Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/0042

 

“ГХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БОАЖЯ-нд холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                            Х.Батсүрэн,

                                                               Д.Мөнхтуяа,

                                                               Ц.Цогт,

Илтгэгч шүүгч:                                П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:               Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0598 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар, Ц.Батнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0598 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “ГХ” ХХК-ийн эзэмшдэг МҮ-004780 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот саналыг үндэслэн “ГХ” ХХК-ийн эзэмшдэг МҮ-004780 тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан.

4. БОАЖЯ нь байгаль орчныг хамгаалахаар өдөр тутмын хяналт тавьж, шалгадаг байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “...Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.2.4-д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргэх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харъяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрийг түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, 16.2.10-д “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсэхийг хянаж саналаа эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан байна.

5. Гэтэл давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг БОАЖЯ тухайн саналын үндэслэн дээр байгаль орчинд хортой нөлөөлж байгааг шалгаж тогтоосны эцэст дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэж БОАЖЯ дүгнэлт гаргасан байхад дээрх хуулийн зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

6. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тухайн бодит нөхцөл байдлыг шалган тогтоох чиг үүрэг бүхий нутгийн захиргааны байгууллага болох аймгийн Засаг даргын саналыг үндэслэж БОАЖЯ дүгнэлт гаргасан байхад дээрх хуулийн зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/707 тоот албан бичгээр маргаан бүхий дүгнэлтийн үндэслэл болсон саналыг яагаад хүргүүлэх болсон талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Тус тайлбарт “ГХ” ХХК болон бусад аж ахуйн нэгжүүдийн алт олборлох үйл ажиллагаа нь Орхон голыг бохирдуулж, газрын хэвлийг сүйтгэн байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байсан ба энэ бүс нутагт уул уурхайн олборлолт явуулах боломжгүй гэж үзсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн хэмээн тайлбар ирүүлсэн байхад Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн буюу тухайн маргаан бүхий дүгнэлт гарахаас 10 сар 20 хоногийн өмнөх хяналт шалгалтын танилцуулга болон сумын Засаг даргын үнэн, худлаа эсэх нь мэдэгдэхгүй албан бичгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

7. Хэрэгт Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид нарыг гэрчээр асуусан бөгөөд Б.Цэрэннадмид цуцлуулах саналыг яагаад хүргүүлсэн талаар дараах тайлбарыг өгсөн байдаг. Үүнд Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан уг газар нь гол мөрний эх бүрэлдэн тогтох газар нутагт хамаардаг. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас шалтгаалан Орхон гол бохирдож байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэж тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар холбогдох дүгнэлтийг гаргуулахаар дээрх албан бичгээр хүргүүлсэн гэв.

8. Дээрх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж, үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг төр хүлээх үүргийн хүрээнд иргэний тус эрхийг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал гэж үзэж БОАЖЯ- маргаан бүхий 2019/07 дүгнэлтийг гаргасан болно.

9. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч “ГХ” ХХК нь БОАЖЯ-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг дүгнэлтээр “байгаль орчинд хортой нөлөө үзүүлж буй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргасан, энэ дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

12. Нэхэмжлэгчээс “...БОАЖЯ нь манай компани байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, газар нь дээр очиж шалгаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, хариуцагчаас “...Яам өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийдэг байгууллага биш, байгаль орчинд нөлөөлж байгаа эсэхийг Засаг дарга тогтоох үүрэгтэй, эрх бүхий этгээдийн саналыг үндэслэж, дүгнэлт гаргасан” гэж тус тус маргажээ.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлах” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, БОАЖЯ дүгнэлт гаргахдаа шалгаж тогтоох ажиллагаа явуулаагүй буруутай байна.

14. Хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/474 дүгээр албан бичигт “...ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/214 дүгээр албан бичигт “...уурхайд байх бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж үйл ажиллагаа явуулсан, 2019 онд 27 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн” гэжээ.

15. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар БОАЖЯ нь тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргахдаа нөхцөл байдлыг судалж, зөрчил байгаа эсэхийг бодитойгоор тогтоох үүрэгтэй байна.

16. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлд энэ хуулийн 3.1.5-д заасан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““төсөл” гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг ойлгоно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд БОАЖЯ нь иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй эсэхэд өөрийн чиг үүргийн хүрээнд хяналт тавих бүрэн эрхтэй, ийнхүү шийдвэрлэхдээ өөрөө шалгаж тогтоох, эсхүл холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үнэлж дүгнэх замаар шийдвэр гаргах байна.

17. Хариуцагчийн “Засаг даргаас санал ирсэн тул тусгай зөвшөөрлийг цуцлах зайлшгүй шаардлага үүссэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны байгууллагын шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа үндэслэл болгосон баримтыг хянан шалгаагүй, үүнээс үүдэх хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцахаар байна.

18. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-ийн 4-т “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-ийн 10-т “байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж аймгийн Засаг даргын байгаль орчныг хамгаалах бүрэн эрхийг заасан нь ерөнхий зохицуулалт бөгөөд энэ маргааны үйл баримтад шууд хамааралгүй буюу Засаг даргад эрх олгосон зохицуулалт нь хариуцагч БОАЖЯ-ны эрхийг хязгаарлах, ямар нэг чиг үүрэггүй гэх үндэслэл биш юм. Иймээс хариуцагчийн “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, 16.2.10-д зааснаар Засаг дарга байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсэхийг хянах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй” гэх гомдол үндэслэлгүй.

19. Хариуцагчийн “дүгнэлтээс өмнөх буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Мэргэжлийн хяналтын танилцуулгыг үндэслэж хэргийг шийдсэн” гэх гомдлын тухайд: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлож байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар Танилцуулгыг үйлдсэн байх бөгөөд шүүхээс зөвхөн энэ танилцуулгыг үндэслэн хэргийг шийдвэрлээгүй, Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/214 дүгээр “тус аж ахуйн нэгж нь уурхайд байх бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж үйл ажиллагаа явуулсан, ...техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгсөн” гэх агуулга бүхий албан бичгийг нотлох баримтаар мөн үнэлсэн байна.

20. Энэ хэргийн тухайд шүүхээс зөвхөн БОАЖЯ-ны 2019 оны 2019/07 дугаар дүгнэлтийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн буюу захиргааны байгууллага өөрөө шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээд нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа эсэхийг эцэслэн тогтоогоогүй, шүүхийн энэ шийдвэр нь хариуцагчаас хууль журамд нийцүүлж дахин шийдвэр гаргахад саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

21. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0598 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                     ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