| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 188/2019/1235/Э |
| Дугаар | 581 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Мөнхбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 581
Ч.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1236 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 463 дугаар магадлалтай, Ч.С, Ч.Ө, Ч.Э, М.О нарт холбогдох 1908020210587 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Э-н гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацааны хорих ял дээр шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр суллагдсан,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 5 сар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасч 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд,
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног баривчлах ял,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар хорих ял,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 7 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 323 дугаар захирамжаар ял дүйцүүлж, хорих ялыг 2 жил 2 сар 18 хоног болгон өөрчилж, үлдэх ялыг 6 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан, Б овогт Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд,
3. Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял,
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ял дүйцүүлэн хасах захирамжаар суллагдсан, Б овогт Ч.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд,
4. Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Б овогт М.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, М.О-ыг цагаатгаж,
Ч.Ө-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэргийг, Ч.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг, Ч.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,
Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ч.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,
Шүүгдэгч Ч.Эийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, амь хохирогч С.Б-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн бүлэглэж Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ч.Ө-ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ч.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Ч.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл, хэмжээг 20 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ч.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 6 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, Ч.Ө, Ч.С нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, Ч.Ө, Ч.С нарын цагдан хоригдсон 221 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч М.О нь 219 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эөөс 11.024.018 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д 8.980.685 төгрөгийг, Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д 2.043.333 төгрөгийг, шүүгдэгч Ч.Ө-с 2.433.333 төгрөг гаргуулж Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д 2.043.333 төгрөгийг, хохирогч З.З-д 390.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Саас 2.043.333 төгрөг гаргуулж Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-д тус тус олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н нэхэмжлэлээс 435.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ө, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Э гаргасан гомдолдоо “...шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Хүний амь нас хохироох гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Гэрч н.Х-н илтэд худлаа мэдүүлсэн олон удаагийн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэсэн. Зөвхөн надад онц харгис хэрцгийгээр хүний амь хохироосон гэж ял халдааж байгаад гомдолтой байна. Энэ гэмт хэргийг анх өдүүлсэн Ч.С болон түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн М.О нар ял завшиж байна. Хоёр шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 9 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн тул надад холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэнэ үү” гэсэн байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.С, Ч.Ө, Ч.Э, М.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн байна. Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг зэргийг харгалзан тохирсон ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн Ч.С, Ч.Ө, Ч.Э, М.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Б-ийг зодож, биед нь зүрхний баруун чихэвчний дээд хэсгийн задрал, баруун ховдлын ханын цусан хуралт, үнхэлцэг хальсны хөндийд цусан хураа, элэгний няцрал, гол судасны дагуух зөөлөн эд, баруун бөөрний дээд булчирхайн өөхөн эд, элэгний саран холбоосны цус хуралт бүхий хүнд гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,
энэ явцдаа хүч хэрэглэн, “Веra” маркийн гар утас, чонын шагай, парламент тамхи, автомашины чиптэй түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 146,300 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Ч.С нь хохирогч С.Б-ийг зодож, биед нь толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсэг, баруун 2-5 дугаар хавирганы булчин дахь цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
Ч.Э, Ч.С, Ч.Ө нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хонгдо” тоосгоны үйлдвэрийн байранд БНХАУ-ын иргэн Л.Ж.Ш-д хүч хэрэглэж, компьютерийн дэлгэц, бэлэн 6,000,000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авсан,
энэ явцад шүүгдэгч Ч.С, Ч.Ө нар нь бүлэглэн Л.Ж.Ш-ийн биед нь зүүн 5, 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн 2 дугаар хуруу, зүүн бугуйн үенд шарх, зүүн доод 5 дугаар шүдний сулрал, нүүр, цээж, нуруу, хэвлий, баруун бугалга, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, нүүр, цээж, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
шүүгдэгч Ч.Ө нь хэрэг нь тусгаарлагдсан Б.А-тай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулгийн 2 дугаар гудамжнаас иргэн З.З-гийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Э-ийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, амь хохирогч С.Б-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн бүлэглэж Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ж.Ш-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,
шүүгдэгч Ч.Ө-г бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан,
шүүгдэгч Ч.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, бүлэглэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн шүүх прокуророос М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож М.О-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Ч.Э нь амь хохирогч С.Б-ийн амь насыг ганцаараа хохироогоогүй, бусад шүүгдэгч нар ял завшсан, уг гэмт хэргийн тухайд зарим асуудлыг мөрдөн шалгах ажиллагаанд дутуу шалгасан гэх агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар нэр бүхий шүүгдэгчид болон гэрч Л.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаар зөрсөн С.Б-тэй маргалдан зодоон тэмцэл өрнүүлсэн байх бөгөөд шүүгдэгч тус бүр С.Б-ийн биед халдах явцад Ч.Э нь амь хохирогч С.Б-н баруун шанаа, цээж хэсэг рүү нь удаа дараа цохиж, өшиглөсний улмаас амь хохирогч С.Б-н амь нас хохирсон болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч Ч.Э учруулсан болох, мөн дээрх гэмт хэргүүд үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, үйлдэл оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Ч.С, Ч.Ө, Ч.Э нарт хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж гарсан шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд хязгаарлагдмал болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, шүүгдэгч Ч.Э-ийн уг гэмт хэргийн тухайд зарим асуудлыг мөрдөн шалгах ажиллагаанд дутуу шалгасан гэх гомдлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхойлсон тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Э-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1236 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 463 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН