Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00443

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/03429 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б-гийн хариуцагч Н-, М.С- нарт холбогдуулан гаргасан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, 379,916,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Б-гаас нийт 129,300,450 төгрөгийг М.С-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Н.Б-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамжны 18 дугаар байрны 3 тоотын, 5 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар 191,730,000 төгрөгөөр оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Н.Б- 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Төлбөр авагч М.С- болон шийдвэр гүйцэтгэгч нар нь М.С-н нэр дээр шилжүүлбэл зөрүү мөнгө өгнө гэсэн аман гэрээ байгуулж, 2 жилийн хугацаанд 129,300,450 төгрөгийг төлөөд орон сууцыг буцаан авах нөхцөлтэйгээр тохиролцоо хийсэн. Тохиролцооны үндсэн дээр орон сууцыг М.С-н нэр дээр шилжүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж, өөрийн өмчлөлийн орон сууцыг М.С-д шилжүүлсэн. М.С- нь дээрх орон сууцыг эхнэр Б.Туяагэрэлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах байсан боловч ийм ажиллагаа хийгээгүй, төлбөр төлөгч, авагч нар эвлэрсэн гэж байгаа боловч бодит байдлаар эвлэрээгүй. Гэтэл эвлэрсэн гэж хуульд заасан ажиллагаануудыг хийлгүйгээр төлбөр авагчид төлбөр төлөгчийн эд хөрөнгийг шилжүүлснийг зөвшөөрөхгүй. Иймд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/7606 дугаар албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор 2016 онд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг 273,900,000 төгрөг гэж үнэлсэн боловч Улсын Дээд Шүүхийн тогтоолоор уг үнэлгээ нь үндэслэлгүй хэмээн үзэж үнэлгээтэй холбоотой асуудлыг шүүхэд буцаасан байдаг. Түүнчлэн төлбөр авагч буюу хариуцагч М.С- нь надаас төлбөртөө авсан гэж байгаа орон сууцыг 380,000,000 төгрөгөөр худалдаж авахаар надтай гэрээ хүртэл хийж байсан удаатай. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдах тэр үеийн цаг хугацааны байдлаар л гэхэд миний үл хөдлөх эд хөрөнгө 400,000,000 орчим сая төгрөг байсан байхад ямар ч хүн орон сууцаа 128,000,000 төгрөгийн төлбөрт санал болгохгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах болсон гол шалтгаан нь М.С- нь надад хандан чи надад байраа шилжүүлээд өгчих, тэгээд би чамайг 2 жил хүлээе энэ хугацаанд чи төлбөрөө төлөөд гэрчилгээгээ ав мөн байрандаа амгалан амьдарч бай гэсэн учир нас тогтсон, ганц хүүтэй чинээлэг амьдралтай энэ хүнд итгэж шүүхийн шийдвэрийг хаалгасан юм. Түүнээс миний бие 128,000,000 төгрөгийн төлбөрт байраа өгсөн асуудал биш юм. М.С- нь худал хэлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгасан даруйдаа миний байрыг эхнэртээ шилжүүлж эхнэр нь үл таних хүн рүү шилжүүлж, намайг хохироосон. Намайг дарамталсан зүй бус харьцаж, сэтгэл санааны хямралд байлгасан үйл баримтыг дурдвал дуусашгүй. Зүгээр л зохион байгуулалттай миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж луйвардаж авсан. Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцыг 508,416,000 төгрөгөөр үнэлсэн тул М.С-д төлөх 128,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 379,916,000 төгрөгийг М.С-гаас нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Маргаан бүхий 5 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хураах ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй. Төлбөр авагчийн хүсэлтээр Итгэлт Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж, 273,900,000 төгрөгийн үнэлгээг талуудад танилцуулсан. Орон сууцны үнэлгээний тогтоосон үнийг 70 хувиар тооцож, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, 50 хувиар хоёр дуудлага худалдаагаар оруулсан. Төлбөр төлөгч Н.Б- нь 50 хувиар албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1382 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дахин гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэл дээр ирээд байх нь сэтгэл зүйн хувьд хэцүү байна, тиймээс сайн дураар төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтээ өгсөн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлбөрөө сайн дураараа биелүүлэх тухай хүсэлтийг гаргаж, өөрийн өмчлөлийн орон сууцаа төлбөрт тооцон шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ нь зөвхөн төлбөр төлөгч Н.Б-гийн хүсэл зориг байсан бөгөөд үүнд ямар нэгэн хуурсан, мэхэлсэн зүйл байгаагүй, төлбөр авагчтай тохиролцоод 2 жилийн дараа байраа буцааж авна гэсэн зүйл ч яригдаагүй. Харин Н.Б- тухайн үедээ би байрандаа хэсэг хугацаанд баймаар байна л гэдэг зүйлийг ярьж байсан. Гэхдээ өөрийн хүсэл зоригийн дагуу байраа гуравдагч этгээд М.С-д өгсөн. Тэдний хооронд ямар тохиролцоо байсныг би мэдэхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, нэгэнт дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч М.С-гийн тайлбар, татгалзлын агуулга: Н.Б-гийн нэхэмжилж байгаа төлбөр ямар ч үндэслэлгүй бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр орон сууц миний өмчлөлд шилжиж ирсэн. H.Баярмаагийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 25 дугаар зүйлийн 25.2.1-дэх заалтыг илт зөрчин, баримтаар нотлогдохгүй, тэрчлэн хавтаст хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудаар няцаагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.Б- нь сайн дурын үндсэн дээр өр төлбөрөө хэрхэн төлсөн, 2 жилийн хугацаанд байраа буцаан авах талаар тохиролцоо байсан эсэх, уг байр хэний өмчлөлд яаж шилжсэн, дараа нь байрыг түрээслэн амьдрах талаар ямар гэрээ хийгдсэн гээд бүхий л асуудлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01398 тоот шийдвэр гарсан болно. Н.Б-гийн гаргасан баталгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангах бөгөөд Н.Б- өөрийн гараар бичиж өгсөн нотлох баримт нь түүний шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа юмН.Б-гийн өөрийнх нь бичээд байгаа зүйл буюу 2 жилийн дотор мөнгөө төлөөд байраа авах байсан талаар бидний хийсэн ямар ч гэрээ хэлцэл байхгүй бөгөөд зөвхөн уг байрыг түрээслэн 1 жил амьдрахаар орон сууц хөлслөх албан ёсны гэрээг миний эхнэр Б.Туяагэрэлтэй байгуулсан. Уг гэрээнд хөлсөлж буй орон сууц нь Б.Туяагэрэлийн өмч мөн гэсэн маш тодорхой заалт бүхий гэрээ байсан бөгөөд уг гэрээнд Н.Б- нь өөрөө гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан байсан. Гэрээ хийсэн 1 жилийн хугацаанд, гэрээгүй 2 жил, нийт 3 жилийн хугацаанд Н.Б- нь уг байранд амьдарч байхдаа түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Б.Туяагэрэл нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Өөрийн мөнгөний үнэ цэнийг тодорхойлбол 2015 онд 125,867,000 төгрөгөөр 66,130 ам.доллар худалдаж авах боломжтой байсан бөгөөд өнөөдрийн ам.долларын ханшаар тооцвол 407,677,270 төгрөг болж байна. Би ч бас тухайн үеийн мөнгөөр хичнээн ам.доллар худалдаж авах боломжтой байсан талаар бичихээс өөр аргагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 497 497.1- ыг баримтлан Н-, М.С- нарт холбогдох 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/7606 дугаартай албан бичгээр төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, 379,916,000 төгрөг гаргуулах тухай Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,241,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас үнэлж дүгнэлт өгч чадаагүй тухайд хавтас хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Н.Б- орон сууцаа М.С-н нэр дээр шилжүүлж өгөх ба нөхөр н.Мөнхбатаас мөнгө орж ирэхээр төлнө гэсэн нөхцөл байдлыг мэдүүлж тэмдэглэлд тусгуулсан байдаг. Энэ баримтаас үзэхэд орон сууцаа шилжүүлэгч материалаа хаалгах үеийн хүсэл зориг нь 128,500,000 төгрөгийн төлбөрт орон сууцаа өгөх хүсэл зориггүй байсан болохын илэрхийлэл юм. Түүнчлэн хэргийн оролцогчийн шүүхэд хандан гаргасан хариу тайлбар, мэдүүлэг нотлох баримтад хамаардаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа Н.Б- нь мөнгөө буцааж өгөөд байраа авахаар тохирсон нь үнэн гэхдээ хоорондоо яаг яаж тохирсон талаарх нарийн тохиролцоо би мэдэхгүй хаагаад өг гэсэн хүсэлтээ өгсөн болохоор нь хаасан юм гэсэн тайлбарыг гаргадаг. Түүнчлэн М.С-д байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгөөд 2 жилийн дотор төлбөрийг буцааж төлөөд гэрчилгээгээ авах талаар гэрч н.Мөнхбат нэхэмжлэгч Н.Б-г ятгаж, үүний үндсэн дээр нэхэмжлэгч гэрчилгээгээ шилжүүлж өгөөд 2 жилийн дотор байраа буцаан авахаар тохирсон талаар гэрч мэдүүлсэн боловч анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэгт дүгнэлт өгөхгүй орхигдуулсан атлаа нэхэмжлэлийг хангахгүй орхигдуулсан.

 

5.а.Хэрэглэвэл зохих хууль тогтоомж хэрэглээгүй тухайд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Б-г 128,500,000 төгрогийн төлбөрт өөрөө байраа өгсөн байх ба энэ талаар бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр хүсэлтээ гаргасан хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй ба дараах баримтуудыг харгалзан үзээгүй. 128,500,000 төгрөгийн төлбөрт тооцож орон сууцыг шилжүүлсэн гэх цаг хугацаанд тухайн орон сууц нь 275,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан ба уг үнэлгээг дээд шүүхээс үндэслэлгүй гэх шалтгаанаар хүчингүй болгосон түүнчлэн орон сууцаа дуудлага худалдаанд алдах ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл байдал үүсээгүй байсан. Энэ нь Н.Б-гийн хувьд М.С-д орон сууцаа шилжүүлж өгөх ямар ч шаардлагагүй байсан болохын нэг илрэл. Н.Б-гийн хувьд тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу үнэлэгдсэн үнээр нь орон сууцаа зарах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханш болох 400,000,000 төгрөгөөр худалдан борлуулж М.С-д төлөх 128,500,000 төгрөгийг төлж, үлдэх 271,500,000 төгрөгийг өөртөө авах боломжтой байсаар байтал 128,500,000 төгрөгийн төлбөрт Улсын их дэлгүүрийн чанх ард талд байрлалтай 5 өрөө орон сууцыг ямар ч хүн бага хэмжээний ийм төлбөрт өгөхгүй. Н.Б- нь өнөөдрийг хүртэл уг орон сууцаа М.С-д алдсан цагаасаа хойш түрээсийн орон сууцаар амьдарч байгаа ба холбогдох баримтыг бүрдүүлж өгсөн байдаг. Гэвч өөрөө амьдрах орон сууцгүй тэрээр бага хэмжээний төлбөрт орон сууцаа хэзээ ч өгөхгүй юм. М.С- нь гэрчилгээгээ шилжүүлж өгөөд 2 жилийн дотор төлбөрөө төлөөд орон сууцаа буцааж аваарай гэж худал хэлж Н.Б-гийн байрыг авахаас өмнө 340,000,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хүртэл хийж байсан байдаг. Ийм үнээр худалдаж авахаар ярьж байсан хүнд 128,500,000 төгрөгийн төлбөрт орон сууцаа өгөх шалтгаан байхгүй. Н.Б-агийн хувьд уг орон сууцаа 2012 оноос хойш М.С-д алдахгүй гэж 5 жил тэмцэж ирсэн үйл баримт байдаг ба ийм урт хугацаанд орон сууцаа алдахгүй гэж тэмцэж ирсэн хүн 128,500,000 төгрөгийн төлбөрт өгөхгүй юм. Дээрх үйл баримт болоод нотлох баримтаас үзвэл Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу Н.Б-гийн хүсэл зориг нь орон сууцаа 128,500,000 төгрөгийн төлбөрт өгөх хүсэл зориггүй байсан болохыг харж болох ба гагцхүү түүний хүсэл зориг гэрчилгээгээ шилжүүлж өгөөд 2 жилийн хугацаанд амгалан тайван амьдарч төлбөрийг төлөөд гэрчилгээгээ буцаан авах л байсан. Зах зээлийн ханшаар нь зараад М.С-н төлбөрийг өгөөд зөрүү 200-300 сая төгрөгийг өөрөө авах боломж байсан боловч тэрээр эцгээс минь үлдсэн ганц зүйл буюу гал голомт гэдэг утгаар зараагүй байдаг. Гэвч М.С- гэгч этгээд худал хэлж гэрчилгээг авсан даруйдаа орон сууцыг бусдад шилжүүлж өөрөө ажиллагаанд оролцохгүй төлөөлөгч гэх этгээд томилж шүүхийн өмнө хохирогчийн дурд тоглосон. Гэвч анхан шатны шүүх үнэн худлыг ялгаж чадахгүй хэргийн үйл баримт болоод бодит байдалд дүгнэлт хийж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч Н- давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч М.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Н.Б- 300,000 ам.долларын 50 хувийг авсан. Шийдвэр гүйцэтгэгч Н.Б-д талууд эвлэрч, байраа өгч авахаар тохиролцсон байна. Энэ эвлэрлээ нотариатаар баталгаажуулж ир гэж хэлсний дагуу талууд тайлбар, татгалзлаа баталгаажуулсан. Нотариатаар баталгаажуулсан эвлэрлийг шийдвэр гүйцэтгэгч хүлээж авахгүй байх үндэслэл байхгүй учраас авсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч манай байр гэж ярьж байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд М.С-, Б.Туяагэрэл нар бүртгэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт маргааны үйл баримт тодорхой тусгагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Банкинд хураалгасан байрыг чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гомдлоо гаргасан нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Н-т холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах, хариуцагч М.С-д холбогдуулан 379,916,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

