Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2023/00203

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/01677 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/01455 дугаар магадлалтай,

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

Э ХХК-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/01677 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол /*/, Д Б-ын гудамж, **А дугаар байр, * дүгээр орц, ** дугаар давхар, * тоот буюу *** тоотод байрлах, **.** метр квадрат талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 507,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/01455 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/01677 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй тухайд:

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Г.Т би өмгөөлөгчийн хувьд Х банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд шүүх хуралдаан давхацсан тул хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч “...итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн эрхийг эдэлж шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахгүй” гэсэн нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа хэдий ч өмгөөлөгчийн эрхээр давхацсан шүүх хуралдаанд оролцож байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 т зааснаар шүүх хуралдаан тасралтгүй явагдах учир эрүүгийн шүүх хуралдаанаас иргэний шүүх хуралдаанд давхцан оролцох боломжгүй байдал үүссэн байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тухайн шүүгдэгчийн хэргийг шийдвэрлэж байгаа өдөр өмгөөлөгчийг хуралд оролцуулдаг, хуралдааны тов нь 04 дүгээр сарын 17-ний өдрийнх байсан гэсэн саналыг харгалзсан нь үндэслэлгүй. Шүүхийн мэдэгдэх хуудас нь 04 дүгээр сарын 17-нд эхэлсэн буюу анхны шүүх хуралдаанд дуудсан тухайг баталгаажуулсан бөгөөд, өдөр бүр хуралдаанд дуудах боломжгүй, шүүх хуралдаан 13 дахь өдрөө үргэлжилж байгаа талаар тодотгосон байгаа. Төлөөлүүлэгч дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч надад олгосон итгэмжлэлээс татгалзаагүй тул төлөөлөгчийн бүрэн эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах эрхийг эдэлнэ”, мөн хуулийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, 25.1.2-д хэргийн материалтай танилцах, 25.1.3-д хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах анхдагч эрх бөгөөд энэхүү эрхийг эдэлснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдаж энэ хуулийн 6.2, 6.3, 6.4-д заасны дагуу төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эсрэг талын тайлбар татгалзал, нотлох баримтыг үгүйсгэх, нотлох баримт гаргаж өгөх, зэрэг тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-д заасны дагуу гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх уул эрхийг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шинээр нотлох баримт гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх няцаах баримтуудыг гаргаж өгөх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болгожээ. Давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд шинэ нотлох баримтыг заах эрхгүй, гаргаж өгөх түүнийг үнэлүүлэхийг хуулиар хязгаарласан байдаг.

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд дараах үйл баримтууд хамаарахаар байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 д зааснаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдол шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 заалтыг шүүх хэрэглээгүй тухайд: Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б-эс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх” гэрээний 2.1-д заасан 70,000,000 төгрөг манай компанийн дансанд орж ирээгүй учраас Х дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа 221001921 дугаартай эрүүгийн хэрэгт Э ХХК-ийн хохирогчийн мэдүүлэгт “...Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн **-р хороо, Д хотхоны *-р байр ** давхар * тоот 2 өрөө **.** м.кв талбайтай орон сууц” нь манай компанийн хохиролд тооцогдсоныг шүүх нэхэмжлэгч Д.Б гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж хууль буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ” гэж заасан байдаг. Манай компанийн санхүүгийн баримтад дээрх орон сууцны төлбөрийг төлсөн тооцоо байхгүй учраас эрүүгийн хэрэгт хохирлын тооцооноос хасагдаагүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй бол бид гэрээнээс татгалзах эрхтэй. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх” гэрээг хийснээс 1 жилийн дараа бид бусдад их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Д ХХК-д “Улаанбаатар хот Б дүүргийн ** дугаар хороо, Д хотхоны * дүгээр байр ** давхар * тоот 2 өрөө **.** м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргаж өгөх тухай 22/39 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Э ХХК бусдад их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх залилуулсан эрүүгийн ***** дугаартай хэрэгт Э ХХК-ийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоосон. Хохирогчийн мэдүүлэгт “Улаанбаатар хот Б дүүргийн ** дугаар хороо, Д хотхоны * дүгээр байр ** давхар * тоот 2 өрөө **.** м.кв талбайтай орон сууц” хохиролд тооцож мэдүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Уг орон сууцны өмчлөх эрх эрүүгийн ***** дугаартай хэрэгт гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж Д.Б өмчлөх эсхүл Э ХХК өмчлөх эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх уг нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гадна хэргийн баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв.эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.3.Нөгөө талаар Х ХХК нь Э XXК-д арматур нийлүүлэх гэрээний үүрэгт тооцож орон сууц, тээврийн хэрэгсэл тооцон өгөх талаар харилцан тохиролцсон боловч энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй, манай компани бусдад их хэмжээний эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээ залилуулсан үйлдэл, гэм буруу эцэслэн шийдвэрлэгдээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.13-ны өдрийн 001/ШХТ2023/01208 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,” Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Д хотхоны * дүгээр байр, ** дугаар давхар, * тоотод байрлах, 2 өрөө бүхий, **.** м.кв талбайтай орон сууцыг хариуцагчаас худалдан авч үнийг заасан этгээд буюу Х ХХК-д төлсөн, гэтэл байр ашиглалтад орж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдож эхэлсэн байхад Э ХХК нь Х ХХК-тай тооцоо дуусаагүй гээд байрыг өгөхгүй гэсэн” гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...үл хөдлөх эд хөрөнгө нь манай компани Х ХХК-д залилуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар ***** дугаартай хэргийн хохирлын эд зүйл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч Д.Б-ийн хувьд хариуцагч Э ХХК-тай 2021.03.04-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа ба уг гэрээ хүчин төгөлдөр, худалдан авагч Д.Б үүргээ гүйцэтгэж худалдан авч буй хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тул худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэх нь хууль болон гэрээнд нийцнэ, ...иймд нэхэмжлэгчийг **.** метр квадрат талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг үндэслэл бүхий болсон гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж адил шийдвэр гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ийн хяналтын журмаар гаргасан “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийн агуулгыг зөрүүтэй хэрэглэсэн” гэх гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

10.Анхан шатны шүүх Э ХХК-д холбогдох Д.Б-ийн нэхэмжлэлд 2022.06.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан 2023.05.22-ны өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023.05.04-ний өдөр хүргүүлсэн байна. Тухайн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023.05.19-ний өдөр гаргахдаа өөр шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэл зааж энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ. Хүсэлтэд дурдагдсан өөр шүүх хуралдаан нь олон холбогдогчтой эрүүгийн хэрэг байх бөгөөд уг шүүх хуралдаан 2023.04.17-ний өдрөөс эхэлж үргэлжилж байсан, үүнээс хойш энэ хэргийн зарыг хүргүүлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аливаа хүсэлт гаргаагүй байна. Нөгөө талаар хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухайгаа тухайн байгууллагад мэдэгдэж өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч томилуулж улмаар компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Эдгээр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нөхцөл байдлыг харгалзан, анхан шатны шүүх хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. Энэ талаар давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд тодорхой дүгнэлт хийсэн байх тул шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын энэ үндэслэл хангагдахгүй.

11.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, 2020.08.10-ны өдөр Э ХХК, Д ХХК-ийн хооронд цахилгаан шат нийлүүлэх гэрээ гэрээ байгуулагдаж, уг гэрээний төлбөрийн нэг хэсэгт маргааны зүйл болсон барилгын * дүгээр орцны ** давхрын * тоотод байрлах **.** м.кв талбай бүхий орон сууцыг Д ХХК-аас Э ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон, улмаар мөн өдрөө эдгээр компаниудын хооронд дээрх орон сууцны захиалгын гэрээ, хожим нь хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Д.Б-тэй  2021.03.04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг тус тус  байгуулсан нь тогтоогджээ. Э ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа ба уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

12.Хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэлээс татгалзах үндэслэлд зааж буй нэхэмжлэгч Д.Б худалдан авч буй орон сууцны үнийг тус компанид төлөөгүй гэх тайлбар нь хэргийн баримтаар үгүйсгэгдсэн байна. Учир нь хэргийн баримтад хариуцагч Э ХХК-ийн хамаарал бүхий Х ХХК нь Х ХХК-аас арматур худалдан авах гэрээг 2021.03.02-ний өдөр байгуулж, улмаар арматурын үнэд орон сууц, автомашин шилжүүлэхээр болж, энэхүү гэрээний дагуу Х ХХК-д төлөх төлбөрт хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Д.Бэс авах орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг шилжүүлэхийг зөвшөөрснөөр уг мөнгө төлөгдсөн нь тогтоогджээ. Эдгээрээс үзэхэд Д.Б орон сууцны үнийг Э ХХК-д төлсөн гэж үзэх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан үндэслэл бий болсон байна.

13.Нэхэмжлэгч Д.Б нь нэгэнт гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлсөн учир түүнийг гэрээний дагуу шилжүүлэн авах орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй, хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

14.Хариуцагч Э ХХК-ийн хамаарал бүхий Х ХХК-д арматур нийлүүлэх гэрээний үүргээ Х ХХК биелүүлээгүйтэй холбоотой тус компанид холбогдуулан эрүүгийн хэрэг шалгаж байгаа баримт хэрэгт авагдсан боловч энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э ХХК-ийн хооронд байгуулсан орон сууцны захиалгын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, нэхэмжлэгчийг  орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэхэд саад болохгүй.

15. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/01677 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/01455 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023.09.04-ний өдөр төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                  

ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД