Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0037

 

 Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                                          Х.Батсүрэн

                                                            Б.Мөнхтуяа

                                                            Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                               Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0539 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 606 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, Б.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч О.Н нар,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр: Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 606 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0539 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Ш.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд: Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон усны мэргэжлийн байгууллага юм. Улмаар Х-А ХХК-тай байгуулсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн дээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд байх захиалагчийн эзэмшил газарт гүний худгийг өрөмдөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл манай компанийг ...зөвшөөрөлгүй газар цооног өрөмдөж, худаг гаргасан ... гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалаар усны мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгосон бөгөөд ийнхүү хүчингүй болгохдоо Усны тухай хуулийг баримталсан байна.

4. Манай компанийн хувьд уг усны мэргэжлийн байгууллагын эрхийг цуцалсан шийдвэртэй холбоотойгоор маргаж байгаа, хариуцагчаас ч Усны тухай хууль зөрчсөн гэж тайлбарлан маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлдээ дурдан тайлбарласан байтал давж заалдах шатны шүүх тус харилцааг нарийвчлан зохицуулсан Усны тухай хуулиар шийдвэрлэх ёстой байтал хэргийн оролцогчдын хэн аль нь үндэслэлдээ дурдаагүй, ерөнхий зохицуулалт бүхий Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

5. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам-ыг баталсан, ...Усны тухай хуулийн 21.3-т зааснаар усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар байх боловч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-307 дугаар тушаалаар батлагдсан Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүрэг-ийг тодорхойлсон журам хүчингүй болсон. Иймд усны мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий энэ тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтууд ... хэрэглэгдэнэ гэжээ.

6. Гэтэл уг маргаан нь усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, түүний гүйцэтгэх үүрэгтэй холбоотой маргаан бус усны мэргэжлийн байгууллагын эрхийг цуцалсантай холбоотой маргаан байтал давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар тайлбарлан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, усны мэргэжлийн үйл ажиллагааг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Усны тухай хууль болон мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулсан Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгох учиртай.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...цооног өрөмдөх үйл ажиллагааг усны мэргэжлийн байгууллагын эрхтэй этгээд хэрэгжүүлэхээс гадна тухайн газар дээр цооног өрөмдөх нь зайлшгүй эрх бүхий этгээдээс олгогдсон зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжих цогц үйл ажиллагаа байх атал гэрээ байгуулсан бол хэний ч газар дээр цооног өрөмдөх эрхтэй мэтээр тайлбарлаж байгааг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй... гэж дүгнэн манай компанийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5, 8, Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчсөн гэжээ.

8. Гэтэл Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно, 3 дугаар зүйлийн 3.1.28-д ус хэрэглэгч гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ гэж заасны дагуу Х-А ХХК нь ус хэрэглэгчийн хувьд гүний худаг гаргах зөвшөөрлийг авах хуулийн зохицуулалттай.

9. Харин манай компани нь Усны тухай хуулийн 21.1-д заасан усны мэргэжлийн байгууллага бөгөөд Х-А ХХК-д гэрээний үндсэн дээр худаг гаргахдаа Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журамд заасан мэргэжлийн байгууллагын эрх, үүргийг тус тус зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

10. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах... гэж зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан гомдлын хүрээгээр хязгаарлаж хэрэг маргааныг шийдвэрлэх учиртай.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2 үндэслэлээр гомдол гаргасан гэх боловч агуулгаар нь авч үзвэл ...Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нэгэнт тогтоосон, тайлбар мэдүүлгийг Э ХХК-иас авч ажиллан зөрчлийг нэгэнт тогтоосон байхад мэргэжлийн байгууллагын саналыг анхан шатны шүүх үнэлээгүй... гэсэн нэг л үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

12. Гэтэл давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдолтой холбоотой ...Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаар албан бичгээр зөвшөөрөл олгогдоогүй газарт цооног өрөмдсөн' гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байх тул хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг дахин тогтоох шаардлагагүй... гэж хэт ерөнхий дүгнэлт хийсэн, уг дүгнэлт нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

13. Учир нь хэргийн оролцогчдоос газарт цооног өрөмдсөн үйл баримттай холбоотой маргаагүй, зөвшөөрөл олгогдсон эсэх асуудлыг цооног өрөмдсөний дараа мэдсэнтэй холбоотойгоор манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхтэй холбогдуулан маргаж байгаа болно.

14. Нөгөөтэйгүүр Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар нь Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумдын отрын бүс нутагт дур мэдэн зөвшөөрөлгүй худаг ус гарган хашаа саравч барьж олон тооны адуу мал оруулж ирэн бэлчээрийн доройтол үүсгэж буй асуудалтай очиж танилцах, арга хэмжээ авах үүднээс төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл аваагүй Х-А ХХК-д 2 худаг гаргаж өгсөн гэсэн үндэслэлээр манай компанийн усны мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгуулах санал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн атлаа ус хэрэглэгчийн хувьд зөвшөөрөл авах ёстой байсан байгууллага болох Х-А ХХК-д 1.500.000 төгрөгийн торгууль ногдуулсан нь шударга бус гэж үзэж байна.

15. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос хальж манай компанийг хуулиар тогтоосон эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлан, хэргийн оролцогчдын хэн нь ч нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлдээ тодорхойлоогүй Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн заалтыг хариуцагчийг актыг зөвтгөх үндэслэлийг шүүхийн өөрийн санаачилгаар тохируулан хэрэглэж, гомдлын хүрээнд шийдвэрлэх эрх хэмжээнээсээ хальсан дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

16. Манай компани нь зөвхөн энэхүү усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгж бөгөөд өөрийн үйл ажиллагааныхаа хэмжээнд цөөнгүй ажилчдаа ажлын байраар ханган, нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамжаа улсад цаг тухай бүрт нь төлж, хариуцлагатай ажиллахаар хичээнгүйлэн зүтгэдэг байгууллага юм.

17. Гэтэл ийнхүү усны мэргэжлийн байгууллагын эрхийг маань хүчингүй болгосноор манай компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрч, хэдий цөөхөн ажилчид маань ажилгүй болох хэмжээнд хүрээд байна.

18. Маргаан дагуулаад буй Сүхбаатар аймгийн нутагт байрлах Хэрлэн Алтай" ХХК-ийн худаг нь одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд тус компани нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байтал манай компани худаг гаргах өгч, гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсний төлөө үйл ажиллагааныхаа гол тусгай зөвшөөрөлгүй болох дээрээ тулаад байгаад туйлын гомдолтой байна.

19. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалын 4 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 21 дүгээр зүйлийн 21.4, Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор баталсан Аж ахуй нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам-ын 3.5, 3.12.5 дахь заалтыг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 302 дугаар албан бичгийг үндэслэн зөвшөөрөлгүй газар цооног өрөмдөж, худаг гаргасан гэх үндэслэлээр Э ХХК-ийн цооног өрөмдөх, сэргээн засварлах, тоноглох усны мэргэжлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

21. Нэхэмжлэгч Э ХХК-иас ...худаг гаргах зөвшөөрлийг ус хэрэглэгч нь өргөдөл гаргаж эрх бүхий байгууллагаас авахаар хуульчилсан, цооног өрөмдөх эрх бүхий байгууллага худаг гаргах зөвшөөрөл гаргуулах эрх болон үүрэг хуулиар зохицуулагдаагүй, манай компани гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн, ус хэрэглэгчийн зөвшөөрөл авах үйлдэлд манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй... гэх үндэслэлээр уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргажээ.

22. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

23. Нэхэмжлэгч Э ХХК нь Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасныг дагуу усны мэргэжлийн байгууллага байна.

24. Харин Х-А ХХК нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28-д ...ус хэрэглэгч гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг гэж тодорхойлсноор ус хэрэглэгч ажээ.

25. Нэхэмжлэгч Э ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах усны мэргэжлийн байгууллагын эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгогджээ. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Х-А ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд захиалагчийн хүссэн газарт цооног өрөмдөж, худаг гаргах үйл ажиллагааг явуулж 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгчээ. Хэргийн оролцогчид дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

26. Нэг. Усны мэргэжлийн байгууллага болох Э ХХК нь Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар ус хэрэглэгч Х-А ХХК д аймгийн байгаль орчны мэргэжлийн байгууллагаас олгогдсон зөвшөөрлийг үндэслэн худаг гаргах үйл ажиллагаа явуулах бөгөөд тухайн газарт худаг гаргуулах зөвшөөрөл авсан эсэхийг заавал урьдчилан нягтлах үүрэгтэй нь дээрх хуулийн заалтаар тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн дээрх байдлаар зөвшөөрөл олгогдсон газарт худаг гаргах эрхтэй, хэрэв зөвшөөрөлгүй газарт худаг гаргасан бол Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар усны мэргэжлийн байгууллагын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.

27. Гэтэл энэ хэргийн хувьд нэхэмжлэгч хуулийн этгээд нь ус хэрэглэгч болох Х-А ХХК-ийг орон нутгийн байгаль орчны мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхийг шалгалгүй, зөвшөөрөл аваагүй газарт худаг гаргасан нь тогтоогджээ.

28. Түүнчлэн, худаг гаргах үйл ажиллагаа явуулж байх үед аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар дээр нь хяналт шалгалт хийж, зөвшөөрөлгүй газарт худаг гаргах үйл ажиллагаа явуулж байгааг мэдэгдэж, зогсоох шаардлага тавьсан байхад Э ХХК уг шаардлагыг үл хэрэгсэн худаг гаргах ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн болох нь Э ХХК-ийн өрмийн мастар Н.Б-ээс асууж авсан тэмдэглэл[1], Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ[2], Гүний худаг хүлээлцсэн 04/29 акт[3] зэрэг баримтаар нотлогдсон байна.

29. Нэхэмжлэгчийн ...Х-А ХХК нь ус хэрэглэгчийн хувьд гүний худаг гаргах зөвшөөрлийг авах хуулийн зохицуулалттай. Харин манай компани ... мэргэжлийн байгууллагын эрх, үүргийг тус тус зөрчөөгүй ... гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх усны мэргэжлийн байгууллага болох нэхэмжлэгчийг уг зөвшөөрлийг авах ёстой гэсэн дүгнэлт хийгээгүй, харин усны мэргэжлийн байгууллага нь худаг гаргахын өмнө ус хэрэглэгч Х-А ХХК-д Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно гэж зааснаар тухайн газарт худаг гаргуулах зөвшөөрөл олгогдсон эсэхийг шалгаж, зөвшөөрөл олгогдсон тохиолдолд түүнд үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа буюу худаг гаргах үйл ажиллагаа явуулах ёстой байсан гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт нь маргааны үйл баримтад холбогдуулан Усны тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

30. Хоёр. Усны мэргэжлийн байгууллага болон Байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх зүйн байдлыг Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ялгамжтай байдлаар зохицуулж өгчээ.

31. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар усны мэргэжлийн байгууллагын эрхийг ... таван жилийн хугацаагаар олгох бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд эрхийг нь таван жил тутам сунгах, мөн 10 дугаар зүйлийн 10.1.5-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд усны хайгуул, судалгаа хийх мэргэжлийн байгууллагын эрх ... цуцлах эрхтэй байна.

32. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалыг гаргахад Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг баримталсан нь үндэслэлтэй. Харин, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан Аж ахуй нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагад эрх олгох журам-ын 3.5 дахь хэсэг болон 3.12.5 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу байна.

33. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа болон усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлахтай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй. Иймд Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан журам нь усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцаанд хэрэглэгдэхгүй. Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа нь Усны тухай хуулиар зохицуулагдаж байна. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон уг журмыг энэ хэргийн маргааны үйл баримтанд холбогдуулан эрх зүйн дүгнэлт өгсөн нь буруу болжээ.

34. Нөгөөтэйгүүр, Зөрчлийн тухай хуульд ус хэрэглэгч нь Усны тухай хуулийг зөрчвөл хариуцлага тооцох талаар зохицуулсны дагуу Х-А ХХК-д хариуцлага хүлээлгэсэн. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Усны тухай хуулиар зохицуулахаар заасан байна.

35. Усны тухай хуулиар ус хэрэглэгч худаг гаргуулах тохиолдолд уг хуулийг 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар худаг гаргуулах зөвшөөрөл авах ёстой. Хэдийгээр ус хэрэглэгч уг зөвшөөрлийг авах боловч усны мэргэжлийн байгууллага нь гагцхүү ус хэрэглэгчид олгогдсон дээрх зөвшөөрлийг үндэслэж, тэр зөвшөөрөлд тусгагдсан газарт худаг гаргах үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. Энэ хэргийн хувьд дээрх хуулийн зохицуулалт хангагдаагүй учраас Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д усны хайгуул, судалгаа хийх мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах эрхийн дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгосон (цуцласан) нь хууль зүйн үндэслэлтэй.

36. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гарган маргаж буй нэг үндэслэл нь ...захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй, оролцогчийн эрхийг хангаагүй... тухай байна.

37. Давж заалдах шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт өгсөн байх бөгөөд хариуцагчаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө нэхэмжлэгчийг оролцуулаагүй[4] байх боловч тухайн худаг гаргах үйл ажиллагаа явуулж байх үед худгийг гаргаж байгаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгчид орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдэж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Ийнхүү усны мэргэжлийн эрхийг цуцлуулах санал гаргасан захиргааны байгууллагаас зөвшөөрөлгүй газарт худаг гаргаж усны мэргэжлийн байгууллагын хувьд үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа талаар тухайн үед мэдэгдэж байсан гэж үзэхээр байна.

38. Нөгөө талаас, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зохицуулсан сонсох ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага захиргааны акт чиглэж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилготой бөгөөд уг тайлбар, саналын агуулга, ач холбогдол, тэдгээрийг аваагүй нь захиргааны гаргасан шийдвэрт нөлөөлөхүйц байх тохиолдолд тухайн актыг хүчингүй болгох үндэслэл болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс энэ талаарх тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байсан, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн нь нэхэмжлэгчийн усны мэргэжлийн байгууллагын үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг үгүйсгэх нөхцөлийг бий болгоогүй байх тул зөвхөн энэ үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй байна.

39. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 606 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ                                                 Ц.ЦОГТ


 

 

 

[1] Хавтаст хэргийн 31 дэх хуудас

[2] Хавтаст хэргийн 12 дахь хуудас

[3] Хавтаст хэргийн 40 дэх хуудас

 

[4] Энэ нь хяналтын шатны шүүх хариуцагч байгууллагын дээрх үйл ажиллагааг зөвтгөж, зөвшөөрч байгаа хэрэг биш болохыг тухайлан тэмдэглэв.