Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 202/МА2023/00009

 

 

Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 136/ШШ2023/00037 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Эийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЗД холбогдох,  

 

************* дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,179,090 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Тийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц /зайнаас цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А /зайнаас цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Эийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Э миний бие ************* дугаар сургуулийн захирлаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргалгүй хууль тогтоомж, гэрээний дагуу албан үүргээ гүйцэтгэдэг байсан. Гэтэл ЗД 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 тоот захирамжаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч байна.

 

1.1. Сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй. Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ Аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 24/01-24/03-114 тоот актаар 166,612,585 төгрөгийн зөрчил тогтоогдож, төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь зохицуулалтыг удирдлага болгож, Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж тус шалгалтаар сургуулийн нягтлан бодогч Э 2021 оноос 2022 оны 7 сарыг дуустал хугацаанд нийт 166,612,585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн өөртөө үндэслэлгүйгээр илүү тооцож олгосон, үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Э хяналт тавьж ажиллагаагүй, таслан зогсоогоогүй гэж үзсэн. Миний бие төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулдаг байсан, төсвийн зарцуулалтад хяналтыг зохих журмын дагуу тавьдаг байсан. Төрийн албаны цалингийн нэгдсэн систем дотор хянах боломжгүйгээр өөртөө давуу байдал үүсгэж, 166,612,585 төгрөгийг олж авсан нягтлан бодогч Эгийн далд хууль бус үйлдэлд төсвийн шууд захирагч гэдэг өргөн утгаар нь буруутган ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь нягтлан бодогч Эгийн зөрчлийг олж илрүүлсэн, түүнд хяналт тавих Эт тогтоосон хугацаанд Эгийн өөрт авсан 166,612,585 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхийг актаар даалгасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний хувьд их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй. Эгийн гаргасан зөрчилд хамтран оролцсон эсхүл мэдсээр байж дуугүй өнгөрүүлсэн хууль бус үйлдэл, эс үйлдлийг миний бие гаргаагүй. Гэтэл Эгийн зөрчилд намайг хамтран оролцсон мэтээр буруутгаж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

1.2. Эрх бүхий этгээдийн саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Боловсролын тухай хуулийн 31.1.12-т аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан байхад аймгийн Боловсролын газрын саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах урьдач нөхцөл бүрдээгүй байхад иргэн миний эрхэд хууль бусаар халдаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд *****5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,179,090 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү ” гэжээ.

 

2. Хариуцагч ЗДтатгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: 2.1 “... Дорноговь аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлийн “Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, авсан арга хэмжээ” гэсэн 3 дахь хэсэгт “Тус байгууллагын нягтлан бодогч Э 2021 он, 2022 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 166,612,585 төгрөгийн цалин гэж хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөртөө үндэслэлгүйгээр илүү бодож олгосон. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Э хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй зөрчил илэрлээ” гэж мөн тэмдэглэлийн “Дүгнэлт” гэсэн 4 дэх хэсэгт “Хяналт, шалгалтад хамаарагдах ёстой баримт материалуудыг шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй, удаа дараа нэхүүлж хяналт шалгалтын хугацааг хойш нь татсанаас шалтгаалж тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны эрсдэлийн цар хүрээг багасган үнэлсэн тул төрийн албан хаагчтай холбоотой зөрчил бүрэн илрээгүй байх магадлалтай бөгөөд түүвэрлэн үзсэн эрсдэлээс 167,710,790 төгрөгийн төлбөрийн акт тогтоох хэмжээний зөрчил гарсан нь тус байгууллагын санхүүгийн болон дотоод хяналтын үйл ажиллагаа бүрэн алдагдсан гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

 

2.2. Нэхэмжлэгч Э нь *** аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаарын актуудтай 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр танилцаж хүлээн авсан. Нэхэмжлэгч Монгол улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.1-д зааснаар дээр дурдсан Улсын ахлах байцаагчийн актуудыг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй байх тул Эийг актуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

 

2.3. Нэхэмжлэгч Э төсвийн шууд захирагч, байгууллагын гүйцэтгэх удирдлагын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 165 дахь хэсгийн 16 5.1., 16.5.2, 16.5.5, 16.5.7 дахь, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасан үүргүүдийг биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь Дорноговь аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албаны шалгалтын тэмдэглэл тус албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сар 23-ны өдрийн 24/01-24/03-114, 24/01-24/03-15, 24/01-24/03-116 дугаарын актууд буюу нотлох баримтуудаар тогтоогдож нотлогдсон.  

 

2.4. Боловсролын тухай хууль хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон хууль биш, уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12 дахь заалт нь засаг даргад эрх олгосон зохицуулалт юм. Нэхэмжлэгч Эийг нягтлан бодогч Эгийн зөрчилд хамтран оролцсон гэж хариуцагчийн зүгээс буруутгаагүй, харин Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлж хяналт тавиагүй хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь агуулгын ялгаатай, мөн хоёр өөр процедураар хэрэгждэг үйл ажиллагаа юм. Боловсролын тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулахад аймгийн боловсролын газрын саналыг авах, үндэслэнэ гэсэн заалт зохицуулалт байхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авна гэж заасан, харин аль нэг байгууллагаас зөвшөөрөл санал авна, үндэслэнэ гэж зохицуулаагүй. ЗД 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар нэхэмжлэгч Эт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй”  гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  овогт Э /РД:ЕЭ74070569/-ийг ************* дугаар сургуулийн захирлаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,179,090 төгрөгийг *****Засаг даргаас гаргуулж Эт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг ЗД-ынад даалгаж,

 

нэхэмжлэгч Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч *****Засаг даргаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 152,015 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч *****Засаг дарга Тийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын цуглуулж, гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

 

4.1. ЗД-ына нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, захирамжилсан шийдвэр гаргадаг албан тушаалтан болно. Иймд засаг даргын захирамжийг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах хуулийн харьяалал зөрчигдсөн.

 

4.2. Анхан шатны шүүх “Зөрчилд дурдсан үйл баримтыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна, нэхэмжлэлтэй холбоотой хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан” гэж дүгнэлт хийсэн тул нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох байсан. Гэвч Эийг яллагдагчаар татсан эрүүгийн хэрэг цагдаа, прокурорт шалгагдаагүй байхад “Зөрчилд дурдсан үйл баримтыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна.

 

4.3. Байгууллагын санхүүд 166,612,585 төгрөгийн зөрчил шалгалтаар илэрч тогтоогдсон энэ нь сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагч төсвийг удирдах, зориулалтын дагуу зарцуулах, хянах талаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй /эс үйлдэхүй/ сахилгын зөрчил, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол...” сахилгын ноцтой зорчилд тооцно гэж тов тодорхой заасан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Төсвийн зарцуулалтад тавих хяналт нь төрийн албаны цалингийн нэгдсэн системээр хийх гүйлгээг төсвийн шууд захирагч цахим гарын үсгээр баталгаажуулан илгээж байгаа үйлдлээр хэрэгжинэ гэдгийг анхан шатны шүүх бүрэн гүйцэд үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Захирал ажилтнуудын цалинг цахим гарын үсгээр баталгаажуулан илгээж байгаа нь эцсийн үйлдэл бөгөөд уг үйлдлийг хийхийн өмнө нэгдсэн систем дээр цалингийн нэгтгэлийг татаж харах болон цаасаар хэвлээд хүн нэг бүрээр гарт нь олгох, дансанд нь орох мөнгөний хэмжээг хянах бүрэн боломжтой. Харин минут тутамд илгээх нууц код солигддог тул захирал цахим гарын үсгээр илгээснээс хойш хэн ч системд дахин нэвтэрч засвар өөрчлөлт хийх боломжгүй. Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс орон нутгийн төрийн санд, мөн сангаас ажилтны цалин харилцдаг банк руу шилжүүлэгддэг. Хариуцагч гол татгалзлаа нотлох үүрэгтэй адил нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг хүлээдэг.

 

4.4. Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг аваагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ тухай тус газарт албан ёсоор мэдэгдсэн, харин шүүхэд гомдол гаргасны дараа бичгээр хариу ирүүлсэн. Хариуцагч нотлох баримтаа хуульд зааснаар татгалзлын үндэслэл болгон гаргасан ба үүнийг шүүхийн шийдвэрт заасан. Харин нэхэмжлэгч тал шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, зөвхөн хариуцагчийн баримтанд тайлбар гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хүсэлтийг, хүлээн авч шийдвэрлэнэ үү ” гэв.  

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...нэхэмжлэгч өөрийн цуглуулсан, гаргаж өгсөн ямар нэгэн нотлох баримтаар хариуцагчийн нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй. Нэхэмжлэгч тал нотлох баримтыг хуулийн үндэслэлгүй зөвхөн няцаах байдлаар ярьсныг хуулийн үндэслэл бүхий тайлбар хэмээн үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль болон хэрэг маргааны үйл баримтад нийцээгүй. Нэхэмжлэгч шүүхэд цалингийн картуудын баримт гаргаж өгчхөөд эдгээрийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон, өөрийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан нотлох баримтаар үнэлэгдэнэ гэж үзсэн нь хуулийн шаардлага хангаагүй. Эийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан цагдаа, прокурорын байгууллагад шалгагдаагүй нөхцөл байдлыг буруу үнэлэн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад сахилгын шийтгэл оногдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Эт сахилгын шийтгэл оногдуулсан захирамжийн үндэслэлд актуудыг дурдаагүй байна гэсэн атлаа уг актын үндэслэлд сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу байна гэж зөрүүтэй ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч захирамжийн захирамжлах хэсэгт улсын байцагчийн актыг тусгасан. Сахилгын шийтгэл оногдуулснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тул захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтуудыг давхар үндэслэсэн. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход үндэслэх зохицуулалт. Харин сахилгын шийтгэл оногдуулахад хамаарахгүй гэж үзэж байна. Үндэслэл нь  ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нь хуулийн зохицуулалтаараа ялгаатай, шийдвэрлэх шалгах үйл ажиллагаанд тусдаа хоёр өөр харилцаа юм. Иймд Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа талуудын хооронд үүссэнээр ажлаас чөлөөлсөн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон маргаантай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж заасан учраас нэхэмжлэгч хөдөлмөрийн маргааны нэхэмжлэлээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь хэргийн харьяаллыг зөрчөөгүй. Байгууллагын нягтлан бодогч Эрдэнэхүүг эрүүгийн журмаар шалгаж байгаа. Эрүүгийн асуудал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, сахилгын шийтгэл оногдуулж байгаа үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага буюу ажилд эгүүлэн тогтоолгох нь эрүүгийн хэрэгт огтлолцохгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэл байхгүй. Э гэх хүн сахилгын ноцтой зөрчил гэж үзэхүйц хэмжээний ямар зөрчил, ямар  үйлдэл, эс үйлдэхүй гаргаж тэр нь хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гэж үзэхүйц болох нь актаас харагдахгүй. Нэхэмжлэгч Э нь төсвийн шууд захирагчийн хувьд актаар тавигдсан үнийн дүнгээс улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, биелэлтийг хэрэгжүүлэхээр Эт үүрэг хүлээлгэсэн. Нэр бүхий улсын байцаагчийн аудитын дүгнэлтээр нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж байгааг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээний 2.4.1-т заасан ноцтой зөрчил нь нэг мөр тогтоогдсон зөрчил байх ёстой. Гэтэл ийм зүйл тогтоогдсон нөхцөл байхгүй байна. Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дүгээр зүйлд заасан Боловсролын газрын саналыг хүлээх шаардлагагүй гэж тайлбарласан. Үүсээд байгаа маргаан бүхий харилцаа нь боловсролын байгууллагын харилцаа байгаа. Тусгайлсан эрх зүйн актын дагуу нарийвчилсан зохицуулалтаар авч үзнэ. Ажилд авахдаа тухайн дүнг нь харгалзан үзэж, ажлаас чөлөөлөхдөө яаж чөлөөлөх вэ гэдгийг харна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байгаа учраас хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж байна”гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Аын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...ЗД-ынгаргасан шийдвэр захиргааны акт биш учир нэхэмжлэл шүүхийн харьяалал зөрчөөгүй, шүүх үүнийг хүлээн авч шийдвэрлэсэн. Дорноговь аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалтын дүгнэлтээр 166,612,585 төгрөгийн зөрчил байх боломжтой. Үүнийг эрүүгийн журмаар шалгаж тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг 5 дугаар сургуулийн захирал Э, ЗД-ына Т нарт даалгасан. Энэ хэрэгт миний үйлчлүүлэгч Э хамтран оролцсон, захиалж, улсад их хэмжээний хохирол төлбөр учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч Э 166,612,585 төгрөгийн зөрчил гаргасан гэдгийг хэн ч шалгаж тогтоогоогүй. Э ЗД-ынатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах гэрээ байгуулаагүй, захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогоогүй, үүнийг шалгаж тогтоосон ямар нэгэн дүгнэлт байхгүй. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэдэгт миний үйлчлүүлэгч ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй. Эийг 166,612,585 төгрөгийн хохирлыг шууд учруулсан гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэсэн шүүхийн дүгнэлт нь хууль ёсны байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөв хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй зөв гарсан. Үндэслэлтэй зөв дүгнэлт гаргасан учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, ... цаашид цалингийн нэхэмжлэлээс гадна сэтгэл санааны хохирол төлбөрийг оруулж нэхэмжилнэ” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Тийн гаргасан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу маргаан бүхий үйл баримт нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байхад энэ талаар хэргийн оролцогчоос тодруулаагүй, шүүхээс дүгнэлт хийгээгүй  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

2. Нэхэмжлэгч Э нь хариуцагч   ****** Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халсан учир ************* дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин цалинд 4,179,090 төгрөг  гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг,   хариуцагч ЗД-ына буюу хариуцагчийн төлөөлөгч Т эс зөвшөөрч “...Эт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар /хх 25-27/-ыг гаргажээ.

 

3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэсэн байна.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ЗД-ын2020 оны 07 сарын 01-ний өдрийн б/17 дугаар захирамжаар Эийг, ************* дугаар сургуулийн захирлаар томилж /хх 6/, хөдөлмөрийн гэрээ байгуулсан /хх 7/ байх ба Дорноговь аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 5 дугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, шалгалтаар тус байгууллагын нягтлан бодогч Э 2021, 2022 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 166,612,585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн өөртөө илүү бодож олгосон, уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Э нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй зөрчил илэрсэн гэж улсын байцаагчаас акт /хх 46/ тогтоосон, Засаг даргын 2022 оны 9 сарын 20-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар  сургуулийн захирал Эийг дээр дурдсан улсын байцаагчийн актад үндэслэн төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан /хх10/ үйл баримт тогтоогджээ.    

 

4.1.Нэхэмжлэгчээс “...намайг сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй. Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалтаар сургуулийн нягтлан бодогч Э нийт 166,612,585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн өөртөө үндэслэлгүйгээр илүү тооцож олгосон, уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Э хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй гэж үзсэн. Миний бие төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулдаг, төсвийн зарцуулалтад хяналтыг зохих журмын дагуу тавьдаг байсан. Төрийн албаны цалингийн нэгдсэн систем дотор хянах боломжгүйгээр өөртөө давуу байдал үүсгэж, 166,612,585 төгрөгийг олж авсан нягтлан бодогч Эгийн далд хууль бус үйлдэлд төсвийн шууд захирагч гэдэг өргөн утгаар нь буруутган ажлаас чөлөөлсөнд гомдолтой,  миний хувьд их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй. Эгийн гаргасан зөрчилд хамтран оролцсон эсхүл мэдсээр байж дуугүй өнгөрүүлсэн хууль бус үйлдэл, эс үйлдлийг миний бие гаргаагүй” гэж.  

 

Харин хариуцагчийн төлөөлөгчөөс “... Дорноговь аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас ************* дугаар сургууль санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар тус байгууллагын нягтлан бодогч Эг 166,612,585 төгрөгийн цалин гэж хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөртөө үндэслэлгүйгээр илүү бодож олгосон, уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Э хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй, тус байгууллагын санхүүгийн болон дотоод хяналтын үйл ажиллагаа бүрэн алдагдсан гэж дүгнэсэн. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаарын актуудтай танилцаж, хүлээн авсан, актад гомдол гаргаагүй. Иймээс Эийг төсвийн шууд захирагч, байгууллагын гүйцэтгэх удирдлагын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 165 дахь хэсгийн 16 5.1., 16.5.2, 16.5.5, 16.5.7 дахь, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь Дорноговь аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албаны шалгалтын тэмдэглэл, ахлах байцаагчийн актууд буюу нотлох баримтуудаар тогтоогдож, нотлогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргажээ.  

 

4.2. Эндээс үзвэл хариуцагч буюу ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэртээ “...актаар 166,612,585 төгрөгийн зөрчил тогтоогдож, төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан ...” гэж дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ”хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 80.1.5-д заасан “... ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэснийг үндэслэсэн.

 

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулдаг байсан, төсвийн зарцуулалтад хяналтыг зохих журмын дагуу тавьсан, төрийн албаны цалингийн цахим нэгдсэн систем дотор хянах боломжгүйгээр өөртөө давуу байдал үүсгэсэн нягтлан бодогчийн далд хууль бус үйлдэлд төсвийн шууд захирагч гэдэг өргөн утгаар нь буруутган ажлаас халсан ... гэж тодорхойлж,

 

хариуцагч татгалзлаа “...нягтлан бодогч Эгийн зөрчилд хамтран оролцсон гэж буруутгаагүй, харин Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлж хяналт тавиагүй хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан...” гэж тайлбарлажээ.

 

4.3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд дурдсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн гүйцэд, эргэлзээгүй талаас нь тогтоож, тодорхойлоогүй “... актад дурдсан 166,612,585 төгрөгтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусаагүй байхад уг актыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу ...” гэсэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэж үзнэ.

           

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм, хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох бөгөөд дээр дурдсанаар нэхэмжлэгчийг буруутгасан төсвийн шууд захирагч болохын хувьд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн хувьд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтанд хамаарах үүрэг мөн эсэх, уг үүргээ ажилтан буюу нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлсэн эсэх, улмаар энэхүү үйл баримт нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн эсэх зэрэг маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх дүгнээгүйн зэрэгцээ энэ талаар хэргийн оролцогчид мэтгэлцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байна.

 

Мөн Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 актад “... нягтлан бодогч Э нь 2021 он, 2022 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 166,612,585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн, өөртөө үндэслэлгүйгээр илүү тооцож, олгосон, уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал Э нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй...” гэснээс өөрөөр түүнд төлбөр ногдуулаагүй, эрүүгийн хэргийн хувьд нягтлан бодогч Эд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, актад гомдол гаргасан тухай баримтгүй байхад анхан шатны шүүх актад дурдагдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн зохигчид нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагч болохынхоо хувьд төсвийн зарцуулалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх асуудал нь сахилгын зөрчил, ноцтой зөрчил болох эсэх талаар маргаж улмаар нэхэмжлэгч актаар тогтоогдсон нягтлан бодогчийн өөртөө цалин илүү бодож авсан үйлдлийг хянах боломжгүй гэсэн тайлбар гаргаж, энэхүү үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна.

 

Тодруулбал актад болон зохигчдын тайлбарт нягтлан бодогч хуурамч баримт бүрдүүлэн өөртөө илүү цалин олгосон гэж, Эд холбогдох яллах дүгнэлт

/хх128/ -д “... баримтыг засварлаж ашиглан цалингийн тооцоог илүү бодож ...” гэж дурдсан байх ба энэ тохиолдолд төсвийн шууд захирагч хэрхэн хяналт тавих боломжтой, энэ үүргээ хэрхэн яаж биелүүлсэн эсэх үйл баримтыг тогтоохгүйгээр нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан эсэхийг эцэслэн дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

4.4. Тиймээс төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж, хяналт тавьсан эсэх, санхүүгийн зөрчлийг таслан зогсоосон эсэх зэргээр тэрээр энэхүү үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг тогтоосноор шүүхээс хэрэг маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх  боломжтой болно.

 

Өөрөөр хэлбэл ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцдог учир энэхүү нөхцөл байдлыг тогтоосноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх диспозитив буюу талуудын зарчим бүрэн хэрэгжиж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдана.

 

Энэ нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай журамд нийцнэ.

 

Хэдийгээр нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ч хэрвээ нотлох баримт өөрт нь байхгүй, өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргах ба шүүх нотлох баримтыг бүрдүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Үүнд: гэрчийн мэдүүлэг, бичиг баримт, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг хамаарна.

 

Иймд эдгээр дурдсан нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан   шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 136/ШШ2023/00037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгч Тийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     О.ОДНЯМАА

 

                                                                                                       Н.БОЛОРМАА