Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 586

 

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1023 дугаар магадлалтай Э.А-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгэлгүй, Б овогт Э-н А-.

Э.А- нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17-87г тоотод Э.Ү-ийн биед хайчийг зэвсгийн чанартай хэрэглэж цээжний баруун ар дунд хэсгээр цээжний баруун хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, баруун уушигны уналт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт /700гр/, баруун даланд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.А-гийн бага насны хүүхэд болох 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн А-гийн Э, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А-гийн Э нарыг асран хамгаалах үүргийг Б овогт Д-н Э-т даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Б овогт Д-н Э-т даалгасугай.” гэснийг “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Шүүгдэгч Э.А-, насанд хүрээгүй хохирогч Э.Ү- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А- гаргасан гомдолдоо “...Миний гэм бурууг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би бага залуу насныхаа дэврүүн сэтгэлээс болж найз Баянбаатарын гуйлтаар эгчийнхээ гэрч Солонгийн төрсөн өдрийг тэмдэглэхийг зөвшөөрсөндөө маш их харамсаж байна. согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн Мэндбаяр болон Үйлстөгөлдөр нарын маргааны улсаам гэмт хэрэг гарч миний амьдралд асар хүнд аюул нүүрлэж ийм байдалд хүрсэнд туйлын ихээр харамсаж байна. Би Үйлстөгөлдөрийн буруутай үйлдлийг болиулах гэж хайчийг булаан авч өгөхгүй гэхэд тэрээр намайг үүрч аван шидэх үед хайчны хамт баруун даланд нь цохигдсон. Уг үйлдэлдээ туйлын их харамсаж байна.

Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч надад гомдолгүй, ахин мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлтүүдийг удаа дараа өгсөн.

Миний ар гэр маш хүнд байдалд байгаа. 0-2 насны 2 нялх хүүхэд минь эхийн хайр, халамж, хөхний сүүгээр дутагдаж, хэдэн хоног амьдрах нь тодорхойгүй, ээж үхэл амьдралын зааг дээр зовж шаналан хэвтэрт байна. өсвөр насны эрэгтэй дүү минь шилжилтийн насан дээрээ анхаарч хандах хүнгүй хүнд дарамтанд ороод байна. Өндөр настай эмээ минь хэвтэрт байгаа. Би энд 1 өдрийг өнгөрөөх ч хэцүү байна. Иймд миний оролцсон гэх үйлдлийг шалгаж хутга, хайчны аль нь болохыг шалгаж, ахин шинжээч томилж, мөн миний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй болно. Э.А- нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй бөгөөд хохирогч Э.Ү-т гэмт хэргийн улмаас учруулсан төлбөрт шүүхээс тогтоосон 370.100 төгрөгийг төлж барагдуулсан ба одоогийн байдлаар бусдад төлөх төлбөргүй болно.

Э.А-н үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдсон болно. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “...тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” , мөн зүйлийн 1.2-т зааснаар “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.А-гийн хувийн байдлын хувьд ам бүл 4, эх, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Түүний эх Эрдэнэчимэг нь элэгний хорт хавдрын хүнд хэлбэрт шилжиж сүүлийн шатандаа орсон ба одоогоор химийн эмчилгээ хийлгэж асаргаа сувилгаа шаардлагатай хүнд байдалтай байгаа болно. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.А- нь мөрдөн байцаалтын шатанд гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн боловч уг гэмт хэргийг үйлдээгүй гэх агуулгаар гомдол гаргасан. Уг гэмт хэргийг Э.А- үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир хайчаар хатгасан үйл баримтын талаар тэд маргааш өдөр нь хоорондоо утсаар харилцсан баримт хэрэгт авагдсан.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Э.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Э.А- нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17-87г тоотод зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж насанд хүрээгүй хохирогч Э.Ү-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.А-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, насанд хүрээгүй хохирогчийн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан гомдлын хууль зүйн агуулга зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “...6.7 дугаар зүйлийг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1023 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.А- болон түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН