Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00526

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ №526

2023.03.13                                                                                              Шүүгч Э.Энэбиш

Б.Ббингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/00112 дугаар шийдвэртэй,

Б.Ббингийн нэхэмжлэлтэй,

И.Гнд холбогдох,

Хохиролд 622,575 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Ажлын хөлс 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч И.Гн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Б.Ббин нь И.Гнтэй амаар тохиролцон өөрийн өмчлөлийн хашаанд 2х3 хэмжээтэй ТҮЦ-ийг 3 хоногийн хугацаанд бариулах, ажлын хөлс, материал зардалд нийт 1,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. 2020 оны 05 сарын 13-ны өдөр И.Ггийн ХААН банк ХХК дахь ** тоот дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. И.Гн нь ТҮЦ-ийг 2020 оны 05 сарын 13-18-ны өдрийн хугацаанд барьж дуусгах байсан ч хугацаа хэтрүүлсэн ба сүүлдээ ажлаа бүрэн дуусгалгүй орхиж явсан.

И.Гнтэй ажиллаж байсан Э.Р, н.Б нарт хөлс өгч ТҮЦ-ийг бариулж дуусгасан ба Б.Ббин нь И.Гнгээс ажлын хөлсөө авах шаардахад түүнийг цохисноос болж Б.Ббин цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд 120,000 төгрөгийн зардал гарсан хохирлыг нэхэмжилж байгаа. Мөн И.Гн нь ТҮЦ барихад ашигласан 2 уут цементийг зөвшөөрөлгүй авч явсан. Иймд И.Гнд шилжүүлсэн 1,000,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 531,425 төгрөгийг хасч, үлдэх 468,575 төгрөг, томографикийн төлбөр 120,000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34,000 төгрөг, нийт 622,575 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. И.Гн нь 2х3 хэмжээтэй ТҮЦ барихад нэг удаа ашиглагдсан материалыг дахин ашигласан байж барилгын материалын үнэлгээг 2,890,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй. И.Гн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хэн алинд нь хохирол учрахгүй байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Өөрт байгаа нэг удаа ашиглагдсан барилгын материалыг Б.Ббинд үзүүлж, ТҮЦ барьж өгөхөөр болж 1,200,000 төгрөгөөр тохиролцсон ба Б.Ббин надад 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Би, С.О, Э.Р нарын хамт ТҮЦ-ийг 10 хоногийн хугацаанд барьж угсарсан. Б.Ббин нь ТҮЦ-ийн өндрийг 20 см-ээр хасуулна гэсэн тул хамт ажиллаж байсан хүмүүстээ хэлээд хөдөө явсан. Би үлдсэн ажлаа хийж дуусгаад ажлын хөлсний үлдэх 200,000 төгрөг, цонх захиалсан зардал 85,000 төгрөгийг авья гэхэд Б.Ббин нь өгөхгүй, ажлаа гүйцээ гэснээс маргаан үүссэн. Би цонхноос бусад ажлыг хийсэн. Миний хувьд Б.Ббинг цохьсон зүйлгүй. ТҮЦ-ийг барьж дуусгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Би хувийн портер автомашинаар ачаа тээвэрлэж өдөрт 80,000 төгрөгийн орлого олдог. 10 хоногийн хугацаанд ТҮЦ барьж, олох байсан 800,000 төгрөгийн орлогоор хохирсон. Иймд Б.Батүвшингээс ажлын хөлсний үлдэгдэл 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо барьж өгсөн ТҮЦ-ээ буцаан авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, ,225 дугаар зүйлийн 225.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч И.Гнгээс 494,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ббинд олгож, нэхэмжлэлээс 128,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Ббингээс барьж өгсөн ТҮЦ-ийг гаргуулах тухай И.Гнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 33,350 төгрөг, хариуцагчийн төлсөн 28,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 15,472 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. ТҮЦ-ийг би 70 хувийн хямд үнэлгээгээр барьж өгсөн бөгөөд уг ТҮЦ-ийг гэрийн гадаа 6 хэсэг болгож угсрахад бэлдээд нэхэмжлэгчийн хашаанд аваачиж 1 өдөрт угсарсан. Би хэлсэндээ хүрч ажлаа хугацаандаа дуусгаж Б.Ббинг хохиролгүй болгосон. Б.Ббин үлдэгдэл 200,000 төгрөгөө өгөхгүй гэж маргаан үүсгэсэн. Одоогоор 1,000,000 төгрөг өгч ТҮЦ авчихаад надаас 622,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа. ТҮЦ барих материалын зардал, тээвэрлэлт, ажлын хөлс, хүн хөлсөлж ажлуулсан зардал, бүгд надаас гарсан. Б.Бээс 2 уут цэмент гарсан өөр зүйл гараагүй.

Анхан шатны шүүх миний сөрөг нэхэмжлэл, мөн өгсөн бүх бичиг баримт, мөнгөний баримтыг хүлээж аваагүй бөгөөд алдаа байсан бол зааж, засаж хэлж өгөөгүй. Анхнаасаа зохиомлоор хуралдаж, шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Ббин нь хариуцагч И.Гнд холбогдуулан 622,575 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /хх138-140/

 

3. Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “...нэхэмжлэгч ТҮЦ-ийг 3 жил ашигласан учир өдрийн 20,000 төгрөгөөр тооцож 1,820,000 төгрөг гаргуулах, эсхүл ТҮЦ-ийг буцаан гаргуулах...” агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “...сөрөг нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгөөгүй...” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан “...сөрөг нэхэмжлэл гаргах...” хариуцагчийн эрхийг зөрчсөн байна.

Тодруулбал, шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар “...сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох...” эсэхийг шалгах учиртай.

Иймд “...Сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан...” гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

4. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/00112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 19,327 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.НЯМБАЗАР

 

                                               ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                          Э.ЭНЭБИШ