Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00499

 

 

 

 

 

2023 03 10 210/ШЗ2023/00499

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 183ШШ2023/00019 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2021 оны 03 сарын 04-ний өдөр *** тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай хөрөнгийг худалдан авч орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг Э ХХК болон Д ХХК-тай 2020 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан. Ингэхдээ *** дугаартай орон сууцны захиалгын гэрээнд үндэслэсэн. Тухайн үед ...Х ХХК манайх нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ үнэд Э ХХК-аас орон сууц авч байгаа, түүнийг худалдаж аваад мөнгөө манай компанид өгчих, бид хоорондоо тооцоогоо хийнэ... гэж хэлсэн. Нэгэнт хоорондоо ярьж тохиролцсоны дагуу надад энэхүү байрыг зарж байгаа юм байна гэж ойлгоод 70,000,000 төгрөгөөр дээр дурдсан байрыг авахаар тохиролцон гэрээ байгуулж, мөнгөө Х ХХК-д өгсөн. Харин гэрээнд Э ХХК-ийг төлөөлж ажилтан нь гарын үсэг зурна гэхээр нь тэдэнд итгэж өөрсдийнх нь хүслийн дагуу гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн. Гэтэл одоо байр ашиглалтад орж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдож эхэлсэн байхад Э ХХК манай байрыг өгөхгүй, улмаарХ ХХК-тай хоорондын тооцоо дуусаагүй байгаа гэх тайлбар өгч захиалсан байрыг шилжүүлэхгүй хохироож байна. Иймд орон сууцны үнийг бүрэн төлсөн тул дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Х нь Х ХХК-тай 2021 оны 03 сарын 02-ны өдөр Арматур нийлүүлэх гэрээг мөн өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг Х ХХК-ийн нэрийн өмнөөс байгуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн дээрх компаниуд дээрх 876,718,200 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М н хүсэлтийн дагуу бусдад шилжүүлсэн. Ийнхүү Э ХХК нь Д ХХК-тай 2020 оны 08 сарын 10-ны өдрийн *** дугаар бүхий орон сууц захиалгын гэрээтэй, *** тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцны *** бичиг баримтын хамт Д.Б-эд 2021 оны 08 сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн. Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М нь Арматур нийлүүлэх гэрээгээр тохиролцсоны дагуу 2021 оны 03 сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 сарын 20-ны өдрийн хооронд манай компанид арматураа нийлүүлэх ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд янз бүхийн шалтгаан хэлж хойшлуулсаар тодорхой хугацаа өнгөрсөн, тэрээр өөр бусад иргэн хуулийн этгээдийг энэ мэтээр залилж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсныг бид мэдсэн. Нэхэмжлэгч Д.Б-ийг Х ХХК-тай Арматур нийлүүлэх гэрээ гэх халхавчтай, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хохирогч болохоосоо өмнө огт таньж мэддэггүй байсан бөгөөд Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М манай компанийн эд хөрөнгийн эрхийг залилж шилжүүлж авах үедээ Д.Б-ийн нэр дээр Д ХХК-тай 2020 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан *** дугаартай орон сууц захиалгын гэрээтэй *** тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн. Д.Б-э, Д.М нар хоорондоо ямар харилцаатай, тохиролцоотой байсныг бид огт мэдээгүй. Х ХХК-тай байгуулсан Арматур нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг эд хөрөнгөөр тооцож шилжүүлж байна гэж ойлгож Д.Б-эд орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн бөгөөд түүний нэхэмжлэлд дурдсанчлан манай компанийн зүгээс Д.Б-ийг Х ХХК-д байрны төлбөр шилжүүлж өгөхийг шаардаж хүсээгүй. Д.Б-ийн өмчлөл тогтоохыг хүссэн дээрх орон сууц нь *** дугаартай эрүүгийн хэргийн хохирлын эд зүйл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Э ХХК-д холбогдох, *** тоот хаягт байрлах, 53.97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 507,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-эд олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Д.Б-ээс 2021 оны 03 сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2.1-д заасан 70,000,000 төгрөг манай компанийн дансанд орж ирээгүй учраас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа *** дугаартай эрүүгийн хэрэгт Э ХХК-ийн хохирогчийн мэдүүлэгт *** тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууц" нь манай компанийн хохиролд тооцогдсон.

4.б. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй бол бид гэрээнээс татгалзах эрхтэй. Хэрэгт авагдсан Ч.Э-ын гэрчийн мэдүүлэг болон 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 11 дугаартай Х ХХК гэсэн толгойтой бланк дээр ...Б гэгч Улаанбаатар хот *** тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцыг бэлэн мөнгөөр 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн Д.М д гэрээг нотариатаар шилжүүлэв..." гэх агуулгын зөрчилтэй баримтыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлсэн нь бодит байдалд эргэлзээтэй. Учир нь Д.Б-э дээрх орон сууцны төлбөрийг төлсөн тухай банк, санхүүгийн баримт хэрэгт байдаггүй. 2021 оны 03 сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулснаас 1 жилийн дараа бид бусдад их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан.

4.в. 2022 оны 05 сарын 03-ны өдөр Д ХХК-д Улаанбаатар хот *** тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргаж өгөх тухай *** дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Э ХХК бусдад их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх залилуулсан Эрүүгийн *** дугаартай хэрэгт Э ХХК-ийг 2022 оны 09 сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоосон, хохирогчийн мэдүүлэгт Улаанбаатар хот *** тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууц" орон сууц хохиролд тооцож мэдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй.

4.г. Уг орон сууцны өмчлөх эрх Эрүүгийн *** дугаартай хэрэгт гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж Д.Б-э өмчлөх эсхүл "Э" ХХК өмчлөх эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх уг нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гадна хэргийн баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй нь харагдаж байна. Манай компани бусдад их хэмжээний эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээ залилуулсан үйлдэл, гэм буруу эцэслэн шийдвэрлэгдтэл Улаанбаатар хот *** тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууцыг Д.Б-ийн өмчлөлд тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гэрээний 4-т зааснаар орон сууц хүлээлгэн өгөх актыг хүлээлгэн өгч, ашиглалт оруулснаар гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан. Улсын комисс 2021 оны 12 сарын 21-ний өдөр буюу 1 жилийн өмнө хүлээн аваад үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх ажиллагаа хийж эхэлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-ийн орон сууц шилжүүлэх гэрээг үндэслэн 70,000,000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд төлбөрийн асуудал дууссан гэж үзсэн. Гэтэл байр ашиглалтад орох үед нэхэмжлэгч байр шилжээгүй. Өмчлөх эрхээ шилжүүлэн авах эрхээ биелүүлэхийн тулд удаа дараа хандсан боловч шилжүүлж авч чадахгүй байна. Компаниуд хооронд байгуулагдсан гэрээнээс үүдэн захиалагч иргэнийг хохироох нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч хариу тайлбартаа ...мөнгийг шилжүүлсэн гэдэгт бид маргаагүй, Х ХХК-д өгсөн гэдэгт маргаагүй... гэдэг. Байрыг өөртөө өмчлөн авах эрх нь үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон сууцыг хохирлын журмаар шаардаж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хариуцагчийн тайлбарт дурдсан тухайн эрүүгийн хэрэг нь иргэний хэрэг үүссэнээс хойш үүссэн, уг орон сууцыг хохирлын эд зүйл гэж тодорхойлсон зүйл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Д.Б-э нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан *** тоот 53.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 48-49/

 

3. Д ХХК, Э ХХК нар 2020 оны 08 сарын 20-ны өдөр *** тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Д ХХК нь *** тоот 53,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 4-р улиралд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, Э ХХК нь орон сууцны үнэд нийт 97,146,000 төгрөг төлөх, уг төлбөрийг цахилгаан шат нийлүүлэх замаар төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 6-8/

Улмаар, Э ХХК, Д.Б-э нар 2021 оны 03 сарын 04-ний өдөр Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь Д ХХК-тай байгуулсан *** тоот гэрээний зүйл *** тоот 53.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны эрхийг Д.Б-эд шилжүүлэх, Д.Б-э нь гэрээний үнэд 70,000,000 төгрөгийг дансаар төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 5/

Өөрөөр хэлбэл, захиалагч Э ХХК нь Д ХХК-аас *** тоот гэрээний дагуу орон сууц шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-эд шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

4. Хэрэгт Э ХХК-аас Д ХХК-д гэж хаягласан ...Манай байгууллага *** дугаартай гэрээнд заагдсан бартерийн орон сууцыг хувь хүнд шилжүүлэх хүсэлтэй байгаа тул РД *** Д овогтой Б нэр дээр орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэхэд санхүүгийн болон хуулийн хүрээнд төлбөр тооцоогүйг нотлох бичиг хийж өгнө үү... гэсэн агуулгатай 2021 оны 03 сарын 04-ний өдрийн албан бичиг авагдсан байх боловч нэхэмжлэгч Д.Б-эд шаардах эрх шилжсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй байна. /хх 11/ Тодруулбал:

4.а. Э ХХК, Д ХХК нарын хооронд *** тоот гэрээ байгуулагдсан байхад дээрх албан бичигт ...*** тоот гэрээнд заагдсан бартерийн орон сууцыг хувьд рүү шилжүүлэх хүсэлтэй байгаа... гэж дурдагдсан; /хх 11/

4.б. Э ХХК, Д.Б-э нарын хооронд 2021 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний зүйл болох *** тоот 53,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Д ХХК-ийн зүгээс ...Ж.Б /рд:***/-д шилжүүлэх зөвшөөрлийг олгож... байгаа тухай албан бичгийг Э ХХК-д хүргүүлсэн нь хэргийн 12-р талд авагдсан.

 

5. Иймд Э ХХК, Д ХХК нарын хооронд байгуулагдсан гэх *** тоот гэрээ байгаа эсэх, мөн маргааны зүйл болсон *** тоот 53,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Д ХХК-аас Ж.Б гэх иргэнд шилжүүлэх зөвшөөрлийг олгосон эсэх, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулалгүйгээр маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

 

6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 183ШШ2023/00019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД                        Н.БАТЗОРИГ 

                                        Д.НЯМБАЗАР