Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00494

 

 

 

 

 

 

 

2023 03 06 210/МА2023/00494

 

 

М.Э гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/00139 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Э гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н, Г нд холбогдох гэм хорын хохиролд нийт 183,076,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь Н-ын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар *** нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 3,565 м.кв газар эзэмших эрхтэй болсон. Уг газар дээр орон сууцны барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 10 дугаартай инженер-хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ байгуулан Ж ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 28-ны өдрийн барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ байгуулж, А ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 138,076,521 төгрөг, уг газрын дуудлага худалдааны анхны үнэд 35,000,000 төгрөг тус тус төлсөн. Энэ хугацаанд Н-ын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, хуульд заасан хэмжээнээс илүү байхад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх олгосон Н-ын 2018 оны 10 сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн М.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэр, Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 107 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 37 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Нас хууль зөрчиж газар олгосон болохыг нэхэмжлэгч нь мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Хууль зөрчиж газар олгосон болохыг шүүхийн журмаар тогтоосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргасны улмаас гэм хорын хохирол учраад байгаа тул уг хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч нараас инженер хайгуулын ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, барилгын зураг төсөл зохиох ажлын хөлсөнд төлсөн 138,076,521 төгрөг, үндэслэлгүйгээр газрын дуудлага үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч Н хариу тайлбартаа: Иргэн М.Э д Н-ын 2018 оны *** дугаар захирамжаар Хан-Уул дүүрэгт эзэмшүүлсэн 3,565 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг нийслэлийн төсөвт төвлөрсөн. М.Э д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбогдуулж учирсан хохирол 148,076,521 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт ...хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана... гэж заасан. Н-ын хувьд хууль зөрчсөнөөс үүссэн гэм буруутай үйлдэл байхгүй, мөн нэхэмжлэгчид 148,076,521 төгрөгийн бодит хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч Г хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ... гэж заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулах ажлыг манай байгууллага хариуцан зохион байгуулдаг. Дуудлага худалдааны үнэ төсөвт төвлөрдөг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ...дуудлага худалдааны мөнгийг олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй үлдсэн хохирлыг нотлох нотолгоо бүрэн байвал олгох нь зүйтэй боловч нотолгоо бүрэн бус байгаа тул үлдсэн мөнгийг олгох боломжгүй... гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Н аас 150,000,000 төгрөг гаргуулж М.Э д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,076,521 төгрөгийн шаардлага болон Г нд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,073,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наа-с улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг гаргуулж, М.Э д олгож шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Нэхэмжлэгч М.Э гээс 2018 оны 12 сарын 05-ны өдөр дуудлага худалдааны үнэд 35,500,000 төгрөг төлсөн. ***-нд орон сууц барихаар төлөвлөн, А ХХК-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр 06 дугаартай барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ, байгуулж, ажлын хөлсийг 115,000,000 төгрөгөөр тохирч, гэрээ байгуулагдмагц 34,500,000 төгрөг, эскиз хийгдэхэд 34,500,000 төгрөг, эцсийн шатанд ажил хүлээлцэж, актад гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар 46,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу М.Э гээс 2019 оны 02 сарын 24-ний өдөр 34,500,000 төгрөг, 2019 оны 04 сарын 02-ны өдөр 34,500,000 төгрөг, 2019 оны 10 сард 46,000,000 төгрөгийг А ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, А ХХК-ийн орлогын ордероор тогтоогдож байна гэж анхан шатны шүүхээс үзсэн. Нэхэмжлэгч М.Э д А ХХК нь 2019 оны 02 сарын 28-ны өдөр 06 дугаартай барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээгээр 2019 оны 10 сарын 01-ний өдөр зураг төсөл бүрэн боловсруулж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бөгөөд тэрний дагуу үлдэгдэл бүх мөнгийг өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт зураг төсөл хийгдсэн талаар огт баримт байдаггүй тул энэ гэрээний дагуу ажил хийгдэж, М.Э д 115,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлгүй байна. Тус гэрээний 2.4-т Захиалагч нь дууссан зураг төслийн ажлын иж бүрэн баримт бичгийг албан ёсоор хүлээн авсны дараа санхүүжилтийн 40%-ийг гүйцэтгэгчид төлнө... гэж заасан бөгөөд огт зураг төслийн ажил хүлээж аваагүй атлаа гэрээний төлбөрийг бүтнээр шилжүүлсэн нь үндэслэлгүй.

6.б. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно гэж, 7.4.1-д үйл ажиллагааны орлого гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт ...Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно... гэж, 8.1.1-д ...бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого... гэж тус тус заасан. Үүний дагуу А ХХК нь 2019 оны 02 сарын 28-ны өдөр 06 дугаартай барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээнээс олсон орлогоос албан татвар төлөх үүрэгтэй. Уг баримт огт байхгүй тул М.Э нь газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсонтой холбогдуулж, гэрээгээ цуцлах, гэрээний төлбөрийг буцааж төлөх ч асуудал байх боломжтой гэж үзэж байна. Тухайн төлбөрийг М.Э гээс төлсөн гэх боловч шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрээ, орлогын ордер гэсэн баримтуудад зурагдсан М.Э гийн гэх гарын үсэг бүгд зөрүүтэй байгаа. Шүүхийн шинжилгээ шаардлагагүй энгийн хүний нүдээр харахад тодорхой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Мөнгө төлсөн баримт болон гарын үсэг өөр өөр гэх үндэслэлээр маргаж байгаа боловч энэ талаар давж заалдах гомдолд дурдаагүй. Нэхэмжлэгч нь анхнаасаа нэхэмжлэлээ өөрөө гаргаж шүүх хуралд биечлэн оролцож байсан. М.Э д албан ёсны баталгаат гарын үсэг гэх зүйл байхгүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр газар олгосон, уг газарт барилгын ажил явагдсан. Барилгын ажил явагдаж байх хугацаанд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Н М.Э д газар олгосныг Газрын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр цуцалснаас биш Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болж газар өмчлөх эрхийг цуцлаагүй. Уг газарт *** ХХК-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр байгуулсан барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээний ажлын хөлсөнд нийт 138,076,521 төгрөгийг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч нь төрийн байгууллага, албан тушаалтны гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол гэж нийт 183,076,521 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх ба ажил гүйцэтгэх гэрээний дагуу бусдад төлсөн хөлсний үнийн дүнгээр шаардлагынхаа зарим хэсгийг тодорхойлжээ.

 

3.   Гэм хорын хохирлын үнийн дүнг нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээгээр тодорхойлох учиртай.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн 6-7-р талд авагдсан *** ХХК, М.Э нарын хооронд байгуулагдсан гэх Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ, 44-45-р талд авагдсан М.Э гээс *** ХХК-д төлсөн гэх үнийн дүн бүхий Кассын орлогын ордер зэрэг баримтуудаар ...Н-ын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид 115,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон... гэж дүгнэж, түүнийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

 

4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт ...захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх-өөр, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх-аар тус тус зохицуулсан байна.

Иймд гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу *** нутаг дэвсгэрт баригдах 15,100 м.кв талбай бүхий 16 давхар орон сууцны барилгын зураг төсөл /эскиз зураг, ажлын зураг/ хэрэгт авагдаагүй тохиолдолд нэхэмжлэгчид холбогдох бодит хохирлыг учирсан гэж үзэх боломжгүй юм.

 

5. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон, үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/00139 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дэд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР