулиар шаарддаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар гэрээ байгуулахад талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн байх, сайн дурын үндсэн дээр хэлцлийн гол нөхцөлөө тохиролцсоны дагуу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой тул шүүхээр гэрээ байгуулахыг болон аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаанд заах, тулгах байдлаар нэр бүхий баримтуудыг үйлдэж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулахыг даалгах шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй. Дээд шатны шүүхийн шийдвэрт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байх нөхцөлд хамаарч байгаа эсэхийг шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх учиртай. Мөн эрх бүхий төрийн байгууллагуудаас хуулийн этгээдэд хуульд заасны дагуу олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл, компанийн гэрчилгээг хууль бус аргаар эх хувиар нь болон нотариатаар баталгаажуулж бусдад гаргаж өгөх нь боломжгүй бөгөөд хариуцагчид байхгүй эрх зүйн баримт бичгүүдийг шинээр үйлдэж, баталгаажуулж гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, үндэслэлгүй төдийгүй хуурамчаар бичиг баримт үйлдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болох учир анхан шатны шүүхийн хэмжээ хязгаараас хэтэрсэн байх тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Э ХХК нь уул, уурхайн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг ба ашигт малтмалын ашиглалтын ***, *** дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Компанийн зүгээс С.Б тай 2006 оны 08 сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж Э ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б ыг 2006 оны 08 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2009 оны 04 сарын 10-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээгээр С.Б нь Э ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, хувьцаа эзэмшигчээс хасагдсан. С.Б тай 2009 оны 04 сарын 10-ны өдөр *** гэрээг компанийн зүгээс байгуулсан боловч ***-ийн ***, *** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг С.Б д шилжүүлж өгөөгүй бөгөөд харин Э ХХК-ийн эзэмшлийн ***, ***, *** тоот тусгай зөвшөөрлүүдийг бусдад /хятад хүмүүст/ үзүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг худалдах зорилгоор С.Б нь компаниас олгосон итгэмжлэл, гэрээг дүр үзүүлж байгуулсан ба өөр аливаа байдлаар компанийн зүгээс компанид ямар ч хөрөнгө оруулаагүй этгээдэд дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан хувьцаанд тааруулж өгөх асуудал байхгүй, нэхэмжлэгч нь тэр ч бүү хэл компаниас бодит эд хөрөнгийг хувааж авсан үйл баримт байгаа болно. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 04 сарын 10-ны өдрийн Гэрээ *** гэх гэрээ нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Э ХХК болон С.Б ы хооронд байгуулагдсан 2009 оны 04 сарын 10-ны өдрийн Гэрээ *** гэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн агуулга *** тоот гэрээнд огт тусгагдаагүй буюу маргаан бүхий ашигт малтмалын лицензүүдийг иргэн С.Б д шилжүүлэх талаар огт дурдагдаагүй. Тиймээс гэрээг дээрх хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй юм. Үүнээс гадна гэрээний талууд гэрээнд заасан үүргийг биелүүлэх зорилгоор 2009-2015 оны 10 сарыг хүртэл идэвхтэй үйлдлүүд хийж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Тиймээс үүнийг хэн нэгэнд үзүүлэх, харуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Харин 2015 оны 10 сард Э ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж Ашигт малтмалын газарт худал мэдүүлж шинээр гэрчилгээ нөхөн авснаар иргэн С.Б ы эрх зөрчигдсөн. Сөрөг нэхэмжлэлд тухайн үед байгуулсан гэрээний заалтыг хийсвэрээр урвуулан тайлбарлаж, гэрээ байгуулах болсон нөхцөл байдлыг хариуцагч зохиомол байдлыг бий болгон тайлбарлаж байгаа хэдий ч гэрээний талууд хүсэл зоригоо хуулийн дагуу илэрхийлж, гэрээнээс бий болох үр дагаврыг ухамсарлан ойлгож, нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан *** тоот гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл мөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

5.   Гуравдагч этгээд тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б , хариуцагч Э ХХК нь 2009 оны 04 сарын 10-ны өдөр *** гэрээг байгуулж, гэрээний 4.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж тохиролцсон байна. Хэрэгт авагдсан баримт бичгээс үзэхэд хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байна. Хариуцагч нь уг үйлдлээ Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 85 дугаар тогтоолд үндэслэн хууль ёсны үйлдэл гэх тайлбарыг гаргасан. Гэтэл тус Захиргааны хэргийн шүүх төрийн эрх бүхий байгууллагын бүртгэл хийсэн үйлдэл нь хууль бус эсэхэд дүгнэлт өгснийг хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлээгүй үйлдлийг зөвтгөсөн гэж тайлбарлаж буй нь учир дутагдалтай. Хариуцагчтай байгуулсан гэрээнд үндэслэн нэхэмжлэгч нь ***, *** тоот тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах болон эдгээр лиценз бүхий талбайд олборлолт, хайгуулын ажил хийх, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, гэрээ хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах эрхийг гэрээний үндсэн дээр олж авсан гэж итгэж гэрээ байгуулагдсанаас хойш 6 жилийн хугацаанд тэдгээр тусгай зөвшөөрөл буюу лицензийн төлбөрийг хариуцан төлж, лиценз бүхий талбайд 2012 оноос эхлэн өөрийн зардлаар хайгуулын ажил хийлгэж байсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Т ХХК-ийг нэхэмжлэгч нь 2012 онд үүсгэн байгуулж, *** гэрээний дагуу өөрт олгогдсон ***, *** тоот тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж, лицензийг шилжүүлж авахаар төлөвлөж байсан. Тэр ч үүднээсээ нэхэмжлэгч нь Т ХХК-ийн нэрээр 2016 оны 11 сарын 24-ний өдөр Монгол Улсын инженер геологич Ж.Г той Хамтран ажиллах гэрээ байгуулж, тус гэрээний 1.1-д зааснаар ****** дугаартай талбайн геологи хайгуулын судалгааны ажлыг хийлгэж, орд нөөцийг тогтоолгохоор ажиллуулж эхэлсэн. Т ХХК нь 2016 оны 11 сарын 24-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг байгуулсан зорилго геологи хайгуулын судалгааны ажлыг Т ХХК-ийн зардлаар хийлгэж, орд газрын нөөцийг тогтоолгосны дараагаар түүнийг шилжүүлэн авах байсан болно гэжээ.

 

6.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Э ХХК болон С.Б ы хооронд байгуулагдсан 2009 оны 04 сарын 10-ны өдрийн *** дугаартай гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурдаж, Э ХХК-д холбогдох Э ХХК-ийн эзэмшлийн *** орших ашигт малтмалын ашиглалтын ***- 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах *** тоот /хуучнаар ***/ тоот, *** орших ашигт малтмалын ашиглалтын ***- 1-3-2 талбайг хамрах *** /хуучнаар ***/ тоот тусгай зөвшөөрлүүдийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоолгох, *** тоот тусгай зөвшөөрлийг Э ХХК-аас Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Э ХХК-аас гаргуулах, баримт бичгүүдэд Э ХХК-ийн тамга дарж баталгаажуулахыг даалгах, *** тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөөц батлуулах, гэрээ хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид С.Б аас төлсөн 210,600 төгрөг, Э ХХК-аас төлсөн 537,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, С.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 537,950 төгрөг гаргуулж, "Э" ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

7.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т заасан дүгнэлт нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Учир нь нэхэмжлэгч С.Б болон хариуцагч Э ХХК нарын хооронд 2009 оны 04 сарын 10-ны өдөр байгуулсан *** тоот гэрээнд тусгай зөвшөөрлүүдийг иргэн С.Б д шууд шилжүүлж буй ямар нэг агуулга тусгагдаагүй. Харин *** гэрээний 1.2-т А тал буюу Э ХХК-ийн захирал Ч.Ө нь Э ХХК-ийн эзэмшлийн ***-ийн ***, ***, *** тоот тусгай зөвшөөрлийн эх хувь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой геологийн баримт материалыг Б тал буюу нэхэмжлэгч С.Б д бүрэн гүйцэд хүлээлгэн өгөх 1.3, 1.4-т заасан тохиролцоо нь нэр бүхий тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын тохиролцоо бөгөөд С.Б ийнхүү гэрээгээр өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжоор тавигдсан шаардлагыг хангах, тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй байдлыг хадгалах, шаардлагатай нөөцийг батлуулах шаардлага үүссэн. Нэхэмжлэгчээс энэхүү үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг 6 жилийн турш төлж, талбайн нөөцийг тогтоолгох ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан ч хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчиж, хүлээлгэн өгсөн тусгай зөвшөөрлүүдийн эх хувийг үрэгдүүлсэн гэж бодит байдлыг нуун шинээр авсан байдаг. Нийт 3 тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгч С.Б д *** тоот гэрээгээр олгосон бөгөөд эдгээрийн 1 тусгай зөвшөөрлийг С.Б эрхээ хэрэгжүүлэх замаар С ХХК-д шилжүүлсэн. Үүнтэй зохигчид маргаагүй талаар шүүхийн шийдвэрт дурдсан байна. Тиймээс *** гэрээг талууд бодитоор хуулийн дагуу хэрэгжүүлж байсан нь ийнхүү нотлогддог. Шилжүүлээгүй үлдсэн 2 тусгай зөвшөөрлийн тухайд нөөцийг тогтоолгосны дараа бусдад шилжүүлэх шаардлага тавигдсанаас гэрээний дагуу шилжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байдаг. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу *** тоот гэрээний агуулгыг тайлбарлавал, тусгай зөвшөөрлүүдийг иргэн С.Б ы эзэмшилд шилжүүлэн өгөх аливаа тохиролцоо хийгээгүй буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн С.Б байна гэж тусгайлан заасан тохиролцоо байхгүй. Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг холбогдох хуульд заасан журмыг баримтлахгүйгээр иргэн С.Б д шилжүүлж өгсөнд тооцохоор тохиролцсон тохиролцоо үгчлэн болон агуулгын хувьд тусгагдаагүй байна. Гэтэл шүүхээс тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд хуульд заасан журмын дагуу шилжүүлэх байтал иргэн С.Б д *** тоот гэрээний дагуу хөрөнгө болгон авсан гэж захиран зарцуулах эрхийг олгосон байгаа нь хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх *** тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэх дүгнэлтээ дараах үндэслэлүүдээр дэмжсэн байна. Үүнд шүүхийн шийдвэрт С.Б нь Т ХХК-ийн үүсгэн байгуулагчаар 2011 оны 02 сарын 18-ны өдөр бүртгэгдсэн, 2012 оны 02 сарын 12-ны өдөр өөрчлөн бүртгэгдсэн байгаагаас дүгнэхэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн компанигүй учраас шилжүүлэн авах боломжгүй байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэл бүхий биш байна гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авах эсэх нь зөвхөн түүний хувьдаа компанитай байхаас хамаараагүй гэдгийг шүүхээс дутуу, буруу ойлгож дүгнэсэн байна. Учир нь *** тоот гэрээний дагуу шилжүүлээгүй үлдсэн 2 тусгай зөвшөөрлийн талбайд нөөц тогтоолгоогүй байсан нь тэдгээрийг шилжүүлэх боломжгүй байсан гол үндэслэл юм.

Шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэхүү төлбөрийг төлж байсан үйл баримт нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмших, захиран зарцуулах эрхтэй гэдгийг нотлохгүй юм тэжээ. Гэтэл хэрэв нэхэмжлэгч С.Б тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг төлөхгүй бол тэдгээр нь хүчинтэй байх боломжгүй, тиймээс *** тоот гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлэхийн тулд ийнхүү 6 жилийн турш тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг төлсөн байдаг. Энэ нь тусгай зөвшөөрлүүдийг эзэмших, захиран зарцуулах эрхийг нотлох бус нэгэнт гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан үйл баримт юм.

