Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2023/00004

 

******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 509 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ГХОХХК,

 

Хариуцагч *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байрны төлбөр 10,630,000 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг ******* хотхоны ******* тоот хаягт байрлах ******* мкв бүхий 2 өрөө байрны урьдчилгаа 10,630,000 төгрөг гаргуулах

 

******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг ******* хотхоны 1-******* тоотод хаягт байрлах ******* мкв 2 өрөө орон сууцыг 1 мкв-ыг нь 1,000,000 төгрөгөөр бодож 45,780,000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаа төлбөр 5,700,000 төгрөгийг бэлнээр өгч 2015 оны 02 дугаар сард уг байранд нүүж орсон. ******* 2016 оны 05 дугаар сарын 15-ны дотор банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэсэн ба хэрэв заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд суусан хугацаандаа компанид урьдчилгаанд өгсөн мөнгөнөөсөө сарын 350,000 төгрөгөөр тооцож төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн. Улмаар 2016 оны 05 дугаар сарын 15-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учраас үүнээс хойш 2 жил 5 сар буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл орон сууцыг хөлслөн амьдарсан. Улмаар 2018 оны 10 дугаар сарын сүүлээр үлдэгдэл төлбөрөө төлсөн тул уг байрны гэрчилгээ *******ийн нэр дээр шилжсэн. Иймд баталгаа хийсэн хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл хугацаанд нэг сарын орон сууц хөлслөх төлбөрийг 350,000 төгрөгөөр тооцож 29 сарыг бодоход нийт 10,150,000 төгрөг болж байгаа. Үүнээс өөрийнх нь урьдчилгаанд төлсөн мөнгийг хасаж тооцсон байгаа. Иймд урьдчилгаанд төлсөн 15,780,000 төгрөг төлөх байснаас 5,150,000 төгрөгийг төлж үлдэгдэл 10,630,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул байрны урьдчилгаанд 10,630,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

 

Би 2015 оны 01 дүгээр сард байрны урьдчилгаа төлбөр 5.700.000 төгрөг төлөөд тухайн байранд айл амьдарч байсан болохоор 02 дугаар сард айлыг нь гарахаар манайх орсон. Тэрнээс хойш 2018 он хүртэл би бага багаар урьдчилгаа төлбөрөө төлсөөр байгаад урьдчилгаа төлбөр 15 сая төгрөгийг төлсөн. Тэгээд Ипотекийн зээлэнд 2018 оны 10 дугаар сард хамрагдаж 30 сая төгрөгийн зээл аваад би энэ компанид нийт 45 сая төгрөгийг төлсөн. Тийм учраас би энэ компанид байрныхаа төлбөрийг төлж барагдуулсан тул өөр мөнгө төлөхгүй гэж үзэж байна гэв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 509 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогт *******гийн *******т холбогдох байр худалдан авсны төлбөрийн урьдчилгаа мөнгө 10.630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.380 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэртэй танилцахад уг шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж гомдол гаргаж байна. Гомдлын хууль зүйн үндэслэл нь

1.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шаардлагаас хальж үнэн зөв шийдвэр гаргасангүй. Учир нь шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтаар ...байр худалдан авсны төлбөр урьдчилгаа мөнгө 10.630.00 төгрөгийг гаргуулах гэж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага нь байрны урьдчилгаа мөнгө болох 15.780.000 төгрөгийн урьдчилгаа 30% болох мөнгийг 2016 оны 05 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар баталгаа гаргаж, 2015 оны 2-р сард байрандаа нүүж орсон байдаг. Тогтоосон хугацаандаа төлбөрөө хийгээгүй үйл баримт тогтоогддог.

Хэргийн 9 талд авагдсан баталгаагаар ... хэрэв урьдчилгаа мөнгө тохиролцсон хугацаандаа хийгээгүй тохиолдолд тогтоосон хугацаанаас хойш төлөгдсөн, урьдчилгаа мөнгөнөөс сар бүр 350.000 төгрөгийг хөлсөлж суусан гэж үзэж суутгал хийхээр тохиролцон нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн байдаг.

Тиймээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага нь 2016.05.15-ны өдөр хүртэл урьдчилгаа төлбөрөө төлөөгүй учраас 2018 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хөлслөн амьдарч байсан хугацааны 29 сарыг 350.000 төгрөгөөр тооцоход 10.150.000 төгрөг болж байгаа тул үүнийг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагыг өөрчилсөн юм.

2.Гэвч шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. Үүн дээр дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Шүүх хэргийн 9 талд байгаа нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаараа нэг ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

3.Энэ хэрэг 2022 оны 04 сарын 05-ны өдөр Сэлэнэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхээр хянагдаж 000/10 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцүүлэхээр буцаасан.

Уг магадлалд дурьдсан Орон сууц худалдан авах гэрээг хариуцагч *******, түүний нөхөр Ц.Ганбат нарын хэнтэй хийсэн, орон сууцны урьдчилгаанд хэдэн төгрөг төлөх, хэдий хэмжээгээр хэрхэн төлөх байсан зэрэг ажиллагааг хийгээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсний дагуу нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурьдснаар хэргийг үнэн зөв шийдэх хамтран хариуцагч байгаа эсэхийг тодруулах боломжгүй зохигчдын эрхийг хязгаарласан болно. Нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүх илт нэг талыг барьж асуудалд хандсан гэх гомдол гаргаж байгаа нь үнэний ортой, энэ нь дээрхи байдалтай холбоотой гэж үзэж байна.

Магадлалд заагдсан ажиллагаа хийгдэж чадаагүй учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 666 Манай үйлчлүүлэгч тохиролцоо хийсэн өдрөө байрандаа орсон. Банкны зээл гарсан өдөр тухайн төлбөр төлөгдөөд, гэрчилгээтэй болсон. 666 Урьдчилгаа төлбөрөөс зээл гарах хүртэл хугацаа хойшоо татагдсан. Тэр хоорондох хугацаагаа баталгаа гаргаж өгснөөр бид нар мөнгө авах ёстой. Өөрсдөө санаачилгаараа урьдчилгаанд өгсөн мөнгөө түрээсийн төлбөрт хурааж авчихаад, одоо тэрийгээ нэхэж байна гэж тайлбарлаад байгаа. Аль хэдийнээ байрны гэрчилгээ авсан байхад, хүн өөрийнхөө өмчид яаж түрээс төлөх юм бэ? Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Тун Жөү ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэв.

 

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой.

 

 3. Нэхэмжлэгч Тун Жөү ГХОХХК нь хариуцагч *******т холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт нийт 8.673.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн орон сууцны үнэ 10.630.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрөөс түрээсийн төлбөр сарын 350.000 төгрөгөөр хасаж тооцон улмаар төлбөрийн үлдэгдэл гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан байна.

 

4. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Зохигчдын хооронд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1-р багт шинээр баригдаж ашиглалтанд орсон ******* хотхоны 1-р орцны ******* тоот *******2 м2 талбай бүхий өрөө орон сууцыг худалдах худалдах авах тухай гэрээ байгуулж, байрны урьдчилгаа төлбөрт 5.700.000 төгрөг төлөхөөр харилцан тохирч, худалдан авагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагджээ.

Гэрээний дагуу худалдан авагч ******* нь орон сууцны үнийг хэсэгчилэн төлөх, талууд төлбөр төлөх хугацааг 2016 оны 05 сарын 15-ны өдөр бүрэн барагдуулахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч Тун Жөү ГХОХХК нь орон сууцыг 2015 оны 12 сард хүлээлгэн өгч хариуцагч ******* болон түүний гэр бүлийн эзэмшилд шилжүүлснээр хариуцагчид улсын бүргэлийн байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба хариуцагч ******* нь 2018 оны 10 сар хүртэл хугацаанд орон сууцаа барьцаалан банкнаас зээл авах хэлбэрээр цувуулан хэлцэлд заасан хэмжээгээр орон сууцны үнийг төлсөн байна.

 

5.Зохигчид орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, эд хөрөнгө өмчлөлд шилжсэн, түүнтэй холбоотой гэрээний үнийн талаар огт маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Тун Жөү ГХОХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны төлбөр дутуу буюу гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж тайлбарладаг бол гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрөөс түрээсийн төлбөр гэж суутган тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

6.Нэхэмжлэгч Тун Жөү ГХОХХК нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ******* нь 2016 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл урьдчилгаа төлбөрөө төлөөгүй учраас 2018 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хөлслөн амьдарч байсан хугацааны 29 сарыг 350.000 төгрөгөөр тооцоход 10.150.000 төгрөг болж байгаа тул орон сууцны хөлс гаргуулах гэж өөрчилсөн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар: Хариуцагч нь нэхэмжлэгч Тун Жөү ГХОХХК-ийн захиргаанд гэсэн хаягтайгаар орон сууцны төлбөрийг хэрхэн ямар хугацаанд төлөх талаар 3 удаа баталгаа, тайлбар зэргээр нэрлэн бичгээр баримт үйлдэж гарын үсэг зурж нэхэмжлэгчид хүргүүлсэн бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хэргийн 9 дэх талд авагдсан хариуцагчаас 2016 оны 02 сарын 15-ны өдөр бичгээр гаргасан хэрэв заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд суусан хугацаанд компанид урьдчилгаа өгсөн мөнгөнөөс сарын 350.000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлнө. гэсэн баримтыг үндэслэн хариуцагч тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул түүний төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс 2 жил 5 сарын хугацаанд орон сууцыг хөлслөн амьдарсан гэж 29 сарын төлбөр 10.150.000 төгрөгийг хасаж тооцсон тул төлбөр бүрэн төлөгдөөгүй гэжээ.

 

Хариуцагч ******* нь энэ баримтыг Тун Жөү ГХОХХК-ийн шахалтаар бичсэн, өөрийн өмчлөлийн байрыг түрээслэн суух боломжгүй гэж маргасан байна.

7.Нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрхи баримт нь хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох агуулгаар бичигдсэн зөвхөн нэг талын илэрхийлэл байх ба талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэлцлийн гол нөхцөл болох орон сууц хөлслөх талаар талууд тохиролцсон, гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслүүлэгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Орон сууц хөлслөх гэрээгээр зөвхөн тухайн хөрөнгийн эзэмшил гэрээнд заасан хугацаанд хөлслөгчид шилждэг.

Гэтэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, улмаар худалдан авсан орон сууцыг худалдагч талаас хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээр тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх шинэ өмчлөгч *******т шилжсэн байх ба өөрийн хөрөнгийг өөрөө хөлслөх гэсэн агуулга нь зөрчилдөөнтэй нөхцлийг бий болгосон байна.

 

8.Харин хариуцагчийн гарын үсэг бүхий Тун Жөү ГХОХХК-нд 2016 оны 02 сарын 15-ны өдөр гаргасан бичиг нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой хариуцлага хүлээх талаар илэрхийлсэн баримт гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заажээ.

 

9.Хэдийгээр хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хожимдуулсан байгаа боловч түүний гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид хэдий хэмжээний хохирол хэрхэн учирсан, хохирлыг ямар аргачлалаар тооцсон нь тодорхойгүй, өөрт учирсан хохирлоо нотлохгүйгээр нэхэмжлэгч Тун Жөү ГХОХХК нь хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан эд хөрөнгө хөлслөх /түрээсийн/ гэрээний үүрэг 10.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Тун Жөү ГХОХХК нь хариуцагч ******* түүний хуулиар хамгаалагдсан ямар эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар нотолж чадаагүй байна.

Мөн хариуцагч ******* нь Тун Жөү ХХК-тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн, бидний хооронд өөр хэлцэл хийгдээгүй гэсэн татгалзал үндэслэлтэй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Тун Жөү ГХОХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 509 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэхь заалтыг

1.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Тун Жөү ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогт *******гийн *******т холбогдох гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 10.630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 185.030 төгрөгийг орон нутгийн төёвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form