Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00465

 

 

 

Ч.О-, Т.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00143 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.О-, Т.Б- нарын хариуцагч Н- ХХК, А.З- нарт холбогдуулан гаргасан 106,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О-, нэхэмжлэгч Т.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аманбек, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж, хариуцагч А.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат, түүний өмгөөлөгч П.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:  Н- ХХК-аас гэрээ байгуулах урьдчилгаа төлбөрийн хохиролд 87,500,000 төгрөг, гэрээ байгуулснаас үүссэн хохирол 16,000,000 төгрөг гаргуулах, А.З-ын өмнөөс Н- худалдааны төв-ийн өргөтгөлийн хэсэгт 08 тоот цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Н- ХХК-аас гэрээ байгуулах урьдчилгаа төлбөрийн хохиролд 87,500,000 төгрөг, гэрээ байгуулснаас үүссэн хохирол 16,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Н- ХХК-ийн Н- худалдааны төвийн өргөтгөлийн 08 тоот цайны газрыг түрээслэхээр болж, Хаан банкны 5085222292 тоот дансанд 10,000,000 төгрөгийг урьдчилгаа гэж, Хаан банкны 5154048101 тоот дансанд 77,500,000 төгрөг, өмнөх түрээслэгчийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөг төлбөл гэрээ байгуулна гэсний дагуу Н- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өгсөн данснуудад мөнгийг төлсний дараа 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Н- худалдааны төв-ийн өргөтгөлийн хэсэгт цайны газар ажиллуулах 08 тоот гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсны дараа цайны газрыг тохижуулан засвар хийж, зөвхөн цайны газарт зориулсан ахуйн хэрэгцээнд хэрэглэдэггүй тоног төхөөрөмж худалдан авч цайны газрыг ажиллуулсан. Гэтэл Н- ХХК-ийн нягтлан бодогч нь бидний зөвшөөрөлгүй гэрээ байгуулах ёсгүй, цайны газрыг нэн даруй чөлөөлж өг гэж амаар болон үйлдлээр шахаж эцэстээ албан тоотоор байр чөлөөлөхийг шаардсан учир эрхээ хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх ба Н- ХХК-ийн өгсөн 2 дансанд 87,500,000 төгрөгийг төлсөн, Н- ХХК нь өөрийнхөө гэрээг өөрөө үгүйсгэсэн. А.З-ын өмнөөс Н- худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд А.З-ын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг А.З-т төлснөөр 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. А.З-аас нэхэмжлэлийн шаардлагын оногдох хэсэг 2,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Иймд Н- ХХК-аас гэрээ байгуулах урьдчилгаа төлбөрийн хохиролд 87,500,000 төгрөг, гэрээ байгуулснаас үүссэн хохирол 16,000,000 төгрөг, А.З-ын өмнөөс Н- худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт 08 тоот цайны газрын түрээсийн үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөгийг А.З-аас тус тус гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх 87,500,000 төгрөгийг хариуцагч Н- ХХК аваагүй, нэхэмжлэгч ч энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой бичиж, банкны дансны хуулгаа хавсаргасан байна. Өөр этгээдэд шилжүүлсэн, өөрөө хэрэглэж, зарцуулсан мөнгөө Н- ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Н- ХХК нь 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бөгөөд 10 гаруй мянган үйлчлүүлэгчтэй. Нэхэмжлэгч нар нь тухайн үед захирал байсан Б.М-тэй ямар нэг байдлаар хувийн харилцаа тогтоож, авлига өгөх замаар цайны газар түрээслэх эрх авсан байдаг. Бид түрээслэгч солигдоход сонгон шалгаруулалт зарлаж сонгодог. Нэхэмжлэлд дурдсанаар эрхийг 100 саяар авдаг гэх боловч энэ нь өмчлөх эрх биш юм. Манайд А.З- гэдэг түрээслэгч байхгүй. 8 дугаартай цайны газрыг түрээсэлж байгаагүй. Түрээсийн төлбөрийг Ананд нэрээр тушаасан гэх тайлбар нь ямар хамааралтай нь ойлгомжгүй. Б.М-ийн үйлдэлтэй холбоотойгоор гэм бурууг тогтоосон зүлйгүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг хэрэглэх нь боломжгүй. Түрээслэгч солигдоход сонгон шалгаруулалт зарлагдаад сонгодог. Түрээслэх эрх олгогддог. Гэтэл гүйцэтгэх захиралтай уулзаад хамааралгүй этгээдэд мөнгө төлөөд захиралд авлига өгөх замаар гэрээ байгуулсан. Гэрээнд эрх шилжүүлэх мөнгө төлөх талаар заалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч А.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Н- ХХК-ий өргөтгөлийн №08 тоот цайны газрыг түрээсэлж байсан бөгөөд Ч.О-д шилжүүлж өгөхдөө тус компанийн гүйцэтгэх захирал Б.М-ийн гуйснаар түрээсийн төлбөр болох 77,500,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч буцаан Б.