4.Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 899 дүгээр тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1130 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Н.Б-гаас 128,500,000 төгрөг гаргуулж, М.С-д олгуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 8-33-р тал/

 

4.а.Төлбөр төлөгч Н.Б- нь дээрх шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч М.С-гийн хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4340 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 7-р тал/

 

4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч Н.Б-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 2-р 40 мянгат гудамж, 18-р байр, 3 тоот, 132,8 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах автозогсоолуудыг битүүмжлэн, хураажээ. /37-40-р тал/

 

4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Б- нь дээрх 5 өрөө орон сууцыг 524,800,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан боловч Итгэлт-эстимэйт ХХК-ийн шинжээч 273,900,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 42-45-р тал/.

 

4.г.Улмаар хариуцагч байгууллага нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг эхлүүлсэн боловч төлбөр төлөгч Н.Б- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1382 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. /хх-ийн 130-145-р тал/

4.д.Дээрх байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсны дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч Н.Б- нь шүүхийн шийдвэрийг биелүүлж маргаан бүхий 3 тоот орон сууцыг төлбөр авагч М.С-гийн нэр дээр шилжүүлж, төлбөр барагдуулах хүсэлтийг хариуцагч Н-т гаргажээ. /хх-ийн 50-р тал/.

 

4.е.Мөн нэхэмжлэгч Н.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Н-т дахин гаргасан хүсэлтдээ ... миний бие цаашид шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагч М.С- нартай шүүх болон бусад төрийн байгууллагад ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргахгүй гэдгээ илэрхийлж байна. Энэ бүх ажиллагаа өөрийн сайн дурын үндсэн дээр хийгдсэн болно гэжээ. /хх-ийн 53-р тал/

 

4.ё.Төлбөр төлөгч Н.Б-гийн дээрх саналыг төлбөр авагч М.С- хүлээн зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан байна. Хариуцагч Н- нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3 тоот орон сууцны өмчлөх эрхийг М.С-гийн нэр дээр бүртгүүлэх тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 208 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтэх ажиллагааг дууссанд тооцсон байна. /хх-ийн 54-55, 98-р тал/

 

4.ж.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 16 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд мөн зүйлийн 16.1.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохоор заажээ. Төлбөр төлөгч М.Баярмаа нь өөрийн өмчлөлийн орон сууцыг төлбөрт тооцон өгөх хүсэлт гаргасныг төлбөр авагч М.С- хүлээн зөвшөөрснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

5.Төлбөр төлөгч Н.Б- нь хоёр жилийн хугацаанд төлбөрөө бүрэн төлөөд М.С-гаас орон сууцаа буцаан авах тохиролцоотой байсан, орон сууцны зах зээлийн үнэлгээ өндөр байхад хэт багаар тооцож авсан нь хохиролтой гэх агуулгаар тайлбар, гомдол гаргасан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан ба төлбөр төлөгч Н.Б-, төлбөр авагч М.С- нарын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хоорондын өглөг, авлагын асуудлаар тохиролцоонд хүрсэн, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.а.Орон сууцны зах зээлийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэл зоригийг үгүйсгэх шууд үндэслэл биш бөгөөд шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагч нарын зүгээс дарамт шахалт үзүүлж айлган сүрдүүлэх замаар зориуд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

6.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/03429 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 ... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,241,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Г.ДАВААДОРЖ