Шүүхийн шийдвэрт Түүнчлэн 01 дугаартай гэрээг үндэслэн С ХХК-д *** тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлж, төлбөрийг С.Б авсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлах боловч гэрээг С.Б өөрийн нэрийн өмнөөс бус, харин Э ХХК-ийг төлөөлж байгуулсан. Мөн. 2009 оны *** гэрээний 4.1-д энэхүү гэрээг талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гээд гэрээг 2009 оны 11 сарын 20-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2009 оны 10 сарын 28-ны өдрийн хэлцлээр *** тоот тусгай зөвшөөрлийг С ХХК-д шилжүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй" гэжээ. Шүүх тусгай зөвшөөрлийг хувь хүн эзэмших ёсгүй тул *** гэрээ хүчингүй гэх дүгнэлт хийсэн атлаа С.Б тусган зөвшөөрлийг шилжүүлэх харилцаанд "Э" ХХК-ийг төлөөлсөн байна гэх логикгүй дүгнэлтийг хийсэн. Мөн хариуцагч талын хариу тайлбарт болон шүүх хуралдаан дээр хэлсэн гэрээний биш итгэмжлэлийн үндсэн дээр тусгай зөвшөөрлийг С ХХК-д шилжүүлсэн гэх байр суурийг баримталсан нь хэт нэг талыг барьсан гэж дүгнэхэд хүргэж байна. Тодруулбал, *** тоот гэрээг талууд 2009 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан буюу талууд уг хугацаанд хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үгсэг зурж баталгаажуулсан. Гэрээгээр эрх олгогдсон дагуу С.Б тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх явцад баримт бичгүүдэд Э ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурахад итгэмжлэл шаардлагатай учраас гаргасан. Тиймээс гурван тусгай зөвшөөрлийн нэгийг нь зөвхөн салгаж, итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлсэн гэдэг хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг хүлээн авсан шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зохигчид нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл С.Б ы эзэмшлийнх мөн эсэх дээр маргаагүй байхад шүүх зохигчдын маргаагүй асуудлаар буюу хэрэгт хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй асуудлаар дүгнэлт гаргаж, түүнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

8.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-д дүгнэснээс үзэхэд иргэн С.Б энэхүү 2 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 48 дугаар зүйлийн 48.6.2, 48.6.3-т заасан болон ОҮИТБТайлан зэргийг жил болгон тодорхой хугацаанд хувиасаа хөрөнгө гаргаж Ашигт малтмал, газрын тосны газарт гаргах, тайлагнах, төлөх шаардлага юунд байсан гэж үзэх вэ? Ашигт малтмалын газрын 2013 оны 04 сарын 12-ны өдрийн ***, *** тоот мэдэгдлээр тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг өөрчлөх хүсэлтийг С.Б гаргаж, өөрчлөлт оруулсан шийдвэрийг өөрөө гардаж авч байгаа үйлдлийг мөн л хуучин хамт ажиллаж байсан учир зүгээр туслахын тулд эсхүл сайн санааны үүднээс буян үйлдэх гэж хийсэн гэж ойлгох уу. Үүнтэй холбоотойгоор хэрэв иргэн С.Б 2009 оны 04 сард Э ХХК-аас гарсантай холбоотойгоор уг тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрх олгохгүй гэж үзвэл яагаад дээрх үйлдлүүдийг буюу Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйл "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл"-д заасан үүргийг Э ХХК 2009-2015 он хүртэл өөрөө гүйцэтгээгүй вэ гэх асуудал гарна.

Мөн шүүх "Түүнчлэн *** дугаартай гэрээг үндэслэн С ХХК-д *** тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлж, төлбөрийг С.Б авсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлах боловч гэрээг С.Б өөрийн нэрийн өмнөөс бус, харин Э ХХК-ийг төлөөлж байгуулсан /2хх32-33/" гэжээ. 2009 оны 04 сарын 10-ны өдрийн *** гэрээний дагуу С.Б Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхаа больсон. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар уг өөрчлөлтийг бүртгэж Э ХХК-ийн гэрчилгээний ар тал дээр тэмдэглэгээ хийгдсэн бүртгэлийг 2009 оны 04 сарын 10-ны өдөр улсын бүртгэгч *** хийж бүртгэсэн байна.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрт "Мөн 2009 оны *** гэрээний 4.1-д "энэхүү гэрээг талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно..." гээд гэрээг 2009 оны 11 сарын 20-ын өдөр нотариатаар гэрчлүүлсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2009 оны 10 сарын 28-ны өдрийн хэлэлцээрээр *** тоот тусгай зөвшөөрлийг С ХХК-д шилжүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй" гэжээ. Нэгэнт С.Б нь 2009 оны 04 сарын 10-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч байхаа больсон бол 2009 оны 10 сарын 28-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийг С.Б аар гүйцэтгүүлэх, төлөөлүүлэх шаардлага юунд байгаа вэ. 2009 оны 04 сарын 10-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, компанийн хувьцаа эзэмшигчээс гарсан хүнийг дуудан барин ирүүлж төлөөлүүлэх шаардлагагүй. Тэгэхээр шүүхээс нотлох баримтуудад өгч байгаа дүгнэлт нь илт үндэслэл муутай байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т "Дээрх үйл баримтуудаас үзэхэд маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь С.Б ы эзэмшлийнх гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ. Нэхэмжлэгч ба хариуцагч, гуравдагч нь хэргийг хянан хэлэлцэх нийт цаг хугацаанд уг тусгай зөвшөөрлүүдийг анх шилжүүлж авсан үйл баримтын талаар огт маргадаггүй. Харин тусгай зөвшөөрлүүд нь хэний эзэмшлийнх вэ гэдэг асуудал нь 2009 оны 04 сарын 10-ны өдрийн *** гэрээ байгуулсан үеэс С.Б захиран зарцуулах эрхтэй болсон гэдэг ойлголт явагдаж байгаа бөгөөд уг эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдож байгаа юм. Тэгэхээр шүүхээс дээрх дүгнэлтийг хийж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, шаардах эрх нь үүссэн асуудлыг огт ойлгоогүй гэж харагдаж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-ийн 3 дахь мөрөнд дүгнэснээс үзэхэд 2011 оны 02 сарын 18-ны өдөр бүртгэгдсэн компани руу яагаад шилжүүлээгүй вэ гэсэн санааг шүүхийн зүгээс гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх авахад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй, өөрөөр хэлбэл ашигт малтмалын тодорхой нөөцтэй байх ёстой, уг маргаан бүхий тусгай зөвшөөрлүүд нь 2009-2018 он хүртэлх хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр баталгаажсан нөөцгүй байсан учир өөрийн гэсэн компанитай байсан ч 2010 оноос эхлэн шилжүүлэх боломжгүй байсан юм. Тэгэхээр шүүхээс хэргийн нөхцөл байдал, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй, учир нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг, маргааны зүйлийг огт ойлгоогүй байна.

8.б. Шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3, 4.6 дахь хэсэгт зааснаас үзэхэд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа 2009 оны 04 сарын 10-ны өдрийн гэрээний хууль зүйн үндэслэл, харилцааны төрлийг анхнаасаа буруу тодорхойлсон байна. Шүүхийн зүгээс үзэхдээ энэхүү 2009 оны 04 сард хийгдсэн гэрээг шууд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шилжүүлэн авах харилцаа гэж дүгнээд байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн яриад байгаа нэгэн компаниас гарж байгаа учир 2 тусгай зөвшөөрлийг шууд иргэн С.Б д шилжүүлж байна. Үүнээс хойш тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд чи үүргээ биелүүл. Гэвч чи иргэн учир Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 буюу "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэдэг бол хариуцагчийн өмгөөлөгч Н.М ын тайлбарладаг тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан "Хуулийн этгээд" байх ёстой гэсэн заалтыг зөрчөөд байна. Шүүх энэ үндэслэлээс гадна шилжүүлэхдээ ийм гэрээ хийхгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шилжүүлэх ёстой гэсэн тайлбар, дүгнэлтийг өгч байна.

Гэвч энэхүү маргаан бүхий 2009 оны 04 сарын 01-ний өдрийн гэрээ нь тусгай зөвшөөрлийг шилжүүлээд байгаа үйлдэл байхгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 1430 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 001/ТМ2022/00740 дугаар тогтоолын агуулгыг анхаарсан бол энэхүү гэрээний харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг ойлгох байлаа. Энэхүү 2009 оны 04 сарын 01--ний гэрээгээр компанийн нэрийн өмнөөс 3 тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах бүрэн эрхийг гэрээний дагуу шилжүүлж байна. Энэхүү эрхийнхээ дагуу 2009 оны 10 сард эхний тусгай зөвшөөрлийг захиран зарцуулсан, үлдсэн 2 тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах гэтэл хуулиар шилжүүлэхийг хориглох нөхцөл байдал бий болсон ба энэхүү нөхцөл байдлыг арилгахын төлөө үйл ажиллагаа явуулж дууссаны үндсэн дээр Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасны дагуу бий болж байгаа шаардлагыг эс биелүүлэхээс үүдэлтэй нэхэмжлэлийн шаардлага урган гарч байгааг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх заалтыг буруу тайлбарлаж Иргэний хуулиар бий болж байгаа харилцааг буруу тодорхойлсон учир ийнхүү буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд энэхүү гомдолд дурдсан үндэслэлээс гадна нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

9.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 04 сарын 10-ны өдрийн 01 дугаартай гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3, 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасан шаардлагыг хангаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг зөв тайлбарласан гэж үзнэ. Тодруулбал, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй-боловч уг гэрээ нь хуульд нийцсэн байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд маргааны зүйл болох тусгай зөвшөөрлийг бодитоор худалдах, худалдан авах гэрээний тохиролцоо хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхдээ хэрхэн ямар хэлцлийн үндсэн дээр шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуульд нарийвчлан зохицуулсан ба бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглосон байна. Иймд талуудын байгуулсан *** гэрээний үндсэн дээр хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээ болон холбогдох бусад баримт бичигт гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулахыг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан бүхий харилцаанд хамаарах эрх зүйн үндэслэлийг зөв дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын тухайд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан *** гэрээ нь хуулийн шаардлага хангасан эсэх талаар үндэслэл бүхий гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээс хангуулахдаа *** гэрээ нь хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэдгийг нотолсны үндсэн дээр шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай.

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас *** гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл болох, тухайн хэлцлийнхээ дагуу хуулийн ямар зохицуулалтын дагуу шаардлагаа тодорхойлж байгаа талаарх тодорхой тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд тайлбар хийгээгүй, энэ талаарх асуултад хариулж чадаагүй болохыг дурдаж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэл буюу талуудын байгуулсан *** гэрээ нь хууль зөрчсөн гэх нөхцөл байдлыг няцааж чадаагүй тул гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд давж заалдах гомдолд энэ талаар дурдаагүй байна.

Давж заалдах гомдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа 2009 оны 04 сарын 10-ны өдрийн гэрээний хууль зүйн үндэслэл, харилцааны төрлийг анхнаасаа буруу тодорхойлсон гэжээ. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар *** гэрээний төрлийг нэхэмжлэгч тал өөрсдөө ч тодорхойлж чаддаггүй. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлах талаар асуултад *** гэрээний үүрэг шаардаж байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал хийдэг. Талуудын хооронд байгуулсан *** гэрээ нь тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ биш, өөрийн эзэмшлийн зүйлээ буцаан авсан, эсвэл Э ХХК-аас гарахдаа өөрт ноогдох хөрөнгөө авч, хувьцааг шилжүүлсэн гэх зөрүүтэй тайлбарыг нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргадаг. Түүнчлэн, талуудын байгуулсан *** гэрээ нь тусгай зөвшөөрөл шилжүүлэх урьдач нөхцөл, улмаар тухайн гэрээний үүргийг 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх иргэний эрх зүйн хамгаалалт гэх анхан шатны шүүх хуралдаанд дурдаж байсан үндэслэлийг давж заалдах гомдолд агуулгын хувьд тусгажээ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтыг *** гэрээ болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үзвэл, нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх шаардлагыг шүүхэд гаргаж болохоос биш, талуудын гэрээний чөлөөт байдалд халдсан, гэрээний нэг тал нь гэрээ байгуулахаас татгалзсан нөхцөлийг үгүйсгэж, улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Тодруулбал, оноосон үүргийг буюу С.Б тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Э ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах замаар шаардаж болохгүй. Ямар ч тохиолдолд гэрээ, хэлцэл хийхийг шүүхийн журмаар албадаж болохгүй. Харин шүүхийн бус журмаар буюу Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт зааснаар тухайн худалдах, худалдан авах гэрээг шүүхийн бус журмаар буюу харилцан тохиролцох замаар *** гэрээг өөрчлөн байгуулах боломжтой юм.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээх албагүй болохыг мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зохицуулсан. Иймд нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээг дахин өөрчлөн байгуулахаас татгалзах эрх нь Э ХХК-д байгаа гэж үзэхээр байна. Ийнхүү татгалзсан нөхцөлд хэрхэвч шүүхийн журмаар албадлагын арга хэмжээ хэрэглэх замаар шаардах эрх байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.4-д С.Б нь өөрийн гэсэн хуулийн этгээдгүй учир тусгай зөвшөөрлийг захиран зарцуулах эрхтэй гэрээ байгуулсан талаарх, 4.6-д тусгай зөвшөөрлийн төлбөрийг С.Б төлж байсан учир уг зөвшөөрлүүдийг эзэмших эрхтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж няцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын дагуу хүчингүй болгож, өөрчлөх үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

10.   Гуравдагч этгээд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан Э ХХК-ийн эзэмшлийн *** тоот /хуучнаар ***/, *** тоот /хуучнаар ***/ ашиглалтын тусгай зөвшөөрлийг С.Б бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоолгох, *** тоот /хуучнаар ***/ ашиглалтын тусгай зөвшөөрлийг Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Э ХХК-аас гаргуулах, баримт бичгүүдэд Э ХХК-ийн тамга дарж баталгаажуулахыг даалгах, *** тоот /хуучнаар ***/ ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд С.Б нөөц батлуулах, гэрээ хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах эрхтэй болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Э ХХК болон С.Б ы хооронд байгуулагдсан 2009 оны 04 сарын 10-ны өдрийн *** тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Гуравдагч этгээд Т ХХК нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

 

3.   Э ХХК болон С.Б нар 2009 оны 04 сарын 10-ны өдөр *** тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь өөрийн эзэмшлийн ***, ***, *** тоот тусгай зөвшөөрлийн эх хувь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой геологийн баримт материалыг С.Б д хүлээлгэн өгөх, С.Б нь тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбоотой бичиг баримтыг хүлээн авснаас хойш түүнийг захиран зарцуулах, дээрх лиценз бүхий талбайнуудад олборлолт, хайгуулын ажил хийх, үүнтэй холбоотой үйл ажиллагаа, гэрээ хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах, бусдад барьцаалах, шилжүүлэхтэй холбоотой гэрээ хийх эрхтэй байх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /2хх 34/

 

4.   Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож тодорхойлох эрхтэй боловч гагцхүү тэдгээр нь хуулийн хүрээнд байх учиртай. Энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв.

 

5.   Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсын татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж, 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллага ... өргөдлийг хүлээн авмагц бүртгэж дараахь зүйлийн тодруулна гээд 49.5.3-т тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан эсэх гэж тус тус зохицуулжээ. /гэрээ байгуудагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зохицуулалт/

Дээрх хуулийн зохицуулалт нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг иргэнд шилжүүлэхгүй байх, хуулийн этгээдэд шилжүүлж болох боловч тухайн хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасан байх, мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжих боломжтой байх агуулгатай байна.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК болон иргэн С.Б нарын хооронд хийгдсэн ...ашиглалтын тусгай зөвшөөрлийг иргэн С.Б бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхтэй байх... агуулгатай тохиролцоо нь хуульд нийцээгүй, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

6.   Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6, 49.6.1, 49.6.3-т Төрийн захиргааны байгууллага нь өргөдлийг бүртгэснээс хойш тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх, эсхүл өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох баримт бичгийг буцаах шийдвэрийг гаргахыг журамлажээ. /гэрээ байгуудагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зохицуулалт/

Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг хүлээн авч хянах, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, эсхүл шилжүүлэхээс татгалзах эрхийг ашигт малтмалын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр байна.

Ашигт малтмалын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад хуулиар олгогдсон чиг үүргийг шүүх хэрэгжүүлэх боломжгүй буюу эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс оролцохгүй.

 

7.   Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг гагцхүү холбогдох тусгай зөвшөөрлийг эзэмшигч хэрэгжүүлэх учир тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК болон иргэн С.Б нарын хооронд хийгдсэн ...иргэн С.Б ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий тайлбайнуудад олборлолт, хайгуулын ажил хийх, үүнтэй холбоотой үйл ажиллагаа, гэрээ хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах эрхтэй байх... агуулгатай тохиролцоо нь хуульд нийцээгүй, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иргэн С.Б нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш атлаа тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн эрхийг хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан байх тул ...*** гэрээнд тусгай зөвшөөрлүүдийг иргэн С.Б д шууд шилжүүлж буй ямар нэг агуулга тусгагдаагүй... гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.   Иймд анхан шатны шүүх хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Б д холбогдуулан гаргасан Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

9.   Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тусгагдсан ...1 тусгай зөвшөөрлийг С.Б эрхээ хэрэгжүүлэх замаар С ХХК-д шилжүүлсэн..., ...С.Б тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан... гэсэн тайлбар нь түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 182ШШ2022/03609 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР