Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00011

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,055,300 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагч *******ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг /цахимаар/, хариуцагч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Хариуцагч нараас нийт 20,055,300 төгрөг буюу *******аас 10,027,650 төгрөг, *******ээс 10,027,650 төгрөг гаргуулах

 

2. ...Миний биө ******* нь өөрийн нөхөр *******аар дамжуулан түүний нутгийн танилууд гэх *******тай анх танилцаж байсан. ...2020 онд ******* нь өөрийн эхнэр ******* гэх эмэгтэйтэй хамт ирэн мөнгө олох ажил байна, нэг компанийн хашаанд гараад ирсэн жонш байна, тэр жоншийг шигшээд хашаанаас нь гаргаж зарна, тэр газар нь очиж үзээд гэрээ хийчихлээ, намайг 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий жонш нийлүүл гэсэн. Манай нэг найз 50 000 000 төгрөгийг гаргая гэсэн, та хоёр яаралтай 50 000 000 төгрөг олоод зээлээд өгчих, зээлж өгсөн мөнгөний чинь хүүг сар бүр төлнө баталгаатай, мөн ажлаа эхэлчих юм бол маш их ашигтай зээлсэн мөнгөний хүүнээс гадна, олсон ашгаасаа хуваана гэж хэлсэн. ...тухайн үедээ бидэнд мөнгөний бололцоо байхгүй байсан хэдий ч өөрсдийн таньж мэддэг хувь хүмүүсээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөө *******ын данс руу шилжүүлсэн. Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр н.*******гаас 10,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр н.*******аас 3,000.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *******аас 6,000,000 төгрөг тус тус зээлсэн.

... өмнөх 3 хүнээс авсан зээлүүдийг хаахын тулд өөрсдийн ойр дотны хүмүүсийн автомашин зэргийг ББСБ-ын барьцаанд тавиулан зээл авхуулж, хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч *******, ******* нарын өмнөөс өөрсдөө авч ашиглаагүй зээлүүдийн төлөлтүүдийг өөрсдийн хөрөнгө, мөнгөөр төлж дуусгасан.

...*******, ******* нар нь энэ хугацаанд 4,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг л төлсөн. Миний бие Отгонбаяр, Ганхүлэг нарын өмнөөс ББСБ-ын зээлийн хүүнд 5,755,309 төгрөг, үндсэн зээлд 15,500,000 төгрөг төлж, өөрсдийн хувиас зээлсэн 4,300,000 төгрөгийг буцаан авч чадахгүй хөрөнгө мөнгө болоод сэтгэл санаа, цаг хугацааны хувьд асар их хэмжээгээр хохирлоо. Одоогийн байдлаар *******, ******* нарын надад төлсөн 5,500,000 төгрөгийн төлбөрийг хасаад ББСБ, хувь хүнээс авсан үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүүнд 5,755,309 төгрөгийг тэдний өмнөөс тэдний өмнөөс өөрсдийн хөрөнгөөр төлсөн төдийгүй хувиасаа зээлсэн 4,300,000 төгрөг нийт 20,055,309 төгрөгийг *******, ******* нараас гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.

 

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.Миний бие 2017-2020 оны хооронд *******тэй хамтран амьдарч байх хугацаанд ******* нь ******* болон түүний нөхөр ******* нартай хамтран жонш шигшиж зарах бизнес хийхээр харилцан тохиролцож байсан. Бизнес оруулах хөрөнгө мөнгийг ******* ******* хоёр олохоор тохиролцож ******* тухайн мөнгөөр Чойрт байх тухайн жоншийг хашаанд нь шигших гол үйл ажиллагаа хийхээр тохиролцсон байсан. Тухайн үед бид хамтран амьдарч байсан ба миний Хаан банкны картыг ******* хэрэглэж, эзэмшдэг байсан. Тухайн үед *******, ******* 2-ын шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь ******* жоншны бизнестээ хэрэглэж байна гээд бүтэн өрөө зарцуулсан. Ингэхдээ 1 хоногийн дотор шилжиж орж ирсэн нийт 36 сая төгрөгийн 16 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу бараа гэх утгаар шилжүүлж, үлдэгдэл мөнгийг хэд хэдэн хүн рүү хуваагаад гаргасан байсан. Тэр харилцах дансны эзэмшигч нарыг би огт танихгүй, бүгд *******ийн таньдаг хүн байх. ...Мөн *******, ******* нар нь ******* болон надаас дээрх мөнгөө залилуулсан гэх гомдлыг Цагдаагийн газарт гаргаж тухайн гомдол нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад *******ийн өмгөөлөгч н.Мягмарсүрэн гэх хүн намайг ...7,000,000 төгрөгийг *******, ******* нарт өгнө гээд нотариатаар ороод бичээд батлуулаад өгчих, дараа нь дахин нотариатаар ороод ******* энэ мөнгийг төлөх үнэн тул баталгаа хийгээд намайг буцаагаад энэ мөнгөний асуудлаас суллаад өгнө гэж хэлээд надаар Сансар хавьцаа байх нэг нотариатын газраар орж баталгаа хийлгүүлсэн. Ингээд цагдаа дээр шалгагдаж байсан гомдол нь хэрэгсэхгүй болж тэд хоорондоо өөрсдөө тохиролцон учраа олж дууссан. Гэтэл одоо гэнэт надаас 10 сая төгрөг нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Надад эд нарын хоорондох мөнгөний асуудал огт хамааралгүй юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.******* гэдэг хүнээс би мөнгө аваагүй, энэ нэхэмжлэгч хэнээс ямар хүүтэй мөнгө зээлснийг би огт мэдэхгүй, харин *******аас авсан мөнгөө түүнд төлж барагдуулахаар зөвшөөрч сум дундын шүүхээр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж гарсан байгаа болно. Мөн н.******* нь мөнгө авсан гээд намайг Цагдаагийн газраар шалгуулсан бөгөөд би түүнд бэлэн 7 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгөөд өр авлага байхгүй гээд би явсан, одоо ямар мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. ...Эхнэр *******гийн дансанд нь мөнгөө хийсэн баримтаа өгсөн. ******* нь чамтай ярих зүйл байхгүй чи мөнгөө төлчихсөн. Би бол мөнгөө төлчихсөн. *******аас мөнгө авна гэж ярьдаг. 5,500,000 төгрөг төлөхөөс өмнө нэхэмжлэл гаргасан. ******* хүн амины хэрэгт орооцолдчихлоо мөнгө хэрэгтэй байна гээд 5,500,000 төгрөгийг эхнэр *******гийн данс руу хийсэн. Энэ банк бусаас зээл авсан гэдгийг би мэдэхгүй. 15,000,000 төгрөгийн үлдэгдэл байна гэхэд 7,000,000 төгрөгийг нь би төлж, 8,000,000 төгрөгийг ******* төлөхөөр болж, ******* сар болгон 500,000 төгрөг төлөхөөр тохирсон. Би авсан мөнгөө тэр дороо өгчихсөн. ******* ******* хоёртой утсаар ярихад чамаас нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 7,877,655 төгрөг, хариуцагч *******аас 7,877,655 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,300,000 төгрөгийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,231 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 236,727 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч *******ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

 

Нэхэмжлэгч ******* нь ******* болон *******т нарт холбогдуулан зээл, зээлийн гэрээнээс үүссэн хохирол гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлоод 20.055.300 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн зарим хэсгийг анхан шатны шүүх нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь; Анхан шатны шүүх хэргийг шиидвэрлэхдээ маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, *******, ******* нар нь *******тай гэрээ байгуулж улмаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж үзээд нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буй нь хуульд нийцэхгүй байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг огт шалгаагүй, ******* нь *******ын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байгаа.

2.******* болон нэр бүхий хүмүүсийн зээл мөнгийг ямар учраас *******, ******* нараас гаргуулж буйгаа огт тайлбарлаагүй.

3.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримт мөн эсэх, тухайн нотлох баримтууд нь энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд мөн эсэхийг нарийн тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн буруу гэж бидний зүгээс гомдол гаргаж байна гээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 10, 11 дүгээр сарын дансны хуулга шүүлгэхэд 3.000.000 төгрөг орсон гэж хэлдэг чи яагаад худлаа яриад байгаа юм гэхэд эхнэр ******* нь зүгээр хуваагаад бичсэн гэж хэлсэн.

Би Ганхүлэгийн өмнөөс 8.000.000 төгрөгийг гэрээ зараад өгсөн. Эргүүлээд Ганхүлэгээс нэхэмжилж шүүхэд хандсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр машинд өгсөн гэж тайлбарладаг. Би тийм мөнгө аваагүй гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийг хууль хангасан. ...Анхан шатны шүүхээс зээлийн гэрээ хийсэн гэж нотлогддог. Хүний амьдрал дээр бичгээр хийгдээд байдаггүй. Отгонбаяр нар гэр бүлийн харилцаатай байсан. Хариуцагч тал өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн төлбөрийг Ганхүлэг төлөх ёстой гээд бие бие рүүгээ чихдэг. Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. ...Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээнээс үүсэн хохирол 20.055.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *******, ******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт 2020 оны 07 дугаар сарын 21, 24, 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэж, *******, ******* нарт зээлдүүлсэн бөгөөд тэдэнд итгэж уг хүмүүсээс зээлсэн мөнгөө хүүтэй нь төлж барагдуулсан тул гэрээнээс үүдэлтэй хохирол төлбөрт 20.055.300 төгрөг гаргуулна гэжээ.

 

4.Дээрх хугацаанд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт дээрх мөнгөө өгөөд авч чадаагүй, эдгээр хүмүүсийг өөрийг нь залилсан талаар Цагдаагийн газарт хандаж өргөдөл гомдол өгч шийдвэрлүүлсэн гэх боловч уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, хариуцагч ******* *******ийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний өмнөөс *******д 8.000.000 төгрөг төгрөг төлсөн гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан, түүнчлэн энэ талаараа Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2022 оны 05 сарын 00344 тоот захирамжаар *******, *******т 8.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ захирамж өнөөдрийн байдлаар биелэгдээгүй талаараа ******* тайлбарласан.

Мөн ******* нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ******* Цагдаагийн газарт хандаж шалгуулахад би 7.000.000 төгрөг, ******* 8.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг төлөөд өр төлбөргүй болсон. Одоо харин би *******т 8.000.000 төгрөгийн өглөгтэй байгаа, харин надаас ямар мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэсэн тайлбар гаргажээ.

 

5.Анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 7,877,655 төгрөг, хариуцагч *******аас 7,877,655 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,300,000 төгрөгийн шаадлагыг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.

 

6.Дээрх шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл *******ийн зүгээс ...анхан шатны шүүх *******, Ц.Буяндэлгэр нарын ББСБ болон нэр бүхий хүмүүсийн зээлийн гэрээ байгуулж авсан мөнгийг ямар учраас *******, ******* нараас гаргуулан *******д олгуулж байгаа нь тодорхойгүй, ******* нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь: Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, *******, *******, ******* нарын хооронд ямар үйл баримт үүссэн эсэх, үүссэн үйл баримтыг тогтоосны эцэст энэ нь Иргэний эрх зүйн ямар харилцаанд хамаарах эсэх, нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн болох, түүний шаардах эрхийн хууль эрх зүйн үндэслэлийг тодруулаагүйн дээр үйл баримтыг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй, түүнчлэн хариуцагч нарын үгүйсгэсэн тайлбарыг шүүх юу гэж үзэж үгүйсгэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл *******, *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл гэрээ хэдийд байгуулагдаж, хэдийд дуусгавар болох, хэдэн төгрөгийг шилжүүлж хэдийг нь аваагүй эсэх, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзвэл энэ хугацаа нь хэзээнээс хэтэрсэн болох, хариуцагч нар үүргээ хэрхэн хэтрүүлснээс нэхэмжлэгчид ямар хор хохирол, хор уршиг учирсан эсэх зэргийг тодорхойлолгүйгээр Иргэний эрх зүйн зээлийн гэрээ, хоёр талын гэрээнд үүрэг зөрчих зэрэг эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Мөн хариуцагч *******т 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр явагдах шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсныг буруутгах үндэслэл болохгүй боловч хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй байхад шүүх хуралдааныг явуулсныг түүний эрхийг хязгаарласан гэж үзнэ.

 

7.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, үйл баримт тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, эрхийг нь хязгаарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлтэнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 140,992 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                        Д.БУЯНЖАРГАЛ

                                         ШҮҮГЧИД                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                                     Б.ЭРДЭНЭХИШИГ