М-д шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэлд дурдсанаар миний бие түрээсийн гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Ч.О-аас авсан зүйл байхгүй. Учир нь миний бие уг цайны газрыг түрээсэлж байх хугацаандаа түрээсийн төлбөрийг гэрээний хугацаанд бүрэн төлдөг байсан бөгөөд түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүйгээр Ч.О-д тухайн үед нь шилжүүлж өгсөн. Мөн намайг түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж байгаа бол үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Ч.О- биш харин Н- ХХК надаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь миний бие Ч.О-тай гэрээ байгуулан уг цайны газрыг ажиллуулж байгаагүй, Н- ХХК-тай гэрээ байгуулан уг цайны газрыг ажиллуулж байсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж заасан байх бөгөөд А.З- миний бие нэхэмжлэгч Ч.О-ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй огт хийгээгүй ба нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөгийг өөрт авч ашигласан, түрээсийн төлбөрийн үлдэгдлээ төлүүлсэн ямар нэгэн үйлдэл огтхон ч гаргаагүй байхад намайг хариуцагч гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй, өөрийгөө уг хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул А.З- надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Н- ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал гэх Б.М-д өгсөн байгаа учир нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжлэлийг тус компани нь хариуцах ёстой гэж харж байна. Н- ХХК нь гүйцэтгэх захирал Б.М-тэй хариуцлага тооцож, шүүх явах юмуу, цалин мөнгөнөөс нь суутгах боломжтой. А.З-т өгсөн гэх мөнгийг өөр хүнд өгсөн учраас тэрийг нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Н- ХХК-аас 94,360,274 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О-, Т.Б- нарт олгож, үлдэх 9,139,726 төгрөгт болон хариуцагч А.З-т холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н- ХХК-аас 629,751 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухай. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ...түрээсийн гэрээ байгуулах эрхийг худалдсан нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт нийцнэ гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ ..., ... түрээсийн гэрээ байгуулах зорилгоор эрх худалдан авсан төлбөр нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд хамаарах тул хариуцагч Н- ХХК-аас 87,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэжээ. 3-р хавтас хэргийн 26-28 дугаар хуудсанд авагдсан А.З-ын харилцах дансны хуулгаар А.З- нь нэхэмжлэгч Т.Б-аас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 70,000,000 төгрөгийг эрх шилжүүлэх төлбөр, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 7,500,000 төгрөгийг эрх шилжүүлэх төлбөр үлдэгдэл гэсэн утгаар хүлээн авсан болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ байгуулах эрх худалдан авсан гэх мөнгийг нэхэмжлэгч нь Н- ХХК-нд бус, хариуцагч А.З-т, өгсөн болох нь нотлогдсон. Мөн хариуцагч А.З- нь түрээсийн гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгч нарт худалдсан болохоо зөвшөөрч тайлбар гаргасан. Шүүхээс нэхэмжлэгч Т.Б-, хариуцагч А.З- нарын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлд зохицуулсан "Эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах- худалдан авах"-тай холбоотой иргэний эрх зүйн бие даасан харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн атлаа тухайн харилцаанд оролцоогүй, хамааралгүй хуулийн этгээд болох Н- ХХК-аас эрх худалдах, худалдан авах хэлцлийн мөнгийг хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 дах заалтуудад тус тус нийцэхгүй байна. Н- ХХК нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсийн гэрээ байгуулж, ашиглуулдаг болохоос түрээийн гэрээ байгуулах эрхийг худалдах үйл ажиллагаа огт явуулдаггуй. Мөн А. Зулбаатар нь Н- ХХК-ийн түрээслэгч биш, түүнчлэн нэхэмжлэгч нар нь А.З-ын данс руу шилжүүлсэн 77,500,000 төгрөгийг Н- ХХК-д мэдэгдээгүй бөгөөд энэ нь А.З- болон нэмэмжлэгч нарын хоорондын тохиролцоо болохоос Н- ХХК-д хамааралгүй. Нэхэмжлэгч Т.Б-, хариуцагч А.З- нарын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлд зохицуулсан эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой эрх зүйн харилцаа, нэхэмжлэгч Ч.О-, хариуцагч Н- ХХК-ийн хооронд тодорхой обьектыг түрээслэхтэй холбоотой эрх зүйн 2 тусдаа, бие даасан харилцаа үүссэн.

6.а. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... худалдах худалдан авах гэрээг дараагийн түрээсийн гэрээ байгуулах зорилгоор хоорондоо холбоо хамааралтайгаар байгуулсан байна гэжээ. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг. Н- ХХК нь түрээсийн гэрээний зүйлийг түрээслэхийн тулд түрээсийн гэрээ байгуулах эрхийг бусдад худалдсан зүйл байхгүй. Түрээсийн гэрээ байгуулах эрхийг худалдах, худалдан авах харилцаа нь нэхэмжлэгч Т.Б-, хариуцагч А.З- нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн тусдаа харилцаа юм.

6.б.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... Т.Б- нь Б.М-ийн 5055222292 тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна. гэжээ. Шүүх Б.М-ийн дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн ч Б.М- өөрийн хувийн данс руу Т.Б-аас мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус үйлдэл үү, хууль зөрчсөн үйлдэл үү гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Ийнхүү Б.М- хувийн дансаараа мөнгө шилжүүлэн авсан үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр Б.М-ийн авсан мөнгийг "Н-" ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн 14-р тал дахь шийдвэрийн үндэслэх хэсэг: ... нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Харин дээр дурдсанаар гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг шаардах эрхтэй юм гэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлд дурдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлаар дүгнэлт гаргаж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дах заалтад нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамтран хариуцагч татаж, ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байх ба гэж тодруулсан. Шүүх бүрэлдэхүүн талуудын мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч, хэд хэдэн хариуцагч оролцох асуудлыг Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зохицуулсан. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн зохигч оролцох тохиолдолд тус бүрийн эрх зүйн байдлыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хууль зүйн үндэслэлийг дүгнэж шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах заалтанд нийцнэ. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарт ногдох хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг ялган зааглаагүй. Түрээсийн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлын зохицуулалтыг баримталсан атлаа тус гэрээний оролцогч биш этгээдэд 94,360,274 төгрөгийг Н- ХХК-аас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч гэр бүлийн хөрөнгийг нэхэмжилсэн. Гэр бүл гэдэг нь эхнэр, нөхөр хоёр гэсэн үг. Эхнэр нь гэрээ байгуулж, нөхөр нь мөнгө шилжүүлсэн. Энэ гэр бүлийн хоёр хүн А.З-, н.Мишээл гэх хүмүүсийг танихгүй. Гагцхүү цайны газар түрээслэхтэй холбоотойгоор захирал гэх албан тушаалтны өрөөнд очсон. Н- ХХК-ийн захирал гэх албан тушаалтан ширээнийхээ ард тамгатайгаа сууж байсан. Тухайн хүнтэй гэрээ байгуулах асуудлаар ярилцахад Энэ дансанд мөнгө шилжүүл гэсэн. Тэр данс нь ямар нэртэй, ямар данс вэ гэдгийг мэдэхгүй. Албан тушаалтны өөрөө өгсөн дансанд зохих хэмжээгээр мөнгийг нь хийсний дагуу гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байтал Энэ гэрээ хүчингүй байна. Энэ байрыг суллаж өгнө үү гэсэн шаардлага ирсэн. Тухайн шаардлагыг бичгээр ирүүлэхээсээ өмнө олон удаа ажиллаж байгаа хүмүүсийг нь дарамталж байсан бөгөөд ажилчид нь ажиллахын аргагүй байдалд орж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Н- ХХК-ийн өгсөн дансанд нь шилжүүлсэн мөнгөө буцааж авъя. Тогтвортой ажлын байр учраас засвар, тохижилт хийсэн мөнгөө буцааж авъя гэх шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Н- ХХК-ийн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт гэх зүйлийг би өнөөдрийг хүртэл сонсоогүй. Шүүхэд худал тайлбар өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.О- нэгэнт хавчигдмал байдал байсан учраас Бид нарыг хавчихаа больчих гээд эвлэрэх санал тавьсан. Тухайн эвлэрэх саналдаа Зөвхөн үүнийг түрээслэхийн төлөө зарцуулсан мөнгөө нэхэж байгаа. Үүний оронд 5 жил тогтвортой ажиллая. Танайхаас ямар ч хохирол нэхэхгүй. Олох ёстой байсан орлогоо ч нэхэхгүй. 5 жилийн дотор бид нар зардлаа нөхөж чадна гэхэд Н- ХХК Бид өөр хүнд өгөх ёстой гэсэн. Нэг түрээслэгчээс өөр түрээслэгч рүү солиход дундаас нь мөнгө олдог бизнес байдаг. Захирал нь авсан мөнгөө бусадтайгаа хуваагаагүй учраас энэ асуудал үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч болсон үйл явдлаа нэхэмжлэлдээ хангалттай дурдсан бөгөөд тухайн нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаан болж, шүүх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч А.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг А.З-ын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч Н- ХХК шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлсон гэх агуулгыг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл А.З-т мөнгө өгсөн учраас өгсөн хүнээсээ мөнгөө ав гэх агуулгын хүрээнд давж заалдах гомдол гаргасан. Гэтэл нэхэмжлэгч тал өгсөн мөнгөө буцааж гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь Н- ХХК, Ч.О- нартай байгуулсан Түрээсийн гэрээг хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болгосны улмаас учирсан хохирлыг гаргуулах гэсэн агуулгатай. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэн, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Н- ХХК-ийн өмгөөлөгч Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг буруу тайлбарласан гэх зүйлийг ярьсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг баримталж, үндэслэл болгосон зүйл байдаггүй. Анхан шатны шүүх Гэрээнээс хууль бусаар татгалзсаны улмаас нэхэмжлэгч талд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр, хууль бусаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан буруутай этгээд Н- ХХК-аас тухайн төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдгээрийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ч.О-, Т.Б- нар нь хариуцагч нарт холбогдуулан Н- ХХК -аас нийт 103,500,000 төгрөг, хариуцагч А.З-аас 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Н- ХХК-ийн өргөтгөлийн хэсэгт цайны газар түрээслэхээр тохиролцож, Н- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-ийн дансанд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, Б.М-ийн даалгаснаар А.З-ын дансанд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 70,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 7,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж тайлбарласан ба дээрх 87,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогджээ. /хх-ийн 13-14-р тал/

4.а.Дээрх төлбөрийг шилжүүлсний дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч Н- ХХК-тай цайны газар ажиллуулах түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, нэхэмжлэгч нь цайны газрыг 2020 оны 11 дүгээр сар хүртэл ажиллуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 21-22-р тал/

4.б.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Дээрх цайны газар нь тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээгүй болох нь хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй.

4.в.Хариуцагч Н- ХХК нь нэхэмжлэгч Ч.О-д 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэлдээ түрээсийн гэрээг зохион байгуулагч байгуулж, менежер хяналт тавьдаг, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.М- нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, таньтай түрээсийн гэрээ байгуулсан байх тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бус, иймд цайны газрыг чөлөөлж өгнө үү гэх агуулгыг заажээ. /хх-ийн 7-р тал/

4.г.Талууд түрээсийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулсан эсэх талаар маргасан. Нэхэмжлэгч Ч.О-тай 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд хариуцагч Н- ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан Б.М- нь тухайн үед хариуцагч Н- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар тогтоогдсон. /хх-ийн 95-96-р тал/

4.д.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй тул төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.О- нь компанийн гүйцэтгэх захирал буюу эрх бүхий этгээдтэй түрээсийн гэрээг байгуулж, гүйцэтгэх захирлын даалгаснаар эрх шилжүүлэх төлбөр шилжүүлсэн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Иймд төлбөрийг манай компани хүлээн аваагүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.М- нь түрээсийн гэрээ байгуулах эрхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.е.Хариуцагч Н- ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ч.О-д мэдэгдэл хүргүүлснээр түрээсийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч Ч.О-, Т.Б- нар нь цайны газрын эрх шилжүүлэх төлбөрт төлсөн 87,500,000 төгрөгийг засварын зардал 16,000,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан.

4.ё.Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдаж болохыг зөвшөөрсөн бөгөөд цайны газрын түрээсийн гэрээ байгуулж, ашиглах эрхийг 87,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх нэхэмжлэгч болон хариуцагч А.З- нарын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь дээрх 87,500,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утгад эрх шилжүүлэх төлбөр гэж тодорхой бичсэн, мөн тус төлбөрийг шилжүүлсний дараа түрээсийн гэрээ байгуулж, цайны газрын эзэмших эрх нэхэмжлэгч нарт шилжсэн нь цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой. Иймд түрээсийн гэрээ болон эрх худалдах харилцааны талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Засварын зардал болон тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан зардалд 16,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, хариуцагч Н- ХХК-аас 6,860,274 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О-, Т.Б- нарт олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх энэ талаар дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. /2хх-ийн 1-12-р тал/

5.а.Түрээсийн гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч Ч.О-, Т.Б- нарыг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд хариуцагч Н- ХХК-аас 94,360,274 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О-, Т.Б- нарт олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

6.Нэхэмжлэгч нар нь хариуцагч А.З-ыг өмнөх түрээсийн гэрээний төлбөрт 2,500,000 төгрөгийн өр төлбөртэй байсныг түүний өмнөөс төлсөн гэх үндэслэлээр хариуцагч А.З-аас 2,500,000 төгрөг шаардсан боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.Иргэдийн төлөөлөгчийн ... Н- ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.М-д өгсөн байгаа учир Ч.О-ын нэхэмжлэлийг тус компани нь гаргах ёстой. Н- ХХК нь гүйцэтгэх захирал Б.М-тэй хариуцлага тооцох ёстой байсан гэж бодож байна. А.З-т өгсөн гэх мөнгийг өөр хүнд өгсөн учраас нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Н- ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,752 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