Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0196

 

Ж.Л, М.Л нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ж.Л, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.С, гуравдагч этгээд А.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0063 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Л, М.Л нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0063 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т таасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Ж-д холбогдох хэсгээс 341.1 м.кв, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Д-д холбогдох хэсгээс 341.1 м.кв газрыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн М.Л-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо:

“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр арын 28-ны өдрийн 0063 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн нь газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заажээ.

Мөн уг хүсэлтээ “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа зэргийг тусгана” гэсэн байна.

Улмаар дээрх баримт бичгүүд нь хуулийн шаардлага хангасан гэж үзэж эрх бүхий этгээдээс “Газар эзэмших гэрээ” байгуулж, гэрчилгээ олгосноор сая тухайн иргэнийг газар эзэмшигч гэж үздэг.

Гэтэл нэхэмжлэгч Ж.Л нь маргааны зүйл болох газрыг эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд огт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд түүнийг тухайн газрыг эзэмших эрхтэй гэж үзэхгүй учир анхан шатны шүүхийн “өөрийн эзэмшлийн зуслангийн сууц түүний хамаарал бүхий газрыг эзэмших эрхтэй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй болно.

Мөн газар дээрх “зуслангийн байшинг эзэмших” нь түүний доорх газрыг эзэмших хууль зүйн боломжийг бий болгохгүй бөгөөд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхийг олж авдаг.

2. Анхан шатны шүүх “Л.О нь маргааны зүйл болох газар дээр баригдсан зуслангийн сууцыг гуравдагч этгээд Ж.Л-д худалдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн.

 Гэрчүүд нь “худалдсан үйл баримтыг шууд гэрчлээгүй”, харин “зуслангийн сууцыг Л.О Ж.Л-д зарсан гэж сонссон” гэх агуулгаар мэдүүлсэн.

 Гэтэл шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн Үндэслэх хэсэгт нотлох баримтаар үнэлж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасантай нийцэхгүй байна.

3. Нэхэмжлэгч Ж.Л нь “2005-2017 оныг хүртэл жил бүр зуны 3 сард зусландаа гарч байсан” гэх боловч 2005 оноос хойш 12 жилийн хугацаанд уг газрынхаа эзэмших эрхийг баталгаажуулах зорилгоор хүсэлт гаргаж байгаагүй. Харин гуравдагч этгээд А.Д нь өөрийн төрсөн дүүгээс уг газрын эзэмших эрхийг “Өв залгамжлах гэрчилгээ”-ний үндсэн дээр шилжүүлж авсан учир түүнийг шударга эзэмшигч гэж үзэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Л, М.Л нар “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Ж-д холбогдох хэсгээс 341.1 м.кв, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Д-д холбогдох хэсгээс 341.1 м кв газрыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... нэхэмжлэгч Ж.Л-ийн Шадивлан зуслангийн 6 дугаарын байшинг худалдаж авсан, улмаар жил бүр тус байшинд зусланд гардаг, 2017 онд зусланд гарахаар очтол байшинд өөр хүмүүс эд хогшлоо тавьсан байсан 5 дугаарын байшинтай тусгаарласан хашааг буулгасан байсан, улмаар 2017 оны 09 сард дүүргийн газрын албанд хандсан ...” гэх мэт агуулгаар гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч Ж.Л-ийн тус газрыг эзэмшиж ашиглаж байсантай холбоотой асуудлаар маргасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэл гаргах болсон шалтгаан үндэслэлийг тодруулахад  нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С “газар анх М.Л-ийн нэр дээр бүртгэлтэй байсан тул нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл хэрвээ хангагдсан тохиолдолд Ж.Л-ийн нэр дээр газар эзэмшүүлэхэд М.Л татгалзахгүй” гэж М.Л-тэй хамтран нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг тайлбарласан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулах шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/771[1] дүгээр албан бичгээс үзвэл маргаан бүхий газар 2006 оны 09 дүгээр сард М.Л-ийн нэр дээр нэгж талбарын ........... дугаар бүхий 670 м.кв талбайтайгаар бүртгэлтэй байсан талаарх баримт, мөн 2018 онд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандаж хариу авч байсан талаарх баримт тус тус хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ иргэн Л.О-т тус газар өмч хувьчлалын үндсэн дээр олгогдсонтой хэргийн оролцогчид маргаагүй, М.Л-ийн нэр дээр нэгж талбар бүртгэгдсэн байсан болох нь тогтоогдсон байх тул М.Л-г энэ талаар маргах эрхтэй, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Л уг газрыг эзэмшиж байсантай, мөн иргэн Л.О Ж.Л-ийн амьдарч байсан зуслангийн сууцны байшинг Төрөл бүрийн барааны хангамжийн нэгдэл “Р-И” ХХК-д ажиллаж байхдаа 1989-1999 онд хувьчилж авсан гэх нэхэмжлэгч нарын тайлбартай хэргийн оролцогчид маргаагүй, анх нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Л-аас тусдаа үндэслэлээр маргаагүй байна.

Харин анхан шатны шүүх М.Л-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч хэргийн оролцогч нарын хэн аль нь гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тус хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хамтран гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст нэхэмжлэгч Ж.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... Ж.Л маргаан бүхий газарт байрлах 6 тоот зуслангийн сууцыг худалдан авсан нь нотлогдож байна ... Чингэлтэй дүүргийн Засаг дарга маргаан бүхий газрыг бусад этгээд ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглаж байгаа эсэх бодит нөхцөл байдлыг шалгаж, тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйгээр /хээрийн судалгаа хийгээгүй/ 670 м.кв хэмжээгээр иргэн А.Ж-д эзэмшүүлж, улмаар А.Д-д шилжүүлсэн нь хуульд нийцээгүй ...” гэж дүгнэж, түүнд холбогдох нэхэмжлэлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Ж-д холбогдох хэсгээс 341.1 м.кв, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Д-д холбогдох хэсгээс 314 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “... Ж.Л нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд огт гаргаж байгаагүй тул газар эзэмших эрхтэй гэж үзэхгүй, зуслангийн байшинг эзэмших нь түүний доорх газрыг эзэмших хууль зүйн боломжийг бий болгохгүй, ... гэрчүүдийн “Л.О нь маргаан бүхий газар дээр баригдсан зуслангийн сууцыг Ж.Л-д худалдсан үйл баримтыг шууд гэрчлээгүй, харин зуслангийн сууцыг зарсан гэж сонссон” гэх агуулга бүхий мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцэхгүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ж.Л өөрийн худалдан авсан гэх 6 дугаарын байшингийн доорх газрыг эзэмших талаар Чингэлтэй дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлах боловч гуравдагч этгээдэд тус газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах үед болон түүнээс өмнө хэдэн онд, ямар агуулга бүхий хүсэлтийг хэрхэн  гаргаж байсан талаарх холбогдох баримт, нотолгоог гаргаж мэтгэлцээгүй, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “... өнөөдөр манай төрийн байгууллага хүсэлт гаргахаар шийддэггүй, буцаадаг ... “ гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч Ж.Л-г маргаан бүхий газрыг эзэмших талаар түүний нэхэмжлэлд бичсэнчлэн 2005 он, түүнээс хойш хүсэл сонирхлоо илэрхийлж байсан гэж таамаглах боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсоор тухайн эзэмшиж ашиглаж буй газартай давхцаагүй байхыг шаардсан болохоос бус тухайн газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах хүсэл сонирхлоо илэрхийлээгүй, хууль ёсоор эзэмших ашиглах эрх үүсээгүй тохиолдолд бусдын эзэмшиж ашиглаж буй газартай давхацсан гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.Л-ийн зуслангийн 6 тоот байшин орчмын 341.1 м.кв газрыг хууль ёсоор эзэмших хүсэл зорилгоо илэрхийлж байсан нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна тус байшингийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг захиргааны хэргийн шүүх тогтоох хууль зүйн боломжгүй энэ тохиолдолд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдэд хандаж тус газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших талаар гуравдагч этгээдүүдээс өмнө эсхүл адил цаг хугацаанд хүсэлт гаргаж байсан, тэр  нь тогтоогдсон тохиолдолд тэрхүү хүсэлтийг нь хариуцагч шийдвэрлээгүй, үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд газар эзэмшүүлэхэд тэгш байдал, шударга ёс алдагдсан гэж үзэхээс гадна тухайн газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өмчлөх эрхтэй талаар эрх бүхий этгээд тогтоосон тохиолдолд бусдын өмчлөлийн газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжтой юм.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.Л маргаан бүхий газрыг эзэмших талаар хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдохгүйн дээр тус газарт байрлах зуслангийн байшинг өмч хувьчлалаар авсан гэх иргэн Л.О-тэй хэлцэл хийж, худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх, эсхүл түрээслэх гэх мэт хэлбэрээр түр хугацаагаар зуслангийн зориулалтаар эзэмшиж байсан эсэх нь тодорхойгүй, захиргааны хэргийн шүүх иргэд хоорондын хэлцэлтэй холбоотой асуудлыг шууд тогтоож, шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй.

Маргаан бүхий газрыг анх иргэн А.Ж 2015 оны 06 дугаар сард үйлдэгдсэн нэгж талбарын ............ дугаар бүхий 670 м.кв газрын кадастрын зураг хавсарган 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эзэмших хүсэлт гаргасан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамж[2]-аар А.Ж эзэмших эрхтэй болсон, улмаар А.Ж 2017 онд нас барсан тул түүний төрсөн эгч А.Д-д Сонгинохайрхан дүүргийн нотариатчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”[3]-ээг үндэслэн тус газрыг эзэмшүүлжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд А.Д “.... манай дүү нас барахаасаа өмнө М.Л-ээс 6 дугаарын байшинг худалдан авсан гэж хэлж байсан ...”  гэж тайлбарласан байна.

Хавтаст хэрэгт “гарын үсгийн үнэн зөв  болох”-ыг гэрчилсэн  “...2005 онд Ж.Л-д Шадивлангийн зуслангийн байр 6 номерын байшинг худалдсан /3 сая төгрөгөөр/ нь үнэн болно” гэх бичиглэл бүхий “Баталгаа гаргах нь”[4] гэх баримт, иргэн Л.О-ийн гэрчийн мэдүүлэг авагдсан байх боловч эдгээр баримтуудаар иргэн Л.О, Ж.Л нарын хооронд маргаан бүхий газарт байрлах зуслангийн байшинг худалдах, худалдан авах тухай хэлцэл хүчин төгөлдөр эсэх буюу тус байшин Ж.Л-ийн өмчлөлийн зүйл болохыг захиргааны хэргийн шүүх шууд тогтоож, иргэд хоорондын гэрээ хэлцэл, эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2016 оны А/11 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд байрлах нэгж талбарын ........... дугаартай 670 м.кв газрыг А.Ж-д, улмаар уг газрыг 2017 оны А/568 дугаар захирамжаар А.Д-д тус тус эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Ж.Л-ийн маргаан бүхий газарт байрлах зуслангийн байшингийн өмчлөгч болохыг тогтоолгох эрх, тийнхүү тогтоолгосон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдалд үндэслэн тус шүүхийн шийдвэрийг хянуулахаар хүсэлт гаргах эрх нь тус тус нээлттэйг дурдах зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0063 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Л, М.Л нарын “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Ж-д холбогдох хэсгээс 341.1 м.кв, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Д-д холбогдох хэсгээс 341.1 м.кв газрыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ 

 

 


[1] 1ХХ-ийн 11 дүгээр хуудас

[2] 1ХХ-ийн 35, 36 дугаар хуудас

[3] 1ХХ-ийн 48 дугаар хуудас

[4] 1ХХ-ийн 10 дугаар хуудас