Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/00534

 

 

 

 

 

 

 

 

2023 03 13 210/МА2023/00534

 

 

М -ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04495 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М -ны хариуцагч Б.Ц эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,577,092 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Б.Ц , хариуцагчийн өмгөөлөгч П.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б.Ц нь М -нд 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гишүүнээр элссэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14/186 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Б.Ц ийн өмчлөлийн * улсын дугаартай Тоёото Ланд Круйзер 100 маркийн автомашиныг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/34 тоот зээлийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгчид барьцаалсан. Тус зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 сарын хугацаатай сунгаж зээлийн хүүг сарын 3.1 хувь байхаар харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн үндсэн хүүгээс нийт 434,990 төгрөг төлсөн.

1.1. Хариуцагч М -ноос зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй гэж байна. Зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээн авсан баримтад Б.Ц гарын үсэг зурсныг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөнгийг Б.Ц биш Б.О авсан гэж худал мэдүүлсэн. Хэрэгт Б.О ийн тайлбар авагдсан. Тухайн өргөдөлд ...Б.Ц ийн зээлж авсан 5,000,000 төгрөгийг Б.О зээлж авсан. Доод талд нь хамтран энэ зээлийг гардаж 5,000,000 төгрөгийг авчирч өгнө гээд Б.Ц гэсэн гарын үсэг зурсан байна. Эдгээрээс үзэхэд Б.О нь Б.Ц ээс 5,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгөө Б.Ц хоршоонд авчирч өгнө гэж ойлгогдож байна. Өмнөх анхан шатны шүүх хурал дээр Б.Ц зээл авснаа хүлээн зөвшөөрсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна.

1.2. Иймд нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, үндсэн хүү 6,518,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,113,594 төгрөг, нийт 12,632,238 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээл 4,882,140 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 13,234,565 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүд 2,460,386 төгрөг, нийт 20,577,092 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Ц болон нэхэмжлэгч М нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Тухайн зээлийг Б.Ц төлж барагдуулахаар байгуулаагүй. Тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг гэрч Б.О гардаж авсан. Б.О мөнгөний шаардлага гарсан учраас тус хоршооноос зээлийг аваад өгөөч гэх агуулгаар хүсэлт гаргасан учраас М -нд мэдэгдэж дамжуулаад би гарын үсэг зураад өгье, Б.О төлнө гэж тохиролцож зээл олгосон. Б.О зээлийг тодорхой хэмжээнд төлж байсан.

2.1.Тухайн ХЗХ-нд гишүүнээр элсэхдээ тухайн элсэгч нь холбогдох хүсэлт материалыг бүрдүүлэн хураамж төлсний дараа гишүүнээр элсүүлж авна гэдэг агуулга бүхий заалт тус хоршооны дүрэмд байгаа. Гэтэл тухайн хоршоонд гишүүнээр авахдаа ямар нэгэн байдлаар хураамж болон төлбөр гэх зүйл аваагүй. Дүрэмд заасны дагуу хураамж төлсний дараа элсэнэ гэж байгаа. Тэгэхээр энэ хоршоо өөрөө дүрмийнхээ дагуу биш тухайн этгээдийг элсүүлчихээд түүнийхээ дараа тухайн этгээдтэйгээ гэрээ хийсэн нь Хоршооны тухай хууль, журмаа зөрчсөн учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

2.2. Үүнтэй холбогдуулан үнийн дүнтэй холбоотой хэд хэдэн удаа хоршооны зүгээс буруу үнийн дүнг тайлбарласан. Уг нь 5,000,000 төгрөг биш, 3,000,000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулсан атлаа тухайн гэрээг өөрчилж 5,000,000 төгрөг гэдэг агуулгаар бичиж өөрчилсөн. Уг зээлийн агуулга нь тухайн зээлийг би төлж барагдуулна гэдэг өөрийн гараар бичсэн материал баримт байдаг. Тухайн материалыг үзэхэд Б.О өөрөө уг гэрээг хийсэн. Тухайн гэрээг байгуулах санал гаргаж гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нь нотлогдоно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд зээлийн гэрээ дуусгавар болно гэж заасан. Нэмэгдүүлсэн зээлийг хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц ээс зээлийн гэрээний үүрэгт 20,577,092.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М -нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 359,934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байгууллага юм. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 20, 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу хоршооны гишүүнээр элсүүлэх ба тухайн этгээд нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамжийг төлөх, хоршооны үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцдаг журамтай. Гэтэл Б.Ц миний бие М -нд хувь хөрөнгө оруулаагүй, гишүүний хураамж төлж байгаагүй, М -ны үйл ажиллагаанд анхнаасаа огт оролцоогүй, ямар нэгэн ашиг аваагүй, алдагдлыг хариуцаж байгаагүй болно. М нь маргаан бүхий зээлийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд олгоогүй бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/186 тоот зээлийн гэрээг ашиг олох, мөнгө хүүлэх, бусдад өгсөн зээлээ иргэн надаар төлүүлэх зорилгоор сүүлд нөхөж байгуулсан гэж үзэж байна. Иймд, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/Ш32022/16413 дугаартай захирамжаар "хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэсэн хууль бус үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэл бүрт хууль зүйн дүгнэлт хийх замаар маргаан бүхий зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнээгүй байна.

4.1. Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг хэрэглээгүйд гомдолтой байна. Гэрээний 3.2, 3.6-д заасны дагуу зээлдэгч зээлийн хүү, төлбөрийн хуваарь зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсныг үл харгалзан 2022 оны 04 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүүг хуримтлуулан тооцжээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээндээ хэтрүүлсэн хугацааны хүүг тусгайлан тохироогүй бол банк хэтрүүлсэн хугацааны хүү шаардах эрхгүй. Хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй талаар хуульд заасан тул энэ хүүгийн хэмжээг мөн гэрээнд тодорхой заах үүрэг эрх бүхий этгээдэд дагалдан үүсч байна. Хариуцагч Б.Ц зээлийн гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг хүлээгээгүй, мөн хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцоогүй болно. Иймд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тодорхой тусгаагүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш зээлийн хүүг 3.1 хувиар тооцох талаар гэрээнд огт тусгаагүй, энэ талаар талууд харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацааны хүүг өөрийн санаачилгаар, шууд 3.1 хувиар тооцсон нь хууль бус, илт хохироосон шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч М -ны хувьд зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг бөгөөд хариуцагч Б.Ц надтай урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээ байгуулсан учраас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэж байна. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүү, түүний хэмжээг огт тусгаагүй байх тул хяналтын шатны шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хууль зөрчиж, хариуцагчаас гаргуулсан хүүг хасч шийдвэрлэж өгнө үү.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчжээ. Зээлийн гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхой болгох үүднээс нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж шууд дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.3. Улсын Дээд шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл арилаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль бус болсон. Иймд тус 2 шатны шүүхээс тухайн үндэслэлүүдээр хэргийг дахин хянаж хэлэлцэх шаардлагатай гэж үзэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Н.О т зээлийг төлөх эрх шилжсэн эсэх үндэслэл тодорхой бус эсэхийг хянаж үзэлгүй шийдвэр гаргасан байна. Энэ байдлыг тодорхой болгох үүднээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Н.О ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх гэрч оролцуулах хүсэлтийг хууль бус үндэслэлээр хүлээж аваагүй. Энэ байдлыг анхааран үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 15,061,402 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Зээлийн гэрээ болон бэлнээр 5,000,000 төгрөгийг хүлээж авсан талаарх баримтад гарын үсэг зураагүй гэж маргадаг. Хоёр удаагийн шинжээч томилогдож, зээлийн гэрээ болон бэлэн мөнгөний баримтад хариуцагч Б.Ц нь гарын үсэг зурсан байна гэж дүгнэлт гаргасан. Мөн зээлийн гэрээ байгуулагдах үед Монгол улсад байгаагүй гэж өөрөө мэдүүлсэн боловч Монгол улсад байсан болох нь тогтоогдож, эрүүгийн хэргээр ял шийтгүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа авсан бөгөөд Б.Ц нь зээлийн гэрээ байгуулахаас өмнө М -ны гишүүнээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайн зээлийг авахаас өмнө 2,3 удаа зээл авч байсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хүлээж дуустал хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг үүссэн. Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрч асуулгахаар буцаасан болохоос биш гишүүнээр элсүүлэх талаар тодруул гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй. Гэрч нь хариуцагч Б.Ц ийн эхнэрийн төрсөн дүү байдаг. Анхан шатны шүүхийн зүгээс удаа дараа хаягаар мэдэгдэл явуулж, утасны дугаар руу нь мессеж илгээсэн. Мөн эрэн сурвалжлах үйл ажиллагааг удаа дараа хийлгэсэн боловч үр дүнд хүрээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөрчлөх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд гэрч асуух захирамжийг хүчингүй болгосон боловч хариуцагч талаас гомдол гаргасан. Шүүх хуралдааны явцад гэрчийг авч ирэх боломжтой, захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэрчийг авчрах үүрэг байхгүй, шүүхийг өөрсдөө авч ир гэж хэлсэн. Анхан шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг зээлийг Б.Ц аваагүй, дүү нь авсан гэж мэдүүлсэн. Гэрээний 1.3-т зааснаар хүүгийн талаар тохиролцсон байдаг тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М нь хариуцагч Б.Ц эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,577,092 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Тус хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд уг үйл ажиллагаа нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх8-9/

4. Б.Ц нь М -нд элсэх талаар өргөдөл гаргасныг үндэслэн тус хоршооны даргын 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тушаалаар түүнийг хоршоонд шинэ гишүүнээр элсүүлсэн байх ба уг бүртгэлийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь М -ны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /2хх23-27, 103-109/

5. М , Б.Ц нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14/186 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч М нь зээлдэгч Б.Ц эд 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2,9 хувь, жилийн 34,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 0,58 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх6-8/ Улмаар 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №14/186-А дугаар нэмэлт зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр үндсэн зээл 5,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл буюу 6 сарын хугацаатай, сарын 3,1 хувь, жилийн 37,2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгажээ. /хх-16/

5.1. Дээрх гэрээгээр нэг талын илэрхийлсэн хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон, гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

6. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Ц хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан журмын дагуу зохигчдын хооронд гэрээ байгуулагдаж, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, мөн гэрээгээр хүү тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

7. Зээлдэгч Б.Ц нь 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүд нийт 434,990 төгрөгийг төлсөн, үүнээс хойш төлбөр хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилжээ.

7.1. Нэхэмжлэгч М нь хариуцагч Б.Ц эд холбогдуулан үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 6,518,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,113,594 төгрөг, нийт 12,632,238 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,882,140 төгрөг, хүү 13,234,565 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,460,386 төгрөг, нийт 20,577,092 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, тооцоог эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ./2хх-39-41/

8. Хариуцагч Б.Ц нь сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

9. Зээлийн гэрээний 2.2.4-т зээлдэгч нь зээлийг энэхүү гэрээний 1.3-т заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд бодогдсон зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг давхар бодож төлөх-өөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

10. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,882,140 төгрөг, хүү 13,234,565 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,460,386 төгрөг, нийт 20,577,092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М -нд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

10.1. Иймд шүүх хариуцагчаас Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн нэмэгдүүлсэн хүү гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

10.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй орхигдуулсныг залруулж давж заалдах шатны шүүхээс холбогдох өөрчлөлтийг оруулна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зээлийн мөнгөн хөрөнгийг Б.О хүлээн авч зарцуулсан, Б.Ц нь ХЗХ-ны гишүүний хураамж төлөөгүй байхад зээл олгосон, уг гэрээ хүчин төгөлдөр бус... гэсэн агуулгатай гаргасан тайлбар, татгалзал нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээдээс зээлийн гэрээний үүргийг шаардсан нь зөв.

11.1. Мөн хариуцагчийн ...хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг хүлээгээгүй, уг хэмжээг гэрээгээр тохиролцоогүй, энэ талаар шүүх дүгнээгүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Зээлийн хүү нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь хууль болон гэрээгээр хүлээсэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Дээрх зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг сарын 3,1 хувь, жилийн 37,2 хувь байхаар талууд харилцан тохиролцсон байх тул хэтэрсэн хугацааны хүү тодорхойгүй гэж үзэх боломжгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

11.2. Хариуцагч тал ...зээлийн гэрээ хуульд заасны дагуу байгуулагдсан эсэхийг тодорхой болгох үүднээс нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байж уг гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. гэх гомдлыг хангахгүй. Анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, эрх үүрэг тайлбарласан, хариуцагчийг тайлбар нотлох баримтаа шүүхэд ирүүлэх хугацаагаар хангасан байна. Иймд шүүхийн зүгээс хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

11.3. Түүнчлэн, Улсын Дээд шүүхийн тогтоол болон магадлалд дурдсан үндэслэл арилаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Н.О т зээлийг төлөх эрх шилжсэн эсэх үндэслэл тодорхой бус эсэхийг хянаж үзэлгүй шийдвэр гаргасан. Энэ байдлыг тодорхой болгох үүднээс Н.О ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг хууль бус үндэслэлээр хүлээж аваагүй. гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хариуцагч Б.Ц ийг тухайн ХЗХ-ны гишүүнээр хэзээ элссэн болохыг тогтоолгохоор шийдвэрлэсэн бөгөөд тэрээр уг зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөнгөн хөрөнгийг авсан байх тул түүний өөр этгээд болох Н.О ийг гэрчээр оролцуулах шаардлага байхгүй.

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 452 дугаар зүйлийн 452.1 гэсний дараа 453 дугаар зүйлийн 453.1 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,836 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН