Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 549

 

Н.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1024 дүгээр магадлалтай, Н.М, Б.Х, Х.Ж, А.Б нарт холбогдох 1908057930726 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.М,

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Баруунхусай овогт Б.Х,

3.Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Х.Ж,

4.Монгол Улсын иргэн, 2002 оны 2 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Модчин овогт А.Б нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.М, Б.Х, Х.Ж, А.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Х.Ж, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

эд мөрийн баримт болох 1 ширхэг компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.М, Б.Х, Х.Ж, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Н.Мг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “...2019.11.05-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уулзвар-21 нэртэй зочид буудалд Х.Ж, А.Б, Б.Х нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Д.Б, Д.Б нарт хүч хэрэглэх үйлдэлд өдөөн турхирч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ауйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Н.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн амгапан тайван апдагдуулах” гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон.

Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцсэн гэж үзэж, миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.13-ны өдрийн 1024 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь тухайн хэргийн бодит нөхцөл байдлын хувьд М нь хохирогч гэх Бг урд нь таньдаг байсан. Уулзвар-21 нэртэй зочид буудалд Мгийн ээж, болон эгч Б ажилладаг. М нь тухайн зочид буудалд ээжтэйгээ цуг гардаг нь гэрч Б болон Мгийн эхнэрийн мэдүүлгээр нотлогддог. Мөн тухайн зочид буудалд Мг ээжтэйгээ цуг гарч ажиллаж байхад Б урьд нь үйлчлүүлж архи ууж, буудалд агсан тавьж М болон түүний ээжийг хэл амаар доромжилж маргалдаж, үүний улмаас Бг цагдаа дуудаж өгч хүлээлгэж өгсөн талаар М, гэрч Б, хохирогч Б шүүх хуралдаанд мэдүүлдэг. Өмнө болсон маргаан болон тухайн зочид буудалд хохирогч гэх Б нь үйлчлүүлж байхдаа мөн хамт байсан хүмүүст агсан тавьсан. Үүнийг М нь түүний ээж, эгч хоёр нь ажилладаг тул тухайн зочид буудалд маргаан үүсгэхээс сэргийлж орж уулзсан байдаг. Гэтэл хохирогч гэх Б нь Мг таньж дахин маргаан үүсгэсэн, Мгийн хувьд өмнө болсон үйлдлийг дахин давтагдахаас сэргийлсэн байдаг. Энэ бүх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Мөн энэ хэргийн улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй. Тухайн байгууллагаас ямар нэгэн хохирогчоор тогтоогдсон этгээд байдаггүйг анхаарах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл тухайн маргаан нь гэнэт үүсээгүй, урьдийн хувийн таарамжгүй харилцаанаас, хохирогчийн зүй бус үйлдэлтэй шалтгаант холбоотой юм. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгчийг бусадтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1024 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт дээрэнгүй байдлаар хандаж, улмаар нэгнээ өмөөрч зодоон үүсгэсэн идэвхи оролцооны талаар хохирогч н.Б, н.Б, гэрч н.Б нар мэдүүлдэг бөгөөд “Уулзвар-21” зочид буудлын хяналтын камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн талаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Мгийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн Н.М, Б.Х, Х.Ж, А.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Н.М, Б.Х, Х.Ж, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Ж, А.Б нар нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудлын 1 давхарын коридорт иргэн Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх шүүгдэгч Х.Ж, А.Б нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Жыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч А.Бийг 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Н.М, Б.Х, Х.Ж, А.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс Н.М, Б.Х, Х.Ж, А.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “үндэслэл муутай бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэхдээ шүүхийн хийсэн үйл баримтын дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.М, Б.Х, Х.Ж, А.Б нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Б, Д.Б нартай маргах явцад шүүгдэгч Х.Ж, А.Б нар нь хохирогч Д.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлснөөс гадна нэр бүхий шүүгдэгч нарын хувьд тухайн цаг хугацаанд бүлэглэн зочид буудлын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглэсэн санаа зорилго бүхий идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1024 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР