Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 525

 

     О.О нарын 6 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Ж, М.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 873 дугаар магадлалтай, О.О, Б.Б, У.С, Б.Ж, М.Э, Х.Ө нарт холбогдох 1905000000685 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд, шүүгдэгч У.С, Б.Б, М.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2016 оны 1 дүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялаас тэнсэгдэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Чоно овогт О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2018 оны 11 дүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн, Угалзат овогт Б.Б,

3.Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2018 оны 11 дүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн, Шаавай овогт У.С,

4.Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Галт овогт Х.Ө нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

5.Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Ж,

6.Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт М.Э нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Оыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

Б.Б, У.С, Х.Ө нарыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,

Б.Ж, М.Э нарыг “Орон байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч О.Оыг 6 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Бг 4 жил хорих ял, шүүгдэгч У.Сүх-Эрдэнийг 3 жил 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Өыг 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, М.Э нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.От 2016 оны 1 дүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 8 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Б.Бд 2018 оны 11 дүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 25 хоног хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч У.Сд 2018 оны 11 дүгээр сарын 5-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 10 хоног хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч О.Оын цагдан хорьсон 759 хоног, Б.Бгийн цагдан хоригдсон 105 хоног, У.С цагдан хорьсон 111 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

хохирогч Ч.П, Л.Б, Э.С, Б.Б, Б.Е,Г.Б нар нь алдсан эд зүйлээ буцаан авсан, хохирогч П.С нь 1802001120191 дугаартай хэргийн ялтан М.Номин-Эрдэнээс 800.000 төгрөг хүлээн авсан,

шүүгдэгч О.О нь хохирогч Н.Над 660.000 төгрөг, Т.Год 295.000 төгрөг, И.Хт 300.000 төгрөг, Б.Бд 480.000 төгрөг, Г.Бд 904.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Ст 130.000 төгрөг, хохирогч Б.Мд 231.400, хохирогч П.Сд 800.000 төгрөг, хохирогч С.Цд 217.960 төгрөг,

шүүгдэгч Б.Ж, М.Э нар нь хохирогч П.А 2.121.248 төгрөг, С.Цд 217.960 төгрөг,

шүүгдэгч Х.Ө нь хохирогч А.д 134.226 төгрөг тус тус нөхөн төлсөн,

шүүгдэгч Б.Ж, М.Э, Х.Ө нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бгээс 231.400 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд, 800.000 төгрөг гаргуулж хохирогч П.Сд олгох, шүүгдэгч У.Сэс 800.000 төгрөг гаргуулж хохирогч П.Сд олгох, ялтан М.Ч, Б.Б нараас тус бүр 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Бд тус тус олгохоор тогтоосон болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Оаас 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Над, 221.250 төгрөг гаргуулж хохирогч Т.Год, 62.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд, 366.666 төгрөг гаргуулж хохирогч С.Бд, 1.335.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мд, 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Бд, 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.А, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.ад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Б, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мд, 43.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Бт, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Гд,

шүүгдэгч Б.Бгээс 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.А, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бад, 460.080 төгрөг гаргуулж хохирогч С.Мд, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мд, 217.960 төгрөг гаргуулж хохирогч С.Цд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Б, 203.182 төгрөг гаргуулж хохирогч П.Бд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мд,

шүүгдэгч У.Сэс 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.А, 134.226 төгрөг гаргуулж хохирогч А.Бердимуратад, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мд,  217.960 төгрөг гаргуулж хохирогч С.Цд, 203.182 төгрөг гаргуулж хохирогч П.Бд, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мд, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Гд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд, шүүгдэгч Б.Ж, М.Э, тэдний өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч У.С өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүгдэгч Х.Ө, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.С гаргасан гомдолдоо: “Миний бие 2018 оны 11 сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 851 дугаар шийтгэх тогтоолоор 17 үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жил хорих ял, 2020 оны 5 сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 990 дугаар шийтгэх тогтоолоор 7 үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 10 хоногийн ял дээр 3 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 6 сар 10 хоног хорих ял шийтгүүлсэн. Миний бие 2017 оны 4 сарын эхнээс 2018 оны 1 сарын 15-ыг хүртэлх хугацаанд нийт 24 үйлдлийг хийж, анх удаа хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шат болон батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт үйлдэл хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, шүүхийн бүх шатанд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч ухамсарласан, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн. Миний бие нь 461-р хорих ангид өнөөдрийг хүртэл 2 жил 4 сар хорих ялыг биеэр эдлэхдээ өөрийн хийсэн гэмт үйлдлийг ухамсарлан үргэлж гэмшиж явдаг. Мөн өөрийн боловсрол мэдлэгтээ анхаарч, улс орны төлөө үнэнч шударгаар хөдөлмөрлөж хувь нэмэр оруулахыг хичээж төлөвшиж байна. Миний бие нь Бор өндөр мэргэжил сургалтын үндэсний төвийн мэргэжил олгох сургалтанд сууж, Нар салхины сэргээгдэх эрчим хүчний 3-р зэргийн засварчны үнэмлэх авсны хажуугаар эсгий урлал, хайчилбар, даалин оёх зэрэг ажлуудыг хийж сурсан.

Миний бие анх үйлдсэн 7 үйлдлээ нэмж нэгтгүүлээгүйн улмаас 3 жил 6 сар хорих ял нэмүүлсэн. Иймд миний зан байдал, засрал хүмүүжлийг минь харгалзан сүүлд нэмүүлсэн 3 жил 6 сар хорих ялыг минь багасгаж, ялын доод хэмжээ буюу 2 жил болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо: “Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 990 дугаар шийтгэх тогтоолоор 4 жил хорих ял шийтгэгдсэн. Миний бие урьд өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 5-ны өдрийн 851 дугаар шийтгэх тогтоолоор 6 жилийн нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн боловч дахин шинээр хэрэг илрэн 4 жил хорих ял шийтгүүлж, нийт 7 жил 10 сар 25 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрийн хийсэн хэрэг болон үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Цаашид хорих ангид очоод цалинтай ажил хөдөлмөр эрхлээд хохирлоо өөрийн биеэр нөхөн төлж барагдуулах болно. Иймд хорих ялыг минь аль болох хөнгөлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Э гаргасан гомдолдоо: “Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 990 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн. 2017 оны 6 дугаар сард уг хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Улмаар тус хэргийн хохирогч нартай биечлэн уулзаж, хохирол төлбөрийг төлж  барагдуулсан. Миний бие урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Би эцэг эх, бага насны хоёр дүүгийн хамт амьдардаг. Аав, ээж хоёр минь хөдөлмөрийн чадваргүй группд байдаг. Иймд хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, учруулсан хохирол гомдлыг барагдуулсан ба ар гэрийн хувийн байдлыг харгалзан ялыг минь хөнгөлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.О гаргасан гомдолдоо: “Миний бие 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрт холбогдох хэрэгт ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, хэргээ сайн дураараа илчилсэн болно.

Би 2015 оноос 2017 он хүртэл нийт 22 үйлдэлд хамжиж оролцохдоо өөрийн хийж буй үйлдлийн хор хөнөөл аюулыг ухамсарлахгүйгээр найз нөхдийн хамт дарвиж цэнгэж, хоногийн жаргалаар залуу насаа үрэн таран хийж, хохирогч нарт эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулахаа ухамсарлаагүй явж байсан билээ. Би өөрийн ийм ухамсаргүй, увайгүй үйлдэлдээ маш их харамсаж ичиж байна. Би 2017 оноос хойш өөрийн гаргасан алдаагаа засах гэж чин үнэн сэтгэлээсээ хандаж, цагдан хоригдсоноос бусад үед өөрийн хүч хөдөлмөрөөр ажил хийж, хохирлоо нөхөн төлж байсан. Би ажлын хамт олон болон ажил хийж өөрийн хүч хөдөлмөрөөр амьдрахын үр шимийг мэдээгүй байхдаа хэрэгт холбогджээ. Мөн ар гэрээ бие болон сэтгэл санааны маш их дарамтанд оруулж байсан байна. Ээж минь одоо тэтгэвэрт гарсан, эгч маань нөхөргүй, бага насны 2 хүүхэдтэй, эдгээр хүмүүсийн өмөг түшиг тулгуур нь болох хүн нь ганц би билээ.

Мөн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн зарим техникийн алдааг засварлаж өгөхийг хүсэж байна. Би 22 хохирогчоос 14 хүний хохирлыг төлж барагдуулсан ба цагдан хоригдсон хоног маань 29 хоног дутуу бодогджээ. Дээр нь хохирол гаргуулж авах гэсэн заалтад “Бад 134.226 төгрөгийг Оаас” гэж буруу гаргажээ. Техникийн алдаанаас болоод хохирлоо авсан хүмүүсийг миний төлөх хохиролд оруулж бичсэнийг засварлаж өгнө үү. Миний гаргасан нөхцөл байдал болон ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж, намайг ийм олон жил нийгэм болон ар гэрээс минь битгий тусгаарлаач гэж хичээнгүйлэн хүсэж байна. Хохирогч Баасанхоролд 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хурал дээр хохирлын мөнгийг нь өгсөн  болно” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Оын өмгөөлөгч О.Батболд гаргасан гомдолдоо:

“1.Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 3.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тодруулбал эрүүгийн 201626010068 дугаартай хэргийн хохирогч Н.Н нь О.О хохирол барагдуулсан /өөрт ногдох/ тухай баримтанд гарын үсэг зурсан, улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралт 2-т энэхүү хохиролд 660.000 төгрөг төлөгдсөн байхад 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Над олгох, улмаар 134.226 төгрөг гаргуулж хохирогч Н.Бад олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь эрүүгийн 1706029711191 дугаартай хэрэгт О.Оын үйлдэл оролцоо тогтоогдоогүй бөгөөд яллах дүгнэлтийн хавсралт 2-т түүний нэр дурдагдаагүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч Т.Год 295.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, энэ тухай яллах дүгнэлтийн хавсралт 2-т дурдсан байхад шийтгэх тогтоолд О.Оаас дээрх 3 хохирогчтой холбоотой 1.530.476 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Хохирогч П.Чд 400.020 төгрөг төлсөн баримт байгаа болно. 

2.Цагдан хоригдсон хугацааг дутуу тооцсон. Энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хаалттай хорих 461 дүгээр ангийн захиргаа, архивын лавлагааг үндэслэн тайлбарласан.

3.Улсын яллагчийн зүгээс О.От 22 үйлдэлд нь 5 жилийн хорих ял оногдуулахаар ял сонсгосон байтал шүүхээс 6 жилийн хорих ял оногдуулсан. О.О нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэн цэргийн жинхэнэ албаа биечлэн хаасан бөгөөд цэргийн алба онц хаасан учир шагнуулж байсан.

2017 оны 10 дугаар сараас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас бусад үед ажил хөдөлмөр эрхлэн өөрийн шударга хөдөлмөрөөр хохирол төлбөрөө барагдуулж байсан. О.О нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд /хохирогчийн эрх ашгийг хамгаалах, хүндэтгэх/ нийцүүлэн өөрийн эрх зүйн байдлаа ямагт дээшлүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах аливаа ажиллагаанд ямар нэг саад учруулж байгаагүй болно.

Гэтэл анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх тал дээр хайнга хандаж 30 гаран үйлдэлтэй Б.Б, Ц.Сүх- Эрдэнэ /хохирол төлбөр барагдуулаагүй/ нартай адилтган шийдсэн. Түүнчлэн Б.Б, Ц.С нар 2018.11.05-ны өдөр 6 жилийн хорих ял шийтгүүлсэн байхад О.О түүнээс бага ял шийтгүүлэх нь шударга бус гэж дүгнэн эсрэгээрээ шударга ёсны зарчим алдагдуулж шийдсэн. Ял шийтгэл ялгаатай оногдуулаагүй, шүүхийн прецидент хэрэглэсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан, хүнлэг энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн О.Оын хохирлын хэмжээнээс 1.930.496 төгрөгийг хасаж, цагдан хоригдсон хугацааг зөвтгөж, шүүхээс оногдуулсан хорих ялын хуулийн үр нөлөөг 2016 оноос эхлэн бие сэтгэлээрээ хангалттай амссан, хохирлоо төлж барагдуулж байсан, цаашид төлж барагдуулахаа илэрхийлж байгааг харгалзан нийт 8 жил хорих ялыг 5 жил хорих ял болгон багасгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж, М.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргал хэлсэн саналдаа: “Шүүгдэгч М.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч М.Э, Б.Ж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдэлд маргадаггүй, хохирлыг төлж барагдуулсан. М.Э нь эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг бөгөөд эцэг н.М нь  хөдөлмөрийн чадвараа 70 хувь, эх нь 80 хувь алдсан, түүний эхэд байнгын асаргаа шаардлагатай болохыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан. Мөн шүүгдэгч Б.Жы эх н.Б нь ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Дээрх байдлуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч нар ажил хөдөлмөр эрхэлж, гэр орноо тэжээх шаардлагатай. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэснээр эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэнэ гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Гэхдээ анхан шатны шүүх О.О нь хохирогч Н.Н, Т.Г нарын хохирлыг төлсөн гэж дурдсан мөртлөө төлүүлэхээр шийдвэрлэсэн, хохирогч Бын гэрээс эд зүйл алдагдсан хэрэгт Б.Б, У.С, Х.Ө нар оролцсон, харин шүүгдэгч О.О оролцоогүй байхад түүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, хохирогч Бд шүүхийн шатанд 203.000 төгрөг төлөгдсөн байхад шийтгэх тогтоолд дурдалгүй орхигдуулсан зэрэг зөрчлийг гаргасан байна. Шүүгдэгч О.О урьд нь Г нарын 12 хүнд холбогдох хэрэгт 15 үйлдэлд шалгагдан шүүхээр шийтгүүлсэн ба Нийслэлийн давж заалдах шатны шүүх О.От холбогдох хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр буцаасан. О.О нь дээрх 15 үйлдэлтэй хэрэг дээр нэмж Б.Б, У.С, М.Э, Б.Ж, Х.Ө нартай бүлэглэн үйлдсэн хэргүүд нь тогтоогдож шалгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зөрчлүүдийг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд, шүүгдэгч У.С, Б.Б, М.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн О.О, Б.Б, У.С, Б.Ж, М.Э, Х.Ө нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.О нь бусадтай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд 22 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 52.967.647 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 9 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 19.879.807 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч У.С нь бусадтай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 18.607.327 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ж нь бусадтай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 11.696.040 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Э нь бусадтай бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 11.696.040 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Х.Ө нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 402.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн О.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар, шүүгдэгч Б.Б, У.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар, шүүгдэгч Х.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ж, М.Э нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч О.Оыг 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Бг 4 жил хорих ял, шүүгдэгч У.Сүх-Эрдэнийг 3 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Х.Өыг 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Ж, М.Э нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жил хорих ял шийтгэж, шүүгдэгч О.О, Б.Б, У.С нарт өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг нэмж нэгтгэн, О.Оын нийт эдлэх ялыг 8 жил, шүүгдэгч Б.Бгийн нийт эдлэх ялыг 7 жил 10 сар 25 хоног, шүүгдэгч У.С нийт эдлэх ялыг 7 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг зөв тооцон, ял эдэлсэн хугацаанд нь оруулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, учирсан хохирлын шинж чанарт тохирсон байна гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч О.О нь хохирогч Н.Над 660.000 төгрөг /12хх-18/, хохирогч П.Бд 203.000 төгрөг /12хх-49/, хохирогч Г.Год 295.000 төгрөг /12хх-12/ тус тус нөхөн төлсөн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч О.Оаас хохирогч Н.Над 1.175.000 төгрөг, хохирогч Г.Год 221.250 төгрөг гаргуулахаар заасан, мөн хохирогч П.Бын нэрийг орхигдуулж, уг үйлдлийн хохирогч биш А.Бад 134.226 төгрөг олгуулахаар шийдвэрлэж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.О нь хохирогч П.Чд 400.020 төгрөг төлсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаар яллах дүгнэлтэд дурдагдаагүй байх тул гэм хорын хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлээр гаргасан шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд нарын гомдлын холбогдох хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд, шүүгдэгч У.С, Б.Б, М.Э нарын “ялыг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 873 дугаар магадлалын тогтоох хэсгийн 8 дахь заалтын О.От холбогдох хэсэгт “...О.Оаас 62.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд, 366.666 төгрөг гаргуулж хохирогч С.Бд, 1.335.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мд, 5.058.333 төгрөг гаргуулж хохирогч Т.Бд, 2.121.248 төгрөг гаргуулж хохирогч П.А, 702.333 төгрөг гаргуулж хохирогч Г.Мд, 406.200 төгрөг гаргуулж хохирогч У.Б, 400.020 төгрөг гаргуулж хохирогч П.Чд, 864.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мд, 43.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Бт, 133.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Гд, ...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч О.Батболд, шүүгдэгч У.С, Б.Б, М.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН