Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 15

 

                                          Б.Бат-Өлзий, Д.Тодмагнай нарт холбогдох

                                                        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор О.Багшбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням, түүний өмгөөлөгч Д.Даваа,

ялтан, хохирогч Б.Бат-Өлзий /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахим сүлжээгээр оролцов/, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Д.Тамир,

ялтан, хохирогч Д.Тодмагнай, түүний өмгөөлөгч Д.Даваа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бат-Өлзий, Д.Тодмагнай нарт холбогдох эрүүгийн 201625012259 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Батцагаан овогт Батжаргалын Бат-Өлзий, 1993 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Булган аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Булган аймгийн Гурван Булаг сумын 5 дугаар баг, Хөгнөд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын задгайд оршин сууж байсан,

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 720 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 510 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, /РД: ГГ93010315/,

2. Багшид овогт Даваанямын Тодмагнай, 1987 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжны 151 “б” тоотод оршин суух,

2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 49 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  /РД: СЙ87071937/,

Б.Бат-Өлзий нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Д.Баярлах, Д.Тодмагнай нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Д.Баярлахыг зодож, санаатай алсан гэмт хэрэгт,

Мөн 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой согтуугаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор Д.Баярлах, Д.Тодмагнай нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Д.Тодмагнайг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Д.Тодмагнай нь Д.Баярлахтай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Б.Бат-Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бат-Өлзийгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Д.Тодмагнайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Б.Бат-Өлзийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Д.Тодмагнайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай  учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Өлзийг 10 жил 5 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Д.Тодмагнайг 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Өлзийд оногдуулсан 10 жил 5 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Өлзийд оногдуулсан 10 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Б.Бат-Өлзийгийн цагдан хоригдсон 156 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Д.Тодмагнайд мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Тодмагнай нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Өлзийгөөс 5.152.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямд олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Бат-Өлзий давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Гэрч Өлзий-Орших нь тухайн хэрэг болох үед байгаагүй байж, харсан гэж худал ярьж, намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Намайг буудлаас гараад хашааны үүдэнд утсаа оролдоод зогсож байтал Тодмагнай гэх залуу ирж утсаа өг гээд бид хоёр барьцалдаж авсан. Би хашааны гадна буланд шахагдан зогсож байтал Баярлах ирж нийлэн намайг зодсон. Баярлах нь Тодмагнайг салгаж чирээд явсан ба чирэгдэж байхдаа Тодмагнай нь Баярлахыг цохиж, түлхэж унагаагаад над руу буцаж ирж утсаа өгсөнгүй гэж хэл амаар доромжилсон. Гэтэл Баярлах ирээд миний нүүр лүү цохисон. Би өөрийгөө хамгаалж, харилцан цохилцсон. Тодмагнай нь Баярлахыг цохиж, хавсарч унагаж байгаа нь камерт бичигдсэн. Тодмагнай нь 17 цагт Баярлахтай утсаар ярьж, зах орсон, мөн Баярлахад 89161510 дугаартай гар утас авч өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл Тодмагнайтай утсаар ярьсан, өглөө түргэн дуудахад 89161510 гэсэн дугаартай гар утас нь байдаггүй. Иймд Тодмагнай нь ямар зорилгоор худал мэдүүлэг өгөөд байгааг, яагаад гар утас алга болсон, Тодмагнай хэдэн цагт ярьсан болохыг лавлагаа авч шалгаагүй тул дээрх ажиллагааг хийлгэх хүсэлтэй байна. Мөн шатан дээр унтаж байсан хүн хэзээ нь хогон дунд очсон болохыг, яагаад цус гарч хавдсан байв гэдэг нь эргэлзээтэй. Хэрэв урд орой нь цус гарч хавдсан юм бол цуг хоносон Уртаа, Баяраа хоёр яагаад хараагүй вэ гэдгийг шалгуулмаар байна. Мөн гэрч гэх хүмүүс бүгд өөр өөр мэдүүлэг өгч, зарим мэдүүлэгт засвар орж, хэт нэг талыг барьж байцаалт авсан нь зарим гэрчийн мэдүүлгээс харагддаг. Шинжээч эмч Энхбаатар яг хэдийд гэмтэл авсан, энэ гэмтлийг аваад хэдий хугацаанд ухаантай явсныг тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн. Талийгаач Баярлах нь цусан хураа гэмтлийг хэрэг болж байхад авсан уу, Тодмагнайгийн цохилтын улмаас авсан уу, эсвэл боржур цементен дээр унаж авсан уу гэдгийг нарийн шалгаагүй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү. Би өөрийгөө хамгаалж харилцан цохилцсон болохоос хүн гэмтээе, хүний амь насыг хохирооё гэсэн санаа байгаагүй. Ийм байхад хувийн таарамжгүй харьцааны улмаас гэж яллаж байгаад маш их гомдолтой байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг өөрчилж, тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолд оршуулгын зардлын тооцоо болон цагдан хоригдсон өдөр, гэрч Улаанхүү нь 2016 оны 6 дугаар сарын 16-нд болсон хэрэг гэж зөрүүтэй бичсэн байна...” гэжээ.

Ялтан, хохирогч Б.Бат-Өлзийгийн өмгөөлөгч Д.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Тухайлбал талийгаач Д.Баярлахын явсан маршрутыг тогтоож чадаагүй. Батзориг, Уртаа буюу Батжаргал нарын мэдүүлэгт талийгаачийг хаана, юу хийж явсан талаар ярьдаггүй. Хоёулаа өөр, өөр мэдүүлэг өгдөг. Гэтэл энэ 2 хүний мэдүүлгийг яллах дүгнэлтэд нотлох баримтын хэмжээнд авч үнэлсэн. “Баяраа ахтай таараад Д.Баярлах хаана байгаа вэ гэж асуухад 24 цагийн дэлгүүрийн шатан дээр байна гэж хэлсэн. Намайг яваад очиход унтаж байсан. Хажуугаар нь хэвтэхэд намайг тэвэрч аваад миний хайрт ирсэн үү гээд үнссэн” гэж Уртаа мэдүүлдэг. Батзориг нь тухайн үед хамт архи уусан гэдэг боловч яг хаана юу хийж явсан гэдэг нь тодорхойгүй. Тийм учраас талийгаачийн явсан маршрутыг тогтоох ёстой гэж үзэж байна. Тархинд цусан хураа гэмтэл үүссэний улмаас нас барсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Уг гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох ёстой. Шинжээч эмч болон бусад хагалгаа хийсэн эмч нар өөр, өөр мэдүүлдэг. Тархинд үүссэн цусан хурааг тогтоосноор зодоон болсон цаг хугацааг тогтоох боломжтой. Мөн камерын бичлэгээр Д.Тодмагнай талийгаач дүүтэйгээ хоорондоо маргалдаад түлхэж унагааж байгаа дүрс бичлэгт авагдсан. Талийгаач ямар гадаргуу дээр унасан талаар үзлэг хийх ёстой байсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна...” гэв.

Ялтан, хохирогч Б.Бат-Өлзийгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Б.Бат-Өлзийгийн давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Тамирын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн хангалттай нотолж чадаагүй. Уртаа буюу Батжаргалын мэдүүлэг тодорхойгүй байна. Камерын бичлэгт талийгаачийг нэг удаа цохиход хойшоо унаад 7 минут орчим хэвтэж байгаад босоод ямар нэгэн гуйвсан, дайвсан хөдөлгөөн хийхгүйгээр хашаанаас гараад явсан. Д.Тодмагнайгийн мэдүүлгээр “нэг удаа нүүр рүү цохисон. Ам руу цохиход цус гарсан” гэдэг. Харин эмч нар унасан, өшиглөсөн гээд янз бүрийн байдлаар тайлбарладаг. Энэ зөрүүтэй байдлыг шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тогтоох ёстой. Уртаа мэдүүлэхдээ “хүнээс асуухад шилэн банкны тэнд унтаж байхад нь хажуугаар нь ороод унтсан” гэдэг. Тэгэхээр хэдэн цагийн дараа тэнд очиж унтсан бэ гэдэг нь тодорхойгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан. Шинжээч эмч болон хагалгаа хийсэн эмч нарын өгсөн мэдүүлгээр 10 цаг, 24 цаг, тухайн цаг хугацааны дотор энэ гэмтлийг авсан байх боломжтой гэдэг. Заримдаа “энэ гэмтлийг авсан бол тодорхой хугацаанд ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байдаг” гэж мэдүүлдэг. Тархинд авсан гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл бол тухайн хүний хэл ярианы чадвар, биеийн онцлог зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Гэхдээ Б.Бат-Өлзийгийн цохилтоос энэ гэмтлийг аваад үхэлд хүргэх шалтгаан болсон гэдгийг юугаар тогтоосон нь хангалттай сайн харагдахгүй байна. Талийгаачид учирсан гэмтэл нь нүүр лүү цохисонтой ямар шалтгаант холбоогоор үүсэх вэ гэдгийг, мөн цаг хугацааг тогтоох шаардлагатай...” гэв.

