Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2020/0296/З |
Дугаар | 001/ХТ2021/0026 |
Огноо | 2021-01-25 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/0026
“К х т б ө холбоо” ТББ-ын гомдолтой,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим
хүчний хяналтын улсын байцаагчид
холбогдох зөрчлийн хэргийн
тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н-ын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0067114 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0556 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 589 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Б.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Б нарыг оролцуулж,
Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0556 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.1-д заасныг тус тус баримтлан “К х т б ө холбоо” ТББ-ын захирал Ц.Б-ээс гаргасан, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н-ын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 589 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Б.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.6, 2.8, 2.9-д заасан эрхүүдийг хууль бусаар хязгаарласан гэх гомдолд “К х т б ө холбоо” ТББ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Г-д тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн дагуу эрх, үүргийг нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 25 минутад танилцуулан мэдүүлэг авч, “К х т б ө х” /ГҮГББ/ цахилгаан эрчим хүчийг хязгаарласан нь тогтоогдсон тул 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн материалыг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулан шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг танилцуулан гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн нь оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй болно.
4. Мөн нэхэмжлэлд дурдсан оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан болон шалган шийдвэрлэх ажиллагааны явцтай хамааралтай гомдлуудын талаар “К х т б ө х” /ГҮГББ/-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай Нийслэлийн Прокурорын газарт, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М-д, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай Нийслэлийн Прокурорын газарт, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт, Улсын Ерөнхий Прокурорын газрын дотоод хяналт шалгалтын хэлтэс, Улсын Ерөнхий Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст удаа дараа гомдол гаргасан. Уг гомдлуудыг хянаж үзээд 2002000132 дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хууль зөрчсөн ажиллагаа явуулж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг.
5. “К х т б ө х” ТББ нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороо, К М цогцолборын 8 дугаар давхар, 9-р давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В022 тоотын цахилгаан эрчим хүчийг төлбөр тооцоогоо төлөөгүй гэх үндэслэлээр цахилгаан эрчим хүчийг хязгаарлан тасалсан байна. Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн цахилгаан хангамжийг хязгаарлахыг зөвхөн эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нар түдгэлзүүлэхээр хуульд заасан, тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дэх заалтад “Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-д заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй” гэж тодорхой заасан байдаг.
6. Гэвч эрчим хүч хязгаарлах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй этгээд болох “К х т б ө х” ТББ нь эрчим хүчээр хангах, түгээх тусгай зөвшөөрөлгүй, эрчим хүчийг хязгаарлах эрхгүй болох нь илэрхий байтал Сүхбаатар дүүргийн 9-р хороо, К М цогцолборын 8 дугаар давхар, 9-р давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В022 тоотын цахилгаан эрчим хүчийг хязгаарлан тасалсан нь зөрчлийн шинжтэй, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь газар дээр хийсэн хяналт шалгалт, фото зураг, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г болон хохирогчийн төлөөлөгч Б.М-ийн мэдүүлэг зэрэг бусад хэргийн материалд хавсаргасан бичиг баримтаар тус тус тогтоогдсон тул 2002000132 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэлийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлсэн. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөлд тохирсон бөгөөд цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед эрчим хүч хэрэглэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр болсон.
7. “К х т б ө х ” ТББ-аас гаргасан гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Д-д хуваарилжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 795 дугаар тогтоолоор уг хэргийг шүүгч Н.Д-ээс шүүгч У.Б-нд шилжүүлсэн бөгөөд Н.Д шүүгчийн ээлжийн амралтын хугацаа дууссан тул тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь илэрхий тодорхой үйл баримт байх бөгөөд хэргийн оролцогчид хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ тохиолдолд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
8. Түүнчлэн гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нар нь тусгайлсан журмаар 30 хоногийн дотор шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж улмаар шийтгэлийн хуудас албан даалгавар биелэхгүйд хүрч эрчим хүч хэрэглэгч гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өнөөдрийг хүртэл зөрчсөөр байгааг мөн анхаарч үзнэ үү. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлээгүй, Н.Д шүүгч ээлжийн амралтын хугацаа дуусмагц өөрт хуваарилагдсан хэргийг шийдвэрлэсэн нь илэрхий тодорхой байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүх хурлыг удаашруулсан, цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед цахилгаан эрчим хүчгүй байгаа К М цогцолборын 8 дугаар давхар, 9-р давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В022 тоот хэрэглэгчдийг хохироосон, цаг хугацаа хожсон үйлдэл байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь буруу юм. Хэргийг шүүгч Н.Д анх хуваарийн дагуу хүлээн авч хянаж байсан боловч хэргийг шийдвэрлэж чадахгүй шалтгааны улмаас шүүгч У.Б-нд шилжсэн. У.Б нь хэргийг хянаж байх үед шүүгч Н.Д нь хэргийг хянан шийдвэрлэх болж тэрээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэгтэй нийцэж ямар нэгэн маргаан шийдвэрлэх хуулийг зөрчсөн байдал үүсээгүй нь хэрэгт байгаа баримтаар нотлогдож байгаа. Магадлалын үндэслэлийг няцаах зүйлийг хуралдаанд өөрийн биеэр оролцож гомдлоо баримтын хүрээнд шүүхэд дэлгэрүүлэн тайлбарлах хүсэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Гомдол гаргагч “К х т б ө х” ТББ-аас “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н-ын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0067114 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.
12. Гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмын дагуу шүүгч Н.Д-нд хуваарилсан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 795 дугаар тогтоолоор уг хэргийг шүүгч Н.Д-ээс шүүгч У.Б-нд шилжүүлж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 554 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр У.Б-нг томилсон шийдвэрийг албажуулсан байх боловч 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг шүүгч Н.Д шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, үүнээс үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-т заасны дагуу томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлээгүй байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.
13. Мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасан.
14. Иймд, “...хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж маргаагүй, шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан, шүүгч Н.Д ээлжийн амралтын хугацаа дуусмагц, өөрт хуваарилагдсан хэргийг шийдвэрлэсэн...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-8-д заасан хариуцагчийн гомдол, мөн гуравдагч этгээдийн төлөөлөгчийн “...шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүгч Н.Д нь хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэгтэй нийцсэн, хууль зөрчөөгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон...” гэх агуулга бүхий /Тодорхойлох хэсгийн 9/ гомдлыг хангах боломжгүй.
15. Нэгэнт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хэргийн оролцогч нараас хяналтын журмаар гаргасан гомдлын бусад үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 589 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