Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00571

 

2023             03            17                                         210/МА2023/00571

 

                                                    С.Э-ын нэхэмжлэлтэй

                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/03702 дугаар шийдвэртэй С.Э-ын нэхэмжлэлтэй “ЦДҮС” ТӨХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/355, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,362,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажлын 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:ЦДҮС” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр жинхэлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, журмын дагуу хариуцсан үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 2 хоног эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа очиж чадаагүй байхад гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны даргын ажил үүргээс чөлөөлж, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Өвчтэй байснаа нотолсон эмнэлгийн магадалгааг байгууллагад гаргаж өгөхөд хуурамчаар олгосон гэж Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж шалгуулсан боловч холбогдох хууль, дүрэм журам зааврын дагуу олгогдсон болох нь тогтоогдсон. Энэхүү тушаал гарсан ч эрүүл мэндийн шалтгаантай байгаа талаар албаны ажилтнууд болон хэлтсийн шинэ дарга болох М.Даваажавт мэдэгдсэн атал мөн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр эрүүл мэндийн байдлын улмаас чөлөө авах нь ажлаа тасалсанд тооцогдохгүй байхаас гадна би ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй бөгөөд сануулах, цалин бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан. Мөн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн Улаанбаатар салбарын даргын албан тушаал хашдаг Ч.Мөнхпүрэв надтай 3 удаа уулзаж гүйцэтгэх захирал чамайг ажлаас гарах өргөдлөө өг, арга хэмжээ авна гэх мэтээр ажлын байрны дарамт үзүүлсэн. Гэтэл түүнээс 6 хоногийн дараа албан тушаал бууруулж, дахин 4 хоногийн дараа ажлаас халах арга хэмжээ авсанд гомдолтой байна. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 7 өдрийн эмнэлгийн хуудсыг батлуулахаар тус байгууллагад өгсөн боловч баталж, нийгмийн даатгалд хүргүүлээгүй.

Иймд компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгох, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 36,362,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгаж өгнө үү гэжээ.   

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн салбарын даргаар ажиллаж байсан С.Э нь компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажлын 2 өдөр ажил тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй тул гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон. С.Э нь 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд нэг ч удаа холбогдож, ажил гарсан эсвэл бие өвдсөн гэх мэт зүйлийг хэлээгүй. Манай байгууллага даваа гариг бүр шуурхай хурал хийдэг, С.Э- ирээгүй. Ажилдаа ирээгүй шалтгааныг тодруулахад Хөвсгөл аймаг руу явсан. Амралтын газарт эхнэр ганцаараа байгаа учраас ажилдаа очиж чадаагүй гэх тайлбарыг хэлсэн, үүнийг шуурхайд орсон бүх хүмүүс сонссон. Иймд С.Э нь 2020 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаан буюу өвдсөний улмаас гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй, өвчтэй байсныг тодорхойлох нотлох баримт болох эмнэлгийн магадлагааг ажилдаа ирэхдээ салбарын захиргаанд огт өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажилдаа ирэх боломжгүй болсон бол тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.в заалтад заасан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй гэх үндэслэлээр, салбарын захиргааны аж ахуйн албанд дотоод ажлыг хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Гэтэл С.Э үүнийг зөвшөөрөөгүй, мөн ажилдаа ирээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 05-ны хооронд өвчтэй байсан гэдэг боловч уг баримтаа гаргаж өгөөгүй. С.Э нь холбогдох баримтуудыг хуурамчаар үйлдэж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын хариуцагч “ЦДҮС” ТӨХК-д холбогдуулан гаргасан “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот тушаал, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,362,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзал зэргийг дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучин/ 131 дүгээр зүйл, Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалын хавсралтын 2.2.1-д заасныг буруу хэрэглэж зөвхөн магадлал гаргах тухай журамласан зүйл заалтыг заавар хүргүүлсэн байхаар дүгнэж хууль, журам, тушаалд тусгагдаагүй үүрэг болгоогүй агуулгыг үүрэг болгож, эдгээрийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж хариуцагчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 дугаар болон 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 дугаар тушаалууд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл болон 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөрчиж гаргасан болохыг тогтоож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч “ЦДҮС” ТӨХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/355, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,362,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажлын 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын хариуцагч “ЦДҮС” ТӨХК-д холбогдуулан гаргасан “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/355, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,362,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажлын 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч тал шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/03702 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Э “ЦДҮС” ТӨХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/355, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалууд хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,362,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажлын 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР             

                                                 ШҮҮГЧИД                                       М.БАЯСГАЛАН          

                                                                                                         Д.БЯМБАСҮРЭН