Ялтан, хохирогч Д.Тодмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай дүү намайг өмөөрч зодолдох гээд байхаар нь би дуудаж байгаад татаж суулгахад Б.Бат-Өлзий намайг цохисон. Б.Бат-Өлзий миний дээрээс дэвсээд толгой руу өшиглөсөн...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Б.Бат-Өлзийгийн мэдүүлгээр бол ах нь дүүгээ зодоод алсан юм шиг яриад байгааг зөвшөөрөхгүй. Камерын бичлэгээр бүх зүйл тодорхой харагддаг. Бат-Өлзий нь огт хохирол барагдуулаагүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Давааням, ялтан, хохирогч Д.Тодмагнай нарын өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинжээч эмч Энхбаатар, Ж.Түмэн-Өлзий, Ц.Амартайван нарын мэдүүлэгт “цохиулж, өшиглүүлээд гөлгөр буюу цементэн гадаргуу дээр унах үед уг гэмтэл учрах боломжтой” гэж дүгнэсэн. Хохирогч цементэн шалан дээр унаад энэ гэмтлийг авсан байх гэх Б.Бат-Өлзийгийн өмгөөлөгч нарын тайлбар нь “хохирогч Д.Баярлах нь Б.Бат-Өлзийд зодуулсны дараагаар амнаас нь цус гараад нүүр нь цус болоод суугаад байсан” гэх гэрч Д.Өлзий-Оршихын мэдүүлгээр нь няцаагдаж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, үндэслэл бүхий тогтоол гаргасан гэж үзэж байна. Б.Бат-Өлзийгийн үйлдэл хэргийн гол гэрч болох Д.Өлзий-Оршихын мэдүүлэг болон камерын бичлэгээр нотлогддог. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар “цаана нь Д.Тодмагнай, хохирогч Д.Баярлахыг цохиод унагаж байна. Тэр байдлаас гэмтэл авч амь нас нь хохирсон байж магадгүй” гэсэн таамаглал дэвшүүлсэн. Нэгэнт шинжээчийн дүгнэлт болон шинжилгээ хийсэн эмч нарын мэдүүлэг хэрэгт авагдаад, Б.Бат-Өлзийгийн зодож, цохисон үйлдэл нь камерын бичлэгт авагдсан байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлага байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна...” гэв.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Камерын бичлэгт Д.Тодмагнай дүүгээ дэгээдээд унагааж байгаа нь харагддаг учраас цементэн гадаргуу дээр унаад гэмтэл авах боломжтой гэж маргадаг. Талийгаач нь ахдаа дэгээдүүлж унаад, шууд босоод буцаж хашаан дотор орж ирээд ахыгаа боль гээд салгах хооронд Б.Бат-Өлзий талийгаачийн нүүр лүү өшиглөж унагаасан. Бат-Өлзийд өшиглүүлсний дараа ямар ч хөдөлгөөнгүй хийгээгүй. Хэрвээ Д.Тодмагнай дэгээдээд унагаасны дараа тархины  гэмтэл авсан бол талийгаач ямар нэгэн үйлдэл хийхгүй, унасан газраа байж байх байсан. Эдгээр хүмүүс нь бүгдээрээ Нарантуул захын ард архи уудаг. Мөн эдгээр хүмүүст цаг, гар утас байхгүй тул мэдүүлгийг өгөхдөө цагийг баримжаалж өгсөн. Уртаагийн албан ёсны нэр нь Батжаргал бөгөөд Д.Баярлахын эхнэр юм. Зодооныг хараад зогсож байсан Одсүрэн нь “Д.Баярлах ахыгаа өмөөрөөд тэр хүмүүстэй маргалдсан. Харин нөгөө хүн нь Д.Баярлах, Д.Тодмагнай нарыг зодсон. Д.Баярлах, Д.Тодмагнай нар зодуулаад хашаан дотор сууж байгаад гараад, би цаашаа явсан” гэж мэдүүлдэг. Уртаатай хамт яваагүй. Тэгэхээр хэнээс талийгаачийн явсан маршрутыг тодруулах вэ. Цаг хугацааны хувьд эргэлзээтэй гэж яриад байна. Өглөө 07 цаг өнгөрч байхад 103-ын эмч Ц.Амартайваныг дуудлагаар очиход “Нарантуул” захын хойно цусаар бөөлжсөн, ухаангүй хүн хэвтэж байсан. Хажууд нь байсан шар үстэй хүн буюу Уртаагаас асуухад цусаар бөөлжөөд байна гээд хамгийн ойрын эмнэлэг “Энэрэл” рүү авч явсан. Тухайн эмнэлэг рүү авч явах замд талийгаачийн хүүхэн хараа нь өргөссөн байсан учраас тархиндаа гэмтэл авсан байна гэж дүгнээд гэмтлийн эмнэлэг рүү очсон. 09 цаг 30 минутад Түмэнжаргал эмч хүлээн авсан. Цаг хугацааны хувьд зөрдөггүй. Шинжээчийн эмч Энхбаатар, Түмэнжаргал, Амартайван нар цусан хурааны хурдац ямар байх нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална гэж мэдүүлдэг... Талийгаач цохиулсныхаа дараа 7 минут ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Ах нь хүнд зодуулж байхад талийгаач босох боломжтой байсан бол ахыгаа өмөөрөх байсан. Гэтэл үүнийг эмч нар идэвхтэй үйлдэл хийж болно. Идэвхтэй үйлдэл нь тухайн авч байгаа гэмтлийн хурдцаас шалтгаална гэж мэдүүлдэг. Камерын бичлэгт Өлзий-Орших, Улаанхүү нар байсан. Өлзий-Орших камер хараад хянаж байдаг хүн учраас харсан зүйлийнхээ талаар мэдүүлэг өгсөн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хэлэлцэхдээ ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Б.Бат-Өлзий нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Д.Баярлах, Д.Тодмагнай нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, Д.Баярлахыг санаатай алсан, хохирогч Д.Тодмагнайн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Д.Тодмагнай нь талийгаач Д.Баярлахтай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул” зочид буудлын хашаан дотор хохирогч Б.Бат-Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваанямын: “... Талийгаач Д.Баярлах нь төлөв даруу зантай ямар нэгэн гаж зуршилгүй байсан бөгөөд сүүлд архи уудаг болчихсон гэсэн. Толгойдоо гэмтэл авдаг өдөр талийгаачийн ах Тодмагнай “Нарантуул” зах дээр очиж Д.Баярлахтай уулзаад гутал, хувцас авч өгөөд хамт явах гэтэл найз охин нь явуулаагүй гэсэн...” /хх 1-н 28/, 

хохирогч Б.Бат-Өлзийгийн: “... Надтай анх ирж маргалдсан залуу гараараа хэд хэдэн удаа миний зүүн шанаанд цохиж, амны дотор язалсан. Мөн сүүлд тэр залууг өмөөрч ирсэн залуу надтай зууралдаж, миний баруун мөр, тохой, цээж хэсэгт цохиж, маажиж зулгаасан. Тэр хоёр залуу хоёулаа энд тэндээс цохиж зууралдсан. Тэр хоёр залуугийн үйлдлээс надад гэмтэл учирсан...” /хх 1-н 31/,

хохирогч Д.Тодмагнайгийн: “...Миний баруун талын нүд рүү нэг удаа цохих үед нүдэнд оч манараад байсан тул доошоо тонгойсон. Гэтэл духны зүүн тал руу 3-4 удаа өшиглөсөн ба миний толгой эргээд газар унасан... Д.Баярлах тэр залууд цохиулаад контейнерийн хажууд очиж суух үед би нөгөө залуу дээр очоод “яагаад манай дүүг цохиж байгаа юм” гэхэд “пизда минь” гээд миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод цамцны энгэрээс бариад намайг угзарч унагаасан. Тэгээд миний толгой болон цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” /хх 1-н 33/, 

гэрч Б.Одсүрэнгийн: “... Баярлах ахаараа хоёр шил архи авахуулсан ба бид нар “Консул” зочид буудлын хашааны гадаа гудамжинд сууж байгаад уусан. Тухайн үед би нилээд согтоод байсан бөгөөд нэг харахад Баярлахын ах Бүлтээ буудлын хашаан дотор цагаан майктай залуутай маргаж байсан. Тэр хоёр дээр Баярлах очоод ахыгаа өмөөрч зодолдсон ба нөгөө залуу гүйгээд явсан. Харин Баярлахын уруулаас цус гарсан байсан. Тэгээд би архи ууж байгаад хашааны гадаа унтсан бөгөөд Баярлах эхнэр Уртаатай унтлаа гээд явсан...” /хх 1-н 35-36/,

гэрч Б.Эрдэнэбилэгийн: “...2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байхад гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь гартал дээгүүрээ цагаан өнгийн майктай, жинсэн өмдтэй залуу төмөр хаалганы ойролцоо зогсчихсон нөгөө зодолдсон 2 залуугаа “амжихгүй шүү” гэсэн зүйл яриад зогсож байсан. Нөгөө хоёр залуу нь контейнерийн хажууд доошоо суучихсан байсан. Ингээд би хашаанаас гар гээд гаргасан...” /хх 1-н 53/,

гэрч Б.Батжаргалын: “... Би Баяраа ахаас Баярлахыг хаана байгааг асуухад “Шилэн захын зүүн хойд талд Төрийн банкны урд талын шатан дээр унтаж байгаа гэж хэлсэн. Тэнд очоод би нөхөр Баярлахыг тэврээд шууд унтсан. Хэдэн цагийн үед Баярлах дээр очсоноо сайн мэдэхгүй байна. Өглөө нар мандаж байхад сэрээд Баярлахыг босгох гэсэн боловч юм ярьж чадахгүй, нүд нь аниастай, татахаар “мм мм” гээд өмдөндөө шээгээд байсан...” /хх 1-н 55/,

гэрч Д.Өлзий-Оршихын: “...Би камераа орхиод үүдэнд гараад шатан дээр зогсож байтал цагаан цамцтай залуутай, 2 согтуу залуу маргаад хашаан дотор орж ирсэн. Ингээд тэр 2 залууг нөгөө цагаан цамцтай залуу барьж аваад цохиод байсан. Би холоос харсан болохоор хаана нь яаж цохиж байгааг хараагүй... Тэд нар хоорондоо зодолдоод цагаан цамцтай залуу цамцаа тайлаад нөгөө хоёр залууг “та хоёр амжихгүй, ална шүү” гээд дайраад байсан. Зодуулсан гэх хоёр залуу эсэргүүцэл үзүүлж чадахгүй газар суугаад байсан. Тэр хавиар архи уугаад яваад байдаг цэнхэр яактай залуугийн амнаас нь цус гараад нүүр нь тэр чигээрээ цус болчихсон хашааны голд контейнерийн хажууд суугаад байсан. Цэнхэр яактай залууг цагаан цамцтай залуу өшиглөөд унагаачихсан. Нөгөө залууг нь ч гэсэн өшиглөөд байсан. Тэгэхдээ хар саарал өнгийн судалтай цамцтай залуу зүгээр босож явж байхыг харахад гайгүй юм шиг байсан. Харин цэнхэр яактай залуу буюу нэрийг нь хальт мэдэх Баярлахын бие жоохон муу байсан... Баярлахыг цагаан майктай залуу хашаан дотор орж ирэхэд нь нүүр лүү нь ганц нэг цохиж байх шиг байсан. Мөн унагаачихаад толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Баярлахтай хамт явж байсан залууг ч бас нэлээд хэдэн удаа нүүр лүү нь өшиглөсөн...” /хх 1-н 59-60/,

гэрч Ц.Амартайваны: “... Би дуудлага аваад очиход бараан цамцтай залуу дээшээ харсан байдалтай ухаангүй, хүүхэн хараа бага зэргийн урвалтай байсан... Өвчтөнг “Энэрэл” эмнэлэг рүү хүргэж гэж байсан боловч зөөвөрлөх явцад баруун талын хүүхэн хараа өргөсөөд урвалгүй болсон учир толгойдоо гэмтэлтэй байна гэж үзээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн...” /хх 1-н 65-66/,

Шинжээч Г.Энхбаатарын: “...Талийгаач Д.Баярлахын тархинд үүссэн цус хуралт нь шинэ гэмтэл байсан...Гэмтлийн эмчийн хагалгааны тэмдэглэл болон задлан шинжилгээнээс үзэхэд талийгаачийн тархинд үүссэн цусан хураа шинэ гэмтэл буюу тухайн зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх бүрэн боломжтой. Тархинд үүссэн битүү гэмтэл нь унах буюу цохигдох, өшиглөлтийн улмаас үүснэ. Гөлгөр буюу цементэн шалан дээр унах үед ч үүсэх бүрэн боломжтой. ...” /хх 1-н 106/ гэх мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн: “...Бат-Өлзийгийн биед эрүүний зөөлөн эдийн няцрал, жавьжны шарх, зулгаралт, хүзүү, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн тохой үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 8481 дугаартай дүгнэлт /хх 1-н 86/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн: “...Д.Тодмагнайгийн биед дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 8857 дугаартай дүгнэлт /хх 1-н 88/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: “...Талийгаач Д.Баярлахын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, уг цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, баруун чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, няцрал, баруун чамархайн хуйхны цус хуралт, цээж, мөчдийн хуучин цус хуралт, дээд, доод уруулын дотор талын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хүнд зэргийн гэмтэл болно. Цээж, мөчдийн цус хуралт гэмтэл нь хуучин дээд, доод уруулын дотор талын язарсан шарх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, уг цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, баруун чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” /хх 1-н 103/ 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1120 тоот шинжээчийн дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 23-25/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

           Б.Бат-Өлзий, Д.Тодмагнай нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, “Консул” зочид буудлын гадаах камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Б.Бат-Өлзийг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 5 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 5 сарын хугацаагаар тогтоосон, Д.Тодмагнайг бусадтай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ялтны хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Ялтан Б.Бат-Өлзийгөөс “...талийгаачийг Д.Тодмагнай хавсарч газар унагаасан, талийгаачийн тархинд учирсан цусан хураа гэмтлийг хэн учруулсан болохыг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.Бат-Өлзий нь “Консул” зочид буудлаас гарч яваад Д.Тодмагнайтай муудалцан зодолдож, улмаар Д.Тодмагнайгийн дүү талийгаач Д.Баярлах ирж хоорондоо зодолдсон байх ба цагаан майктай залуу болох Б.Бат-Өлзий талийгаач Д.Баярлахыг цохиж унаган, унасны дараа нь нүүр лүү нь хэд хэдэн удаа өшиглөж, өшиглөлтийн улмаас талийгаач газар суугаад босож чадахгүй, тэндээ хөдөлгөөнгүй сууж байгаа нь “Консул” зочид буудлын гадаах камерын бичлэгт авагджээ.  

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1120 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, уг цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, баруун чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, няцрал гэмтлийн улмаас нас баржээ... ” гэж  дүгнэсэн, шинжээч  эмч Г.Энхбаатарын “...Гэмтлийн эмчийн хагалгааны тэмдэглэл болон задлан шинжилгээнээс үзэхэд талийгаачийн тархинд үүссэн цусан хураа шинэ гэмтэл буюу тухайн зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх бүрэн боломжтой...” гэсэн мэдүүлэг зэргээр талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна.

Талийгаачийг Д.Тодмагнайгийн хавсарч унагаасан үйлдлээс бус харин Б.Бат-Өлзий нь Д.Баярлахын толгой руу хэд хэдэн удаа өшиглөсний улмаас талийгаач орчиндоо үйлчлэлгүй болж, газар суун босохгүй байгаа хэргийн үйл баримт тогтоогдож байх ба талийгаачид учирсан тархины гэмтэл, Б.Бат-Өлзийгийн талийгаачийн толгойд хэд хэдэн удаагийн өшиглөсөн үйлдэл хоёрын дунд шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй. 

Мөн анхан шатны шүүх Б.Бат-Өлзийгийн цагдан хоригдсон хоног болон хохирлыг зөв тооцож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Харин шийтгэх тогтоолд ялтан Б.Бат-Өлзийгийн өмнө нь шүүхээр ял шийтгүүлж, суллагдсаны дараах Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдлыг нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон гэж дүгнэх байтал хорих газраас хугацааны өмнө тэнсэж суллагдсан хугацааг нь буюу мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсгийг хэрэглэж ялгүй болсон гэж дүгнэсэн нь буруу болохыг тэмдэглэж байна.